Эгэл биш "эргүү" Эйнштейн гэгч хэн байв?

Twitter Print
2016 оны 03-р сар 14-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Орчлон хорвоо их тэсрэлтээр үүсэн биежсэн гэж өнөөгийн огторгуй судлаачид үздэг. Ойролцоогоор 13,8 тэрбум жилийн тэртээ тэр их тэсрэлт болсон гэдэг бөгөөд  хормын төдийд хоормог мэт холион бантан болсон кварк-глюоны плазм яваандаа аажим нэгдэн нэгдсээр хорвоо ертөнц үүсэн бий болсон гэдэг. Харин 400 сая жилийн дараачаас анхны од эрхэс бүрэлдэн тогтсон гэдэг эгэл хүнд ойгогдохооргүй энэ онолыг цагтаа “эргүү” тэнэгээрээ цоллуулж асан Эйнштен үндэслэсэн түүхтэй. Жир нэгэн толгойтон итгэхээргүй барим тавим энэ нотолгоог хожим нь Зөвлөлтийн математикч Александр Фридман 1922 онд мөн л Эйнштений үндэслэсэн Харьцангуйн онолд тулгуурлан гарцаагүйгээр нь баталсан гэх. Гэтэл “шарсан махны үнэр анддаггүй шар зурхайч” гэдэг шиг тэр “эргүү толгойт” Эйнштейн гэгч үнэндээ хэн байв. Өнөөдөр түүний төрсөн энэ өдөр. Энэ цагийн чанадаас харин түүнийг эргэн дурсахад тэрээр ямар ч сургуульд багшилдаггүй, судалгаа шинжилгээн өчүүхэн төдий лабораторигүй, ердөө жижиг номын сангаас өөр өмч хөрөнгөгүй, техникийн гуравдугаар зэрэгтэй шинжээч ажил хийдэг залуу байсан гэдэг намтартай. Гэвч тэрээр 1905 оноос алдарт бүтээлүүдээ хэвлүүлж эхэлсэн байдаг. Тэр бүтээлүүдийнх дотор алдарт  E=mc2 гэдэг томъёолол анх шинжлэх ухаанд нэвтэрсэн билээ. E гэдэг нь энергийг, m нь массыг, c2 нь гэрлийн хурдыг квадратыг илэрхийлдэг энэ алдарт томъёолол чухамдаа хорвоо ертөнцийн үүслийн гол гогцоо түлхүүр болсон байдаг. 

Алберт Эйнштейн Германы эзэнт гүрний үед 1879 оны 3 сарын 14-нд Вутемберг мужийн Улм хотод нэгэн еврей гэр бүлд мэндэлжээ. Эйнштейний аав Херман Эйнштейн инженер бас худалдаачин хүн байлаа. Түүний ээжийг Паулаа Эйнштейн гэдэг байсан ба Альберт Эйнштейнийг төрүүлээд ихэд гайхжээ. Учир нь балчир Эйнштейн хэт том данхар толгойтой байсан нь түүнийг төрөлхийн гажигтай хэмээн бодоход хүргэсэн гэдэг. 1880 онд тэдний гэр бүл Мюнхен хот руу нүүсэн бөгөөд тэнд сууршисныхаа дараа аав, авга ах хоёр нь “Elektrotechnische Fabrik J. Einstein & Cie” гэдэг компанийг үүсгэн байгуулсан байна. Аав ах хоёр нь хамтдаа шулуун холболт дээр суурилсан техник, төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байсан аж. Эйнштейн маш гярхай хүүхэд байсан хэдий ч түүний ярианы хөгжил хэт удаан байхаар барахгүй арван нас хvртлээ маш удаан, үг бүрээ зөөж ярьдаг байв. Зарим гоц ухаантай хүмүүсийн хэл яриа хожуу хөгждөг бөгөөд энэ үзэгдлийг Эйнштейний синдром гэж хожим нэрийджээ. Тэрээр таваас 10 нас хүртлээ Католик сүмийн бага сургуульд суралцжээ. Хэдийгээр түүний хэл ярианы хөгжил сайн биш байсан хэдий ч тэрээр бага сургуулийн шилдэг сурагчдын нэг нь болж чадсан аж. 

Нэг удаа эцэг нь Эйнштейн-д халаасныхаа луужинг үзүүлээд: “Үүнийг хөдөлгөдөг ямар нэгэн хүчин зүйл байдаг, тэр нь зүү юм, энэ зүү бол хоосон орон зайг үл хамааран хялбархан гэгч нь зүг чигийг олдог юм даа, их сонирхолтой байгаа биз” гээд хүүдээ өгчээ. Эйнштейн аавынхаа луужинг цаг үргэлж халаасандаа хийж явдаг байсан бөгөөд зав чөлөө гарвал гаргаж ирж түүний хэрхэн ажилладгийг нь гайхширдаг байв. 

Эйнштейн өсөж том болоод математикийн томъёоллуудыг ашиглан зугаацахад зориулсан техник төхөөрөмж болон загваруудыг хийдэг боллоо. 1889 онд Эйнштейнийг 10 настай байхад нь Макс Талмуд буюу сүүлд нэрээ Макс Талми гэж өөрчилсөн нэгэн хүн шинжлэх ухааны түлхүүр текст болсон математиктийн шинжлэх ухаан, түүнд холбогдолтой философийг танилцуулсан хичээл орсон байдаг. Уг хичээлдээ Макс Талмуд Иманиуль Кантын “Critique of Pure Reason” мөн “Euclid's Elements” гэсэн онолуудыг энгийн үгээр тайлбарлан өгчээ. Энэ хичээлүүд Эйнштейнд тун таалагдсан бөгөөд үүнээс хойш тэрээр физикийн шинжлэх ухаанд ухаан алдатлаа дурлажээ. Харин Эйнштейнд хичээл заасан Талмуд багш Польшоос ирсэн ядруухан еврей оюутан байжээ. Харин хожим нь Талмуд их алдарт хүрсэн гэдэг. Тухайн үеийн еврейн нийгэмлэгээс Талмудад хоол унд өгдөг байсан бөгөөд Эйнштейн зургаан жилийн туршид долоо хоног бүрийн дөрөв дэх өдөр Талмудаар хичээл заалгадаг болсон байна. Энэ хугацаанд Талмуд Эйнштейн-д үнэн сэтгэлээсээ физикийн шинжлэх ухаанаас гадна амьдралын үнэн мөний талаар маш сонирхолтой олон хичээл заадаг байжээ.

Эйнштейний эцгийнх нь байгуулсан компани 1894 онд дампуурав. Учир нь цахилгааны шулуун холболт нь сүүлд гарсан зэрэгцээ холболтоор солигдсонтой холбоотой байжээ. Тиймээс Эйнштейний гэр бүлийнхэн өөр бизнес хайж олох хэрэгтэй болж тэдний гэр бүл Итали руу нүүжээ. Эхлээд Милан хотод очсон боловч хэдэн сарын дараа Павиа хот руу нүүсэн байдаг. Тэдний гэр бүлийнхэн Павиа хот руу нүүж байхад Эйнштейн ганцаараа Мунхин хотдоо үлджээ. Учир нь тэрээр “Luitpold Gymnasium” сургуулиа дүүргэх хэрэгтэй байсан юм. Эйнштейний аав түүнийг электроникийн инженерийн чиглэлээр цааш сургах хүсэлтэй байсан боловч суралцаж байсан сургуулийнхаа заах аргыг шүүмжилж, гомдол гаргасан учраас түүнийг сургуулиас хөөсөн байдаг. Тухайн үеийн сургалтын зарчим нь Исаак Ньютоны сонгодог физикийг шүтэж, түүний томъёолол, онолыг заадаг байсан аж. Харин Эйнштейн үүнийг буруу, хэдийнээ хоцрогдсон онол томъёолол гэдэг байжээ. Энэ тухайгаа гэрийнхэн рүүгээ явуулсан нэгэн захиандаа дурдсан байдаг. 1895 оны хавар тэрээр эмчийн магадлагаа ашиглан чөлөө авч Павиа хот дахь гэр бүлийнхэн рүүгээ явжээ. Павиа хотод байх хугацаандаа тэрээр "The Investigation of the State of Aether in Magnetic Fields" гэдэг нэртэй хамгийн анхныхаа шинжлэх ухааны ажлыг хийж эхэлжээ. 

Дараа нь Швейцарийн Зурич хот дахь “Eidgenцssische Polytechnische Schule” сургуульд суралцах хүсэлтээ илгээжээ. Эйнштейн насанд хүрээгүй, иргэний үнэмлэх байхгүй боловч элсэн орох шалгалт өгөөд амжижээ. Гэвч харамсалтай нь элсэлтийн шалгалтандаа унасан байдаг.

Дараа нь Эйнштейн Швейцарийн хойд мужийн төв болох Аарау хот руу явжээ. Тэндээ ахлах сургуулиа дүүргэв. Эйнштейн Jost Winteler гэдэг багшийндаа түр амьдарч байхдаа багшийнхаа охин Марие-д дурласан байдаг. Ааруа хотод сурч байх хугацаандаа тэрээр Максвеллийн цахилгаан соронзонгийн онолуудыг үзэж судалжээ. 17 насандаа Эйнштейн ахлах сургуулиа төгсөж, 1896 онд Германы Зурич хотын Политехникийн коллежид элсэн орж улмаар дөрвөн жилийн турш математик болон физикийн хичээлүүдийг заалгажээ. Эйнштейний ирээдүйн гэргий Милева Марич мөн адил Политехникийн дээд сургуульд суралцаж байсан аж. Тэдний анги ганцхан эмэгтэй, таван эрэгтэй сурагчтайгаар физик математикийн тэнхимийг төгссөн байдаг. Сургуулиа төгссөний дараагаас Эйнштейн болон Марич нар үерхэж эхэлжээ. Тэд Зуричийн Политехникийн дээд сургуульд багшлах эрхийн шалгалт өгч, Эйнштейн тэнцэж харин Марич тэнцсэнгүй.

Эйнштейн, Марич хоёр 1903 оны нэгдүгээр сард гэрлэцгээжээ. 1904 онд анхныхаа хүүхдийг Швейцарийн Берн хотод хүлээн авав. Хүүгээ Ханс Алберт Эйнштейн гэж нэрлэв. Тэдний 2 хоёр дахь хүүхдийг Эдуард гэдэг бөгөөд 1910 оны 7-р сард Зурич хотноо мэндэлжээ. 1914 онд Эйнштейнийхэн Берлин рүү нүүсэн бөгөөд харин эхнэр нь хүүхдүүдийнхээ хамт Зуричдээ үлджээ. Ингээд гэр бүлийн багахан маргааны улмаас 1919 оны 2-р сарын 14-нд Марич Эйнштейн хоёр өөр өөрсдийн замаа хөөхөөр шийдэцгээжээ. Дараа нь Эйнштейн Элса Ловентал хэмээх бүсгүйтэй 1919 оны 6-р сарын 2-нд гэрлэжээ. Элса Ловентал бол Эйнштейний эцгийн талын холын хамаатан байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. 1933 онд тэр хоёр АНУ руу цагаачилсан юм. Харамсалтай нь 1935 онд Элса зүрх бас бөөрний өвчнөөс болж өвдсөөр 1936 онд өөд болсон байна.

Ажлын гараа

Эйнштейн сургуулиа төгссөнийхөө дараагаар багшлах ажил хайсан боловч ажил олдсонгүй. Иймээс аавынх нь танил түүнд туслаж түүнийг Бёрн хотод хамгаалалтын албанд оруулж өгчээ. Хэсэг ажиллаад түүнд ийм ажил зохихгүй гэдгээ мэдээд ажлаасаа гарчээ. Дараа нь Эйнштейн оюуны өмчийн газарт патентлагч ажилчин, мөн туслах хянан шалгагчаар ажилд оржээ. 1903 он гэхэд тэрээр Швейцарийн патент олгодог албан газрын үндсэн ажилтан болсон юм. Тэрээр энд ажиллаж байх хугацаандаа нэлээд олон янзын төхөөрөмж судалдаг болж улмаар нэлээд туршлагатай болоод амжжээ. Учир нь патентийн газар ирж байгаа зарим төхөөрөмж өөр хоорондоо нэлээдгүй төстэй байдаг болохоор тэдгээрийг хооронд нь ялгаж салгахын тулд маш их судалгаа хийх шаардлагатай болдог байлаа. Нэг үгээр хэлэхэд Эйнштейн үнэхээрийн сайн мэргэжилтэн болсон байв. Тухайн үед тэрээр хэдэн нөхдийн хамт өөрсдийн санал, бодлоо солилцдог дугуйлан байгуулж, нэрийг нь ихэд хөгжилтэй байдлаар “Олимпийн академи” гэж өгчээ. Тэдний дугуйлангийн анд болох Henri Poincarй, Ernst Mach болон David Hume нарын үзэл бодол Эйнштейнд жинтэй нөлөө үзүүлсэн гэдэг.

Их туурвилын замд

1901 онд “Annalen der Physik” хэмээх алдартай бүтээл туурвисан юм. Дараагаар нь 1905 оны 4-р сарын 30-нд өөрийнхөө нилээд томд тооцогддог алдартай дессартациа бүрэн гүйцээсэн ба энэ бүтээлээ физикч Alfred Kleiner-аас тусламж заавар зөвлөмж авч бичиж дуусгасан байдаг. Ингээд энэ ажлынхаа ачаар Зуричийн их сургуулийн шинжлэх ухааны докторын цолоор шагнуулжээ. Түүний диссертацийн нэр нь “A New Determination of Molecular Dimensions”. Тэр жил Эйнштейний хувьд их олз омогтой байсан гэж хэлж болох бөгөөд дахин дөрвөн шинэ шинэлэг санаагаа бичиж дуусгасан байдаг. Тэдгээрийг дурдах юм бол “Фото цахилгааны нөлөө, Brownian motion, харьцангуйн чанар болон матери биет болон түүний энергийн эквивалентийн талаарх” судалгаануудыг багтаажээ. Энэ ажлууд нь түүнийг дэлхийн академийнхны анхаарлын төвд оруулж байв. 1908 онд шинжлэх ухааны салбарын манлайлах зэрэглэлийн эрдэмтэн болсон учир тэрээр Бёрн их сургуульд урилгаар очиж лекц уншиж байжээ. Дараа жил нь патентлагчийн ажлаа орхиж Зуричийн хэд хэдэн их дээд сургуульд лекц уншдаг болжээ. 1911 онд Эйнштейн Чехийн Прагийн Карл Фердинандын их сургуулийн хүндэт доктор цолоор шагнагдлаа. 1914 онд төрсөн нутаг Германдаа эргэн ирж “Kaiser Wilhelm Institute for Physics” институтийн захирлаар 1932 он хүртэл ажиллажээ. Энэ хугацаанд Берлиний “Humboldt” их сургуулийн профессор, мөн “Prussian Academy of Sciences”-ийн академийн гишүүн болов. 1916- 1918 оны хооронд Германы физикийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдож байв. 

1911 онд тэрээр өөрийнхөө харьцангуйн онолын ерөнхий онолыг тооцоолон гаргаж байсан бөгөөд бусад оддоос ирж байгаа гэрлийн туяа цацраг манай нарны туяанаас тэс өөр байдлаар харагддаг гэдгийг баталж гаргасан байна. Энэ дүгнэлтээ Их Британийн эрдэмтэн Артур Эддингтоны 1919 оны тавдугаар сард бичсэн “нарны хиртэлт” хэмээх бүтээлээс сэдэвлэн судалгаа хийн бичсэн ажээ. Нөгөөтэйгүүр олон улсын хэвлэл мэдээллийн салбарынхан Эйнштейнийг алдартай хүн болгосон гэхэд хилсдэхгүй. 1919 оны 11-р сарын 7-ны өдөр Их Британийн хамгийн алдартай “The Times” сонины онцлох мэдээн дээр нь “Шинжлэх ухаан дахь хувьсал – Орчлон ертөнцийн шинэ онол – Ньютоны онолууд баяртай” хэмээн бичиж байжээ. Эйнштейний онол нь үнэхээрийн үнэн зөв, бодитой, цаг үеэ олсон шинэлэг зүйл байсан учраас ийнхүү түүнийг сайшаан бичсэн юм.
1921 онд физикийн шинжлэх ухааны салбарт Эйнштейн Нобелийн шагнал хүртлээ. Учир нь тэрээр фотоэлектрик буюу фотор цахилгааны нөлөөг тайлбарласнаар дэлхийн олон эрдэмтдийн дунд цахиур хагалан гарч ирсэн юм. Тухайн үедээ нэлээдгүй нэр хүндтэй байсан “Royal Society” нийгэмлэгийн хамгийн хүндтэй одон болох “Copley”-ын одонгоор 1925 онд шагнагдаж байжээ.

Хорвоотой танилцсан түүх

Эйнштейн 1921 оны дөрөвдүгээр сарын 2-ний өдөр АНУ-ын Нью Иорк хотод зочилж байжээ. Тэр үед түүнээс физикийн нээлтүүдийнх нь талаар асуухад “миний хийсэн нээлт бол заавал батлах шаардлагагүй үнэн зүйл” гээд бусад онолыг дэмжигчидтэй маргалдаж байжээ. 

1922 онд Эйнштейн Ази тивээр зургаан сарын турш аялах явцдаа Палестинд очиж байжээ. Түүний аялал Сингапур, Цейлон, Энэтхэг болон Япон улсуудаар үргэлжлэв. Тэрээр Японд цуврал лекцүүдээ уншиж байлаа. Түүний анхны лекц Токио хотод болсон бөгөөд дөрвөн цагаар хоцорч эхэлсэн ч түүнийг харахыг, сонсохыг хүссэн хүмүүс танхим дүүрэн байв. Дараагаар нь тэрээр эзэн хаантай уулзсан бөгөөд түүнийг харахаар асар олон хүн цугларсан байжээ. Сүүлд нь Эйнштейн Японы ханхүүд бичсэн захидалдаа “ танай орон надад маш их таалагдсан хүмүүс нь төлөв даруу, ухаалаг, нямбай, надад яг л урлагийг мэдэрч буй мэт сэтгэгдэл төрүүлсэн ” хэмээжээ. Дараагаар нь Эйнштейн Энэтхэгт очиж иогийн хичээл заалгаж бас цагаан хоолтон болсон түүх байдаг. Эйнштейн амьдралыхаа нэлээдгүй хугацааг гадаадад аялалаар явж, хорвоогийн сонин хачинтай танилцахад зарцуулсан байдаг. 

Тавилан 

1933 онд Эйнштейн Германы засгийн эрхийг барьж байсан Адольф Гитлер болон түүний нацистууд сүр хүчээ авахыг нь урьдаас тааварлаж АНУ-руу цагаачлахаар шийджээ. Тэрээр 1933 онд АНУ-ын их сургуулиудаар зочилж явж байхдаа Германы шинэ засгийн газрын удирдлагууд их сургуулиудийн хичээл хөтөлбөрт тусгайлан Еврей нарыг хэрхэн хавчиж шахах тусгай хуулийг баталж буйг мэджээ. Нэг сарын дараагаас Нацистууд еврей нарын ажил хөдөлмөрт халдан галдан шатааж, эвдэн сүйтгэж байсан бөгөөд Эйнштейн ч гэсэн тэдний хөлд өртөж байжээ. Тухайн үеийн ерөнхий сайд Нацист Иосеф Гобелс нэгэн суртал нэвтрүүлэгтээ “Ухаалаг еврей нар бүгд нас барцгаасан” гэж олон түмэнд хэлж байжээ. Эйнштейний нэр нь Германы нацистуудын алах ёстой еврей нарын жагсаалтын эхний эгнээнд байсан бөгөөд түүний толгойг 5,000 доллараар үнэлсэн байжээ. Нацист Германы үеийн нэгэн сэтгүүл дээр нацист Германы дайсны жагсаалтын тоонд Эйнштейнийг “ хараахан цаазлагдаагүй байгаа” гээд түүнийг хороосон хүнийг үндэсний баатар болгох мэтээр ухуулсан зүйл бичсэн байжээ.

Германд улсад нийтдээ 14 нобелийн шагналтан, дэлхийн шилдэгт тооцогдсон нийт 60 эрдэмтэн байсан юм. Гэтэл Фашистуудаас эмээж тэдний 26 нь ум хумгүй зугтаасан гэдэг. Харин үлдсэн физикчдийг Нацистууд цөмийн зэвсэг гаргаж авахаар албан хүчээр ажиллуулж байсан ажээ. Хэдийгээр дэлхийн хоёрдугаар дайн дууссан ч дүрвэн зугтсан олон эрдэмтэд хэзээ ч Германдаа буцаж очоогүй гэдэг. Нэгэн удаа Эйнштейн найздаа бичсэн захидалдаа “өнөөгийн нөхцөл байдал шиг ийм хүнд хэцүү цагт хэзээ ч ингэж өөрийнхөө еврей гэдгээ мэдэрч сэтгэл санаагаар гутарч байсангүй ээ” гэжээ. Учир нь тэрээр нацист бус засгийн газрын үед энгийн еврей нарын дунд нэр хүндтэй, жирийн амьдарч байсан юм.

Тэрээр АНУ-д цагаачилсаны дараагаар Нью Жерси мужийн Принстоны их сургуулийн дугуйлангийн хичээлийн албанд орж 1955 онд насан өөд болтлоо энэ байгууллагадаа ажилласаар байжээ. Тэнд Эйнштейн “Нэгдмэл онол” гэгч нэг ёсны супер онолоо хөгжүүлсэн ба квантын физикийн тайлалыг хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцдэг байсан боловч түүний “нэгдмэл онол” болоод квантын физикийн няцаалт аль аль амжилтгүй болсон юм. Эйнштейн болон Курт Гёдел Kurt Godel нар их дотно найзууд байжээ. Тэд гадуур хамтдаа удаан гэгч нь алхалж, өөрсдийнхөө ажлаа тунгаан хэлэлцдэг байсан юм. Эйнштейнтэй хамгийн сүүлд нөхөрлөсөн дотно андуудын нэг нь Бруриа Кауфман Bruria Kaufman байсан юм. Хожмоо Кауфман алдар нэрээ физикийн ертөнцөд цуурайтуулж чаджээ.

Дайн болоод үй олноор хөнөөх зэвсэг

1939 оны зун, дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс хэдхэн сарын өмнө, Эйнштейн АНУ-ын ерөнхийлөгч Фраклин Д.Рузвельт-д бичсэн захидалдаа Нацист Герман атомын бөмбөг гэгч аюул занал асар их хүчтэй учруулж болзошгүй зэвсгийг хөгжүүлж байгаа талаар бичиж итгүүлж чаджээ. Эйнштейн захиагаа физикч найз Лео Сзилардаараа туслуулан Унгарын цагаачлалын албаар дамжуулан англи хэл дээр орчуулан явуулжээ. Захианы агуулга нь АНУ-д хандан ураныг баяжуулан цөмийн судалгаа хийх талаар байв. Ийнхүү Эйнштейн АНУ-ын эрчим хүчний салбарынхантай холбоо тогтоон хамтран ажиллахаар зөвшилцсөн байдаг. Мөн захиандаа магадгүй нацистын эрдэмтэд та бүхнээс түрүүлэн атомын бөмбөгийг бүтээж магадгүй. Тиймээс аль болох яаравчлах хэрэгтэйг ч сануулсан юм. 

Их Британийн нэгэн сэтгүүлч энэ захиаг тайлбарлахдаа “Вашингтон эхлээд цөмийн бөмбөг гэгчид ерөөс итгээгүй, түүний нөлөөлөх хүч чадалд итгээгүй бөгөөд харин Эйнштейний удаа дараа ойлгомжтойгоор сайтар тайлбарласан захианаас олж мэдээд ихэд айн түгшиж, атомын бөмбөг бүтээх ажилдаа шуулхайлан орсон байдаг” гэжээ.

Ийнхүү АНУ Эйнштейний тусламжтайгаар цөмийн зэвсэг бүтээх Манхейтон хэмээх нууц үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ. Эйнштейн өөрийн мэддэг чаддаг бүхнээ АНУ-д хэлж, зааж зөвлөн, асар их материалаар тусалж байлаа. Герман, АНУ-ын аль нь түрүүлж атомын зэвсэгтэй болох вэ? гэдэг Манхейтон хэмээх уралдаанд гар биеэрээ оролцжээ. Хэдийгээр тэр дэлхийн энх тайвны эсрэг үйл ажиллагаа явуулж байсан Фашист Германы эсрэг үйл ажиллагаанд өөрийн мэдлэг чадвараа зориулсан боловч 1954 онд буюу өөд болохынхоо өмнөх жил хуучны анд Линус Паулинг-д Linus Pauling “ Би амьдралдаа асар том алдаа хийсэн. Тэр маань ерөнхийлөгч Рузвельтийн санал болгосон атомын бөмбөг бүтээхэд нь тусална гэж хамтын ажиллагаан дээр гарын үсэг зурсан үйл явдал байсан юм” гэжээ. Учир нь Эйнштейн 1945 онд Японы Хирошима болон Нагасаки хотууд дээр хаясан атомын бөмбөгийн гамшигийг үзээд тун их сэтгэл зовинож, айж балмагдсан байдаг. Нөгөө талаас Эйнштейнийг зөвтгөх тал ч байсан юм. Хэрвээ фашист Герман АНУ-аас түрүүлээд атомын зэвсэгтэй болчихсон бол одоо дэлхий яаж өөрчлөгдсөн байхыг төсөөлөх аргагүй юм.

Тэрээр ерөнхийлөгч хүртэл болох байв

Эйнштейн 1940 онд АНУ-ын хууль ёсоор оршин суугч жинхэнэ иргэн болжээ. Принстоны их сургуульд ажилласны үндсэн дээрээс түүнийг АНУ-ын хүндэт иргэн болгожээ. Тэрээр Европын сургуулиудын заах арга зүйн онцлог арга барилыг Америкийн заах аргатай харьцуулан үзэж ялгааг нь гаргаж судалгаа хийсэн байдаг.

1952 оны 11-р сард Израйлийн анхны ерөнхийлөгч Чайм Визман Chaim Weizmann нас нөхцсөний дараа ерөнхий сайд байсан Давид Бен Гурион David Ben-Gurion физикч Эйнштейнд Израйлийн ерөнхийлөгч болох санал тавьж байжээ. Тухайн үеийн АНУ-д суух Израйлийн онц эрхэт элчин сайдаар дамжуулан олон удаа санал тавиулсан байдаг. Элчин сайд Абба Ебан Abba Eban Эйнштейнд хандан “Одоо бидэнд хүн бүхний хүндэтгэлийг хүлээсэн еврейн ухаалаг хүү хэрэгтэй байна. Та бол бидний итгэлийг даасан хүн, тиймээс та бидэнд хэрэгтэй байна” гэж хэлж байжээ. Эйнштейн түүний хүсэлтийг нь хүлээж аваагүй бөгөөд хариуд нь “Миний бүх амьдрал тэр чигээрээ гэрээ хэлцэл байсан, миний бие одоо олон сая хүмүүсийн амьдралыг шийдэж чадахааргүй өтөл болжээ, хэрвээ еврей хүмүүс бид эв найрамдалтай байж чадах аваас хэн нь ч ерөнхийлөгч болсон бай дэлхийн тавцанд гарч чадна” хэмээн өгүүлжээ.

Амьдралын сүүлч

1955 оны 4-р сарын 17-ны өдөр алдарт физигч маань хэвлийн хөндийн артерийн судаснаас нь цус алдсаны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Урьд өмнө 1948 онд Эйнштейн ходоодондоо хагалгаа хийлгэж байсны улмаас тэр өвчин нь сэдэрсэн аж. Эмнэлэгт хэвтэж байхад нь түүнээс Израйл улс тусгаар тогтносны долоон жилийн ойн тэмдэглэлт өдөрт зориулсан ярилцлага хийсэн байдаг бөгөөд тэр нь алдарт физикчийн хамгийн сүүлчийн нэвтрүүлэг уулзалт болжээ. Уг нэвтрүүлгийн дараагаар Эйнштейн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Эмнэлгийн зүгээс Эйнштейнд хагалгаа хийх шаардлагатай гэхэд тэрээр татгалзаж ” би өөрийн хүссэнээрээ л баймаар байна, хиймлээр амьдралыг уртасгана гэдэг бол утгагүй, байгалийн хуулийг зөрчсөн зүйл шүү дээ, одоо миний явах цаг боллоо, би үүнийг нэр төртэйгөөр биелүүлнэ “ хэмээн нэг үгээр хэлэхэд өөрөө өөрийнхөө амийг авч одсон юм. Эйнштейн Принстоны эрүүл мэндийн төвд 1955 оны 4-р сарын 18-ний өдөр 76 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Эйнштейн яриандаа энгийн үг хэллэг бага хэрэглэж, байнга л гүн ухаан, онч мэргэн үгсүүдийг ашиглан санаагаа ойлгуулдаг байсан нь заримдаа “хэлмэрч, утга зүйч” гэж нэрлэн дуудахад хүргэдэг байжээ. Тэрбээр шинжлэх ухааны хөгжилд өөрийгөө бүрэн зориулж, оюун санааны нэг ёсны “донтон” болсон юм. Эйнштейн хэлэхдээ “ донтож байж л дорвитой бүтээл, нээлт хийнэ” гэж хэлдэг байв. Түүнийг таалал төгссөний дараа биед нь задлан шинжилгээ хийж, тархийг нь авч шилэн хоргонд хийсэн хvн бол АНУ-ын Принстоны эмнэлгийн патологич Томас Слотц Харви юм. Тэрбээр эл vйлдлийнхээ улмаас ажлаасаа халагдсан авч, хэдэн жилийн дараа тvvний тархийг судлах эрх авсан аж. Тархины зургийг дэлхийн шилдэг эрдэмтдэд тараажээ. Тэдний нэг болох Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Мариан Даймонд суут Альбертийн тархины мэдээлэл хvлээн авах хэсэгт энгийн хvнийхээс илvv мэдрэлийн эс байгааг тогтоосон ажээ. Эйнштейн хийл хөгжим сайн тоглодог, их алиа хошин зантай эгнэшгүй ухаантан байсан бөгөөд одоо түүний дурсгалыг хүндэтгэн “The Albert Einstein Peace Prize” буюу Альберт Эйнштений энх тайваны шагналыг жил бүр олгодог болсон билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.