Б.Болор: ОХУ-д төлөх 3.8 сая ам.долларын өрийг энэ сардаа багтаад ОХУ-д шилжүүлнэ

2016 оны 02-р сар 25-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын намрын чуулган завсарласан энэ өдрүүдэд төрийн ордон эл хуль оргиж, зарим хэсэгт нь барилгын засварчид ажлаа эхэлж будаг шохой болж байна. Эрхэм гишүүдийн олонхи нь алжааж ядарсан биеэ тэнхрүүлж, дэвэн дэлхийгээр хэсч яваа нь тодорхой. Харин Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хорооныхон ажил ихтэй байгаа бололтой.

Харин өнөөдөр болсон “Сайдын цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор оролцлоо. Тэрээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргасан урьдчилсан мэдээллийн хүрээнд 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас  тус тус чөлөөлжээ. 34.7 их наяд төгрөг гэдэг бол маш их мөнгө. Ямархуу хэмжээний хөрөнгө мөнгө ил болсон талаар барагцаалахын тулд дээрх мөнгө нь манай улсын ДНБ-ээс 1.6 дахин, одоо байгаа улсын төсвийг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө гээд ойлгочиход л болно. Өмнө нь мөн ийм хууль гарахад дөрвөн их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болж байсан бол энэ удаа өмнөхөөс найм дахин их хөрөнгө ил болж улсын санд бүртгэгджээ.

Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй учраас ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ.

Уулзалтын дараа сайд Б.Болор сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах гэж байгаа нь үнэн үү? 

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт өнгөрсөн бямба гарагт дууссан. Одоогоор Нийгмийн даатгал, Татвар, Гааль, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрууд энэ хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллээ нэгтгэж дуусаад байгаа. Сервер “унасан” гэсэн шалтгаанаар тайлангаа мэдүүлж чадаагүй гэж зарим иргэд гомдол гаргаж байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд хоёрдугаар сарын 20 хүртэл хугацаа өгсөн. Гэтэл энэ сарын 20-нд бөөнөөрөө орж, серверийн ачааллыг нэмэгдүүлсэн. Одоо хугацааг сунгах боломж байхгүй.

-Тэгвэл Эдийн засгийн ил тодын хууль зорилгоо бүрэн биелүүлсэн гэж үзэж болох нь ээ?

-Өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн. Тухайлбал үүний өмнө буюу 2007 онд гарч байсан ил тодын хуулиас хамаагүй илүү үр дүн гарсан. Одоогоор зарлагдаад байгаа 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө орлого бол эцсийн тоо биш хэдий ч нэг их өөрчлөлт орохгүй байх.

-Энэ их мөнгө чухам ямар салбараас цугласан хэрэг вэ. Дандаа нуун дарагдуулсан татварын орлого юм уу?

-Ил тодын хуулийн хүрээнд 8.3 их наядын татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлсөн байгаа. Мөн Нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болсон цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрсөн.

Түүнчлэн хууль хэрэгжих явцад иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 Нийгмийн даатгалын тайлан, 8140 Гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Товчхондоо Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль төлөвлөсөн зорилгоо бүрэн биелүүллээ. 

-Их хэмжээний нуусан хөрөнгийг ил болголоо. Яг ямар аргаар болон ямар шалтгаанаар хөрөнгөө нууж байгаа вэ. Энэ асуудлыг судалж үзсэн зүйл байгаа юу?

-Олон улсын байгууллагуудын судалгаагаар манай оронд далд эдийн засаг цэцэглэж байна гэсэн судалгаа гардаг. Энэ судалгаан дээр үндэслэн уг хуулийг өргөн барьсан. Хэрэгжилтийг үр дүн нь сайн гарлаа. Манайхан яг хаанаас ямар байдлаар хөрөнгө орж ирж байгаа вэ гэдгийг тогтоохоор судлаачид ажиллаж байна. 

-Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд ар гэрийнхнийг нь хамруулах боломжгүй байна гэсэн. Энэ асуудал яах вэ?

-Хуулийнхаа хүрээнд явна. Хөрөнгө орлого мэдүүлдэг хүмүүс үүнд огт хамрагдаагүй. Анх Засгийн газар хуулийг өргөн мэдүүлэхдээ хамруулахаар тусгасан байсан. Бүгдэд нь тэгш хандах зарчим барьсан. Гэвч УИХ-ын төвшинд хуулийг хэлэлцэхдээ хөрөнгө орлого мэдүүлдэг иргэн хамрагдах ёсгүй гэж үзсэн учраас хуулийн хүрээнд л явна.

-Сангийн яам, Монголбанкнаас шалтгаалан орон сууцны таван хувийн зээл хүлээлтэд орлоо. Ямар асуудлаас болж гацаад хэрэгжихгүй байгаа юм бэ?

-Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгох ажлыг хийнэ. Монголбанктай Сангийн яам хамтран ажиллаж байгаа. Хамгийн ойрын хугацаанд шийдэхээр төлөвлөж байна. Засгийн газраас журам нь батлагдсан.

-ОХУ-д төлөх 3.8 сая ам.долларын өрийг хэдийд шилжүүлэх бэ?

-ОХУ-д төлөх өрийн асуудлаар хэвлэл мэдээллээр нэлээд шуугисан. Энэ асуудал өөрөө нэлээд эртнээс хоёрын улсын хооронд яригдсан асуудал. ОХУ-д төлөх өр нь 3.8 сая ам.доллар байгаа. Засгийн газар төсөв батлуулахдаа энэ мөнгийг суулгаж өгсөн. Тийм учраас 3.8 сая ам.долларыг энэ сардаа багтаад ОХУ-д шилжүүлэх боломжтой.

-Улсын төсөв ямар байгаа вэ?

-Төсвийн орлогын биелэлт 90 гаруй хувьтай байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй эерэг үзүүлэлт. Төсвийн бүрдүүлэлтийг хангах хүрээнд Сангийн яам, Гааль, татварын газар нэлээд хүчин чармайлц гаргаж ажиллаж байгаа. Өмнөх онуудыг харахад нэгдүгээр улирлын эхний саруудад төсвийн орлого тааруухан бүрддэг байсан. Бид ямар ч байсан цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, орон нутаг руу шилжүүлэх мөнгөнүүдээ цаг тухайд нь хийгээд явж байна.

-Засгийн газраас бонд босгох талаар дахин ажиллах уу. Ер нь бондоор хэдий хэмжээний хөрөнгө босгох төлөвлөгөө байсан юм бэ?

-Хүү өндөр байгаа учраас бонд авах талаар дахин ямар нэгэн алхам хийх төлөвлөгөө алга. Яг хэдий хэмжээний хөрөнгө босгох талаар ярилцсан зүйл байхгүй байна.

-Бонд авч чадахгүй болсон гол шалтгаан нь зээлийн хүү өндөр байгаатай холбоотой юм байна. Хэрвээ хүү буурвал бонд босгох ажлын эхлүүлэх үү. Хүү хэд байвал Засгийн газарт ашигтай вэ?

-Зээлийн хүү мэдээж нэг оронтоо тоо руу орсон нөхцөлд бондын талаар ярилцах боломжтой.

-Хятадын экспорт, импортын банкнаас 1.3 тэрбум долларын зээл авах гэж байна гэсэн мэдээлэл бий. Хэзээ ажил хэрэг болох вэ?

-БНХАУ-тай өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр тохирсон хөнгөлөлттэй зээл байгаа юм. Энэ асуудлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн долоо хоногт Бээжинд очиж, албан уулзалтууд хийгээд ирсэн. Төслүүд анхнаасаа тодорч, ирэх дөрвөн сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

-Энэ ондоо багтан эдийн засаг сэргэх үү. Иргэдийн худалдан авах чадварыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 50 шахам хувиар буурлаа. Мөнгөний нийлүүлэлт мөн буурсан мэдээ бий. Үүнээс болж, иргэд, аж ахуйн нэгжүүд бүсээ чангалах уу, яах вэ гэж байна. Энэ хүрээнд хийсэн судалгаа байна уу, төлөв яаж гарч байна?

-Хойд хөрш ОХУ-ын эдийн засгийн өсөлт хоёр жил дараалан хасахтай гарлаа. Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жилд байгаагүй өсөлттэй гарлаа. Зүүн европ, баруун европын орнууд гээд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Монгол орон өөрөө үйлдвэрлэгч орон биш, түүхий эдээс маш их хамааралтай. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын олон улсын байгууллагаас гаргасан судалгаа, CNN, Bloomberg мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээллийг харахад Гацууртын ордыг ашиглах, Оюутолгойн далд уурхай хөдөлсөн, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого нь эергээр нөлөөлж тодорхой хэмжээний эерэг үр дүн харуулах бололцоо харагдаж байна. Гадны экспертүүд хэлж байна, дотоодын эдийн засагчид ч хэлж байгаа. Гол нь улс төрийн нөхцөл байдлаас хамаарна. Эдийн засгаа сайжруулах шаардлагатай байгаа үед улстөрчид нэгдмэл байж, улс төрийн популизмаас татгалзаж, эдийн засгаа “алах”-ааргүй юм руу яваасай л гэж бодож байна.

2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр бууруулах хуулийг УИХ-аас баталснаар хөрөнгө оруулалт буурсан. Хэдий нөхцөл байдал амаргүй байсан ч эдийн засгаа зөв гольдролд нь оруулах төсөв оруулж ирж байсныг та бүхэн санаж байгаа байх.

-УИХ-ын намрын чуулганаар Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хэд хэдэн хууль баталсан. Хэдий хэмжээний татварын чөлөөлөлт хийгдсэн бэ, төсөвт нөлөөлөх үү?

-Хуулийн төслийг өргөн барих үеэрээ төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээг байнга хийж байгаа. Хуулийг баталснаараа орлого яаж нэмэгдэх вэ гэдгийг судалж байгаа. Судалгаа дууссаны дараа нэгдсэн мэдээлэл өгнө.

-НӨАТ-ын азтан болсон ч хонжвороо авч чадахгүй байна гэсэн гомдол Засгийн газрыг 11-11 төвд ирсэн. Энэ асуудлыг судалж үзсэн үү?

-Энэ асуудлыг судалж үзсэн. Судалж үзээд саадгүй олгохоор болсон.

-Оюутолгой, Гацууртын орд гацаанаас гарлаа. Ер нь энэ оны төсөвт тусгагдаагүй орлогын томоохон эх үүсвэр гарч ирж байна уу?

-Ер нь бол том бүтээн байгуулалт явж эхлэхээр том зургаа харахаар эдийн засагт өгөх өгөөж нь их л дээ. Ер нь зах зээлийн эдийн засагт хувийн хэвшлээ дэмжих ёстой. Бид сүүлийн 20 гаруй жил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн сэтгэлгээнээс гарч чадалгүй өдий хүрлээ. Том төслүүд явснаар эдийн засагт өгөх өгөөж нь нэмэгдээд ирэхээр татварын орлого нэмэгдээд ирэхээр орлогын эх үүсвэрүүд нэмэгдэх боломжтой. Үүнийг төсвийн тодотголын үеэр яриад явна.

-Гадаадын хөрөнгө оруулалт өнөөгийн нөхцөлд ямар байдалтай байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт одоогийн нөхцөлд маш бага байна. Ерөнхийдөө өсөлт ажиглагдаж байгаа. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хууль батлагдсантай холбоотой. Мөн томоохон төслүүдийг дагаж жижиг хөрөнгө оруулагчид орж ирэх хандлага ажиглагдаж байна. Сая Унгарын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ тал дээр нэлээд асуудлууд яригдсан. Тиймээс хөрөнгө оруулалтууд нэмэгдэх боломжтой.

-Төрийн байгууллагаас тэтгэвэртээ гарч байгаа иргэд тэтгэмжээ авч чадахгүй байна гэж байна. Сангийн яам тэдгээр иргэдэд мөнгө байхгүй хэмээн буцааж байгаа тухай иргэд ярьж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Ер нь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг ямар ч саадгүй олгож байна. Ганц нэг гомдол ихэнхдээ иргэдтэй өөрсөдтэй нь холбоотой байдаг. Бичиг баримтын бүрдэлгүй дутуу байх жишээтэй. Энэ тал дээр яам иргэдтэй хамтарч ажиллаж байгаа. Энэ санхүүжүүлтийн яам өгч байгаа.

-Ээлжит бус чуулганаар Татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулж байна вэ?

-Татварын хуулийг чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгож байгаа. Үүнийг УИХ-аас ажлын хэсэг гарч ярилцсан. Хаврын чуулганаар баталж гаргана.

-Төсвийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэсэн компаниуд мөнгөө авч чадахгүй байгаа. Мөнгийг нь хэзээ шилжүүлэх вэ?

-Ажил нь 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг 80 гаруй тэрбум төгрөгөөр барагдуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу санхүүжилтүүд олгогдоод эхэлсэн.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.