Буддист гэдгээ баталцгаа

Twitter Print
2016 оны 03-р сар 14-нд 14:41 цагт
Мэдээний зураг,

“Бид гэр бүлээрээ буддын шашинтай. Манай гурван хүүхдийг очоод шалгавал гурвуулаа сахиустай байгаа шүү...” гэж төрийн яамны нэг газрын дарга эмэгтэй телевизээр тун хүлцэнгүй хэлж суух юм. Хүнийг ингэтэл нь дарамтлах гэж дээ. Энэ одоо үнэт зүйл нь хаачсан. Яасан доошоо орчихсон ардчилал вэ.

Ганц Б.Насанбаяр гэдэг эмэгтэй ч бус шинэ мянганы босгон дээр ид гарч ирж байсан манай цөөнгүй улстөрч, нэр бүхий хүмүүсийг МҮҮН-д мөргөсөн хэргээр олон нийтийн шүүхээр оруулахад бараг бэлэн болчихсон байна. 1994-2000 онд болсон  МҮҮН-ийн  буюу Дэлхийн гэр бүлийн холбооны гэх давхар нэртэй аливаа хурал уулзалтад оролцсон хүн бүр шарын шашинтан буддист болохоо батлаж улаан сахиусаа үзүүлэхгүй бол цаашаа явахаа больж буй бололтой. Энэ байдлаас нэр бүтэн салахаар улстөрчид цагаан цэнхэр шүхэрт хэд ч уншуулаад байгаа юм бүү мэд.

Тоон дотор үсэг гэдэг шиг  өнөө С.Ганбаатар гишүүнийг бас Мүүнчин байсан гэсэн хэрэг тулгаад нэг сэтгүүлч дуудаж ирээд гэнэдүүлэн “байцаачихаж”. Тэр үеийн хуралд орж байсан зургийг нь улаан хүрээн дотор хийгээд олон нийтийн сүлжээнд тавьчихжээ. Тэгээд ч зогсоогүй түүний МҮҮН-ийн хуралд сууж байгаа бичлэгийг онцлоод видео хэлбэрээр нь фэйсээр явуулж өгч байна. Ийм арвин их архив материалын сан хөмрөг хаана хадгалагдаж байдаг юм. Хэн нь ийм хурдан хүн хүнээр нь ялгаж салгаад эвлүүлж тавиад байдаг юм. Жирийн амьдралд бол нэлээн сайн багийн цаг гаргаж хийх хийх ажил даа.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас эхлээд одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл явуулж буй энэ МҮҮН-чидийг илчлэх ажиллагаа шинэ шуугиан биш юм билээ. Харин энэ хаврынх нь маш далайцтай нэлээн ч дэмжлэгтэй өрнөж байгаа бололтой. Б.Насанбаяр гэж хувь хүнээс гол асуудлыг салгаж МҮҮН-ийн шашин урсгал гээд яривал энэ байгууллагын арга хэмжээ, уулзалтад оролцсон хүмүүс яагаад заавал буруудах, нийгэмд жигшигдэх ёстой болоод байгаад бодитой тайлбаргүй яваад байсан. Үүнийг мэдэрч МҮҮН-ийн тухай нэвтрүүлгийг цензургүй багийнхан бэлтгэжээ. Бүр 2 ангитай. Нэлээн сайн боловсорсон ардчилсан үзэлтэй хүн үзсэн ч МҮҮН-ийг сэжиглэхээр. Хөтлөгч сэтгүүлчийн өөрийнх нь хэлснээр “жихүүдэс төрөхөөр” баримт материалууд энд дурьдагдлаа. Цаашдаа улстөрчид ч жирийн иргэд ч аливаа шашны гадна өнгөнд татагдаж, тусламж мөнгийг нь бөхийж авахдаа анхаардаг болмоор.

Гадны шашны үл мэдэх урсгал, сөрөг тусгалын талаар сэрэмжлүүлэг хэлэлцүүлэг өрнөж болно. Харин шүтэх бишрэх эрхээ эдэлж байгаа хүмүүсийг бүгдийг шүүн гэм зэмтэй гэж ярих нь их хэлмэгдүүлэлт гэмээр.

Хэдэн зуун Цэрэн дотроос Цэнхэр үст гэж содон танигдаж буй Э.Цэрэн гэх эмэгтэй ямар хүн болох. Яагаад Б.Насанбаярын тухайлан онцолж асуудал эхлүүлэх болсон. Давхар МҮҮН-ийг гардан авч олон нийтийн хурц шүүмжлэл анхааралд оруулахаар зориг сэтгэл шулуудсан талаар тухайлан хэлж мэдэх зүйл миний хувьд алга. Зарим нэгний адил массын тааллыг даган Э.Цэрэн бол үнэнийг хэлж байна гэх ч юм уу, эх оронч шударга гэж зулгуйдах ч зүйл алга. Нэг л зүйлийг одоо хэлж чадах байна. Энэ шуугиан явсаар МҮҮН гэдэг шашны урсгалтай нэр холбогдсон хэнийг ч гэсэн үзэн ядах сошиал массыг сар хүрэхгүй хугацааны дотор бий болгож чадлаа.

Хорхой биш хүн байна даа. Өөрийгөө өмгөөлж ярилцлага өгсөн Б.Насанбаярын нэвтрүүлэг Ийгл телевизээр гарсны дараа энэ нь бүр идэвхжиж байгаа нь илт мэдрэгдэж байна. МҮҮН ба түүнд ямар нэг хэмжээгээр нэр холбогдсон хүмүүсийг тэр бүү хэл нөгөө талд байр сууриа илэрхийлсэн жирийн пост бичсэн хүнийг ч тэр өршөөхгүй дайрах хандлага сошиал хүрээнд тун зохион байгуулалттай бас нарийн хяналттай идэвхиж байгаа нь ажиглагдсан.

Эхнээс энэ нь тодорхой шашны суртал аюулаас нийгмийг сэрэмжлүүлэх зөв зорилго тээсэн бол энэ үүрэг 100 хувь биелэсэн гэж болохоор. 

Энд давхар яригдаад буй Б.Насанбаяр гэж хүний төрийн ажилдаа барьж байсан бодлого байр суурь зөв буруу, цаашлаад түүний 12 жилийн өмнө яагаад МҮҮН- ийн хуралд оролцож байсан талаар өөрийнх нь ТВ-ээр хэлсэн дээр нэмж тайлбар хийж нурших гээгүй. Энэ эмэгтэйн ямар шашин шүтдэг нь ер нь хэвлэл сайтын нүүрээ харамгүй зориулаад, нэг баг шахуу ажиллаж зураг хөргийг нь матарлан эвлүүлж постлоод байх сэдэв мөн юм уу. Боловсролын шинэчлэл зөв буруу явж байгааг ийм хов жив хэрүүл талцааны байдлаар хэлэлцэж шийдвэрлэхгүйг хэн хэн мэдэхээр боловсрол мэдлэгтэй хүмүүс байдаг. Эрдэмтдийн зөвлөл, эцэг эхчүүдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүлээд явж болох байсан. Үнэхээр манай боловсролын сурах бичигт тодорхой шашны үзэл сургаал номлолыг агуулсан үг өгүүлбэр туссан бол тэр сурах бичгийг Б.Насанбаяр даргатай нь зайлуулаад өгөх эрх зүйн боломж нээлттэй байгаа гэж бодож байна.  

Сүүлийн өдрүүдэд сошиал орчинд дэндүү гэмээр хүний нэр төрд халдаж элдвээр матарласан, зураг постыг эрээгүй эвлүүлэн ганцхан эмэгтэй хүнийг нийгмээр нь үзэн ядуулах хэмжээнийүр дүн эрэлхийлсэн байдлаар улайрч байсан. Энэ нь эргээд олны дургүйцлийг хүргэж “ард нь өөр нарийн учиг байгаа юм биш үү” гэсэн хардлага бий болгочихлоо.

Э.Цэрэнгийн хэлээд байгаа зүйл, сэрэмжлүүлээд байгаа асуудлын цар хэмжээ хоёр хүний зөрүүтэй байр суурь төдий бус шашны байгууллагын далд зорилготой ажиллагаа байгаа ба түүнд тодорхой улстөрчид төрийн албаныхан татагдаж орсон байна гэсэн ноцтой сануулгыг тээх боллоо. Энэ хүрээнд асуудал хальснаар үүнд хууль хяналтын байгууллага ч оролцож болохуйц хэмжээнд далайцтай болж байна.

Энэ хүрээнд өнгөрсөн өдрүүдийн үйл явдлын өрнөлийг харахад Б.Насанбаяр ба МҮҮН-ийн хар нөлөө гэсэн энэ шуугианы чиг залуур Монголын боловсролын бодлогын асуудал хэний гарт байна гэсэн анх хөндсөн сэдвээсээ алгуур холдож байгаа нь ажиглагдана. Гол аюул Б.Насанбаяр ч биш, Монголын боловсролын систем ч бус. Харин явцуу хүрээнд МҮҮН гэдэг шашны урсгал ч юм уу, байгууллагаар дамжсан, тэдний гар хөл болж төрд орсон гэж зарим улстөрчийг нэр цохон сошиал хүрээнд таниулах үйл ажиллагаа болж эхлэв. Энэ нь нэгэн удаа “нэгэн” нэвтрүүлгээр Го.Бадарч гэх хүн үлгэрлэн оройлж Монголын улстөрчдийн зарим нь Хятад гаралтай гэж нэр цохон олны дургүйцлийг өдөөж байсан нэвтрүүлгийн хийц арга барилтай тун төстэй болж ирж байна гэж зарим иргэд комментоор онцолжээ.

Өөрийгөө МҮҮН-тэй холбоотой болон тэдний даалгавраар төрд шургалсан болоод байгаа Б.Насанбаяр телевизийн бас нэгэн “шударга ярьдаг” нэвтрүүлэгт оржээ. Хөтлөгчийн санаачилснаар нэг сударыг магнайдаа залж ам тангарагаа өргөж байж яриагаа эхэлж байна лээ. Нэвтрүүлэгт хүртэл тангараг өргөж байж ордог болох нь дээ.

Олон нийтийн зүгээс улстөрчдийг элэглэх сонжоо нэгээр нэмэгдэж МҮҮН-чин мөн үү, цэвэр Буддист уу, нууцаар Христийн сүмд очдог уу зэрэг хардлага бодитой болж ирлээ. Инээдэм биш. Үнэхээр тийм болж байна. Үүний цаана тусгаар тогтнолын асуудал ч яригдана гэж зарим нь үзэж байна. Тусгаар тогтнолоо гадныхнаас урьтаж эвээ эвдэж дотроосоо бид мэрээд байгаа харагдана.

Б.Насанбаяр ба ямар нэг хэмжээгээр МҮҮН-ийн гэх шашны урсгалд ойр байсан очсон зочилсон улстөрчдийг анхаарах хэрэгтэй юм байна. Энэ сэдэв мөн байна. 

Үүний нөгөө талд асуулт үлдсэн. Ардчиллын үнэт зүйл чинь тэгээд сэдэв биш болсон уу. Шашин шүтлэг, үзэл бодлоор нь нэгийгээ хавчин гадуурхахгүй. Элэглэн шоолж элдэвлэн гутаахгүй. Олноос өөр бодолтой нэгийгээ хяхан хавчиж, баривчлан хорьж нутаг заахгүй гэсэн. Энэ бүхэн үндсэн хуулийн минь нэг үзэл санаа хэвээр байгаа биз дээ. Ийм ардчиллын төлөө  жагсаж эрх чөлөөг  сонгосон биз дээ. Буддист гэдгээ гэртээ очоод шалгуулахад бэлэн байгаа Б.Насанбаяр яахав. Насаараа дарга хийх биш. Буугаад өгчихвөл яваад өгнө. Ардчилал маань харин юу болж байна... Хаана хэн нэгэн гаргаж ирээд дэрвүүлж болдог, бас эвхээд алхчихдаг туг лоозон болчих бий дээ.

Энд онцлоход шуугианы анхны гол баатар болоод байсан Б.Насанбаяр сүүлийн 3 жил гэж болох хугацаанд иргэн Э.Цэрэнгийн зүгээс нийт 7818 удаа өөрийг нь МҮҮН-чин түүний гар хөл зэргээр хэвлэл мэдээллээр хэлүүлээд байгаа гэдгээ тооцон гаргажээ. Энэ нь бараг дагнасан сэдвээр нэг хүнийг хэвлэлээр балбасан ер бусын нэг рекорд амжилт мөн байх. Бас манай ялгуусан ардчиллын нэг сонгодог дүр төрх мөн байх.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.11.107) 2016-03-14 15:31
      • 0
      • 0

      угаасаа хуул зөрчиж арын хаалгаар төрийн албанд томилогдсон наад мэлийн авгайгийн чинь зөв үү? монгол залуусыг солонгос кимчинүүдтэй зургаар нь гэрлүүлдэг гаж зүйлийг түгээн дэлгэрүүлж байгаа нь бас зөв үү

      Хариулах

    • багш

      (202.179.11.10) 2016-03-14 14:54
      • 0
      • 2

      анхнаасаа наад Насанбаяр чинь үнэнээ хүлээцэн бол тэгж хар мянга 999 удаа балбуулах байснуу гэдгийг наад хар толгойдоо тунгаагаад үз тоймч гуай

      Хариулах