“Босоо” Ганбаа уначихав уу, яав

Twitter Print
2016 оны 03-р сар 02-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын хэлц үгсийн санд “Эр хүн долоо дордож, найм сэхнэ” гэдэг холбоо үг байдаг нь өнөөдөр ажил үйлс нь бүтэлгүйтэж, уруудан доройтсон ч маргаашийн өдөр хүч чадал, эрэмгий зориг, авьяас билгээрээ урьдынхаасаа илүү сэргэн босч, мандан бадарсан хүчирхэг эрчүүдийг төлөөлүүлэн хэлдэг ёс бий. Тэгвэл “Их санасан газар есөн шөнө хоосон хонох” гэх нь ч бий. Мөн “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх" хэмээн дур зоргоороо авирлагч, эрээ цээргүй загнагчдыг төлөөлүүлэн хэлцсээр ирсэн байдаг. Сүүлийн хоёр хэлц үгэнд ёс журмыг сахих, өөрийнхөө хэр хэмжээг мэдэрч бусдын эрхийг хүндэтгэх, нэг ёсондоо бүхнийг өөрийнхөө эрх ашигт зохицуулалгүй нийтийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлэн амьдрахыг битүүхэн сануулсан, ардын билэг сургааль оршиж байгаа юм.

Ямар ч нийгэмд “Бусдын эрх чиний хамрын өмнүүр хязгаарлагдана” гэх сонгодог зарчим ил, далд хэлбэрээр хэрэгжсээр ирсэн бөгөөд бусдын эрхийг эрхийг хүндэтгэх, өөрийгөө бүхнээс дээгүүр тавихыг цээрлэх үзэл санааг ялангуяа эзэн Чингис хаан эрхэмлэн дээдэлсээр ирсэн түүхтэй.

Тэгвэл эзэн Чингисийн эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо захиас болгон үлдээсэн түшмэд хүн ёс журмыг дээд зэргээр сахих, хар толгойныхоо эрх ашгийг бус нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэх андгай тангаргыг Монголын улстөрчид сүүлийн 25 жилд уландаа гишгэж, амин хувийн явцуу эрх ашгийг нэгдүгээрт тавьсаар ирэв.

Монгол төрийн түшмэдүүдийн эрхэмлэн дээдлэх, андгай тангараг тавьж насаараа мөрдөн дагах учиртай хар толгойныхоо төлөө бус нийтийн сайн сайхан, эрх ашгийн төлөө ёс журамтай, үнэнч шударга байх, өнгө мөнгөнд автахгүй байх, шуналын бус өглөгийн сэтгэлтэй байх бүх л ёс журмыг 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш тодорсон Монголын улстөрчид, энэ цагийн эрх ашгийн бөөгнөрөл, улстөр бизнесийн бүлэглэлүүд тоглоомын тойргийн гадна шавар шавхайтай хутгасаар ирснийг ХҮН-ын даргаар томилогдоод хоёр сар ч болоогүй УИХ-ын гишүүн С.Ганбаатар үргэлжлүүлснийхээ төлөөсөнд ХҮН-ын даргын албан тушаалаас огцрох шиг боллоо.

Боллоо гэсний учир нь өнөөдөр Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-ын Төв хороо   хуралдаж, нам дотроо үүсээд байгаа асуудлыг авч хэлэлцээд намын дүрмийг ноцтой зөрчсөн УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг огцруулж, шинэ даргаар Б.Найдалаа гэгчийг тодруулан тамгыг нь гардуулан өгсөн байна.  Мөн ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Төв хорооны хурлаар Д.Гантулгыг оронд нь томилсон гэв. Хэрвээ УИХ-ын гишүүн ХҮН-ын дарга С.Ганбаатар хар толгойнхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ганцаарчилсан тоглолт хийсэн нь маргааш болох ХҮН-ын Төв хорооны хурлаар баталгаажиж албан ёсоор намын даргаасаа огцорвол тэрээр аргагүй л “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх”-ийг хэрэгжүүлэгч гэдэг нь нотлогдож, “Их санасан газар есөн шөнө хоосон хонох” нь тодорхой болно.

Харин буруу зөвөө ололцож, хар толгойнхоо эрх ашгийг ХҮН-ын эрх ашгаас дээгүүр тавиагүй, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд ХҮН-ыг дөрөөлөөгүй гэдэг нь нотлогдох аваас “Эр хүн долоо дордож найм сэхдэг”-ийг Монголчуудад батлан харуулж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй хэвээр үлдэх юм.

Түүнд ингэж найдах өчүүхэн ч болтугай найдлага, итгэл байгаа гэдэг нь ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргилын дараах ярилцлагаас харагдаж байгаа юм. 

-Танай намын гишүүд Төв хороогоо хуралдуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намын даргаас огцруулж, Б.Найдалаа гэдэг хүнийг шинэ даргаар томилсон нь хууль ёсны шийдвэр мөн үү?

-Энэ бол ямар ч ор үндэсгүй, хууль зөрчсөн үйлдэл. ЕНБД-ын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Доржханд өөрийг нь дэмждэг хэдэн хүмүүсийг цулуулж Төв хорооны хурал гэж зарлаад ийм шийдвэр гаргасан байна.  Тэгээд түүнийгээ С.Ганбаатарыг огцруулсан гэж "жүжигчилсэн тоглолт" хийж олон нийтэд цацсанд харамсаж байгаа.  Уг нь намын Төв хорооны хурал маргааш товлогдсон байсан. Одоо ХҮН-ын Төв хорооны гишүүдийн 80 хувь нь семинарт оролцож байгаа. Бид маргаашийн хурлаар дотоод журмуудаа өөрчилж, ХҮН-ын ЕНБД-ын асуудлыг хэлэлцэнэ. С.Ганбаатар огцроогүй. Манай намынхан ажлаа хийгээд л явж байна. Намын дарга С.Ганбаатарыг огцруулсан гэх мэдээлэл нь хууль бус,  ямар ч үндэслэлгүй юм.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.11.107) 2016-03-02 17:55
      • 0
      • 0

      Хээ Хээ МАНАН -нь яая гэж байхад энэ хэдэн баян айлын эрх бацаанууд Төв хороо болж тоглоод зодолдоод байгаа юмаа даа

      Хариулах