Миний ээж

Twitter Print
2018 оны 03-р сар 08-нд 16:51 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, “Мартын-8”-ны баяр. Эрхбиш үзэг, цаас нийлүүлж яваагийнх орон даяар яваад байгаа “Ээждээ бичих захидал” уралдаанд оролцдоггүй юм гэхэд хэр таарсан сэтгэлийн үгээ хайрт ээждээ зориулъя гэж бодоод энүүхнийг тэрлэж сууна.

Ээж минь ах дүү бидний найман халуун  амь, амьдралыг  энэ хорвоод тээж төрүүлсэн ижий цагаан бурхан билээ. Хаана ч явсан санаж сарвайж, дотор сэтгэлдээ залбирч явдаг хоёрхон амьд бурханы дээд нь ээж минь. Миний ээж Сономпилийн Сугар сүүн зам татуулсан ертөнцийн түмэн ээжүүдийн л нэг, хүүгийнхээ төлөө мөнхөд ундрах халуун хайрын ширгэшгүй цагаан рашаан буюу. Ертөнцөд хүү нь болж мэндэлчихээд 40-н жил тээр хойно өнгөрсөний дараа сая л  ээжийнхээ тухай бичье гэж гэнэтхэн бодогдох юм. Урьд нь би яагаад ингэж боддоггүй байж вэ. Яагаад би “амралтын өдрөөрөө сүү, тараг, уух дуртай молоког нь бариад оччихоод байхад болно доо“ гэж л бодож явж вэ.

Ээж минь насаараа хүүхдүүдтэй ажилласан багш хүн. Ухаан ороход минь ямар хүн байсан тэр л янзаараа хорвоог туулж яваа буянтан. Миний ээжийг залууд нь “Ардын дууны аажуу Сугар” гэдэг байсан юм. Эрээнтэй бараантай энэ амьдралын ямар ч үед нь адгаж сандарч, чангахан хашгирч байхыг нь би байтугай хамаатан саднууд маань ч хараагүй. Өнөөдөр би 50 шүргэх насандаа ээжийнхээ амнаас муухай үг сонсч үзээгүй. “Миний хүү, эвий минь, дандаа сайхан юм бодож яв, миний хүүхдүүд хөөрхөн” ерөөсөө ээжийн минь хэлдэг үг л энэ. Ээжийн минь аав бидний хайрт өвөө Сономпил гэж бага залуудаа  Өмнөговь аймагт байсан “Түмэн бурхант”-ын хийдэд шавилан сууж байгаад 1937 оны их самууны үеэр хар болж Гурван тэс сумандаа насаараа мал маллан амьдарсан “Найман нэрийн ном”-той насаараа маань уншиж, хонх дамар дуугаргасан цаглашгүй их буянтан байлаа. 1983 онд намайг наймдугаар ангид байхад намрын дунд сарын тэр нэгэн өдөр үр хүүхэд, ач зээ нараа тойруулан өөрөө зааж өгч “Арслан хэвтэш”-ээрээ байрлаад Гандангаас залагдан очон гурван ламын уншлага дунд нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар буцаж ирдэггүй холын аяндаа мордож билээ. Хайрт ааваасаа өвлөн үлдсэн үнэн их бишрэл сүшигт ээжийнхээ сүүн цагаан замтай залбирал мөргөлийн буянд манай халуун ам бүл ертөнцийн хатуу зовлонгоос холуур тойрсоор өнөөдрийг хүрлээ.

Ээж минь 1939 оны нэгдүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг “Хоёр худаг” гэдэг газар малчин ард Сономпилийн ууган охин болон мэндэлжээ. Бага дунд сургуулийг Өмнөговь аймагтаа төгсөөд 1959 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийг дүүргэсэн юм. Улаанбаатар хотын Таван шарын 12-р сургуулиас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ээж минь 1969-1975 онуудад төрсөн нутаг Гурвантэс, Мандал-Овоо сумдад багшилжээ. 1975 онд Улаанбаатар хотод шилжин ирсэнээсээ хойш Сонгино хайрхан дүүргийн 9-р сургуульд багшилж байгаад 1981 онд Баянхошууны 76-р сургууль нээгдэхэд орж ажиллаад 1991 онд тэтгэвэртээ гарсан юм. 32 жил Ардын боловсролын байгууллагад ажилласан миний ээж найман хүүхэд төрүүлж өсгөсөн нь өнөөдөр бүгд эрүүл энх, сайн сайхан л амьдарч явна.  1957 онд төрсөн хамгийн том ах Д.Энхбаяр маань 1980 онд МУИС-ын Уул Уурхайн инженерийн анги төгсөөд Хажуу-Улааны жоншны үйлдвэрийн инженерээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн юм. Дорнод Монголын уурхайнуудаар олон жил хариуцлагатай ажил эрхэлсэн ах маань 1990 оны дундуур Улаанбаатар хотод шилжин ирж Монголросцветмет нэгдлийн боловсон хүчний хэлтсийн дарга зэрэг алба хашиж явсаар өнөөдөр Монголын Уул уурхайн конссорциумд зөвлөх инженер хийж явна. Түүний удаах ах маань “Соёо” киногоороо Азийн Фукоакогийн наадмаас тусгай  шагнал хүртэж байсан зохиолч Д.Энхболд гэж хүн бий. 1985 онд Политехникийн дээд сургуулийн геологийн инженерийн  анги төгссөн ах минь гэр бүлийн хамт АНУ-д амьдарч байгаад хоёр жилийн өмнө эх орондоо буцаж ирсэн. 2007 онд “Казиног номхотгосон түүх” номоороо “Алтан Өд” шагнал хүртэж байсан бол өнгөрсөн онд “Өвс ногоо аниргүй” шилмэл өгүүллэгийн түүврээрээ шилдэг бүтээлийн “Алтан-Өд” шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн энэ цагийн толгой зохиолчийн нэг билээ. Гуравдахь ах маань телевизийн зураглаач, гэрэл зурагчин Д.Энхтөр гэж ээж шигээ налайсан, амгалан нь дэндсэн нэгэн бий. Хоёр ах маань Монголын телевиз, радиод ажиллаж байхад нь “Амгалан, омголон” гэдэг нэрийг хамт олон нь хүртээсэн байдаг юм. Яг миний дээд талын ах маань “Эрс шинэчлэл”-ийн Д.Энхбат гэж тэмцэгч нэгэн байгаа. Бүр багаасаа л хэлэх гэснээ хэнд ч хэлчихдэг, ангийн дарга, сургуулийнхаа бүлгэмийн зөвлөлийн гишүүн зэрэг баахан сонгуультай тун ч идэвхтэй нэгэн байсан, одоо ч тэр л зангаа гээхгүй яваа нэгэн. Ах дүү наймаас миний удаах хоёр дүү маань л бүсгүй төрлийг олж, эх хүний зөөлөн аалиар хорвоог энэрч яваа билээ. Худалдааны мэргэжилтэй том нь хөнгөн шингэн тун ч гялалзуур нэгэн. Өнөөдөр Швейцарийн холбооны улсад ажиллаж, амьдарч байгаа. Тусламж хэрэгтэй болсон хэнд ч гэсэн байгаагаа шавхаад өгчихдөг дүү минь гайхмаар цагаан цайлган сэтгэлтэй нэгэн. Түүний дараах бүсгүй дүү маань өнөөдөр МҮОНРТ-ийн орлогч захирал хийгээд  гялалзаж яваа. Тун ч хээгүй, гүдэсхэн зантай дүү минь Германд эзэмшсэн телевизийн сэтгүүлчийн мэргэжилээрээ хаана ч гологдохгүй нэгэн билээ. 1977 онд төрсөн хамгийн отгон дүү маань удахгүй 40 нас хүрэх нь ээ. 

Цаг хугацаа нэг л мэдэхэд нисээд өнгөрсөн байх юм. Бидний аав Бямбын Доржзовд өнөөдөр 86  настай ч хөнгөн шингэн, үр хүүхэд бидэндээ цаст өндөр уул шиг л нөмөртэй, гэрийнхээ хоймрыг эзлэн дүнхийж л суугаа. Аав ээж хоёр минь тоонот гэрт толгой холбосноос хойш 60 жилийнхээ ойтой тун удахгүй золгоно. Өнөөдөр ээж аав хоёр минь үр ач, хүргэн бэрүүдээ тойруулан 70 гаруй тоотой өнөр өтгөн гэр бүлийн хоёр багана болон налайж сууна. Насан туршдаа налгар тайван, холч ухаалаг   зангаараа үр, ач, элгэн саднаа ивээж яваа ижий цагаан бурхан минь таньдаа угтан ирэх гэрэлт шаргал өдрүүдийн тоогоор энэрэл хайрынхаа дээдийг өргөж,  хүндлэн асарч явъя даа.

Монголын түмэн сайхан ээжүүдийн нэгэн, халуун ам бүлийн минь амьд бурхан цаглашгүй хайрт ижий минь та зуун насыг наслаж, зургаадай туягаа тулаарай.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.