БНХАУ-аас зээлэх 1.3 тэрбум ам.доллараар "МСS"-ийг аврах уу

Twitter Print
2016 оны 02-р сар 25-нд 09:52 цагт
Мэдээний зураг,

Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос Гашуунсухайтын боомт хүрэх учиртай 267 км төмөр замын асуудал Монголын улстөрчид, бизнесийн бүлэглэлүүдийг 10-аад жил талцуулан тэмцэлдүүлж, хэн хүчтэй нь тас хөндөлдөн зогсоор өнөөдрийг хүртэл баригдаагүй.

Улстөрчид, бизнесийн бүлэглэлүүд Тавантолгойн баялагт эзэн суухаар хэмлэлдэж байх хойгуур Монголын нүүрсний үнэ шалдаа буутал унаж, өнөөдөр Тавантолгойн баялаг бараг л үнс болчихсон. Түүнчлэн анх өөрийн хөрөнгөөр Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замыг барихаар зориглон хөдөлсөн ч “Женко” Х.Баттулга болон олон улстөрчид, бизнесийн бүлэглэлүүдийн хатуу эсэргүүцэлтэй тулгарч уг төслөө булаалгасан “МСS” групп буюу “Энержи ресурс”-ын хувьцааны үнэ өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар Олон улсын зах зээл дээр 37 хувиар унаж, 3-хан Хонгонк центтэй тэнцэх болсноор дампуурлаа зарлахад тулаад байгаа.

Монолчуудыг хэд хуваагдан тэмцэлдэж байх хойгуур БНХАУ-ын нүүрсний зах зээлийг Австраличууд хяналтандаа авч, үндсэндээ Монголын нүүрс дэлхийн хамгийн том зах зээлээс хүссэн хүсээгүй шахагдсаар байгаа юм. Тэгвэл Монголын эрх баригчид өнөөдөр “Оройтсон борооны араас цув нөмөрч” Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүрэх 267 км төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа 1.3 тэрбум ам.долларыг БНХАУ-ын “Exim” банкнаас зээлэхээр яаравчилж байгааг “Bloomberg” агентлаг мэдээлсэн. Одоогоор уг төмөр зам тавих төслийг хөрөнгө мөнгө дутагдсаны улмаас түр зогсоогоод байгаа юм.

“Монголын Төмөр замын удирдах газар болон Хятадын “Exim” банкны төлөөлөгчдийн уулзалтын үеэр зээл олгох талаар тохиролцсон” гэж уг төслийн удирдагч И.Идэш мэдээлсэн байна лээ.

Одоо яригдаж байгаа 240 км урт төмөр зам нь Монгол Улсын бүх төрлийн уул уурхайн баялагийн үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байгаа энэ үед нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх болон Монголын худалдааны томоохон түншийн хувьд тээврийн зардлын өртгийг багасгах боломж олгох учиртай.

Сүүлийн үед цацагдаж байгаа мэдээллээр бол манай Засгийн газар БНХАУ-ын санхүүгийн тусламжийн оронд нийлүүлэлтийн баталгаа олгох талаар тохиролцож магадгүй байгаа аж. Энэ нь анх төслийг өөрийн хөрөнгөөр эхлүүлэх гээд бүтэлгүйтснээс улбаалан өнөөдөр дампуурлаа зарлахад ойртоод байгаа “МСS” группт Тавантолгойн ордыг барьцаалан эзэмшүүлэх зөвшөөрөл олгож, дампуурлаас нь аврах тохиролцоо хийгджээ гэсэн хардлага улстөр, бизнесийн бүлэглэлүүдийн хүрээнд үүсгээд байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.

Төслийн удирдагч И.Идэшийн хэлснээр, дээрх зээлтэй холбогдох гэрээнд удахгүй гарын үсэг зурах төлөвтэй байгаа бөгөөд энэ тохиолдолд төмөр зам тавих ажил 2018 он гэхэд дуусах гэнэ.

“Bloomberg” агентлагийн тэмдэглэснээр Бээжингээс олгох зээлийн гэрээнд хятад ажилчдыг төмөр зам тавихад оролцуулахаар тохиролцсон аж. Ингэснээр Өмнөд Солонгосын барилгын “Samsung C&T” компанитай байгуулсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам байгуулах гэрээ хүчингүй болж, оронд нь БНХАУ-ын компаниуд орж ирэхээр болж байгаа ажээ. Сануулахад Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслөөс болж Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Өмнөд Солонгосын барилгын “Samsung C&T” компанийн захирал Ли Жон Гёл нар 30 сая ам.долларын асуудалд холбогдон хоригдсон бөгөөд одоогоор энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа билээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.