Сайн явах санааных

Twitter Print
2016 оны 03-р сар 06-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Өглөө ажилдаа очих санаатай автобусны буудал дээр зогсч байтал нэгэн жижгэвтэр жийп машин тулж ирээд зогсдог юм байна. Цонхоор нь нэг л танил толгой цухуйсан нь олон жилийн өмнө дунд сургуулийн нэг ангид сурч байсан нөхөр минь байлаа. “Нарантуул”  зах дээр  гэр бүлээрээ цайны газар ажиллуулаад нэлээн  удаж байгаа нэгэн л дээ.

Хааяа нэг “Нарантуул” орвол түүний ажиллуулдаг цайны газраар орж гайгүй амттай хоолыг нь буудаж явсан удаа цөөнгүй. Эхнэр нь сайн тогооч юм билээ. Орох болгонд л жижгэвтэр хоолны газар нь үйлчлүүлэгчдээр дүүрэн байх. Манай ангижав ч хэзээний л улаа бутраад хөлс нь бурзайчихсан хоол түгээж зогсоно. Товчхондоо ашиг орлого сайтай хөөрхөн мөнгө хураагаад л байгаа хоёр л доо. Харин ганц гэм нь хэзээ хаана ч уулзсан ангийн маань нөхрийн амнаас олигтойхон үг бараг л унахгүй дээ. Өглөөхөн уулзахад л “Манай энэ хавийн замын бөглөрөл гэж, ёстой нэг там юм аа. Ингэж байхаар бүр хаачихдаг болоосой. Энэ муу ямбий тэрэг бас л доголдоод эхэллээ. Сая Цагаан сарын өмнөхөн л үзүүлсэн юмсан.

Бас л хэдэн төгрөгөөр засуулсан болохоос доо. Аа тэгээд манай машин засдаг нэртэй гарууд юу ч хийж чадахгүй мөртлөө амандаа орсон үнийг нэхээд суучихна даа. Замын бөглөрөл дунд гэлдрүүлсээр байтал нэг л мэдэхэд орой болчихсон байх юм. Ёстой нэг завхарсан юм. Өчигдөр орой нэг жаахан хатуурчихсан айраг уучихсан чинь гэдэс эвгүйрхээд хэрэг алга аа” гээд өнөөх л хэдэн олиггүй үгээ үглэж явсан. Офицеруудын ордны буудлаас 13 дугаар хорооллын уулзвар хүрэх хооронд ангижавын маань амнаас ганц ширхэг гялтайх гэрэлтэй үг гараагүй л юм даа. Ангижавынхаа амнаас унадаг олиггүй үгсийг бодон бодон үүнийг бичиж сууна.

Сайн явах санааных

Бидний амьдралд тохиолдож буй юм болгон учир утгатай байдаг нь бидний өөрсдийн үйлдэлтэй нягт холбоотой, эх үүсвэртэй болохоор хэн ч бай амьдралдаа илүү хүндрэл, бэрхшээл амсахгүйн тулд өөрийгөө өөрчлөх, хэнд ч, юунд ч бүр өөртөө ч муу юм хийхгүй байхыг хичээх хэрэгтэй юм байна. Хэн ч гэсэн амьдралдаа тохиолдсон хариуцлагыг үүрэх л ёстой. Хүн бүрийн оюун санаанд сайн, муу бодол эргэлдэн байдаг.

Сайн нь давамгайлан муугаа устгавал аз жаргалтай, эрүүл саруул байж түмэн олноороо хүрээлүүлж чаддаг. Харин муу санаа нь давамгайлбал бурууг бусдаас хайж, хариу үйлдэл хийсээр байгаад насыг бардаг ажээ.Үүнийг монгол ардын зүйр цэцэн үгэнд “Санаа муут яван хатна, сарьсан багваахай наранд хатна” гэж хэдхэн үгээр гайхамшигтай онож хэлсэн байдаг.

Аливаа хүн өнөөдрийнхөө эдэлж, амсаж яваа аз жаргалаа өөрөө ойлгож, мэдэрч сурвал аз жаргал таныг тойроод л байж байгаа. Харин аливаа аз жаргалыг хаа нэгтээгээс хайгаад байвал зовлон л нэмэгдэнэ. Хүн өөрөө аз жаргалтай байгаагаа мэддэггүй учир нь амьдралд тохиолдсон элдэв муу муухай зүйлийг  ухаан бодлоосоо таягдан хаяж чадахгүй, тархи толгойдоо агуулсаар л байдгаас болдог байна.

Хүн болгон “Сайн явах санааных” гэдэг гуравхан үгний утга учрыг ухан бодож, санаж сэрж  явахад л бүх зүйл тэгшрээд явчихна. Хүн маш агуу, маш хүчтэй, хүн мөрөөдлийнхөө дуусашгүй  их хүчээр амьдардаг. 

Аз жаргал

Аз жаргал бол замгүй зам, зорилгогүй зорилго юм. Хүн болгон л аз жаргалтай амьдрах юм сан гэж боддог. Гэтэл тэр аз жаргал нь ердөө ч олдохгүй байх шиг санагдах нь бий. Тэгээд л хэзээ нэгэн цагт аз жаргалтай болно доо гээд хүлээгээд л байдаг. Харин хүлээгээд ирдэггүй, хайгаад олддоггүй тэр аз жаргал маань өөр хаана ч биш бид бүгдийн зүрх сэтгэлд л байж байдаг.

Ямар ч хүн аз жаргалтай байгаагаа мэдэрдэггүй. Тиймийн тулд өнөөдрөөс эхлээд л өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлж байгаагаа мэдрээд сурчих хэрэгтэй. Аливаа бурууг бусдаас хайх хэрэггүйн дээр  өөрийнхөө талаар үргэлж өөдрөгөөр бодож явах ёстой. Бэлгэ дэмбэрэлгүй үг хэллэг болох “үгүй, байхгүй. чадахгүй, болохгүй, миний ажил бүтэхгүй байна, надад аз жаргал хэзээ ч ирэхгүй байх” гэх зэргээр хэлэхгүй байхыг хичээхийн дээр  үглэх, уурлах, загнах, хардах, гомдох нь өөртөө байгаа аз жаргалыг үгүй хийх хамгийн энгийн бөгөөд хялбархан түгээмэл арга юм. Хэн ч бай баярлаж догдлох болгонд нь сайн сайхан энерги, эрчим хүч наалдан шингэж байдаг. Гудамжаар алхаж явахад хэн нэгэн сайхан бүсгүй ойр хавиа цэлмэтэл инээмсэглэсээр зөрөн өнгөрөхөд  сэтгэл сэргэх шиг л болдог шүү дээ.

Хүнээс ялгарч байгаа сайхан энерги бүхнээс  бага гэлтгүй хүртэх л хэрэгтэй. Ер нь аз жаргалд саад болдог гол хүчин зүйл нь өөрийгөө дутуу үнэлдэг хүнд л тохиолддог бусдыг муулж, хорлох гэсэн  атаархал, хорон үйлдэл, амны бэлгэгүй чалчаа яриа тэргүүтэн л байдаг. Дотор сэтгэлдээ хар хорон санаа агуулж явдаг хэн ч гэсэн хавь ойрынхоо хүмүүсээс илүү гарах гэж яваад амьдралын гол чиг шугамаа алдаж, хамаг сайн сайхан аз жаргалаа гээчихдэг билээ. Энэ бүхнийг ухаалаг, гэгээлэг замаар шийдэх шийдэл нь  аливаа хүн аз жаргалыг өөрөөсөө гэрэлтүүлж , өрөөл бусдаас цуглуулж авч сурах нь л гол юм.

Найздаа хандах үг

Арван жилийн ангийн нөхөр минь дараа уулзахад түвшин бэлгэтэй, дүүрэн жаргалтай мэндийн сайхан үгстэй золгоорой.Өдөр бүрийг баяр жаргалтай өнгөрүүлж, орой бүр  гэр лүүгээ  инээмсэглэл цацруулан яаран яаран зориорой. Алтан нарны доор өдөр бүр амьдарч яваа тань их хувь заяа, хэмжээлшгүй аз жаргал шүү.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.