Газрын тосны үнэ ханш "газардах" арай болоогүй

Twitter Print
2016 оны 03-р сар 01-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

Газрын тосны  зах зээл өнөөдөр “хахаж” гүйцэв. Дэлхий дахинд газрын тосны батлагдсан нөөцөөрөө дөрөвт эрэмблэгдэх Иран улсын эсрэг авсан хориг арга хэмжээ цуцлагдсанаас хойш  нэгэнт гарцаагүй уналтад ороод байсан зах зээл дээр нөхцөл байдал улам дордоно. Хэрвээ Иран зах зээлд гэнэт хэдэн арван сая баррель нийлүүлж эхэлбэл зах зээлийн уналт хяналтаас гарна гэсэн үг гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ одоохондоо арай амьсгаа авах хугацаа байгаа гэнэ. Учир нь зах зээлийг нэгмөсөн хөмрүүлэхэд Иранд дорвитой хөрөнгө оруулалт, цаг хугацаа хэрэгтэй аж.

Иранд хөгжүүлж ирсэн цөмийн хөтөлбөрийн улмаас барууны орнуудын авсан хориг арга хэмжээ цуцлагдсанаар тус улс эдийн засаг, үйлдвэрлэлээ сэргээх өргөн боломж нээгдсэн бөгөөд гурав дахь ертөнцийн улс орнуудтай газрын тос, байгалийн хий, ган төмөр, үр тариа, өргөн хэрэглээний бараа нийлүүлэх зэрэг бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлж эхэлсэн боловч хилийн чанадад хадгалагдаж буй валютын нөөцөд “гар дүрэх” арга замыг нь боогдуулсаар байгаа учир  Тегеран одоохондоо хөдөлж чадахгүй байгаа аж. Вашингтоноос одоо хүртэл тус улсын эсрэг авсан үндсэн хоригоо цуцлаагүй байгаа төдийгүй  Америкийн компаниуд, хуулийн этгээдүүдэд Ирантай ажил хэргийн харилцаа тогтоохыг хориглосон шинэ хууль журам гаргаад байна. Учир нь Тегеран баллистик пуужин үйлдвэрлэж байгаа учир хэмээн энэ удаагийн шинэ хориг арга хэмжээг тайлбарлажээ.

Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцалсан даруй газрын тосны зах зээл дээр нэг баррель тос 28 доллар хүртэл унасан нь 2003 оноос хойш үзэгдээгүй том уналт байлаа. Гэвч энэ уналт хөрөнгийн биржүүдийг зүгээр л “сандаргасан, хэвийн хэмжээний уналт”байсан гэдгийг зах зээл шинжээчид тэмдэглэж байгаа бөгөөд уналт ердөө зах зээлийн шулаачдад хэдэн тэрбумын ээлжит ашиг өгөөд эргээд зохих түвшиндээ (нэг баррельд 30 доллар) хүрсэн гэнэ.

Гэвч газрын тос болоод байгалийн түүхий эдийн зах зээл дээр нөхцөл байдал өөдлөх төлөв харагдахгүй байгаагаар зогсохгүй Ираны газрын тос болоод Хятадын эдийн засгийн удаашралтай урвуу хамааралтай болоод байгаа нь харин зах зээлд  улам бүр сөрөг нөлөөлөл үүсгэж байгаа ажээ. Barclays-ийн баримт мэдээллээр Хятад улс өнгөрсөн жил өдөрт 510 мянган баррель газрын тос худалдан авч байсан бол энэ онд ердөө 300 мянган баррельд хүрсэн байна.

Иран зах зээлд эргэн ороход учир бий

Иран одоогоор хэр богино хугацаанд газрын тос нийлүүлж эхлэх нь тодорхойгүй байгаа бол газрын тос олборлолтын түвшинг нэмэгдүүлэх шинэ гэрээ хэлэлцээр байгуулахад бас багагүй цаг хугацаа орох аж. Эдийн засгийн хориг арга хэмжээ цуцлагдсанаас хойш хагас жил өнгөрлөө ч хоногт сая гаран баррель тос олборлох нь эргэлзээтэй гэж Тегеран мэдэгдсэн байна. Харин Bloomberg-ээс зах зээл шинжээчдийн дунд явуулсан санал асуулгаар тэд битүүмжлэгдсэн ордуудаас олборлолт явуулж, үйл ажиллагааг нь сэргээхэд цаг хугацаа шаардлагатай, хориг арга хэмжээ цуцлагдсанаас хойш нэг сар өнгөрөхөд хонот ердөө 100 мянга хүрэх баррель тос олборлож эхэлсэн байхад хагас жилийн дараа  гэхэд 400 мянгаас хэтрэхгүй гэж үзсэн байна.

Харин Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид Ираны газрын тос олборлолтыг арай бодитой үнэлэн дүгнэж байгаа бөгөөд  энэ оны нэгдүгээр улирлын төгсгөл гэхэд  өдөрт 300 мянга, харин оны дунд үед өдөртөө 600 мянган баррель газрын тос зах зээлд нийлүүлнэ гэж тэмдэглэсэн байна. Гэвч энэ бол өчүүхэн бага үзүүлэлт аж. Учир нь дэлхий дахинд нэг өдрийн дотор 95 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлдэг бол Ираны олборлолт өдөрт сая баррель хүрлээ ч зах зээлийн дөнгөж нэг хувийг хангаж дөнгөх гэнэ. Хоногтоо 10 сая баррель тос зах зээлд нийлүүлдэг Саудын Арави, АНУ, Оростой харьцуулахад энэ үзүүлэлт  тун өчүүхэн аж.

Үүний дээр Иран дорвитой хэмжээгээр газрын тос олборлохын тулд үйлдвэрлэлээ шинэчлэн сайжруулж, барууны хөрөнгө оруулалт, технологийг татаж, дэлхий дахинтай санхүүгийн харилцаагаа сэргээх явдал тулгамдсан асуудал болж байгаа аж. Эдийн засгийн хориг цуцална гэдэг гадаадын банк, эрчим хүчний компаниуд бие биеэсээ өрсөн цутган орж ирнэ гэсэн үг биш бөгөөд энэ нь мөнгө угааж болох болгоомжлолоос үүдэлтэй Ираны цөмийн хөтөлбөрөөс гадуур авсан шинэ хориг арга хэмжээ гэнэ.

Ираны хар алт хаашаа урсаж байна

Иран удахгүй олборлолтоо нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдэж буй. Харин өнөөдөр урьд өмнө нь байгуулсан гэрээний дагуу зөвхөн Азийн улс орнуудад (Хятад, Энэтхэг, Турк, Япон, Өмнөд Солонгос) өдөрт нэг сая баррелийн хэмжээнд нийлүүлж байгаа аж. Эдийн засгийн хориг цуцлагдаагүй байхад ч Иран эдгээр орнуудад энэ хэмжээний газрын тос нийлүүлж байсан билээ.

Харин одоо Тегеран 2012 оноос хаагдаад байсан Европын зах зээлд нүүрс-устөрөгчийн түүхий эд нийлүүлэхээр зэхэж байгаа бол Европын газрын тос үйлдвэрлэлийн аваргууд болох Royal Dutch Shell болон Eni-ийн төлөөлөгчид өнгөрсөн онд Тегеранд хүрэлцэн очиж шинэ гэрээ хэлэлцээрийн нөхцөл боломжийн талаар санал солилцсон байна. Харин барууны компаниуд Иранд үйл ажиллагаагаа эргэн сэргээхэд гол тээг болж байгаа асуудал бол газрын тосны үнэ ханш хэтэрхий доогуур байгаа явдал аж.

Ираны газрын тос олборлолтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь ойролцоогоор 150 тэрбум долларын хөрөнгө оруулалт, гэвч  баррель газрын тос 30 долларын үнэ ханштай нөхцөлд гүйцэлдэх асуудал биш гэнэ.

Газрын тосны компаниуд хүнд цаг үед зардалаа танаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг хичээдэг. Тегеран ч үүнд онцгой анхаарч, эн тэргүүнд Азийн зах зээлд илүү их газрын тос нийлүүлэхийг хүсэж байна. Хориг арга хэмжээ хүчин төгөлдөр үйлчилж байх үед ч Тегеран Азийн зах зээлд байр сууриа алдахгүйн тулд газрын тосыг  бартераар худалдаалж ирсэн бол одоо Европын зах зээлд Саудын Аравитай (өдөртөө нэг баррель газрын тосыг 4,85 долларын хямдралтай борлуулдаг) өрсөлдөж баррель тутамд  6 - 6,55 долларын хямдрал үзүүлэхээр болжээ. Ираны төрийн мэдлийн корпораци болох National Iranian Oil Co., энэ тухай мэдэгдэж, Iran Heavy ангилалын газрын тосыг ийм үнээр өгнө гж амласан аж. Гэвч Европын зах зээлд энэ хэмжээний хямдралтай газрын тос урсан орж ирнэ гэдэг нь мөддөө бүтэхгүй асуудал гэнэ. Учир нь нэгдүгээрт, шинэ гэрээ хэлэлцээ байгуулахад жилээс наашгүй хугацаа орно. Хоёрдугаарт, Европын газрын тосны зах зээл дээр Саудын Арави, төдийгүй Оростой хүчтэй өрсөлдөх шаардлгна тулгарна. Иймээс Иран амалж байсандаа хүрч чадхааргүй өчүүхэн хэмжээний газрын тос зах зээлд нийлүүлнэ. Энэ хооронд харин зах зээл дээр ханш тогтворжих нөхцөл бүрдсэн байх юм гэж Оросын өдөр тутмын "Дни" сонинд бичжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.