Ганцхан Жорж Вашингтон 2052 Чингистэй тэнцчихлээ

Twitter Print
2016 оны 03-р сар 10-нд 17:49 цагт
Мэдээний зураг,

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат сайдынхаа тамгыг хоёр гардаж аваад удаагүй байхдаа “Үндэсний шуудан" сонинд өгсөн ярилцлагадаа “2015 онд багтаан ам.долларыг 1000 төгрөгөөс буулгана” гээд аваад хаячихсан нь өнөөдөр сөрөг хүчин МАН-ынхан эргүүлээд өөрийнх нь амыг асуух гол хөзөр болчихоод байгаа. Уг нь АН-ын генсек асан, өнөөдрийн Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат барагтай бол тэгж хамаагүй ам халж, хошхироод байдаг нэгэн бишсэн. Хянуур болгоомжтой, ая эвийг олохдоо хэр баргийн авгай хүүхнүүдийг дагуулахгүй Д.Эрдэнэбат сайд долларын ханшийг 1000-аас доош оруулах амлалт болон журмын нөхөр Л.Эрдэнэчимэг гишүүний санаачилж батлуулсан Тамхины хяналтын хууль хоёр дээр л яах аргагүй гэнэдэж, хааяа хааяа барьц алдчихаад байдаг нэгэн. Гэхдээ одоо гол нь Д.Эрдэнэбат сайдын гэнэдсэн, хошхируулсаны тухай хөндөхгүй. Харин Монгол төгрөгийг дэвсэлж, өдрөөс өдөрт өөхөлж таргалсаар байгаа “Ноён доллар”-ын тухайд хэдэн үг хэлхэлгүй горьгүй.

Н.Золжаргал хэмээх эдийн засагчийг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдох үед буюу 2012 онд ам.доллар 1400 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2052 төгрөгт хүрч, төгрөгийн ханшийг навсайлгаж гүйцэж байгаа.

Уг нь УИХ-ын гишүүдэд “Ам.долларын ханшийг тогтворжуулж, зээлийн хүүг бууруулна” хэмээн ам өчгөө өгч байж Монголбанкны ерөнхийлөгчийн суудалд суусан ноён Н.Золжаргал “Ноён доллар”-ын ханшийг огтхон ч  тогтворжуулж чадсангүй.

Эдийн засгийн томоохон мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар ноён Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгч болсноос хойш Худалдаа хөгжлийн банк л хүчирхэгжсэн гэдэг. Энд тэндгүй том, том шилэн барилгууд бариулж, хамгийн томоохон гэсэн төслүүдийг авсан тухай салбарынхан нь ч ам булаалддаг гэх. Магадгүй Худалдаа хөгжлийн банктай ноён Н.Золжаргалын намтар түүх салшгүй холбоотой болохоор өөдлөн дэвжээд байдаг ч байж болзошгүй. Мөн ноён Н.Золжаргалд харшилдаг нөхдүүд санаатай түймэр өрдөж байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ л бодит үнэн нь “Ноён доллар” нэг газраа тогтвортой зогсож монголчуудын санаа сэтгэлийг амраасангүй. Байнга цоролзож, өдрөөс өдөрт давшилсаар өнөөдөр ганц ширхэг ногоон Жорж Вашингтон 2052 цэнхэр Чингистэй хүч, чадал нь тэнцэв. Магадгүй тун удахгүй ганц ширхэг далбайсан ногоон Жорж Вашингтон 2500 цэнхэр Чингисийг өмнөө бөхөлжүүлж ч болзошгүй болоод явчихлаа. Тэгж гэмээнэ өнөөх л инфляци гуайн түвшин хүссэн ч эс хүссэн ч дээшээ цойлж, мах, масло, элсэн чихэр, гурил будаа, гутал, өмдний үнэ талийгаад өгнө. За нөгөө бензин шатахуун, түлш тосны үнэ ч ташуурдуулсан хурдан азарга шиг л пижигнээд алга болох нь тодорхой.

Хэдийгээр манай банкирууд байсхийгээд л “Валютын нөөц хангалттай байгаа” гэдэг ч Монголын зах зээлд ногоон Жорж Вашингтонууд нөөцийн хомсдолд орсны улмаас ам.долларын төгрөгтэй харьцах ханш нь ийнхүү чангарч байгааг эдийн засагчид сануулсаар байгаа. Бодит байдал ийм байхад Монголбанкын ерөнхийлөгч Н.Золжаргал энд тэндэхийн компаниудад захиалга өгч “Эдийн засагт үнэлгээ хийлгэж байна” хэмээн түүнийгээ сайшаан магтуулах байдлаар олон нийтэд мэдээлсээр байгаа нь Монголын нийгмийг төөрөгдүүлж байгаа нэг хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй. 

Монголбанкны ерөнхийлөгч болсноосоо хойш нэг ч удаа хэлсэн амандаа хүрч чадахгүй байгаа ноён Н.Золжаргалыг УИХ-ын гишүүд огцруулах гэж хэд хэдэн удаа оролдоод хүчрээгүй нь түүний ард улстөрийн томоохон хамгаалалт байдгийг харуулж байгаа юм. Тэгээд ч ноён Н.Золжаргал найдвартай хамгаалалттай тулдаа өнгөрсөн хугацаанд айх аюулгүй, налгар  тайван ажил амралтаа зохицуулж, хилийн дээс алхан амарч сувилуулсаар яваа нь цахим хэвлэлээр гарч л байсан.

За ямартай ч Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 1000-аас доош нь оруулахаар хошхирч үзсэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ханшийг нь тогтвортой  барих гээд хүчрээгүй ноён ногоон мөнгө өнөө муу цэнхэр Чингисүүдийг маань өмнөө чичрүүлсээр 2052-ын босгоор талийгаад явчихлаа. Хэд хүрч жолоогоо татдаг байгаа юм бүү мэд.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.