Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр яачихав аа

Twitter Print
2016 оны 02-р сар 29-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

Маргааш 1921 онд өнөөдрийн МАН+МАХН-ын албан ёсоор байгуулагдсан өдөр буюу “Эх орончдын баяр”-ын өдөр тохионо. Монголын улстөрийн ууган хүчин байгуулагдсаны 95 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан төрийн ордны “Б” танхимд МАН, МАХН-ынхан хамтран “Эх орончид ба ардчилал” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Баяраа хамтран тэмдэглэхийн өмнөх энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүлэгчдийн индэрт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХН-ын парламент хариуцсан дэд дарга, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, МАН-ын Бага хурлын гишүүн, “Стратеги” судалгааны академийн захирал А.Ундраа нар суусан бол хурлын төлөөлөгчдөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ё.Отгонбаяр, О.Баасанхүү нар хүрэлцэн ирсэн байна лээ.

Маргааш нам байгуулагдсаны 95 жилийнхээ ойг хамтран тэмдэглэх гэж байгаа МАН, МАХН-ынхан энэхүү хуралд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн жишээ болж МАН-аас нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь, МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Улаанбаатар хотын орлогч асан Б.Мөнхбаатар гээд ирэх сонгуульд нэр дэвших магадлалтай олон эрхэм харагдсан бол МАХН-аас Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, нарийн бичгийн дарга Б.Тулга, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Б.Бямбасүрэн нарын зэрэг хариуцлагатай ажилтнууд нь ирсэн байна лээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд УИХ-ын гишүүн хуульч, доктор Д.Лүндээжанцан, түүхийн ухааны доктор Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Үндэсний түүхийн архивын захирал, “Монголчуудын цахим түүх”-ийг бүтээсэн түүхч  Д.Өлзийбаатар нарын олон эрдэмтэн илтгэл тавьж, Монголчуудын түүх, хүний эрх ардчиллын талаар ярилцав.

Харин энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд МАХН-ын дэд даргын албан тушаалаас сайн дураараа татгалзсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Сангийн сайд асан УИХ-ын гишүүн Ч.Улаан нар гэгээн дүрээрээ морилж ирээгүй нь олон төрлийн таамаг, хардлага дагуулсан ярианы сэдэв болсныг хэлэх ёстой.

Тухайлбал сүүлийн үед намын дарга Н.Энхбаяртайгаа түнжин муутай байгаа Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ирэх сонгуулийн өмнө тун зоригтой сонголт хийж намын харьяалалаа ч өөрчилж магадгүй гэсэн таамгийг зарим хүмүүс гаргаж байсан бол хуралд оролцсон зарим УИХ-ын гишүүдээс эхлээд олон хүн “Тэр хоёрт тийм зориг, цаашлаад улстөрийн карьер байхгүй. Н.Энхбаяр даргыгаа дуугүйхэн бараадаж, ая эвийг нь олж байгаад сүүлийн удаа тойргоос нэр дэвшихээ л бодохоос өөр ямар ч сонголт байхгүй” хэмээн шулуухан тодорхойлж байсан юм.

Тэгвэл Н.Энхбаяр даргадаа эцсээ хүртэл үнэнч байснаараа гудамжнаас УИХ-д орж ирсэн төдийгүй НББСШУ-ны байнгын хорооны дарга, эцэст нь Барилга хот байгуулалтын сайдын сэнтийд залрах хүртлээ аз нь шовойсон З.Баянсэлэнгэ гишүүн энэхүү хуралд яагаад оролцоогүй нь оньсого болж үлдэв. Түүний хувьд ирэх сонгуульд МАХН-ын жагсаалтын нэгд ч бичигдэж магадгүй байгаа тул ёстой л айдгаа авдартаа хийчихсэн гэж дүгнэж болно.

Гэхдээ өнөөдрийн хувьд З.Баянсэлэнгийг намын жагсаалтын нэгдүгээрт эрэмлэх үү, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшүүлэх үү, О.Баасанхүүг Чингэлтэйн намын дарга болгож тэндээс нэр дэвшүүлэх үү, аль эсвэл Эрдэнэт рүү цөлж Л.Гүндалайтай халз мөргөлдүүлэх үү гэдгээ МАХН-ын дарга Н.Энхбаяр хараахан эцэслэн шийдээгүй байгаа юм билээ.

Ямар сайндаа л Н.Энхбаяр дарга нь одоогоор тоймтой  хариу хэлэхгүй дүлэгнээд байгаад сэтгэл нь уймарсан О.Баасанхүү гишүүн гуравдугаар сарын 12-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг телевизийн халз мэтгэлцээнд дуудаж, “Хэрвээ энэ халз мэтгэлцээнд намайг ялагдсан гэж үзэгчид дүгнэвэл би УИХ-ын гишүүнээс татгалзана, ирэх сонгуульд ч нэр дэвшихгүй” гэж эрс шулуухан мэдэгдчихээд байгаа. Ер нь сүүлийн үед О.Баасанхүү гишүүний байр байдал, хэлж ярьж байгаа нь цэгцтэй, үйл хөдлөл нь ч тун зоримог болоод байгаа. УИХ-ын намрын чуулган завсарласан энэ өдрүүдэд төрийн ордонд жижүүрлэх нь холгүй их ажилтай суугаа хэдхэн гишүүний нэг нь О.Баасанхүү юм. Магадгүй тэрээр урьд нь телевизийн халз ярилцлагад өнөөдрийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой орж 20 мянган хувьсагчид “мад тавиулсан” гэгддэг УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатарын алдааг давтахгүйн тулд уншиж судлаж, уйгагүй бэлдэж байж болох л юм.

Гэхдээ тэрээр хуульчийн хувьд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс толгой илүү гэдэгтээ тун ч итгэлтэй байгаа нь телевизийн халз мэтгэлцээн хийх гэж байгаа талаараа мэдээлсэн хэвлэлийн бага хурлынх нь үеэр мэдрэгдэж байсан.

Гэхдээ өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хуралд гэгээн дүрээрээ морилж ирээгүй эрхмүүд үнэхээр зориг гаргаж шазуур зуусан уу, аль эсвэл тун удахгүй толгойгоо унжуулаад гүйгээд ирэхээс өөр арга байхгүй гэдэг нь маргааш Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх үеэр тодорхой болно.  Маргааш жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолд МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын томчууд болох У.Хүрэлсүх, магадгүй С.Баяр ч хүрэлцэн ирж болзошгүй. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр гарцаагүй ирж л таарна. Харин тэр үед Д.Тэрбишдагва, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ нар өнөөдрийнх шиг үзэгдэж харагдахгүй байж чадахгүй л болов уу. Яагаад гэвэл Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёрын хувьд ирэх сонгууль нь Монголын улстөрд орших сүүлчийн боломж учир “Эх орончдын баяр”-аар том толгойлж чадахгүй нь тодорхой. Харин З.Баянсэлэнгийн хувьд Н.Энхбаяр даргынхаа өмнө тодорхой гавьяа байгуулж түүнийгээ ч сайтар үнэлүүлсэн учир баяр ёслолын байдалтай ирж л таарна.

“Эх орончдын баяр”-т зориулсан МАН, МАХН-ын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурлыг ажиглаж суухад ийм л зүйл бодогдож байлаа.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.113) 2016-05-25 18:33
      • 0
      • 0

      Шал өөр сонголт гарч ирнэ дээ

      Хариулах

    • Зочин

      (82.240.207.112) 2016-03-02 22:03
      • 0
      • 0

      Яг л үнэнийг бичиж Тэрбишдавга,Улаан нар өөр намд ураж шарваж орлооч амжилт олох нь эргэлзээтэй.

      Хариулах

    • Зочин

      (150.129.140.144) 2016-02-29 23:52
      • 0
      • 0

      НЭР ДЭВШИХ ХҮМҮҮСЭЭ НҮДЛҮҮЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ УЛААН.ТБД НАР ОИЛГОМЖТОИ ШҮҮ ДЭЭ

      Хариулах