Сайхан мэдээ: Номын өргөөг зорьсон хөөрхөн хүүхдүүд

Twitter Print
2016 оны 03-р сар 11-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Өнөө өглөө аажуухан ажил руугаа алхаж явтал галуун цуваа шиг жагссан хөөрхөн хүүхдүүдтэй таараад ихэд гайхав. Урин дулааны цагт ч ховорхон үзэгддэг дүр зураг тул "гүйцэн түрүүлж" урд нь гараад хаачихыг нь асуувал Бөхийн өргөөний урд шинээр нээгдсэн "Нобелийн шагналтан" хэмээх номын сан руу явж байна гэнэ. Эдгээр "номонд мэргэн, нойронд сэргэг" хүүхдүүд бол Улсын тэргүүний 33-р сургуулийн Д.Мажиг багштай 4 Г ангийн сурагчид юм. Эдний анги 43 хүүхэдтэй бүгд явж байгаа гэлээ.

Өнөөдөр их сайхан дулаахан өдөр байна. Тэгээд ч манай дүүрэгт, энүүхэн Бөхийн өргөөний урд Монголын анхны гэж ч хэлж болох номын сан нээгдсэн гэж дуулаад өнөөдөр ангиараа очиж үзэхээр явж байна, бидэнтэй хамт бас хэдэн эцэг эх явж байгаа гэцгээв. Хүүхдүүдээс ном хэр уншдагийг нь сонирхон асуувал манай урдаа барьдаг зохиолчдын маань сайн гэсэн зохиол бүтээлийг түгдрэлгүй нэрлэцгээж байна. Интернет рүү ордог хүүхдийн тоо ихсээд ном уншдаг нь цөөрсөн гэж хаа сайгүй халаглан бичих болсон энэ үед би хувьдаа ихэд олзуурхан баярлав. 

Харин энэ сайхан буянтай үйлсийг дөрвөн хүүхэдтэй жирийн л нэг сайхан ээж орон гэрээ заран байж байгуулсан гэдгийг урд нь хэвлэл мэдээллийн хуудаснаа уншаад товчхон боловч ойлголт авсан байсан тул ер гайхсангүй. Сүүлийн 20 жилийн турш нэг үе бараг устаад байсан гэх монголчуудын уншдаг уламжлал сүүлийн жилүүдэд сэргэж, номын их дэлгүүрүүд пиг дүүрэн сонин сайхан номтой, худалдан авагч, зочин "уншигч" олонтой байх болсон билээ. Монголчуудын уншдаг уламжлал сэргэж байгаагийн нэг жишээ бол "Аз хур" номын их дэлгүүр нээлтээ хийж, хямдрал зарлахад уртаас урт дараалал үүссэн байсныг дурдаж болох юм. 

Харин номын санг байгуулсан залуухан бүсгүй С.Батцэцэг маань өөрийгөө бусдын  адил үр хүүхдээ сайн хүн болгож, өсгөж, хүмүүжүүлэхийн төлөө чадах мэдэх бүхнээ зориулж, бас чадахгүй, мэдэхгүй бүхнээ сурч, мэдэхийн төлөө өөрийгөө дайчилж яваа жирийн нэг эмэгтэй гэж тодорхойлсон байсан.

Монголчууд маань нэг хэсэг зам талбай, байшин барилга барьж, бүтээн байгуулалт гэдгийг асар ихээр хийсэн. Одоо оюуны хөрөнгө оруулалт руу ийнхүү эргэж байгаа нь нийгэмд сайны дохио, сайхны эхлэл гэж би хувьдаа машид бэлэгшээж байна.

“Нобелийн шагналт­нууд” хэмээх үнэхээр л эндээс эх авч, уншиж мэдэхийн далайд умбасан хүүхэд залуучууд маань эрдэм номтой хүмүүс болон төлөвшөөд Нобелийн шагналтан болохыг бэлэгдэн зөгнөсөн мэт гайхамшигтай онож өгсөн нэртэй энэ хөөрхөн номын санг зоригсдын тоо өдрөөс өдөрт өсч байгаа аж. Жинхэнэ орчин үеийн стандартын түвшинд дээд зэргээр зохион байгуулж, хүүхэд ном сонгож унших, хичээл хийх, үүндээ дурлах тав тухтай орчин бүрдүүлж өгчээ. 

Энд ойр хавийн хүүхдүүдээс гадна, "нүдний гэм" болсон хаяг хараад зарим томчууд хүртэл сонирхон орж ирж үзэн, ач зээгээ дагуулж ирдэг болжээ. 

Барууны орнуудад номын сан гэдэг бол томчууд хүүхдүүд аль аль нь алжаал ядаргаагаа тайлж, гоё ном уншиж, оюунаа цэнэглэх, танин мэдэх, ойлгох, оюуны таашаал авах, амрах гээд хамгийн очих дуртай газруудын нэг байдаг. Номын сан гэдэг бидний оюутан цагийн, эсвэл бага байхад номхон суулгаад шийтгэл маягаар ном уншуулдаг байсан тэр орчин биш юм байна гэдгийг би Америкт хэдэн жил амьдрахдаа мэдэрсэн билээ. Номын санд хүүхэд зөв хүмүүжинэ. Сууж сурна. Бясалгаж сурна, өөрийгөө олно. Сахилга бат, дэг журам бүхнийг сурна. Хүүхдийг зөв хүмүүжүүлэх суурь зөвхөн эндээс л бүрдэнэ. Гэхдээ албадлагаар биш. Хүүхэд өөрөө дурлан татагдаж очих тэр орчинг бүрдүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Харин энэ номын сан яг л тийм орчинг бүрдүүлж чадсан байна лээ. 

Эдгээр хүүхдүүд өнөөдөр надад их урам зориг өгсөн шигээ найз нөхөддөө бас үлгэр дууриал болно. Номын цагаан буянд гэдэг хязгаар үгүй. Номын өргөөг зүглэх цагаахан цэцэгсийн тоо мянга мянгаар үржих болтугай. 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.