2016 оны 03-р сар 16-нд 08:51 цагт

Владимир Жириновский: Буриадууд бол монголчууд шүү дээ

Владимир Жириновский. Оросын улс төрийн ертөнц дөх нэгэн “гоц үзэгдэл”, үндэсний шовинист хүнд гар. Түүний амнаас ямар ч үг унаж мэднэ, Оросын олон нийтийг байсхийгээд шоконд оруулдаг эр.

Оросын Либерал Ардчилсан намын тэргүүн энэ эр саяхны нэгэн хэвлэлийн хурал дээр Буриадуудыг ердөө Монголчууд гэж мэдэгдэв. Бидэнд бол гайхаад байх асуудалгүй мэдээж, Буриадууд бол үнэнд бидний мах цусны тасархай, нэг угсаа үндэстэн юм хойно. Харин түүний ойлгодгоор бол “буряты” гэдэг нь большевикуудын сэдсэн улс төрийн арга саам аж.

Монголчууд хойд газар нутгаа алдахгүй гэж зүтгэхээс эмээж, Монгол биш, Буриад гэсэн тэс өөр үндэс ястан мэт ойлголт төрүүлэх зорилготой бий болгосон үг хэллэг юм байх. Украин ч мөн адил үнэн чанартаа оросууд байтал тэс ондоо үндэс ястай украин гээд зүтгээд байх юм гэнэ, түүний хэлснээр.

Мөн тэрээр Тувачууд бол бас л Монголчууд гээд, тийм биз дээ гэж хэвлэлийн хуралд цугласан олонд тулгав. Мэдээж, Тува нар бол Монголчууд, Тагна урианхайчууд гэж автономит Монгол улс байгуулагдахад нэгэн хязгаар нутаг явж ирсэн. Харин ОХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байгаа Монгол угсаа ястнуудын уг гарвалыг бодитоор “илчилсэн” Жириновскийн энэ удаагийн “хүлээн зөвшөөрөлт” хожим бидэнд тун аятай боломж олгож болох юм.

Сэтгүүлч Л.Отгонбат, mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.