Манзуширын хийд хүрэх замыг засаач ээ, Д.Баярбат дарга аа

Twitter Print
2016 оны 02-р сар 29-нд 18:38 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатарын багагүй хэсэг нь “Дүнжингарав-2016” морин уралдааныг үзэхээр Аргалантын Цагаан хөтөлийг зорьсон бол харин бид Төв аймгийн Зуун мод хотооос гурав хүрэхгүй км-д байдаг Манзуширын хийдийг зорьсон юм. Зун, намарт Богд уулын ноён оргил Цэцээ гүнийг зоригчид Манзуширын хийдийн талаас авирахаар зорин очих нь элбэг байдаг. Зуны цагт Зуун мод хотоос Манзуширын хийд хүрэх гурав хүрэхгүй км зам хааяа нэг шавар шавхай болчихсон байдаг ч нэг их анзааралгүй туулаад гардаг байснаас болж өнгөрсөн амралтын өдөр салхинд гарч, малгайн утаа сэргээх гэсэн биш, баахан цас ухаж, хүний өөрийн машин өргөж, түрж хөөрхөн будиллаа.

Зуун мод хотоос Манзуширын хийд хүрэх гурав хүрэхгүй км замыг ядаж л ганц бульдозер явуулаад хусаж янзлуулчих ухаангүй Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат болон Авто зам, засвар ашиглалтын компани нь тун хариуцлагагүй, сэтгэлгүй байгаагийн харгайгаар амралтын ганц өдрөө хунгарласан цасанд шигдэж, боогдон машинаа түрж, өргөж амнаасаа муу үг унагасан шиг өнгөрөөв.

Ойрын үед Манзуширын хийдийг зорих хүмүүст хандаж хэлэхэд хунгарласан их цас хайлж, урсахаас өмнө тийш зүглэхдээ бэлтгэлээ сайн хангаж, ядаж л хүрзтэй явахыг зөвлөж байна. Улаанбаатар хотын удирдлага, аялал жуулчлал хариуцсан сайд дарга нар нь “Аялал жуулчлалыг дээд зэргээр хөгжүүлнэ” гэж сайхан амалсаар өнөөдрийг хүрсэн ч ядаж л хаяандаа байгаа Манзуширын хийд хүрэх гурав хүрэхгүй км замыг хатуу хучилттай болгочих сэтгэлгүй байгаа нь үнэхээр “Ухаангүй ноёдод урагшгүй албат” үгийн энэ цагийн сонгодог баталгаа гэдгийг өвлийн улиралд Манзуширын хийдийг зорьсон олон аялагч нүдээр үзэж, биеэрээ шалгасан нь лавтай.

Төв аймгийн Зуун мод хотоос Манзуширын хийд хүрэх гурав хүрэхгүй км зам “там” болчихсоныг биеэрээ үзэж, туулсан базаахгүй тохиолоо түр хойш нь тавиад Богд Дүнжингаравын энгэрт налайх Манзуширын хийдийн талаар багахан мэдээлэл хүргэе.

1921 оны ардын хувьсгалаас өмнө Монгол оронд 700 гаруй сүм, хийд байсан гэдэг. Тухайн үед хийдүүд нь шашин номын үзлээр энгийн ард иргэдийн амьдралаас зайдуу, аглаг уулсад босгосон сүм дугантай, лам нарын амьдрах хороололтой, бурхан шүтээн, хурал номын өргөөтэй цогц байгууламжууд байж. 

Тэгвэл Манзуширын хийд нь одоогоос 360 гаруй жилийн өмнө Богд хан уулын энгэрт бууриа зассан буян номын өргөө аж. "Манзушир" гэдэг нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утгатай юм билээ.

Буддын ёсны оюун билгийг дэлгэрүүлэгч "Манзуширын хувилгаан" анх МЭӨ II зуунд Жагар орноо тодорч, түүнээс хойш Энэтхэгт хоёр, Түвдэд найм, Монголд таван удаа тодрон залгамжлагдсан түүхтэй гэдэг. "Монгол нутагт анх тодорсон Манзушир хутагт нь хөхөгчин гахай жил буюу 1695 онд Хөх нуурын газар мэндэлсэн Агваан лувсанжамбалданзан" гэж түүхэн сударт тэмдэглэжээ. Түүний үндэслэн байгуулсан Манзуширын хийд бол Монгол дахь шарын шашны том төвүүдийн нэг байж. Халхын анхны Манзушир хутагтаар тодорч Түвдэд ном, эрдэм сурч байсан Агваанлувсанжамбалданзанг 1714 онд анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар Монголд урин авчирч, өөрийн багшаар залсан гэдэг.

Халхын анхдугаар Манзушир хутагт долоон тангад ламын хамт 1733 оны хавар Богд хан ууланд хийд байгуулах газар шинжин явтал цагаан чулуугаар сийлсэн "Цагаан өвгөн", хаш чулуун "Найдан" бурхан олдсонд "Билэг шинж үзэгдлээ" гэж үзэн хийдийн шавыг тавьсан гэдэг яриа үе дамжин иржээ. Хийдийн анхны сүм болох "Өвгөн лаврин"-г Сэцэн хааны өргөсөн 800 лан мөнгөний хөрөнгөөр барьсан гэдэг. Манзуширын хийдийг монгол барилгачин, чулуу засагч урчууд, сүсэгтнүүдийн хамт мод чулууг үхэр тэргээр зөөж барьсан байна. Манзуширын хийдийн байрлал нь "Хангарьдын хэлбэртэй" гэх агаад үзэсгэлэн төгөлдөр Богдхан уулын энгэрт газрын налууг дагуулсан хамгийн дээр нь цогчин дуган барьж, бусад барилгуудыг доош нь үелүүлэн барьсан нь холоос харахад үзэмж төгс харагддаг байжээ. Хийдийг 1733 онд барьж эхлээд 1747 онд дуусгасан байна. Манзуширын хийд "Зүүн хойт", "Баруун урд" гэсэн хоёр хүрээтэй. Хүрээ бүр нь дөрвөн арвантай, арван бүр нь даргатай. Хийдээс зүүн урагш овооны энгэрт борчуулын хороо байжээ. Овооны өвөр дэх хороонд тус хийдийн лам бус гар урчууд, сүм суварга босгодог дархан, мужаан, арилжаа наймаа эрхлэгч, ядуус амьдардаг байж. Харин одоо энэ газарт "Овооны энгэр" нэртэй жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг юм билээ. "Манзуширын хийд 14-17 орчим барилгатай байсан" гэж яригддаг. Тус хийдийг нураан сүйтгэхээс өмнө буюу 1937 оны наймдугаар сарын 25-нд хийсэн тооллогоор дуган 10, байшин хоёр, гэр тав, хийдийн хэмжээтэй 500 шахам ам метр, барилгуудын чанар сайн гэж бүртгэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед энэ хийдэд 300 лам, хувраг шавилан сууж ном хурдаг байсан талаар ч бичиж үлдээж. Буддын гүн ухаан, судар тарнийн ёс, түүх, анагаах ухаан, хэл шинжлэл, зурхай, уран зохиол, одон орон, орчуулга зэрэгт мэргэшсэн билэг төгс мэргэд олон байсан гэдэг. Манзуширын хийд гоёмсог барилга, уран сийлбэр, зурмал хатгамал бурханы дүрүүд, хөгжмийн зэмсгүүд гээд шашин урлагийн хосгүй дурсгалуудаар алдартай байжээ. 

Түүний нэг нь дархан Дагва тэргүүтний урласан, дэлхийд цор ганц гэж хэлж болохоор алт мөнгөөр бүтээсэн "Сундуйн жүд", "Доржзодво" судар юм. Мөнгөн хуудсан дээр алтан үсгийг товойлгон сийлж бүтээсэн энэхүү гайхамшигт судруудад 2460 лан мөнгө орсон гэж эрдэмтэд тооцоолсон байдаг.

1937 оны их хэлмэгдүүлэлтэд Манзуширын хийд өртөж, лам нарыг нь баривчилж, хөрөнгө зоорийг хураахад энэхүү гайхамшигт судруудыг хамт хурааж Улаанбаатар хотод аваачсан гэдэг. Манзушир ламтаны хийдийн хөрөнгийг хураахаар ажиллаж байсан дотоод яамны төлөөлөгчид алт, мөнгөн судрыг хурааж ирээд хэрхэх талаар маршал Х.Чойбалсангаас асуухад "Алт, мөнгө шүр сувд их оруулсан үнэхээр сонин түүх дурсгалтай судар байна. Юу ч гэсэн хойноос /ЗХУ-аас/ хариу шийдвэр иртэл Судар бичгийн хүрээлэнд шилжүүлж, бат хадгалж бай" гэсэн тушаал буулгасан гэдэг. Ийнхүү аз завшаанаар үлдсэн дэлхийд хосгүй алт, мөнгөн судрууд өдгөө Монгол Улсын Үндэсний номын санд нандигнан хадгалагдаж байгаа юм. 

Манзушир хийдийн сүүлчийн хутагт Цэрэндорж хилс хэргээр баригдан 1937 оны аравдугаар сард цаазлуулжээ. Мөн тус хийдийн нэр бүхий 53 лам баривчлагдаж ихэнх нь цаазаар авахуулах ял сонссон байдаг. Тэднээс амьд үлдсэн нь цөөхөн гэнэ билээ. Ийнхүү олон зуун жилийн түүхтэй Манзуширийн хийд эзгүйрч, аймгийн яамны шийдвэрээр барилгуудыг нь ийш тийш зөөсөөр хийдийн туурь л үлдэж хоцорсон гунигт түүх бий. Харин хийдийн хойт талын хаднууд дээр сийлсэн бурхадын зураг өнөөдөр ч гэсэн бүрэн бүтнэээрээ үлджээ. Байгаль, түүхийн онцлог бүхий энэ газрыг аялал, жуулчлалын чиглэлээр ажиллуулах саналыг Төв аймгийн тухайн үеийн удирдлагууд гаргаж хийдийн туурь орчинд 1993 онд "Байгалийн музей" байгуулжээ. Одоо энэ орчинд аялал, жуулчлалын "Манзушир тур" бааз ажилладаг гэсэн. Дулааны улиралд Манзуширын музей нь аялагч, жуулчлагчдын хөл тасардаггүй газрын нэг болдог ч зуны улиралд хийд хүрэх замын хажуугийн голын ус хальж машин замыг бас л багагүй хүндрэлтэй болгодог.

Хамгийн гол нь Улаанбаатарын хаяа дэрлэн оршдог Төв аймгийн Авто зам, засвар ашиглалтын компани Манзуширын хийд хүртэлх гурав хүрэхгүй км газрыг хатуу хучилттай болгочихож чадалгүй 20 гаруй жил болж байгаа нь үнэхээр хачирхалтай. Бурханы шашны монголжсон итгэл үнэмшил, соёлыг түгээх төв болж байсан Манзуширын хийд нь дэлхийн анхны дархан цаазат газар Богд хан уулыг онгон төрхөөр нь хадгалж, хамгаалж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа ч тийш очих зам харгуй нь өнөө цагийн шаардлагыг үнэхээр хангахгүй болжээ.

Хэдийгээр Улаанбаатарын олон байгууллага, иргэд “Цасны баяр” хийхээр Мазуширын хийдийг зорьсон ч зарим нэгнийх нь автобус, машин цасанд шигдэж “Цасны баяр”-ыг цас ухах хөдөлмөр болгож байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй.

Мацаж хүрэхэд бэрх Манзуширын хийдийг зүглэсэн хэсэгхэн замыг тун яаралтай хатуу хучилттай болгох цаг болжээ, Төв аймгийн Засаг ноён Д.Баярбат дарга аа.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • 111

      (182.160.3.238) 2017-07-27 14:15
      • 0
      • 0

      Зурмал бухдын дээр барьсан модон сүүдрэвчийг авч хаяад бурхан ил харагддаг болгох хэрэгтэй дээ байгальдаа ил байсан дээр модон сүүдрэвч дотор зурмал бурхан байгаа боловч үзэгдэх харагдах юм гэж алга бөөн элдэв янзын сүү чихэр гэх мэт аялагчдын өргөл ялаа батгана гадаадынхан харахад ,бид өөрсдөө харахад ч гэсэн сүжиг төрөхөөс илүү сэжиг хүрмээр юм билээ.Бурхдыг ил байхад нь хийдгүй байхад нь очиж байсан эд тэндгүй зурмал бурхадтай, хавь орчны байгалийн үзэсгэлэн хослоод маш гоё байсан йодоо үнэхээр муухай болсон байна билээ

      Хариулах

    • 111

      (182.160.3.238) 2017-07-27 14:04
      • 0
      • 0

      Улсаас хөрөнгө мөнгийг гаргаад замыг засаад,Засайн шиг л уул өөд нь шат тавьчихмаар газар ,ОО жорлонгйин асуудлыг нь орчин үеийнхээр шийдээд,зурсан бурхны өмнө идээ будаа өргөөд ялааны үүр болгоод заваараад байгааг нь болиулаад үүдэн дээр нь хүн бүрээс 5000-10000 төгрөгний хураамж авдаг болгоод бурхандаа өргөсөн гэж бодоорой өөр өргөл өргөхийг хориглоно гээд,зурмал бурхдыг нь сэргээгээд жинхэнэ байгаль дээрх бурхдыг сонирхохоор болгомоор байгаа юм Хариуцаж байгаа орон нутгийн удирдлагууд гэж нэг арчаагүй юмнууд Энд ердөө уул өөд үзэмж сайтай шат тавиах ,оо жорлонгийн асуудлыг орчин үеийн тохилог болгох,хог хаях зжрмал бурхдын өмнө элдэв өргөл өргөхийг болиулах ердөө гурван асуудал байгаа юм Хүмүүс байгаль орчин зурмал бурхдыг сонирхож байна шүү дээ

      Хариулах

    • Зочин

      (182.160.37.188) 2016-06-08 20:01
      • 0
      • 0

      Юун зам засах вээ. Хавар морь уралдуулах гээд л зугаа цэнгээ хөөгч биздээ энэ нөхөр

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.135) 2016-02-29 10:27
      • 0
      • 1

      Яг бодож явдаг зүйлийг маань хэлжээ. Хэдэн жилийн өмнө зуны дэлгэр цагт хэдэн гадаадын иргэн аваад очиж билээ. Очоод голын эрэг дагуу жаахан сууж амрах гэтэл энд тэндгүй ялгадас, бөөнмшээс ханхоаад үнэхээр дур гутсан шүү.

      Хариулах