С.Эрдэнэ: 8 хувийг 5 руу хоёр үе шаттай хэрэгжүүлнэ

Twitter Print
2016 оны 03-р сар 10-нд 16:38 цагт
Мэдээний зураг,

Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, ипотекийн зээлийн хүүгийн талаар мэдээлэл хийлээ.

Тус хууль тэтгэврийн даатгалын шинэчлэлийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох ирээдүйн тэтгэврийн зардлыг санхүүжүүлэх зорилго бүхий нөөц сан байгуулах, тэтгэврийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх, санхүү хөрөнгийн зах зээлтэй уялдуулах, ахмад настны ирээдүйн нийгмийн баталгааг хангах зорилготой. Даатгуулагчийн нэрийн дансны хуримтлалыг бодитоор хуримтлуулж, тэтгэврийн хагас хуримтлал, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих суурь тавигдаж байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас явуулсан үр дүнтэй хөтөлбөр бол ипотекийн зээлийн хөтөлбөр. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж, улс орны хэмжээнд 77 мянга орчим айл өрх шинээр орон сууцтай болсон гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хэллээ. Тэрээр Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын санд төвлөрөх ёстой 10 гаруй их наяд төгрөгийн төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийн төлбөрийг Тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн долоо хоногт шилжүүлэн байршууллаа. Ингэснээр 20 гаруй жил бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн бодит мөнгөн хуримтлал бий болох суурь тавигдлаа гэлээ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд энэ эх үүсвэрийг ашиглахаар Монгол банк болон арилжааны банкууд хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ипотекийн зээл төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан бол одоо Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлалын эх үүсвэр буюу даатгуулагчдын шимтгэлийн орлогоос бүрдсэн хуримтлалаас санхүүжнэ. Энэ сан зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй цаашид үр ашигтай бусад томоохон хөтөлбөр, хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно. Мөн 2030 оноос энэ сан ирээдүйн тэтгэврийн гол эх үүсвэр болох юм гэж С.Эрдэнэ сайд ярилаа.

Ипотекийн найман хувийн зээлийг таван хувь болгохоор шийдвэрлэсэн. Энэ төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан гурван дүүрэг, 21 аймаг хамрагдана. Ипотекийн найман хувийн зээлтэй, мөн шинээр орон сууц авах иргэдийг хоёрдугаар шатанд буюу энэ онд багтааж таван хувийн зээлийн хөтөлбөрт хамруулах юм байна.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Ипотекийн зээлийн хүүг 5 хувь руу оруулсан нь эдийн засагт улам эрсдэл авчирна гэж зарим эдийн засагчид үзэж байгаа. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Өнөөдөр өмнөх онуудтай харьцуулахад инфляци 2 хувьтай байна. Энэ нь бодлогын хүүг бууруулах тааламжтай орчин болж байна. Мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх боломжтой. Тиймээс эхлээд шууд хөрөнгө оруулалтууд хараахан орж ирээгүй, улсын гүйцэтгэл 100 хувь гарч амжаагүй байгаа энэ үед 8 хувийг 5 руу шилжүүлэх үе шатыг хоёр хэсэгт ангилж байгаа юм. Эхний удаад алслагдсан дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцны хөтөлбөрийг хамруулахаар тусгасан. Монголбанк, Сангийн яам, салбар яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж үзсэн. Ингээд “Хэрэгжих бүрэн боломжтой” гэж үзсэн учраас хамтарсан шийдвэр гаргаад байна. Дөнгөж сая Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрыг төлөөлж миний бие, мөн арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. 

-Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны барилгуудыг  хэзээ 5 хувь руу шилжүүлэх бол? 

-Улсын төсвийн гүйцэтгэл 100 хувь гараад, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээд, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр шийдэгдээд эхлэх юм бол төвийн дүүргүүд дэх орон сууцыг таван хувь руу шилжинэ. Энэ онд багтааж шийдэх зорилт тавьж байна.

-Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө хэвийн олгогдож байгаа юу?

-Хүүхдийн мөнгө цаг хугацаандаа олгогдож байна. Халамжийн сангийн тухайд одонтой ээжүүдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, ахмадын тэтгэвэр, нийтийн тээврийн зардал багтдаг. Эдгээр нь бүгд хэвийн олгогдож байна. Бусад халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа төсөв бол аймаг нийслэлийн Засаг даргын багцад байдаг учир орон нутгийн эх үүсвэрээс бүрддэг юм.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах уу?

-Тэтгэврийн зээлийг нийгмийн хамгааллын салбартай холбох шаардлагагүй. Энэ бол манайд хамаагүй. Хувь хүн өөрөө тэтгэврээ барьцаалаад, арилжааны банкнаас зээл авч байгаа асуудал. Тэрнээс манайд хамаарал байхгүй. Ер нь энэ бол сайн зээл биш. Бусад улс оронд энэ зээлийг хар зээл гэдэг. Тэтгэврийг эрсдэлд орсон хүмүүст өгч байгаа тэтгэмж юм. Гэтэл энэ тэтгэмжээ барьцаалаад зээл авахаар эрсдэлд орно. Тиймээс тэтгэврийн зээлийг төрөөс дэмжээд байх зөв бодлого биш. Нөгөө талдаа тэтгэврийн зээлийг зохицуулсан хуультай болох ёстой. Энэ хуулийн төсөл дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Зарим тохиолдолд тэтгэврийн зээл хүчирхийллийн асуудал болж хувирч байгаа жишээ байна. Учир нь тэтгэврийн зээл аваад юунд зарцуулж байгаа талаар судалгаа хийж үзсэн. Зээл авсан ахмадын 70 гаруй хувь нь өөртөө огт хамааралгүй зүйлд зарцуулдаг.

Жишээ нь: машин, байшин, сургалтын төлбөр гэх мэт зүйлсэд зарцуулсан судалгаа байдаг. Энэ асуудлыг хуульчилж өгөх ёстой. Хоёрдугаарт арилжааны банкууд тэтгэврийн зээл олгохдоо шууд хүүгээ урьдчилаад авчихдаг. Гэтэл нөгөө хүний авч байгаа нийт мөнгөний 30-40 хувь нь хүүнд суутгагдчихдаг. Энэ нь зээл авч байгаа иргэдэд хохиролтой. Тиймээс тэтгэврийн зээлийг хуульчилж өгөхгүй бол нэлээд эрсдэл үүсэх магадлалтай байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.