Б.Лхагвасүрэн: Бид ирээдүйдээ гологдож, их түүхэндээ нулимуулж эхэллээ

Twitter Print
2016 оны 03-р сар 14-нд 19:19 цагт
Мэдээний зураг,

Ардын эрх" сонин "Онцлох зочин"-оороо Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнг урьж  ярилцлаа.

-Та оны өмнөхөн төр засгийн удирдлагуудад хандаж ил захидал илгээсэн. Сая Ерөнхий сайдад мөн ил захидал илгээжээ?

-Би саяхан АСЕМ-ын хурлын тухай Засгийн газрын гаргасан шийдэл, шийдвэрийг сонсоод тэсч чадалгүй л биччихсэн юм. Урьд нь би Монголын төрийн дээдсүүдэд илгээх захидал гээд бичиж л байсан. Хүмүүс бүгдээрээ л дуугарах эрхтэй юм чинь надад ч гэсэн тийм эрх байгаа байх гэж бодоод би дуугардаг л даа. Тэгсэн энэ фэйсбүүк чинь айхтар юм. Бичиж байгаа улс нь ямар улс ч байдаг юм. Намайг авсандаа орох болоогүй юм байхдаа гэж хүртэл бичсэн байна лээ. Монголчууд өөр өөрийн өнцөгтэй болчихоод өөр өөрийн үгээ хэлдэг боллоо гэхэд зарим нь арай дэндээд л байгаа юм биш үү. Монголчууд хэзээ ч настай хүнээ авсанд орох болоогүй юм байх гэж бичдэггүй. Хэчнээн муу, сайн байлаа ч гэсэн тийм юмны тухай бичдэггүй. Өөрөө юунд орох хүн болоод тийм юмны тухай ярьдаг юм бол оо л гэж бодох юм. Энэ ч яахав, тэглээ гээд үхэх биш. Бишгүй доромжилж л байдаг юм. Тэр дотор хоёр л үгэнд би эмзэглэсэн. Энэ Монгол Улсад юу хийчихсэн болоод ингэж яриад байгаа юм гэнэ. Би өөрийнхөө амьдралын энэ урт хугацаанд уран бүтээлээсээ огт урваж байсангүй. Дандаа л уран бүтээл хийж явлаа. Гуч гаруй жүжиг бичиж дээ. Хүүхдийн жүжиг ч байна, бүжгийн жүжиг, дуулалт жүжиг ч байна. Төрт ёсны эмгэнэлт жүжгүүд ч байна. Хэдэн кино хийсэн байх юм. Дуурь бичсэн байх юм. Харин ном их цөөхөнтэй ш дээ, би. Зургаан ном л гаргасан хүн. Зуун хэдэн номтой улс байдаг л юм. Аргагүй хөдөлмөрч улсууд. Сая тэр захидлыг бичсэнийгээ би буруу гэж бодохгүй байгаа. Гэхдээ миний бичсэн захидлын ядахдаа нэг өгүүлбэрийг нь ухаж уншаасай. Тэгээд сайн, муу сэтгэгдлээ хэлэх гэж байгаа бол өөрөө шинэ үсгийн дүрмээ мэддэг, шинэ үсгээрээ зөв бичиж байгаасай гэж бодогдож л байна лээ. Би Монголын ард түмний төлөө бол дуугарахаа болихгүй. Үхэн үхтэлээ, ёстой л нөгөө авсандаа орохгүй яасан юм гэдэг шиг тэр яасан гэдэг өдрөө хүртэл дуугарах л болно гэж бодож байгаа. Би тийм сэтгэлийн өртэй юм, Монголын ард тү­мэнд. Ард түмнийхээ оюуны хэрэг­­цээнд зориулж хийсэн бүтээ­лүүдийг минь уншаагүй хүн бол мэдэхгүй байх л даа. Миний хэдэн дууг ард түмэн минь амандаа хүлхэж л байдаг. Би өөрийгөө ард түмэндээ юм хийсэн л гэж боддог. Тиймээс Монголын төлөө дуугарах, дуу­гарсан хойноо амаа бариу­лах эрхтэйгээсээ гадна би дууга­рах­гүй байх эрхгүй гэж бодож байгаа юм. Үүнд л ялгаа байгаа юм даа. 

-АСЕМ-ын үеэр нийс­лэлийнхнийг хөдөө явахыг уриалж байгаа. Үүнд та эг­дүүцэж “Ард түмнээсээ ичиж байна уу. Тэгвэл монгол хүн­гүй Монголд АСЕМ-аа хий л дээ” гэсэн нэлээд хатуухан үгийг Ерөнхий сайдад хаяг­лажээ.

-Тийм. Муухай ш дээ. Ард түмнээсээ ичиж байгаа юм шиг. Байгаагаараа л байя. Ямар ч бурхад мориллоо гэсэн ард түмэн амьдардгаараа л амьдарч, амьдрал орчдогоороо л орчиж байх ёстой ш дээ. Бид ийшээ тийшээ явахаа заалгаж, хамгийн жижигхэн хэлбэрээр хүртэл эрхээ зөрчүүлж байх алба­гүй л дээ. Амьдралд жижиг юм гэж ерөөсөө байдаггүй юм. Би жижиг юмны тухай ярьсан байх л даа. Гэхдээ үгүй байх гэж бодож байна. 

-Өмнөх захидлын тань хариуг өгсөн үү. Төр засгийн удирдлагууд мэдээж уншсан л байх даа.

-Өө, хараа биз. Тэд нар чинь уншилгүй яахав. Энэ тэр гэж дуу­гарсан, буруу зөрүү гэж надад хэлсэн юм тэдний зүгээс байхгүй. 

-Таны хувьд өнөөгийн нийгэмд, төр засгийн удирд­лагууд, эрх баригчдад жаахан сэтгэл дундуур байгаа юм аа даа.

-Үгүй яахав дээ. Хэн ч дүүрэн байгаа юм. Би мэдэхгүй л байна шүү. Сэтгэл дүүрэн байгаа улсыг мэдэхгүй. Лав л ойр орчныхон, тааралддаг, таньдаг мэддэг хүмүүсээс асуу­хад таатай биш л байх шиг байдаг юм. Монголчуудын олонхи, бүгдээрээ төрөө үзэн ядаж байна гэвэл дэндүү ойвор­гон болох байх л даа. Би энэ захидалдаа хэлсэн. Ард түмэн та нарын олон алдааг уучилж байгаа шүү гэж. Төрт ёсны олон жилийн хүмүүжилтэй ард түмэн гэдэг чинь тийм байдаг юм байна л даа. Тэгээд л социализм, коммунизмын үед та нар өссөн. Зэрлэг цэцэгс дотор ургасан ч гэх шиг дэмий дэмий юм бичээд л байх юм. 25-аас дээш насны бүх хүн социализмын угжаар хүн болсон ш дээ. Өнөөдөр тэгээд алины талд ордог юм. Хү­мүүс өөрийн бодолдоо яасан айхтар туйлын үнэмшилтэй болчихоо вэ. Өөрийн бодолдоо хэтэрхий үнэмшинэ гэдэг бол алдаа. Өөрийн бодол гэдэг чинь хэдийгээр өөрт зөв юм шиг боловч бусдын зөв байх нь бол цөөхөн тохиолдолд болно ш дээ. Тэрийгээ л боддогүй юм болов уу даа гэж боддог юм, би. Мэдэхгүй, би ямар ч он цагт амьдраад байгаа юм. 

-Социализм, комму­низ­мын үе гэснээс өнгөрснийг үгүйсгэх хандлага сүүлийн үед их ажиглагдах болжээ.

-Харин  тийм, уламжлал­гүйнх л юм даа. Уламжлалгүй шинэч­лэлийн тухай л их ярьдаг болж. Монгол уламжлалгүй бол­сон нь харагдаж байгаа юм л даа. Сая намайг авсандаа орохгүй яасан юм гэж хэлдэг чинь монгол уламжлал биш шүү дээ, базарваань. Жирийн хүнд, хог новшинд ч тэгж хэлдэггүй. Ерөөсөө адгуус араатандаа ч тэгж  хэлдэггүй ш дээ. Тэгж л их эвдэрч байгаа юм. Энэ бол яахав дээ, хувь хүмүүсийн л өөрсдийнх нь санаа. 

-Монгол хүнээс гарахаар­гүй үг хэллэг үйлдэл, энгийн иргэдэд ч, төр засгийн тү­шээдэд ч ажиглагдаж байна. Энэ нь сэтгэлгээний ядуурал нь уу. Гэдэс өлсөхөөс илүү тархи өлсөх нь аюултай гэж та хэлдэг дээ.

-Ер нь оюуны хоосролын их дажин явж байна даа. Монголчууд оюунаар хоосорч байгаагийн л нэг хэлбэр. Юмыг нэг нухацтай уншаад буруу зөвийг хэлэхийн өмнө боддог, бодсоныхоо эцсийн гаргалгааг нь бичдэг тийм байдалд сурах ёстой л доо. Уншсан хүн бол эцэстээ тултал, уул язгуур зүй­лийг нягтад маш сайн ойлгоод тэгээд тэрэндээ зөв буруугаа өгөх ёстой л доо. Тийм мэ­тийн юм чинь л ойлголтын уламжлал юм. Юмыг ойлгохын уламжлал гэж бас байна шүү дээ. Юм юманд уламжлал байх­гүй боллоо. Үүнд их ха­рамсч байгаа. Ёс заншил, монголчуудын цээрлэдэг бо­лоод бахархдаг зүйлүүдэд хал­дах энэ тэр чинь эрхийн их том хэсэг шүү дээ. Хүний бахархал, үзэл бодол гэдэг бол хүнтэйгээ цуг хамгаалагддаг эд. 

-Уламжлал алдагдаж бай­гаа, оюуны хоосрол зэрэг нь юутай холбоотой вэ?

-Мэдэхгүй. Би бол төр төр гээд зүхээд байхад дургүй. Төр гэдэг чинь хоосон чанар л даа. Бодит чанар нь бол төрийн түшээд. Би чадахгүй улс мэдэхгүй ажлаа хийгээд байгаагаас болж байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Чадахгүй юмаа мэдэхгүй хийнэ гэдэг бол их айхтар аюул шүү дээ. Тийм л болоод юмаа хийж чадахгүй амьтны элэг доог болоод л төрийн эрхэмсэг мөн чанарыг дэндүү багасгачихсан юм болов уу даа. Төртэйгөө харьцаж байгаа ард түмний харьцаа, яриа хөөрөө ч гэсэн маш жудаггүй боллоо л доо. Энэ чинь төр, ард түмэн хоёрын дундах том эвдрэл. 

-Ямар ард түмэн байна, тийм төр засаг байна гэдэг үгтэй та санал нийлэх үү?

-Тийм. Яг л тэр болж байгаа юм. Ард түмэн бол үүнийг бодох ёстой юм л даа. Гэхдээ төр, төрийн түшээд хоёрыг жаахан ялгаж салгаж зүхэж баймаар юм. Юм л бол төрөө зүхээд байж болохгүй.

-Үрдээ чамлагддаг эцэг эх гэж байдаггүй. Гэтэл ард түмэндээ чамлагддаг төр за­саг байх нь эмгэнэл гэдэг дээ.

-Сая би нэг шүлэг бичсэн л дээ.
Ихэмсэг түүхэндээ нулимуулж
Эрхэмсэг маргаашдаа гологдож амьдарч байгаа
Бид өнөөдрийнхөн...
 
гэж. Үнэхээр бид ирээдүйд ч гологдож эхэллээ. Их түүхэндээ ч нулимуулж эхэллээ. Ийм байж болохгүй л дээ. Энэ чинь ёс төрийн эвдрэлээсээ гадна ёс суртахууны эвдрэл гэж нэг айхтар юм байна. Айхтар туйлширцгаадаг, айхтар л хэцүү цаг болчихож дээ. Төр, ард түмний харьцаанд гарсан том цав л даа, энэ чинь. 

-Оюун ухаан гуйлгачилж явна гэж та хэлсэн байдаг. Үнэхээр тийм гунигтай дүр төрх хаа сайгүй байна. Яагаад ийм болчихов? 

-Үнэн. Хэчнээн боловс­ролтой, гадаадад төгссөн, ухаалаг сайхан залуучууд ажил байхгүй. Танил тал, ямарваа нэгэн дээрээс татах хүчгүй учраас тэр. Бид бол газрын татах хүчиндээ л биширч амь­дардаг болохоос дээрээс татах хүчинд, эрх мэдэлтэй улсын татах хүчинд амьдарч байсан удаа монголчуудын түүхэнд байх­гүй. Татах хүчний тухай ойлголтоо нэг бодмоор. Ер нь ч тэгээд хэцүү байна даа. Мань мэт бол дуугарахгүй байж чадна л даа. Болохгүй юм. Дуугарахаараа зүхүүлэх юм, загнуулах юм. Зарим нь ч таашаах юм хөөрхий. Хүн болгон муулахгүй юм аа. Ард түмэн маань бас хайртай нь хайртай байдаг. Нэг хэсэг бүлэг их сонин, солиотой улс, бас намаар солиорчихсон улс ч байх шиг байна. Нам бол төрийн дэргэд юу юм  дээ. Юу ч биш шүү дээ.

-Та УИХ-ыг намын бүлэг­гүй болгох хэрэгтэй гэсэн байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Тийм. Намгүй болгох хэ­рэг­тэй. Одоо удахгүй сон­гууль болох гэж байна. Зорго зоргоороо хашгичаад, хэнийгээ үгүйсгэж, хэнийгээ магтдаг юм, нэг их дураараа улс. Дур зоргоороо байхад бас хэмжээ байдаг юм шүү. Ямарваа нэгэн хуульт ёсны  хэмжээ, хүн ёсны хэмжээ, мөн чанарын хэмжээ, хүн чанарын хэмжээ гээд мөн олон хэмжээ байна аа. Энэ хэмжээнүүдээ хүмүүс бас нэг жаахан эргэж хармаар юм гэж бодогдоод байгаа. 

-Улс орны эдийн засаг сайнгүй, ард түмний амьдрал мөн л тиймхэн байна. Ийм үед уран бүтээлч хүн яах ёстой юм. Та бол яах аргагүй тэсэхээ болиод дуугарч байна. Уран бүтээлч хүн хамгийн түрүүнд л ийм юмыг мэдрээд шаналж байдаг байх даа.

-Өө, тэгэлгүй яах вэ. Биеэс ангид төр, төрөөс ангид бие гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор л ингэж байгаа юм. Буруу, зөв ч бай би дуугарах ёстой. Үүргээ биелүүлж байя, өөрийнхөө үгийг хэлж байя л гэж боддог. Би хүнд таалагдах гэж юм уу, аливаа нэгэн эрх мэдэлтэн, хэн нэгэн сайн хүнд таалагдах гэж амьдраагүй юм байна лээ л дээ. Мөрөөрөө л уран бүтээлээ хийгээд л өдий болсон. Миний амьдрал бол ийм. Ер нь хүн гэдэг амьтан агуу их хүн байж чаддаг, адгийн новш байж чаддаг. Харин мөрөөрөө амьдарна гэдгийг л чаддаггүй болчихсон юм шиг байгаа юм. Би тэгж бодоод энэ сэдвээр нэг шүлэг бичсэн. 

-Зохиолч, уран бүтээлч хүний нийгмийн үүрэг гэж байх ёстой юу. Хуучин ний­гэмд бол энэ үүрэг чухал байлаа. Харин 1990-ээд оноос хойш утга зохиол, урлагийн нийгмийн үүргийг огт ярихаа болилоо. 

-Үүрэг нь бол байж байгаа ш дээ. Харин тэр үүргээ биелүүлж байгаа хүмүүсийн оюуны шимийг хүртэж байгаа нь бол хүртэж байгаа. Үүнийг ганцхан тэгж агуулгадахгүй, журамлаж, томъёо өгч ярих­гүй л болчихсон болохоос үйлчилд­гээрээ үйлчилж байгаа. Уран зохиол ардчиллын үед эрх чөлөөтэй болсон гэдэг чинь хүмүүст үйлчлээд л, дургүйг нь хүргэх нь, хүргээд дуртайд нь таашаагдаад л байж байгаа. Энэ бол хүнд хүрч л байгаа хэрэг. Уран бүтээлч хүнд үхэн үхтэлээ нэг том үүрэг бий л дээ. Гэгээрүүлж гийгүүлдэггүй юм аа гэхэд тодорхой он цагийг ямар өнцгөөс харж байсан, ертөнцийг юу гэж үздэг байсан гэдэг нь хувь хүний нийгэмд оруулж байгаа том уянгын санал л даа. Дэндүү хальж ярих юм, халил хийх юм гээд л ярьдаг юм. Тийм биш л дээ. Зохиолч гэхээрээ л нэг их уянгалдаг амьтан байдаг юм биш. Би бол юмыг хийхдээ алгын чинээ цаасан дээр бичсэн зурвасыг хүртэл бодож байж бичдэг. Тэр дайны нас, үзсэн, туулсан туршлага бол байдаг. Их л хичээх юм. Хүний хэчнээн бодсоныг буруугаар эргүүлээд байвал шалтгаан мундахгүй л дээ. 

-Зохиолч, уран бүтээлчид үүргээ биелүүлээд л байгаа юм байж. Уншигчид хэр бо­лов­­сорч хөгжиж байгаа бол. Жи­шээ нь таны бүтээлүүд оюу­ны ертөнцөд хэр эрэлттэй байна?

-Намайг бол их уншдаг. Миний ном нэг хэвлэгдээд га­рахад худалдаанд хоёр сар хэвтээд байдаггүй. Дороо л алга болдог, хүмүүс авчихсан, уншчихсан байдаг. Ном бүтээ­лийн тухайд аль ч уран бүтээл, урлагийн бүтээл, хөгжмийн бүтээл, уран зураг, уран зохиол судлаачгүй бол­чихоод байгаа юм. Судлал нь хоцорчихоод байгаа юм. Судлал нь сайжрах юм бол өнөөдрийн сайн, мууг ялгаж өгөх болно. Урьд чинь социализмын үед уран бү­тээ­лийн үнэлгээ, судлал хоёр их сайн байлаа. Үүнийг үгүйсгэхийн арга байхгүй. Яахав хүн хүнд таалагдсан зохиол бичнэ гэж юу байхав дээ.Бид ямар айлын эзэгтэй бүхэнд таалагддаг сав угаадаг нунтаг биш. Таалагдах албагүй л дээ. Таалахаа байна л биз. Харин ганцхан эвгүйгээр харааж зүхэхгүй л байх ёстой ш дээ. Уг нь монголчууд настай хүнийг зүхэхийг бол нас нь хараана гээд бүр цээрлэдэг. Ингэж болдоггүй л байхгүй юу. Гэтэл энэ улс ч жудаггүй л болж дээ. Тэрэнд л жаахан гомдож суудаг юм. Гэхдээ яах вэ, намайг аль өнцгөөс яаж үзэх нь бол хүний эрх болчихсон юм чинь. Юу гэнэ вэ хамаагүй,  хэлж л байна биз. Би бол үнсүүлж магтуулаад ч, нулимуулж доромжлуулаад ч үйлчлэх нь өнгөрсөн. Зөвхөн надад үлдээх юмаа бодох, үхсэн шиг үхэж чадах хоёр л үлдэж байна. Өөр юм алга. 

-Ид бичиж гарч ирж байх үед тань таны бүтээлүүд хэр шүүмжлүүлж байсан бэ?

-Гайгүй ш дээ. Миний хийсэн бүтээсэн зүйл маань их л магтуулах талдаа байсан. Тэр нь магадгүй намайг сайн юм хийхэд муугаар нөлөөлсөн ч байж болно. Гэхдээ би тухайн үедээ бүтээлүүдээ чармайж л хийсэн. Би их удаан хүн л дээ. Ухаандаа анхны номоо гаргаж чадалгүй 20 жил болоод, дараачийн номуудаа гаргахад хоорондоо бараг л арав арван жилийн зайтай хугацаа зарцуулсан. Тэгж л юмаа хийдэг хүн л дээ. Би улангасаад л, оюуныг үнэлж байгаа дээр нь хэдэн мөнгөтэй болъё гэж бодож байсангүй. Хэдэн хүүхдээ мэнд л байвал болж байна даа гэж бодоод л, өвөг дээдсээ үдээд л, нялх хүүхдүүдээ тосоод л, хүний амьдралд юу л байдаг вэ тэрийг үзээд л, зовж жаргаад, өвдөж эдгээд л, ингэж л явж ирсэн хүн. Би ингээд амьд явж байгаа нь хэнд ямар гэмтэй юм. Би мөрөөрөө байж л байна. Магтаал гэдэг бол цагаа болохоос өмнө ирчихвэл их л том малгай юм билээ л дээ. Яг болсон, бүтсэн, хийсэнтэй нь таарсан магтаал бол урам л юм билээ. Хүн аль талаас нь магтаалыг нөмөрдөг юм, мэдэхгүй. 
Атаа хорсол намайг ирлэж
Аядуу магтаал намайг мохооно
Алиныг нь ч тоохгүй толгой өндөр явсны учир
Амьдын хорвоо намайг дуртай дургүй ч дурсана
 
гэж миний шүлэг байдаг.

-Та Үндсэн хуулийг батлалцаж явсан хүн. Сая Үндсэн хуулийн Цэц хийгээд УИХ-ын хооронд болсон асуудлыг юу гэж бодож байна?

-Би тэрний чинь тухай бас юм бичээд сууж байгаа. Эх хууль гэдэг нэрнээс нь эхлээд эсэргүүцэж байгаа. Яах вэ тэгээд энийгээ хэвлүүлнэ. Эх гэдэг утга чинь их олон хэлбэрээр, тэмдэг нэр болдог, тодотгол ч болдог, их сонин үг шүү дээ. Эх загвар, эх ноорог, эх навтарга, усны эх гээд л янз бүрийн утгад хувирдаг. Үндсэн хууль гэдэг нэр л дэлхий дахинаар хүлээн зөвшөөрөгдсөн нэр шүү дээ. Тэгээд би аргаа бараад тэр бичиж байгаа юман дотроо бас л энэ тухай оруулсан. Загнуулах байх. Энэ өвгөн зөнөж үхвэл таарна л гэх байх л даа. Хэрвээ Эх хууль гэх юм бол авлигын хуулийг хадам хууль гэх үү гэж бичсэн байгаа. Бүр ингэж ахуйд хутгаж ураг төрлөөр төлөөлүүлж нэрлэх гэж байгаа бол эх гэдэг ухагдахуун чинь мундаг ухагдахуун шүү дээ. Байгаа газраа дандаа эхлэлийг төлөөлдөг мөртлөө янз бүрийн утгатай. 

-Эх гэсэн агуулгатай Үндсэн хууль бол ойртохгүй гэсэн үг үү?

-Ойртохгүй. Тэгвэл эцэг хууль хэрэгтэй болно. Эцэггүй эхийн тухай, эх эцэггүй ертөнцийн тухай ярихгүй л дээ. Эцэг бол үүдэл, эх бол үүсгэгч. 

-1992 оны анхны ардчилсан Үндсэн  хууль хэр сайн хууль вэ. Бираагийн Чимид гуай бол энэ хуулийг эх барьсан хүн нь дээ.

-Агуу хуульч байсан. Агуу хүн байсан. Жинхэнэ гүн сэтгэлгээний хуульч бол Чимид гуай байсан даа. Бид дөрвөн жил хамт Их хурлын тогоонд байлаа. Тэр бол Монголын нялх парламент. Юуг идэж, юуг авдгийг мэдэхгүй. Гишүүдээ автобусаар “түүж” зөөж авдаг. Хөдөө явахад нь л унаа өгдөг. Эрх ямбагүй, цалин хөлс багатай, тэгээд хууль л баталдаг. Гэхдээ өгүүлбэр бүрийг нь нягталж ярьдаг байсан. Би тэрийг сайн санадаг юм. Одооны энэ хуулиудыг уншихад монгол үгийн зохион байгуулалт, монгол хэлний өгүүлбэр зүй юу ч байхгүй. Алдаа гэж жигтэйхэн их. Хууль гэдэг бол нэг таслал, нэг ба юм уу эс, бөгөөс зэрэг элдвийн дайвар үгнүүд буруу л орох юм бол хаашаа ч эргэж болдог. Тийм эмзэг. Би сонгуулийн хуулийг ч гэсэн уншаад л сууж байгаа. Бас л ярьж байгаад ад болъё л гэж бодож байна. Тэр хууль бол биш ээ. Ийм хуулиар сонгууль өгөх ч гэж. Чадахгүй байтлаа хийж, мэдэхгүй юмаа  шийдэж байна ш дээ. 

-1992 оны Үндсэн хуулийг зохиолч Д.Урианхай гуай бол маш муу хууль гэдэг?

-Энэ Үндсэн хуулийг батлагдахад яг дотор нь байсан хүн би. Хуулийг хөдлөшгүй мөн чанартай гэдгийг бодож, хэрэгжүүлээд гарсан үр дүнгээс нь дүгнэдэг болохоос хэвлэсэн цагт нь гоочлоод байх хэрэггүй юм шиг байгаа юм, уг нь. Хэрэгжээд явж байгаа явцын дунд нь уг хуулийн алдаа харагддаг болохоос анх хэвлэгдсэн дороо хэрэгтэй, хэрэггүй нь мэдэгддэггүй л дээ. Би хуулийг энэ бол хэрэггүй буруу хууль гэж хэлэх энэ тэрд бол жаахан дургүй. Алдаатай мадагтай л гэж ярина уу гэхээс орвонгоороо хэрэггүй юм гэж орчлонд байдаггүй юм. Би тийм үгүйсгэлд жаахан дургүй. Цулаар нь үгүйсгэх, бөөнөөр нь үгүйсгэх сайн биш. Нэг хэлсэн буруу үгний төлөө, нэг буруу ажиллагааны тухай бол хэд ч дуугарч болно. Ерөнхийд нь уул хийж байгаа хүнийг нь тэрний төлөө үгүйсгэх нь бас л хэлтгий чанар даа. Манай Д.Урианхай Үндсэн хуульд дургүй л байдаг юм. Гэхдээ хэрэгжүүлээд хорин хэдэн жил боллоо доо. Монгол Улсад гай тариагүй л байна. Тэгэхээр би тийм ч муу хууль биш гэж боддог. Одоо гар хүрэхдээ л учиртай хүрвэл таарах юм даа. Би төслийг нь үзсэн. Олон заалттай, тэдийн тэдийг өөрчилсүгэй л гээд байгаа юм. Тэр бор толгойтой хонийг, тэр мөлүү эвэртэй үхрийг энэ тэрээ гэж заачихаад ал гэж байгаа юм шиг дотор нь юу ч байгаа юм бүү мэд шүү дээ. Алиныг нь ч үгүйсгэж байгаа юм. Тийм л юм билээ. Тэр тухай заасан  тэр хэсгийг, тэгээд тэдийн тэд дэх тэдийн тэд дэх гээд л явчихдаг юм билээ. Монгол хэлэнд тийм найруулга байдаг юм уу. Тэддүгээр зүйлд, хоёрдахь зүйлд, гурав дахь зүйлд л гэж байдаг даа. Хуулийн найруулгаас эхлээд тийм л юм билээ. Тэгээд л Их хурлын гишүүдийг 99 болгоно гэж ч байх шиг. Тэр чинь болдог ч юм уу, үгүй ч юм уу. 

-Ардчилал мухардалд орлоо гэх юм. Та тэгж боддог уу?

-Дэлхийгээр тэнэж явсан л үзэгдэл ш дээ. Хүн төрөлхтөн энэ ардчилал гэдгийг чинь олоод, эдлээд удчихсан юм. Дэлхийгээр тэнэж явсан ардчилал хэмээх энэ салхийг түүнийг дагасан эрхтэй нь, юутай хээтэй нь аваад ирсэн. Яг мөн чанараар нь авчирсан үгүйг мэдэхгүй юм. Би нэг хэлсэн ш дээ. Ардчилал гэгчийг авчраад Сүхбаатарын талбай дээр асгачихсан юм аа гэж. Тэгээд хэрэгжүүлж чадаагүй. Ардчиллыг жинхэнэ мөн чанараар нь хэрэгжүүлэх дээр нь л алдацгаасан юм болов уу даа л гэж боддог юм. Энэ уг нь зохихгүй эд биш л дээ. Хүн төрөлхтөнд зохидог л эм ш дээ. 

-Бид хэрвээ алдсан бол тэр алдаагаа засах боломж хэр байна вэ. Яаж засах вэ?

-Эд нар гаргасан алдаагаа засч болно л  доо. Тэр хугацаанд алдсан ард түмний алдааг, амьдралын алдааг, аж байдал, төрт ёсны, сэтгэлгээний алдаануудыг яаж засах юм. Хүн тэнэгээ засч болно л доо. Өрөөлд учруулсан гайгаа засч чаддаггүй л байхгүй юу. Тэгэхээр би засах нь хэцүү байх, засал авах нь бага болов уу гэж бодож байгаа. 

-Улс орон маань хөгжих, нийгэм маань гэгээрэх, зан харьцаа, ёс суртахуун гээд бүх хүрээнд сайн сайхан болоход юу хамгийн чухал вэ?

-Энэ  тухай бодохгүй хүн нэг ч алга. Эцсийн эцэст би Монголын амар амгалангийн тухай л бодож байна. Монгол оршин тогтнохын тухай, байх тухай л боддог. Бүтэн орныхоо бүтэн газар шороон дээр бүтэн тэнгэр харж байгаад үхэх юм сан даа л гэж бодно шүү дээ, настай хүн бол. Би яагаад ч юм бүтэн юм л хүсч байгаа. Өөр юу  хүсэх вэ. Бүтэн гэдэгт их олон юм багтана шүү дээ. Айл гэр, хүний сэтгэл санаа бүх юм бүтэн гэдэг үгэнд харьяалагддаг учраас бүтэн байгаасай л гэж бодох юм. 

-Бүтэн биш болчих вий гэсэн эмзэглэл, болгоомжлол байна уу?

-Байх юм аа. Лав л телевиз нээгээд, радио сонсоод сайн юм үзэж, сонсохоо байлаа л даа. Чих, нүд хоёр уг нь гэгээн үг, гэрэл гэгээ өгөх ёстой эрхтнүүд. Хүний эрхийн бас нэг том объект нь байх л даа. Тэд маань эрхээ эдэлж чадахгүй байна. Дандаа л дэмий юм сонсоод л. Зовлонтой л болчихож. Юм нэг л болохгүй л байна. Аль хэр удаан үргэлжлэх юм бол доо, энэ самуун үе. С.Зоригийн хэлсэн үг байдаг шүү дээ. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж. Энэ бол их оносон үг л дээ. Монголчууд ухаантай ард түмэн. Би ер нь монголчуудын оюуны чадавхи дэлхийн ард түмнүүдээс толгой өндөр гэж дандаа хэлж явдаг. Ийм ард түмний учрыг нь олоод удирдаад, зохион байгуулаад, зорилготой, хүрэх цагийн төсөөлөлтэй, тодорхой төлөвлөгөөтэй болмоор байна. Төлөвлөгөөт эдийн засгийг америкууд ч гэсэн хэрэгжүүлдэг ш дээ. Манайх л түй гээд хаячихсан болохоос. Одоо дэлхийн том том их сургуулиудад Марксын сургаал, гүн ухааны хичээлийг заадаг ш дээ. Манайх харин паа пүү болоод хаячихсан. 

-Хуучнаа үгүйсгэдгийн л нэг илрэл энэ байх шүү?

-Буруу зөрүү өнцгөөс нь яриад байгаа зөнөг өвгөн л гэх юм. Зөнөчихөөгүй байна л даа. Би бол гарахаараа гэрээ олчихно, гэрээсээ гараад очих газраа олчихно. Унших юмаа олоод уншчихна. Амьд байгаад байна л даа. Үзэхгүй сайн сайхны тухай бол монголчууд үзэхгүй байсан ч  тэр цагийг ирнэ гэж зөгнөдөг улс байхгүй юу. Тиймээс би тэр сайхан цагийг ирнэ гэж боддог. Бид үзэхгүй байлаа ч хойч үе маань үзнэ ээ л гэж. Үүнд эргэлзэж суух бол хамгийн тэнэг хэрэг л дээ. Монголчуудын сайн сайханд эргэлзэнэ гэдэг бол байж болшгүй зүйл шүү дээ. Ийм хувь заяатай, ийм тэнгэрлэг, тэнгэрийн эрхшээлд байдаг ард түмнийг тэгж хэлэх үндэс ерөөсөө байхгүй. Би ойрдоо их гомдонгуй байгаа. Элдвийн л улс өөрийнхөө дураар бичдэг. Гэлээ гэхдээ уул, хөгшид хоёроо хараадаггүй юм шүү дээ, монголчууд. Тэрийг л их бодож явмаар юм шиг. Хаашаа ч юм дээ. Яахав зөнөсөн бол зөнөсөн л биз. Би ч аминдаа чадахаараа л юм хийсэн шиг байгаа юм. Монголын ард түмний оюуны хэрэглээний л төлөө зүтгэсэн байх. Бүтээсэн зүйлийг он цаг шалгана. Хэнийг үхэхтэй нь хамт мартахаа, хэнийг дурсаж, хэнийг уншиж, хэнийг уншихгүй байхаа ард түмэн мэднэ. Уул, ус, гол мөрөн, чулуугаа ч гэсэн зүхдэггүй, малаа хүртэл зүхдэггүй ард түмэн ш дээ. Тэгэхэд арай л дэндэж байх шиг.     

-Та “Монгол тулгатны 100 эрхэм”-ээ хөтөлж байгаа юу?

-Ойрын үед хөтлөхгүй л байна. Бичээд авчихсан нэвтрүүлгүүд л цувраад гараад байгаа. Яваандаа хийж эхлэх байлгүй дээ. Энэ хүүхдүүд бужигнаад л, бас л нэг хэл аманд өртөөд л, хачин хачин болоод л. Яагаад ч юмаа алдчихдаг юм. Хэн нь ч авчихдаг юм. Би ямар тэр хавиар нь шагайх биш. Нэвтрүүлэгтээ зөвлөх редактор гэж үүрэг хүлээдэг юм. Яахав хүүхдүүдэд зөвлөх хэлэх юм гарвал хэлчихээд л, нэвтрүүлгээ бичүүлчихээд л гараад явчихдаг юм ш дээ. Тогтмол цалин аваад л, шагнал гээд сүйд болсон юм алга. Үүнийг их мөнгөөр хийдэг юм гэнэ лээ. Лхагвасүрэн гуай ёстой цулайсан гэж л ярьдаг юм гэсэн. Сая бол фэйсбүүк дээр Х.Баттулгад угаагдаж дууссан, Баттулгын эрхэнд орж гүйцсэн хүн байна  гээд л бичсэн байна лээ. Х.Баттулгатай би ноднингоос хойш уулзаагүй ш дээ. 

-Нэвтрүүлэгт хэдэн хүн ороод байгаа вэ?

-50 гарч байгаа. Энийг уг нь би хүнийг он цагтай нь үлдээе л гэж бодож хийж байгаа юм. Тэгээд л над руу дайраад л элдвээр хэлэх юм, сэтгүүл зүйг гутаасан л гэнэ.  

-П.Анужин нэвтрүүлгээ хөтлөхөө болих нь гэсэн яриа бас гарсан. Үнэн үү? 

-Мэдэхгүй. Анужин маань холбогдоогүй. Цагаан сараар нэг уулзсан. Түүнээс хойш яриагүй л байна. Уулзах цагтаа сайхан уулзацгаачихаад л явж байдаг. Одоо миний нас чинь бол тийм үе шүү дээ. Хүүхдүүд ирж байвал уулзаж л байдаг. Эрж би уулзах гэж юу байх вэ. Анужин энэ нэвтрүүлгээ хөтлөөд байвал зүгээр л юм. 

-Нэвтрүүлэгт орох хүмүүсээ төлөвлөсөн байдаг уу. Явцын дунд сонгоод явдаг юм уу?

-Төлөвлөх арга байхгүй. Төлөвлөж байхад бурхан болчих тохиолдол байна ш дээ. Би бичье гэж бодож байсан хоёр гурван хүнээ алдчихсан. Хорвоогийн жам чинь аваад л явчихдаг юм байна. 

-Ойрын үед ямар уран бүтээл хийж байна вэ?

-Нэг шинэ ном бичиж байна. Жүжиг, киногоо бичиж байна. Дуунууд бичих юм. Хүнд хэрэгтэй юм болов уу гээд л. Тэгээд залуу зохиолчдын ном, энд тэндэхийн ном, элдвийн юм унших юм. Зохиолчид чинь цагаан дээр хараар бичсэнийг л хүнд ярихгүй бол худлаа ярьж болохгүй ш дээ. Би бол уншсан юмаа л ярина уу гэхээс уншаагүй юмаа ярьж чаддаггүй хүн. Би нохойноос айхаа болиод хүнээс айдаг болсон. 

-“Болор цом” саяхан боллоо... 

-За бас л нэг хэрүүлтэй. Намайг л баахан мэрсэн. Шавийгаа гаргалаа, Төв аймгийн хүн гаргалаа л гэнэ. Ноднин Төв аймагт болсон “Болор цом”-д тэр дээр оноотой байхад нь эд нар хасаад л хаясан. Нутагт нь түрүүлүүлж болдоггүй гээд л. “Болор цом”-ыг хөдөө болоход нь та нар овооны наадам шиг нутгийнх нь хүнийг түрүүллүүлээ гэдэг. Хотод хийхтэй зэрэг танил тал, шавиа гаргалаа гээд байдаг. Тэмцээн ч хийж болдоггүй. Нэг удаа болж байгаа тэмцээн бол юу юм бэ. Уран зохиолын ямар том хэсэг нь юм бэ. Юу юм, юу ч биш. Жил бүр байнга явагдаж байдаг л ажил шүү дээ. Тэр ч байтугай уран зохиол бол уралдаанаар хөгждөг ч юм биш. Би “Болор цом” дээр хэлсэн. Уншигч та нарын минь гэнэн ч арилахгүй юм. Зохиолчид бидний ч гэнэн арилахгүй юм. Авахын аргагүй шүлгэнд л алга ташаад л дэвхцээд гэж. Нүдээр харах шүлэг, сонсох шүлэг хоёр өөр шүү дээ. Сонссоны хэмжээгээр шүлгийг үнэлнэ гэдэг гэнэн асуудал. Цагаан дээр хараар бичсэнийг нь л уншаад тэр сайн муу гэдгийг ялгах хэрэгтэй.

Өнөөдөр их эрлийн, олон салаа замын уулзвар дээр Монголын яруу найрагчид зогсч байгаа юм шиг байна. Ерөнхий төвшин бол дөлгөөн, зиндааны, хавьцаа л байгаа. Цойлоод цолгороод дотроос нь гараад ирчихсэн хүн цөөхөн. Сайн хүн цөөхөн байна гэдэг шүлэг нь цөөхөн байна гэсэн үг. Гэхдээ Монголын яруу найраг тасарлаа, байхгүй боллоо ч гэж байх шиг. Тийм юм байхгүй ээ. Энэ олон яруу найрагч гарч ирж байна. Өөр өөрийнхөөрөө бичиж байна. Номоо гаргаж, хүнд уншуулж байна гэдэг уран зохиол амьд байгаагийн шинж шүү дээ. Хуучин дандаа сайн байгаад шинэ болгон муу байдаггүй. Шинэ дандаа сайн байгаад, хуучин болгон муу байдаггүй. Энийг л бодох хэрэгтэй. Амьдрал жамаараа л явж байна, уран зохиол жамаараа л явж байна. Энэ бол эрлийн он цаг юм. 

-Урлаг, уран зохиолд уламжлал гэж байх ёстой. Эрлийн зэрэгцээ уламжлалаа  хэр хөгжүүлж чадаж байгаа бол оо?

-Ярих юм бол их зовлонтой л доо. Магтаалын уран зохиолоос аврагдсан 60-70-аад оны уран зохиол, тэрнээс хойшхи үеийн зохиолчид бол шилжилтийн үеийг өнгөрөөсөн. Магтаал хэлбэрийн тодорхой агуулга дотор багтаж бичдэг торноос гарч байсан үе л дээ. Одоо эд нар маань бас бидний хийж байсан уламжлалт уран зохиолыг бас нэг тор гэж үзэж тэрнээс сугарч гарахыг боддог юм шиг байгаа юм. 

-Шүлэг, бүтээлийг нь үнэлдэг ямар зохиолч, яруу найрагчид байна?

-М.Уянсүх гэж сайн шүлэгч байна. Төрийн Баянсан гэж сонин шүлэгч байна. Хөвсгөлд П.Майнбаяр гээд нэг сонин шүлэгч бий. Манай Л.Өлзийтөгс, Г.Аюурзана нар сайхан бичиж байна. Энэ мэтийн залуучууд зөндөө байна даа.

-1990 оны үед УБДС-ийн Утга зохиолын ажилтны анхны ангийнхныг та өлгийдөж авсан даа?

-Тийм. 13 хүүхэд байлаа. Тэд минь одоо Монголын уран зохиолын өнгөн дээр л байна. Овоо ш дээ, миний хэдэн хүүхэд. Чих халууцуулаад л, туж л эцэг эхийн хуралд сууж байгаа юм шиг би хойноос нь гүйдэг байсан. “Эд нарыгаа ав, СУИС-д шилжүүл” гэж хүртэл Багшийн дээд сургууль шаардлага тавьсан. Аргаа бараад гуйсаар байгаад тэнд нь төгсгөсөн. Тэгсэн уржнангийн цаад жил байна уу, Багшийн дээдийн нэг багш уулзаад “Танай 13 хүүхэд шиг хийморьтой хүүхэд төгсгөж үзсэнгүй” гэсэн шүү дээ. Миний тэр үед зовж байсны шагнал тэгж буцаж ирсэн.  Миний 13 хүүхэд мундаг. Бүтэн үеийг бүтээж байна шүү дээ. Одоо “Шинэ мянганыхан” гээд гараад  ирлээ. Тэрнийг тэргүүлдэг нь саяын хэрүүлтэй цом авдаг нөхөр шүү дээ. Бас утга зохиолын төлөө зүтгээд байгаа юм. Утга зохиолын сургуулийн багш хүн юм. Ер нь утга зохиолын шүүмж үнэхээр үгүйлэгдэж байна. Хэдэн хөгшин яруу найрагчид тэр нь сайн, энэ нь муу гэж байхын оронд судлаачид нь хэдийнэ дүгнэчихсэн байх ёстой. Насаараа муу уран бүтээл хийдэг хүн гэж байдаггүй юм. Хийсэн бүтээл дээрээ алдаж онох байна л даа. Энэ залуусыг хайрлаж явах хэрэгтэй. Эд нар нь бас хайр даадаг байх хэрэгтэй. Тийм л юм билээ л дээ. Хүн хүндээ өгч байгаа хайрыг эдэлж чаддаггүйдээ л алддаг юм биш үү ер нь. Төрийн дээдсээ хайрлаж байгаа ард түмний хайрыг тэд хэр дааж байна. Төр түмнээсээ ирж байгаа хайрыг бид хэр дааж байна. Хаа хаанаа л ачаа бараагаа бодож явмаар юм.

-Хайрыг даана гэдэг шагнуулахаас хэцүү
Ханаж цадсан байвал үхсэнээс дор
 гэж таны шүлэгт бий дээ?

-Тийм. Хөөрхий энэ яруу найрагч зохиолчид их сайхан сэтгэлтэй. Баярлах нь амархан, гомдох нь амархан. Болд гэдэг төмрийг галд хайлдаг байх. Боддог шаналдаг юмандаа хайлчихсан улс бол уран бүтээлчид шүү дээ. Тийм уяхан туяхан улс байдаг юм даа. 

Г.СОНИНБАЯР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • бишрэн мөргөмүй

      (202.72.242.130) 2016-03-15 01:31
      • 1
      • 2

      биширч явдаг шүү, та бол талын монголын ухаан шингэсэн яруу найрагч шүү.

      Хариулах

    • Зочин

      (182.160.42.113) 2016-03-14 21:45
      • 0
      • 3

      Буруу зөнөчихөж.

      Хариулах

    • Зочин

      (176.179.109.251) 2016-03-16 15:51
      • 0
      • 1

      Chi amaa tat daa, chamd udii nas irekhgui dee ayagui bol.

      Хариулах

    • зочин

      (103.242.47.42) 2016-03-14 19:51
      • 1
      • 2

      100 эрхэм монголчуудын таашаалалд нийцсэн нэвтрүүлэг гэж үздэг. Уул нь эндээс авах зүйл их гээх зүйл өчүүхэн шүү дээ.

      Хариулах