ХҮН-ынхны “Сэхээтний төөрөгдөл”

Twitter Print
2016 оны 03-р сар 11-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

“Монголын улстөрд гурав дахь хүчний орон зайг нөхнө” хэмээн том амлан гарч ирсэн ХҮН-ынхан эхнээсээ л “Мордохын хазгай” болж хэдэн хэсэг хуваагдах дөхсөн нь саяхны явдал. Монголын ард түмэн АН, МАН, МАХН-ынханд итгэхээ больж, яах аргагүй шинэ хүчин, шинэ залуу улстөрчдийг хүсэмжлэх болсон цаг үеийг шаламгай ашиглан “Сэхээтний нам” гэсэн сүржин малгай өмсөж байгаад амархан шиг Монголын улстөрд, бүр цаашлаад төр Засгийн эрхэнд гараад авах өөрсдийнхөө хэр хэмжээнээс хэтэрсэн зорилго өвөрлөсөн амбицтай залуус хөнжилдөө хөлөө жийлцсэн нь чухамдаа “Алаагүй баавгайн арьс”-ыг арай л эрт хувааснаас болсон нь тодорхой.

Анхнаасаа баруунд голдуу боловсрол эзэмшсэн, Оюутолгой болон томоохон компаниудад ажиллаж мөнгөний үнэр аваад үзчихсэн бас  ч гэж амбицтай залуусын ойрын зорилго, хүрэх өндөрлөг нь ирэх сонгуулиар УИХ-д бүлэг байгуулах хэмжээний буюу наймаас дээш суудал авах, цаашлаад хамтарсан Засгийн газар байгуулах нөхцөл үүсвэл хоёроос гурван сайд засагт шахаж байгуулагдаад удаагүй намаа хөрөнгө мөнгө, санхүүгийн хувьд хөл дээр нь босгох “Барбарос” төлөвлөгөөтэй байсан ч хөнжилдөө хөлөө жийлцсэнээс болж эхнээсээ нуран унав.

Уг нь тэд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намынхаа даргаар тавьж “УИХ-д суудалтай нам” хэмээх болсны үндсэн зорилго нь ерөөсөө л ямар ч үнээр хамаагүй ирэх сонгуульд наймаас дээш суудал авах байсан ч саяхны бужигналтаараа “ХҮН гэдэг нь чухам ямар зорилготой, хэн хэнийг эгнээндээ нэгтгэсэн, ямар учиртай нам бэ” гэдгийг Монголын нийгэмд нэлээн сайн харуулаад авлаа. Хамгийн эхлээд маш том шунал хүсэл, амбицтай залуучууд нийлж ХҮН-ыг байгуулсан юм байна, эрх мэдэл эд мөнгөний төлөө эдгээр залуус юу ч хийж мэдэх юм байна, өнөөдөр муу хэлүүлээд байгаа АН, МАН, МАХН-ынхнаас огтхон ч ялгарах “үнэт” зүйлгүй нөхдүүдийн бөөгнөрөл юм байна гэдгийг өөрсдийнх нь дэглэсэн эрх мэдлийн төлөөх бага шиг дажин тун сайн нотлож өгөв.   

Саяхан л тамга тэмдгээ авч зугатаж, өөрсдийгөө дарга, нарийн бичгээр зарлаад байсан нөхдүүд нь өнөөдөр хэн ч биш болцгоочихсон гудамжинд харайлгаж яваа гэнэ. Чухамдаа тэдгээр эрх мэдэл булаацалдаж мөчөөрхсөн нөхдүүдээ хөөгөөд явуулчихсан юм байх. Өнөөдөр гэвэл тэдгээр “Эврээ ургахаар эхийгээ мөргөсөн” нөхдүүд нь уйлан дуугарч “Ахаа намайг бодоорой” хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг царайчилж, хормойдон гүйлдэж байгааг баттай эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал саяхан л намын тамгаа авч зугатаж, нэгийгээ намын дарга хэмээн өргөмжилж байсан   Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга гэх залуучууд “Тун муухай гоомой юм хийлээ. Номхон морины чинь ногт, догшин морины чинь чөдөр болж явъя” хэмээн С.Ганбаатар, С.Боргил, Т.Бат-Оргил нарыг царайчлан дагаж гүйлдээд байгаа гэнэ.

АН болон МАН-ын ах нарын ятгалгаар бие дааж “Илүү гэр барьж суух” гэсэн биш одоо орох орон, оочих аягагүй болчихоод гудамжинд гарах шахсан  тэрслүү нөхөд саяхан л үгийн муугаар баалж байсан С.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн Н.Одонгуа нараа хаа явсан газар нь дагаж гүйлдээд сүйд болж байгаа юм байх.

Эндээс нэг л зүйл тодорхой болов. Юу гэвэл арав гаруй жил гудамжинд тэмцсэн С.Ганбаатар тийм ч зөөлхөн боорцог биш гэдгийг “Сэхээтэн залуус” тооцоолсонгүй. УИХ-ын дарга З.Энхболдоос эхлээд олон хүн дарах тусам босоод байдаг “Босоо” Ганбааг хамаагүй басч болохгүй гэдгийг ХҮН-ын “Сэхээтэн залуус” саяхнаас л гайгүй сайн ойлгосон бололтой юм. Сүүлд ирж байгаа мэдээллээр “Илүү гэр барьж” том толгойлсон Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга тэргүүтэй “Сэхээтэн залуус”-ыг буцааж эгнээндээ нэгтгэх тухай хурал ХҮН дээр яригдаж эхлээд байгаа аж.

Монголын улстөрд “Гурав дахь хүчин болно” хэмээн том амлан гарч ирсэн ХҮН-ынхан “Бяруу болоогүй байж бухын дуугаар урамдсан” “Сэхээтэн залуус”-ынхаа хүчээр гайгүй явсан рейтинг нь навсайтлаа унаж, хөгөө чирсэн асуудал удахгүй нэг тийш болох бололтой. Энэ явдал “Их санасан газар есөн шөнө хоосон хонох”-ын үлгэрийг ХҮН-ын залуучууд төдийгүй Монголын бусад улстөрийн хүчинд ч сургамжилсан хэрэг болов.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.121.204) 2016-03-11 17:49
      • 0
      • 0

      арчаагүй тэнэг р. танай намыг сонгох гэж байлаа. ийм новш нараа тонилгооч хэнд хэрэгтэй юм бэ. чадахгүй бол чаддагт нь хэлээч. зүгээр л албан тушаал горилогчид 1 ийн даваанд бүдэрч байна уу. ядаж ард түмний итгэлийг аваад дараа томор доо. боргил гээд нөхөр их сургуульд цуг сураж байлаа. тэнэг царайлаад арын ширээнд суудаг л баас байсан шүү дээ.баторгил гээд басаан байж л байсан шүү дээ. тэнэгүүд нам байгуулаад улс эх орныг удирдана гэвэл

      Хариулах