
Ши Жиньпин улс төрийн товчооны шинэ гишүүдийг танилцууллаа
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Хятадын Коммунист намын даргаар гурав дахиа томилогдож, коммунист намын улс төрийн товчооны шинэ гишүүдийг танилцууллаа.
5 жилд нэг удаа болдог Хятадын Коммунист намын энэ удаагийн их хурлаар Ши Жиньпин байр сууриа бэхжүүлж, нэр нөлөө, эрх мэдлээрээ БНХАУ-ын удирдагч агсан Мао Зэдунтэй эн зэрэгцэх болов.
Ши Жиньпин Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүнийг танилцуулах үеэр Ши Жиньпиний ард алхаж явсан Шанхай хотын Коммунист намын дарга 63 настай Ли Цян ирэх 3-р сард Ерөнхий сайдын албан тушаалд томилогдох аж.
Улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүнд Ши Жиньпинийг залгамжлах өндөр магадлалтай гэх улстөрч байхгүй байгааг ажиглагчид онцолж байна.
Ли Цяны хувьд өнгөрсөн хавар Шанхай хотод коронавирусын халдварын тархалтын улмаас 2 сар хөл хорио тогтооход, үүнтэй холбоотой иргэдийн бухимдал эсэргүүцлийг дарахад гол үүрэг гүйцэтгэснээс гадна тэрээр Ши Жиньпин Жэжянь мужийн Коммунист намын дарга байх үед түүний штабын даргаар ажиллаж байсан, Ши Жиньпиний ойрын хүн юм.
Улс төрмйн товчооны хамгийн залуу гишүүн болоод байгаа 60 настай Дин Сюэсян нь Ши Жиньпиний нарийн бичгийн даргаар ажиллахаас гадна Коммунист намын Төв хорооны Удирдлагын төвд буюу намын дотоод хэргийг хариуцдаг албыг хариуцан ажилладаг байна.
66 настай Цай Чи нь Бээжин хотын Коммунист намын дарга бөгөөд Ши Жиньпиний хамгийн ойрын хүн гэгддэг аж. Тэрээр Ши Жиньпинтэй Фужян, Жэжянь мужуудад хамт 20 орчим жил ажиллажээ.
Улс төрийн товчоонд шинээр томилогдсон 4 дэх гишүүн нь Хятадын эдийн засгийн хөдөлгүүр гэгддэг Гуандун мужийн Коммунист намын дарга 66 настай Ли Си нь Ши Жиньпинтэй олон жил хамтран ажилласан түүхгүй ч Ши Жиньпинтэй адил үзэл бодолтой нэгэн аж.
Жао Лэцзи, Ван Хунин нар Улс төрийн товчоонд улиран томилогджээ.
Сиднейд байрлах Лоуи институтийн судлаач Ричард МакГрегор Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Хятадын Коммунист намын 20-р их хурлын үр дүн Ши Жиньпиний хувьд цэвэр ялалт байсан гэдгийг онцолжээ. Тэрээр, "Улс төрийн товчоонд байсан Ши Жиньпиний бүх өрсөлдөгчид дэмжигчдээр нь солигдсон. Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүнээр Ши Жиньпин Коммунист нам дахь ноёрхлоо харууллаа." хэмээн онцолжээ.
Сингапурын улсын их сургуулийн Нийгмийн бодлогын сургуулийн судлаач Дрю Томпсон, "Улсынхаа эрх ашигт нийцсэн шийдвэрүүд гаргахаас илүү Ши Жиньпин улс төрийн байр сууриа бататган бэхжүүлэх зорилготой гэж харагдаж байна." хэмээн онцолсон байна.
Кремлийн албан ёсны цахим хуудсанд бичсэнээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ши Жиньпинд, "Коммунист намын их хурлын үр дүн таны Коммунист нам дахь эрх мэдлийг дахин бататгахаас гадна удирдаж буй намын тань эв нэгдлийг харууллаа." хэмээн баяр хүргэжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мөн Ши Жиньпинд баярын мэндчилгээ илгээжээ.
Ли Көцян, Ван Ян болон Ху Чунхуа нар Улс төрийн товчооны шинэ бүрэлдэхүүнд багтаагүй нь олны анхаарлыг татсан ба дээрх 3 улстөрч нь цагтаа нөлөө бүхийд тооцогддог байсан Коммунист намын Залуучуудын холбооны гишүүн байжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.