"Оскар 2016" наадмын ялагчид

Twitter Print
2016 оны 02-р сар 29-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Америкийн кино академийн шагнал гардуулах 88 дах удаагийн Оскарын наадам АНУ-ын Лос Анжелес хотын Холливуд дүүрэг дэх Долби театрт болж өнгөрлөө. Наадмын ёслолын ажиллагааг инээдмийн жүжигчин Крис Рок хөтлөн явуулсан юм.  

Кино Академийн хамгийн том наадамд тооцогддог Оскарын шагнал гардуулах ёслолын анхны шагналтан тодорлоо. 

Тус наадам “Шилдэг анхлан бичсэн кино зохиол” номинацаар шилдгийг зарладаг уламжлалтай. Уг номинацид “Bridge of Spies”, “Ex Machina”, “Inside Out”, Spotlight”, “Straight Outta Compton” киноны зохиолууд нэр дэвшнээс “Spotlight” энэ шагналын эзэн болж, Оскарын салхийг хагаллаа.

“Spotlight” 

Найруулагч Том МакКартигийн “The Boston Globe” сонины ажилтнуудын тухай эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай бүтээл нь 2000-аад оны үеийн бага насны хүүхдүүдийг бэлгийн харьцаанд уруу татагч католик шашны хуврагууд болон тэрхүү хүний үнэргүй хүмүүсийг хаацайлж байгаа сүмийн удирдлагуудын тухай уг кинонд өгүүлдэг байна.

"Шилдэг хувцас дизайн" номинацид 

-Carol

-Cinderella

-The Danish Girl

-Mad Max: Fury Road

-The Revenant 

Уг номинацид "Mad max: Fury Road" киноны дизайнер Jenny Beavan Оскарын эзэн болсон бол "Шилдэг дууны найруулга" номинацид тус  кино дахин тэргүүлж Chris Jenkins, Gregg Rudloff, Ben Osmo нар Оскар гардлаа. 

Мөн "Шилдэг нүүр хувиргалт" номинацид "Mad max: Fury Road" киноны уран бүтээлчид болох Lesley Vanderwalt, Elka Wardega and Damien Martin нар тэргүүллээ. Улмаар уг кино нийт 9 номинацид нэр дэвшиж, одоогоор гурван Оскарын эзэд тодроод байна.

"Шилдэг эмэгтэй туслах дүр"

-Jennifer Jason Leigh, The Hateful Eight

-Rooney Mara, Carol

-Rachel McAdams, Spotlight

-Alicia Vikander, The Danish Girl

-Kate Winslet, Steve Jobs нар нэр дэвшснээс Алисиа Викандер "Дани охин" киноны дүрээр Оскар авлаа. Тэрбээр анх удаа Оскарт нэр дэвшиж ийнхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо.

"Шилдэг эрэгтэй туслах дүр"

-Christian Bale, The Big Short

-Tom Hardy, The Revenant

-Mark Ruffalo, Spotlight

-Mark Rylance, Bridge of Spies

-Sylvester Stallone, Creed

“Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацийн эзнээр “Вridge of spies” буюу “Тагнуулчдын гүүр” киноны дүрээр Марк Райланс гардан авлаа. Стивен Спилбергийн бүтээлүүд үргэлж л "Оскар"-ын даллагатай байдаг. Түүхэн драм болох “Тагнуулчдын гүүр” кино ч энэ уламжлалаа алдсангүй.

"Шилдэг график дизайн" 

-Ex Machina

-Mad Max: Fury Road

-The Martian

-The Revenant

-Star Wars: The Force Awakens

Тус номинацид "Ex Machina" кино тэргүүлж Andrew Whitehurst, Paul Norris, Mark Ardington, Sara Bennett нар Оскарын эзэд боллоо. 

"Шилдэг зураглал" 

-Carol

-The Hateful Eight

-Mad Max: Fury Road

-The Revenant

-Sicario

“Revenant” буюу “Амилсан чөатгөр” кино тус номинациар анхны Оскараа гардан авлаа. Emmanuel Lubezki нь “Амилсан чөтгөр” киноны ерөнхий зураглаач юм. Тэрээр сүүлийн гурван жил дараалан "Оскар" хүртээд буй уран бүтээлч. 

"Шилдэг богино хэмжээний баримтат кино"

-Body Team 12

-Chau, beyond the Lines

-Claude Lanzmann: Spectres of the Shoah

-A Girl in the River: The Price of Forgiveness

-Last Day of Freedom

Ингээд Оскарын "Шилдэг богино хэмжээний баримтат кино"-гоор "A Girl in the River: The Price of Forgiveness" тодорлоо. 

"Шилдэг баримтат кино"

-Amy

-Cartel Land

-The Look of Silence

-What Happened, Miss Simone?

-Winter on Fire: Ukraine’s Fight for Freedom

Ийнхүү "Шилдэг баримтат кино" номинацид "Amy" тэргүүлж ОСКАР хүртлээ. Уг кино нь алдарч дуучин Amy Winehouse-ын тухай юм.

"Шилдэг найруулагч"

-Adam McKay, The Big Short

-George Miller, Mad Max: Fury Road

-Alejandro G. Inarritu, The Revenant

-Lenny Abraham, Room

-Tom McCarthy, Spotlight

"Revenant" киног найруулсан Алехандро Гонсалес Иньярриту "Шилдэг найруулагч"-аар Оскар авлаа. Тэрбээр өнгөрсөн жил "Birdman" киногоороо мөн энэ шагналыг авч байсан юм. 

“Шилдэг киноны дуу”

“Шилдэг киноны дуу” номинацийн эзнээр дуучин Сэм Смит шалгарлаа. Тэрээр “Spectre” киноны дуугаар энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ. Уг номинацид дуучин Лэди Гага, Сэм Смит нарын дунд ширүүн өрсөлдөөн өрнөсөн юм. 

Эцэст нь "Шилдэг кино" номинацийн эзнээр “Spotlight” кино хүртлээ. Тэд энэ жилийн наадмын салхийг хагалан “Шилдэг анхлан бичсэн кино зохиол” номинациар анхны алтан хүнийг гардаж авсан юм.

Оскарын наадмын тухай зарим баримтуудыг сонирхуулъя.

Оскарын наадмыг анх 1929 оны тавдугаар сард Холливудын Рузвельт зочид буудалд 270 хүний тусгай хүлээн авалт маягаар зохион явуулж байв. Хүлээн авалтын тасалбар нь тэр үед ердөө таван ам.долларын үнэтэй байжээ. Харин 88 дах удаагийн наадмын тасалбар 69 ам.долларын үнэтэй байна. Тухайн үед 1927-28 оны шилдэг уран бүтээлч, найруулагч, жүжигчид зэрэг 15 хүнд Оскарын шагнал гардуулсан байдаг. Ёслолын ажиллагаа ердөө 15 минут үргэлжилсэн гэдэг.

Учир нь ялагчдын нэрсийг ёслол болохоос гурван сарын өмнө хэвлэлээр зарласан байжээ. Энэ уламжлал 1930 оноос хойш хадгалагдаж нэр дэвшигчдийг урьдчилан зарладаг болсон юм.

Харин 1930 онд болсон Академийн хоёр дахь наадмаас эхлэн зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж сонин, хэвлэлээр өргөн сурталчилдаг болжээ. Мөн “Лос-Анжелес Таймс” сонинтой гэрээ байгуулж ялагчдын нэрийг сонин дээрээ хэвлүүлэхээр болсон байна. Энэхүү сонинд шагнал хүртэгсдийн нэрийг 1941 он хүртэл бүрэн эхээр нь хэвлэсэн юм.

Эхний зургаан шагнал гардуулах ёслолын кино хүлээн авах хугацаа өөр хоорондоо адилгүй байжээ. Тухайлбал, Академийн хоёр дахь шагнал гардуулах ёслолд кино хүлээн авах хугацааг 1928 оны наймдугаар сарын 1-нээс 1929 оны долоодугаар сарын 31 хүртэл хүлээн авч байсан бол 1935 онд болсон академийн долоо дахь шагналд кинонуудыг 1935 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хүлээн авч эхэлжээ. 

Оскарын алтан баримал

Академийн наадмын алтан баримал түүхэндээ долоон өөр загвартай байжээ. Анхны шагнал гардуулах ёслолын үеэр гардуулсан баримлын ерөнхий загвар одоогийнхтой төстэй ч сэлэмний хэлбэр, зогссон байдал нь одоогийнхоо үл ялиг өөр юм. Мөн зургаан төрлийн хүндэтгэлийн шагнал байсан бөгөөд тус бүрдээ өөр загвартай байжээ. Зургаан төрлийн шагнал нь найруулагч, жүжигчин, зураглаач, хөгжмийн зохиолч, хүндэтгэлийн, ард нийтийн зэрэг шагналууд тус бүртээ өөр загвартай байсан гэдэг.

Оскарын шагнал нь 34.3 см, 3.856 кг жинтэй, загалмайтны сэлэм тулан зогсч буй рыцарийг дүрсэлсэн арт-деко стилийн, цул металлыг 24 каратын алт (4.8 гр) болон британи металлаар бүрсэн баримал юм. Барималын суурь нь таван хигээс бүхий кино хальсны дамар юм. Тэрхүү таван хигээс нь Академийн шагналын гол таван төрөл болох зохиолч, найруулагч, жүжигчин, продюсер болон техникчдийг илэрхийлдэг байна. Баримлыг Жорж Стэнли Седрик Гиббоны загвараар урласан гэдэг. Барималыг яагаад Оскар гэж нэрлэх болсон нь одоо хүртэл маргаантай байдаг.

АНУ-ын Кино Академийн анхны ерөнхийлөгч Бетт Девис шагналыг анхны нөхрийнхөө нэрээр нэрлэсэн гэж намтартаа бичжээ. Мөн Кино Академийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга байсан Маргерет Херрикт баримал авга ах Оскартай нь адилхан санагдсан тул ингэж нэрлэсэн тухай яриа бий. 1983-2015 оны хооронд Оскарын баримлуудыг “R.S. Owens & Company”-д захиалгаар хийлгэж байв. Жил бүр Кино академийн наадамд зориулж 50 баримлыг цутгадаг аж. 2016 оны Оскарын баримлуудыг Rock Tavern урлал, дизайны компани хариуцан хийжээ. 

Оскарын эздийг хэрхэн тодруулдаг вэ

Академийн зөвлөлийн нийт гишүүд бүх кинонуудад санал өгдөг. Анхны Оскарын наадмын үеэр 300 гаруй гишүүн л санал өгдөг байсан бол 2012 онд 5872 гишүүн санал өгч байжээ. Тэд бүтэн зургаан сарын турш нэр дэвшсэн бүтээлүүдийг нэг бүрчлэн үздэг бөгөөд тус бүрийн тайлбарыг нарийн бичиж дугтуйнд хийдэг аж. 

1960 оны Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг анх удаа телевизээр дамжуулсан байна. Үүнээс хойш дундаа хоёр, гурван удаа завсарласны эцэст 1973 оноос хойш дундаа нэг ч завсарлахгүйгээр шууд дамжуулсаар иржээ. Шууд нэвтрүүлгийг дамжуулах эрхийг 1950 онд NBC телевиз 180 мянган ам.доллараар авч байсан бол 1960-1970 он хүртэл ABC телевиз, 1980-аад онд NBC телевиз худалдан авчээ. Одоо бүх телевизүүд шууд дамжуулах эрхийн төлөө тэмцдэг бөгөөд шалгуур шаардлагыг биелүүлэхийн төлөө ажилладаг аж.

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.