Г.Байгальмаа: Найман хувийн зээл авсан хүмүүс таван хувь руу шилжинэ

Twitter Print
2016 оны 03-р сар 10-нд 15:38 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн үед орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгож бууруулах шийдвэр хэзээ гарах бол гэсэн асуулт иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсгэжбайсан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт ипотекийн таван хувийн зээл олгох албан ёсны шийдвэр гарч бага хүүтэй орон сууцны зээл хэрэгжихэд бэлэн болсон юм. Энэ шийдвэр 3-р сарын 1-нээс буюу ирэх Даваа гарагаас эхлэн хэрэгжих бөгөөд энэ талаар УИХ-ын даргын ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г. Байгальмаатай ярилцлаа.

-Орон сууцны таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг яг хэзээ банкуудаар олгож иргэдийн хүсэлтийг хүлээн авч зээл олгоход бэлэн болох вэ?

-Засгийн газар "Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг энэ оны гуравдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж баталсан. Үүний хүрээнд Засгийн газар Монголбанк болон банкууд бусад оролцогч байгууллагуудтай холбогдох гэрээ хэлцлийг үзэглэснээр зээлийн үйл ажиллагаа 2016 оны 3-р сарын 15-наас эхлэх боломжтой боллоо. 

-Таван хувийн зээлд бүх иргэд хамрагдах боломжтой юу. Ямар нэг онцгой шалгуур тавьж байгаа болов уу?

-Ерөнхийдөө бүх хүнд нээлттэй байх болно. Гэхдээ орон сууцны байршлын хувьд хязгаарлалт тавьж байгаа. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг /Налайх, Багануур, Багахангай/, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулах, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл бүгдийг нь биш чухалыг эхлэн шийдвэрлэж байна гэсэн үг. Өнөөдөр ямар асуудал чухал, тулгамдаад байгаа вэ гэдгээсээ эхлэн шат дараатайгаар шийдвэрлэхээр  эхлүүлж байна. Иргэдийнхээ тохилог орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ  хот төлөлвлөлтийн бодлогоо сайжруулах шаардлагатай байна. Энэ шийдвэрийн гол зорилго нь нийгэмд тулгамдсан асуудал болоод байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг, төвлөрлийн сааруулж, гэр хорооллийг дахин төлөвлөх, гэр хорооллын иргэдээ тохилог орон сууцтай болгох замаар бууруулах, цаашлаад хот төлөвлөлт, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих  бодлоготой уялдаж гарсан юм.

Цаашлаад өргөн утгаар нь авч үзвэл барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, зах зээлээ хамгаалах нь чухал асуудал болоод байна. Барилгын салбарын өсөлтөөс нийт эдийн засгийн өсөлтийн ¼ шууд хамаарч байна. Уул уурхайн суперцикл дууссанаас хойш уул уурхайн салбарт ажиллагсадын хөдөлмөрийн орон зай нь барилгын салбар болж байгаа. Иймд барилгын салбарыг дэмжсэнээр дотоодын зах зээлээ хамгаалж, ажилгүйдлийг бууруулах, иргэдийн санхүүгийн сахилга батыг дээшлүүж мөнгөн хуримтлалыг дэмжих, цаашлаад экспортыг дэмжиж, валютын гадагш чиглэсэн урсгалыг зогсоох бол бодлогын нэг хэсэг болж байгаа юм.

-Ипотекийн зээлийн хүү таван хувь болж буурахаас гадна банкуудаас иргэдэд тавих зээлийн шаардлагад ямар нэг өөрчлөлт орох уу. Зээлийн үнэлгээ, өр орлогын харьцаа гэх мэт өөрчлөлт гарах болов уу?

-Зээл үнэлгээний харьцаа, өр орлогын харьцааны шаардлага хэвээрээ байна. Нэгэнт зээлийн хүү буурч байгаа учраас зээлдэгчийн сард төлөх зээлийн төлбөр багасна, тиймээс өрхийн орлогын босго намсаж, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэх болно.

-Зээлд хамрагдах хэсгүүдийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа бий юу. Судалгаагаар хичнээн айл, өрх хамрагдах боломжтой гэж үзэж байна вэ?

-Орон сууцны зээлийн төсөөллөөр 2016 онд Улаанбаатарт хотод 4900 зээлдэгч шинээр нэмэгдэх байсан бол хүүг таван хувь болгосноор нэмж 1357 зээлдэгч шинээр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Үүнд сарын 900 мянган төгрөгөөс нэг сая 300 мянган төгрөгийн орлоготой өрхийн зээлдэгчийн тоо илүү хурдацтай нэмэгдэхээр байна. Харин хөдөө орон нутагт зээлийн нөхцөл өөрчлөөгүй үед зээлдэгчийн тоо 1773-аар өсөх байсан бол таван хувь болгосноор 1716 зээлдэгчээр илүү нэмэгдэх тооцоотой байна. Зээлдэгчийн гол өсөлт 500-900 мянган төгрөгийн орлоготой өрхийн хувьд гарна гэж төсөөлж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд энэ онд 4915 айлын орон сууц ашиглалтад орно гэж үзэж байгаа. Харин хөдөө орон нутагт энэ онд 7177 орчим айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна.

-Одоогийн байдлаар найман хувийн зээлтэй болон найман хувийн зээлийн шийдвэр нь гарсан иргэд таван хувь шилжих үү?

-Зээлийн журамд заасан байршлуудад аль хэдийнэ орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан болон одоогоор зээлийн шийдвэр нь гараад санхүүжилт нь хүлээгдэж буй бүх иргэд таван хувийн хүүтэй зээл рүү шилжих боломжтой. Үүнд хөдөө орон нутагт нийт 17071 зээлдэгч, гэр хорооллын дахин төлөвлөлтийн 434 зээлдэгч, алслагдсан дүүргийн 945 зээлдэгч байна. Харин найман хувийн зээлээс таван хувийн зээлрүү шилжих иргэд өөрсдөө байрны ипотекийн зээл авсан банк, эдийн засагчдаа хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай гэдгийг энэ дашрамд анхааруулъя.

-Шинээр олгогдох таван хувийн зээлийг яаж санхүүжүүлэх вэ. Монголбанк, Засгийн газар ямар үүрэгтэй байх вэ. Ер нь ямар схемээр явах бол?

-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдахаас өмнө Монголбанк ипотекийн эхлэлийн санхүүжилтийг хариуцан ажиллаж байсан. Харин одоо энэ хууль батлагдснаар тус сангийн хөрөнгөөс бий болох мөнгөн урсгалаар ипотекийн зээлийг санхүүжүүлэх юм. Энэхүү хуульд заасны дагуу Монголбанкны өмчлөлд буй ипотекийн зээлээр баталгаажсан бонд, банкнаас авах ипотекийн санхүүжилтийн авлагыг ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжүүлэн авч сангийн эхлэлийн хөрөнгийг бүрдүүлнэ. Тодруулж хэлбэл уг сангийн хөрөнгийг Монголбанк Засгийн газрын зуучлагчийн хувьд хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний дагуу удирдаад явна.

-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль нь таван хувийн зээлтэй ямар холбоотой вэ?

-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсанаар ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн өмчлөл Засгийн газарт шилжиж байгаа. Мөн эдийн засгийг зөөлөн газардуулах бодлогыг хэрэгжүүлсэн хугацаанд нийт эдийн засагт шинээр бий болчихсон байгаа 2.45 их наяд төгрөгийн хөрөнгө Монголбанкны тэнцлээс Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгөд шилжинэ. Сангийн шилжүүлж авсан энэ хөрөнгөөс шинээр ипотекийн зээл олгох, Засгийн газраас иргэдэд үзүүлэх ипотекийн урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтийг санхүүжүүлэхээр хуульд тусгасан. Ингэснээр ипотекийн зээл иргэдэд илүү хүртээмжтэй болох ба цаашид тасралтгүй үргэлжлэх болно.

-Таван хувийн зээл олгоход талбайн хязгаарлалт тавигдаж байгаа юу?

-Орон сууцны ипотекийн зээлийн хүүгийн хувь хэмжээ болон зээлээр худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны нийт талбайн хэмжээг нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн болон Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар тогтооно. Энэ удаа талбайн хязгаарлалтанд өөрчлөлт ороогүй.

-Ипотекийн зээлийн хүүг найман хувиас таван хувь  болгож бууруулах болсон гол шалтгаан нь юу вэ. Бага хүүтэй орон сууцны зээл олгож эхлэх нөхцөл боломж нь бодит утгаараа бүрдсэн үү?

-Ипотекийн зээлийн хүүг бид 14 хувийн инфляцитай байхад жилийн найман хувийн хүүтэй байхаар тогтоож олгож эхэлсэн. Тухайн үед их л хөнгөлөлттэй зээл шиг харагдаж байсан. Инфляци нэгэнт 1.7 хувьд хүрээд байгаа энэ үед найман хувийн хүү тийм бага биш болчихоод байгаа юм. Монголбанк цаашдаа ч инфляци ийм нам дор түвшинд тогтвортой байна гэж таамаглаж байгаа учир зээлийн хүүг, тэр тусмаа орон сууцны зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байна. Нөгөө талаас, орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны зээлийн эрэлтийг дэмжих шаардлага бий. Манай улсын нийт өрхийн дөнгөж 18 орчим хувь нь инженерийн хангамжтай орон сууцанд амьдарч байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Орон сууцны ипотекийн зээлийг зөвхөн мөнгө, санхүүгийн утгаар харах нь хэт өрөөсгөл болно. Орон сууцжуулах бодлогоор дамжуулан нийгэм дэх тулгамдсан олон асуудлыг зэрэг шийдэж байгаа гэдгийг цохож хэлье. 21 дүгээр зуунд Улаанбаатар хотын маань иргэд гал түлдэггүй, гарч бие засдаггүй, гаднаас усаа авдаггүй болсноор цэвэр агаартай, цэнгэг устай, цэмцгэр хотод амьдрах нөхцөл бүрдэнэ гэсэн үг.                                                                                              

рээдүйн тэтгэврийн нөөц сангийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч. Хэдий болтол, хэр хугацаанд ипотекийн зээлийг санхүүжүүлэх бол?

-Ирээдүйн тэтгэврийн нөөц санг хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн урьдчилан тааварлах боломжгүй эрсдэл тохиолдох үед тэтгэврийн сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцооноос хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттай бүрдүүлэх, иргэдийн орон сууцны ипотекийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулж байгаа. Ийм зорилгоор  Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг УИХ-аас батлан гаргасан юм. Тэтгэврийн даатгалын тогтолцооны шилжилт хийгдэх хүртэл уг сангийн хөрөнгийг ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой хугацаанд ашиглана.  Цаашдаа тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцооноос хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих үед нөөц сангийн хэлбэрээр ашиглах юм. Тиймээс энэ сангийн ойрын зорилт нь орон сууцны зээлийн хүртээмжийг тэлэхэд, хэтийн зорилт нь тэтгэврийн сангийн тогтвортой байдалд чиглэгдсэн гэж хэлж болно.

-Урьдчилгаа төлбөр 30 хувиас буурах уу. Ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал байхуу?

-Орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийн хэмжээ нь орон сууцны үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байх шаардлага Монголбанкны ипотекийн зээлийн үйл ажиллагаа зохицуулсан журамд байгаа. Мөн Засгийн газраас баталсан "Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-д энэ зохицуулалт бий.  Тиймээс урьдчилгаа төлбөр 30 хувиас буурахгүй. Харин Засгийн газар зорилтот бүлгийн иргэдэд 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлөхөд хөнгөлөлт үзүүлж болно. Урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлтийн хэмжээ, нөхцөл, хамрагдах зорилтот бүлгийн шалгуурыг Засгийн газар тодорхойлж, холбогдох журмаар зохицуулна.

Ц.Баасансүрэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • яу

      (103.229.121.204) 2016-03-11 02:07
      • 0
      • 0

      5-8 ялгаагүй өр л бол өр шүү дээ

      Хариулах