Бусдын төлөө гуйлга гуйгч

Twitter Print
2018 оны 10-р сар 14-нд 16:11 цагт
Мэдээний зураг,

Болгарын Баилова тосгоны оршин суугч 99 настай Добри өвөө нэн ядуу амьдралтай. Гар нэхмэл даавуун хувцастай, өвөл зунгүй өмсдөг нэг муу арьсан гуталтай ноорхой өвгөн Софи хот дахь Гэгээн Александр Невскийн сүмийн үүдэнд үргэлж зогсдог. Тэрээр өглөө бүр эртлэн босоод нийслэлээс 10 км алсад орших Баилова тосгоноос явган алхсаар ирдэг аж.

Магадгүй маш олон хүн Добри Добрев өвөөгийн тухай сонсоогүй байх. Маш олон хүн түүний ариун үйлсийн талаар бүр төсөөлөө ч үгүй байх. Хэдий өтөл насыг зооглосон ч тэр бүхий л зүрх сэтгэлээрээ бусдад өөрийн цорын ганц баялаг болох нинжин сэтгэл, хүнлэг зангаа түгээсээр байна. Добри өвөө олон 10 жилийн турш гудамжинд гуйлга гуйн, өөрийн бурханд өргөх өргөлөө гүйцэлдүүлэхэд нь туслах өгөөмөр хүмүүсийг хайдаг. Учир нь Добри өвөө Болгарын сүм хийдүүдийг сэргээн босгохын тулд олон жилийн турш мөнгө цуглуулж байгаа. Хүйтэн жавар хайрч, шуурга шуурч, бороо шаагиж байсан ч түүнийг мохоохгүй. Өлсгөлөн ч түүнийг айлгахгүй. 

Өглөгийн гараа сунгаагүй хүмүүст ч тэр уурлаж, харааж зүхэхгүй. Энэ хөгшин эелдэг зан, уужуу талбиун сэтгэлээрээ бусдаас ялгардаг. Малгайд нь мөнгө хийсэн хүүхдийн гарыг тэр үнсч, өглөг хайрласанд талархан, хажуугаар өнгөрсөн хүмүүст Бурханы тухай хүүрнэдэг. Тэгэхээр Добри өвөө ядуу биш харин ч тэр үл таних хэн нэгнийг авралдаа багтаахыг Бурханаас хүсдэг Бурханы элч байх нь. 

2010 онд Гэгээн Александр Невскийн сүмийн талаар баримтат киноны зураг авч байх үедээ Болгарын телевизийн сэтгүүлч сүмийн архиваас гайхалтай зүйл олжээ. Тэр нь тус сүмийн түүхэндээ авч байсан хамгийн их хэмжээний хандив нь 40 мянган евро байв. Гэхдээ бүр нэг хүнээс шүү. Тэр хүн нь Добри өвөө. Тэрээр хүмүүсийн өгсөн мөнгөнөөс сохор зоос ч өөртөө үрдэггүй. Добри өвөө сард авдаг тэтгэвэрийн 100 еврогоороо болон хүмүүсийн өгсөн талх, жимсээр л өөрийгөө болгочихдог гэнэ. 

Өвөө сүм сэргээн босгоход зориулан мөнгө хандивлахаас гадна маш олон хүмүүст буяны гараа сунгасан нэгэн байв. Жишээ нь, тэрээр ус, дулаанаа хаалгах дээрээ тулаад байсан хүүхдийн асрамжийн газрын байрны төлбөрийг төлж байжээ. Мөн орон гэргүй хүмүүст ч тусалдаг гэнэ. Добри өвөө орлого багатай айлын хүүхдүүд хүмүүждэг цэцэрлэгийг гэгээлэг дулаан байлгахад зориулж мөнгө хандивлахаас гадна хаана орон гэргүй хүн өвдөж шаналан хэвтэнэ, хэн хайр халамж үзэхгүй, өвчнөө анагаах мөнгөгүй байна тэр бүхэнд зориулж мөнгө хандивладаг байна.

Добри өвөө дөрвөн хүүхэдтэй. Тэдгээрээс нэг нь Софи хотод амьдарч аавыгаа асарч халамжилдаг аж. Охин нь аавыгаа гэр бүлдээ юу ч үлдээлгүй, бүгдийг нь өрөөл бусдын төлөө зориулж байгаад бухимдаж суудаг гэнэ. Гэхдээ өвөө юу ч дуугардаггүй. Учир нь тэр охиныхоо үглэхийг сонсдоггүй.

Дайны үед их буу цэнэглэгч байсан Добри өвөөгийн хоёр чих дүлийрчээ. Чухам юу Добри өвөөг буян үйлдэхэд хүргэв ээ? Магадгүй төрөлөх Баилова тосгон нь байх. Баилова тосгон үзэсгэлэнтэй боловч оршин суугчид нь бүгд ядуу. Тиймээс өвгөн төрөлх тосгоноо сэтгэлээр баян байгаасай гэж хүссэндээ үүнийг хийдэг байх. Тосгоных нь өвлийн өвгөнд итгэдэггүй хүн ч Добри өвөөд бол итгэдэг гэнэ. Энэ нь сайхан сэтгэлд нь итгэж байна гэсэн үг юм. 

Түүнийг юуны төлөө мөнгө гуйдгийг хэн ч мэдэхгүй, тэрбайтугай өвөөгийн хандив тусламжийг хүртсэн хэн нэгэн зөвхөн бурхан тусласан мэт хэнийг нь үл мэдэн хоцордог тохиолдол зөндөө гарсан хэмээжээ. Өөрт нь байгаагүй ч тэрээр өрөөл бусдын сайн сайхны төлөө гуйлга гуйдаг. Харин та ингэж чадах байсан уу?

Рэнцэнхандын Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.