Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар хамгийн их бүтээн байгуулалтыг хийсэн гэв

Twitter Print
2016 оны 02-р сар 29-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК улирал бүр тодорхой сэдвийг хөндөн, тогтмол судалгаа хийж үр дүнг олон нийтэд хүргэдэг. Тэд энэ удаа “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” сэдвээр судалгааны ажил гүйцэтгэжээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто зам, орон сууцны хангамж нэмэгдсэн ч энэ нь иргэдийн хүлээлтэд нийцэж байгаа эсэх, иргэд дээрх ажлуудад ямар дүн өгч байгаа, цаашид ямар төрлийн бүтээн байгуулалт хийх шаардлагатай зэргийг бодитоор харж амжаагүй байдаг аж.

Тиймээс иргэд бүтээн байгуулалтыг хэрхэн ойлгож, үнэлж байгаа болон цаашдын хэрэгцээ шаардлагыг илрүүлэн гаргаж, олон нийтэд хүргэхээр энэхүү судалгааны ажлыг хийсэн байна.

Судалгааг CATI буюу компьютерт суурилсан утсаар мэдээлэл цуглуулах аргаар авсан байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот болон 21 аймагт нийт 520 мянган утасны дугаараас санамсаргүй байдлаар сонгон мэдээлэл цуглуулжээ. Энэ аргыг хэрэглэснээр бага зардлаар, богино хугацаанд Үндэсний бүрэн хэмжээний судалгааг цаг хугацаа, орон зайг үл харгалзан шинэлэг арга, сонирхолтой шийдлээр мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэх боломжтой.

Судалгаанд нийт 1189 хүн хамрагдсан бөгөөд тэдгээрийн 769 буюу 64.7 хувь нь орон нутгаас, 420 буюу 35.3 хувь нь нийслэлээс оролцсон байна. Түүнчлэн тэднийг 18-55, 55-аас дээш насныхан гэж хуваасан бөгөөд оролцогчдын 59 хувь нь дээд боловсролтой байжээ. Судалгааны ажлын гол зорилго нь бүтээн байгуулалттай холбоотой. Тиймээс оролцогчдоос бүтээн байгуулалтыг хүн амын амьдрал болоод улс орны хөгжил дэвшилд маш чухал байр суурь эзэлдэг вэ хэмээхэд 95 хувь нь чухал, гурван хувь нь дунд зэрэг, үлдсэн хэсэг нь чухал биш гэдэг хариултыг өгчээ.

Харин цаг хугацааны хувьд иргэдийн дийлэнх нь 1990 оноос хойш Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил илүү эрчимтэй бөгөөд үр дүнтэй явагдаж байна гэж үзэж байгаа бол цөөн тооны иргэд цаг хугацааны хувьд ялгаа ажиглагдахгүй байна гэж үзсэн. Тиймээс сүүлийн 25 жилийн хугацаанд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн Засгийн газрыг нэрлэхийг хүсэхэд 2012-2014 он буюу Н.Алтанхуяг Ерөнхий сайдын шинэчлэлийн Засгийн газрыг нэрлэсэн бөгөөд энэ нь нийт судалгаанд оролцогчдын 30.3 хувийг эзэлсэн. Дараа нь 19.3 хувь нь 2000-2004 он буюу Н.Энхбаяр Ерөнхий сайдын Засгийн газрыг, 7.8 хувь нь С.Баяр Ерөнхий сайдын Засгийн газрыг тус тус нэрлэжээ.

Нийт судалгаанд оролцсон иргэдээс бүтээн байгуулалтын томоохон ажлуудаас хамгийн үр дүнтэй байсан ажлыг нээлттэйгээр асууж, давхардсан тоогоор нийт 1700 орчим хариулт ирсэнийг нэгтгэн харахад аймгийн төвүүдийг холбосон зам болон бусад хот доторх авто замтай холбоотой ажлуудын үр дүнг өндрөөр үнэлсэн байна. Дараа нь мэдээж орон сууцжуулах хөтөлбөрийг онцолжээ.

Дээрх асуулгад тэргүүлж буй салбарууд нь өдгөө бондуудын хөрөнгийг зарцуулсан хэмээн хамгийн ихээр хэл ам дагуулдаг төслүүд бөгөөд эдгээр нь улстөрчдийн хувьд таагүй, эдийн засгийн хүндрэл рүү хөтөлнө хэмээн үзэж буруутгах шалтгаан болж буй ч олон нийтийн хувьд улс, эх орны хөгжилд хамгийн чухал асуудлууд гэж үзсэн нь илэрхий байна.

Нэгэнт бий болсон бүтээн байгуулалтаас гадна цаашдын төлөвлөгөө, хөтөлбөр тун чухал. Тиймээс судалгаанд оролцогчдоос цаашид хийх шаардлагатай бүтээн байгуулалтын талаар саналыг нь авчээ. Гэтэл ирүүлсэн 2209 хариултын 22.0 хувь нь сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн бол 17.0 хувь нь эмнэлгийн хүртээмж болон тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байна. Харин авто зам болон барилгажуулалтын ажлууд хийгдэж тодорхой үр дүн гарч байгаа ч цаашид энэ чиглэлийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзжээ. Товчхондоо бол иргэд Монгол Улсын хөгжлийн чиг хандлагыг бүтээн байгуулалт гэж үзэж байгаа учраас цаашид энэ төрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь хамгийн зөв үр дүнтэй ажил гэдэгт санал нэгдсэн байна. Иргэдийн хувьд бүтээн байгуулалтыг нэн тэргүүнд тавьж байгаа нь үүнийг дагаад ажилгүйдэл буурах, ажлын байрыг нэмэгдэх, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боловсролыг дэмжих зэрэг асуудлууд хоорондын уялдаа холбоогоор аяндаа бий болно гэж үздэг ажээ.

Харин тэрхүү бүтээн байгуулалтын ажлыг ямар шугамаар, хэрхэн урагшлуулахыг Засгийн газар бодлого, санаачилга тодорхойлдог гэдгийг санал асуулгад оролцогч иргэдийн өгсөн хариултаас илэрхий харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл дээр хэлсэнчлэн улстөрчдийн хувьд хамгийн их хөрөнгө мөнгө зарцуулсан хэмээн чичлүүлсээр байгаа Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар бүтээн байгуулалтын ажлыг илүү амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж үзсэнээс харагдана. Тэгэхээр хөгжлийн хамгийн чухал гарц гэдэг нь чухам аль салбар хийгээд тэдгээрийг олон нийт хэрхэн дүгнэж бас юу хүсч байна вэ гэдгээс харагдаж байна. Тиймээс улстөрийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлэхээс илүү газарт баригдаж, нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалт чухал гэдгийг санах л хэрэгтэй болох нь дээ.

Ж.Нарангэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.9.22) 2016-03-02 15:49
      • 0
      • 0

      Маргах юм байхгүй. Үнэн үнэн. Түүхэнд тийм нэрээр үлдэх байх.

      Хариулах

    • zochin

      (103.10.22.34) 2016-02-29 14:58
      • 0
      • 2

      yag unen Altanhuyg erunhii said baihdaa um hiisen tsaashid ch um hiih baisan ..harin shuud tataad ogtsruulsan daa AH fragts ni ..! novsh gej ...! Altanhuyg um hiisen shuu ..!

      Хариулах