Тэмээний уралдааны дэлхийн дээд амжилт тогтоожээ

Twitter Print
2016 оны 03-р сар 08-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннесийн ном”-д Монголчууд үндэсний бахархал болсон нэгэн сайхан уламжлал, ёс заншлаа нэмж бүртгүүлэв. Өмнө нь Монголчууд бид эр бяр, ид хаваа гайхуулсан 6002 хүчтэн зодоглуулж үндэсний бөхөө, 5000 ардын авьяастан бүжүүлж бий бийлгээгээ, “Монгол морь-3000” уралдаанд 4279 морьд уралдаж, 10000 морьтон жагсаж “Гиннесийн ном”-д бичүүлээд байсан дээд амжилтыг энэ удаа 1108 тэмээ уралдуулснаар дахин баяжуулж, Монголчуудын амьдралын хосгүй өвөрмөц зан заншил, уламжлалт мал аж ахуйнхаа давтагдашгүй онцлогийг нэмэн бүртгүүллээ.

Өмнөговь аймаг хоёр бөхт тэмээгээрээ Монгол Улсад төдийгүй дэлхийд тэргүүлдэг аймаг. Тэгвэл энэ удаа Монголд төдийгүй дэлхийн сонорыг мялаасан сайхан үйл явдал Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж “Монгол тэмээ 999” арга хэмжээний хүрээнд 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор “Гиннесийн ном”-д бүртгүүллээ. “Монгол тэмээ 999” арга хэмжээнд Монгол Улсын 11 аймаг 30 сумын 2000 гаруй тэмээчин 1600 гаруй тэмээтэйгээ оролцжээ. Мөн гадаад дотоодын гурван мянга гаруй жуулчид, иргэд үзэж сонирхсон нь Өмнөговь аймгийн хувьд түүхэндээ хамгийн олон оролцогч, үзэгчтэй арга хэмжээ болсон байна. Түүхэн арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд УИХ-н гишүүн Д. Бат-Эрдэнэ Хүнс Хөдөө Аж Ахуйн сайд Р.Бурмаа зэрэг төрийн түшээд оролцов.

Ийнхүү өмнийн цэнхэр говийн дэнжнээ газар газрын хурдан  1115 тэмээ уралдсанаас Өмнөговь аймгийнхан эхний таван байрыг эзэлжээ.

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн тэмээчин Б.Баяржаргалын улаан зүсмийн тэмээ түрүүлж, алтан медаль долоон сая төгрөгөөр шагнуулав. Харин Хүрмэн сумын Жанжин багийн тэмээчин Б. Түмэнбаярын хонгор зүсмийн тэмээ аман хүзүүдэж мөнгөн медаль зургаан сая төгрөгөөр, Цогт-Овоо сумын тэмээчин С.Эрдэнэначины хүрэн зүсмийн тэмээ гурвалж хүрэл медаль таван сая төгрөгөөр,  Цогт-Овоо сумын тэмээчин Д. Адарсайханы ногоон зүсмийн тэмээ дөрөвт орж хүрэл медаль дөрвөн сая төгрөгөөр мялаалгасан бол Хүрмэн сумын Жанжин багийн тэмээчин Т. Дашнамжилийн хөх халзан тэмээ айргийн тавд орж хүрэл медаль гурван сая төгрөгөөр шагнуулж унасан эзэн, хуран цугласан олныг баясуулжээ.

Мөн 1000 тэмээний уралдаанд 6-10 байранд хурдалсан тэмээчдийг 500,000 мянган төгрөгөөр байлсан бол 11-100-р байрыг тус бүр 200,000 мянган төгрөгөөр 101-300 дугаар байрт шалгарагсдыг 100,000 мянган төгрөгөөр байлж шагнасны зэрэгцээ уралдсан тэмээ бүрийн эздэд "Монгол тэмээ-999" дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсэн батламжийг гардуулан өгсөн нь тэмээчдийн урам зоригийг урд өмнө байгаагаагүйгээр сэргээсэн баяртай сайхан үйл явдал болов. Монгол Улсын Засгийн газар хоёр бөхт тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөх, тэмээчдийн залуу халааг бэлтгэх, өмнийн шаргал говь нутгаа хөгжүүлэхийн төлөө олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь УИХ-ын дарга өөрийн биеэр оролцсон “Монгол тэмээ 999” арга хэмжээ боллоо гэж нийт тэмээчид үнэхээр баяр хөөртэй, сэтгэл өндөр хүлээн авсан юм.

Монгол тэмээг “Гиннесийн ном”-д бүртгүүлэх зорилготой зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр ингэ ботголсон нь хүрэлцэн ирсэн тэмээчин, үзэгч олны мэлмийг баясгасан хосгүй гайхалтай үйл явдал болж, Монгол түмний, тэр дундаа Өмнөговьчуудын тэмээн сүрэг өнө мөнхөд өсөн дэвжихийн бэлгэдэл боллоо гэж хуран цугласан олон нийт үзэж ихэд бэлгэшээсэн юм.

Сонирхуулахад үүнээс өмнө Өвөрмонголд 550 тэмээ уралдуулан дээд амжилт тогтоож байжээ. Өмнийн шаргал говийн чимэг, тэнгэрийн амьтан тэмээн сүрэг минь сая саяар өсөн үржиж, Монгол зоныг баясгах болтугай.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • luujin

      (202.55.191.76) 2016-03-08 13:48
      • 0
      • 0

      ekh oron tv geer harlaa jaahan zohion bguulalt muu blaa TV-n bochleg bur 00.iim saihan yum hiij bj sumiin naadmaas dor sanagdlaa .manaid saihan mundag tom studi zunduu l bna ted nar gaihaltai bichleg hiigeed delhiig angailgaj chadah blaa .tehdee hiij chadlaa talarhaj bna aa

      Хариулах

    • Иргэн

      (202.131.252.213) 2016-03-08 10:28
      • 0
      • 0

      Сайхан мэдээ.Ерөөл оршиг.Монгол орон мандтугай.

      Хариулах