Улстөрчид мөн ч ална шүү

Twitter Print
2016 оны 02-р сар 21-нд 13:07 цагт
Мэдээний зураг,

Хэд дахин үзсэн ч уйддаггүй 1960-1980-аад оны Монголын уран сайхны олон кино байдаг. Тэдний нэг “Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр нэгэн харамч баян “Манайхан хүнийг нэг муу хэлэхээрээ мөн ч ална шүү” гэж хэлдэг. Яг л тэр үгийг сүүлийн үед Монголын улстөрчид ар араасаа амнаасаа унагах болов. Тухайлбал Улаанбаатарчууд байтугай нийт Монголчуудад “Газрын наймааны загалмайлсан эцэг” нэрээр танигдаж, алдаршсан МАН-ын дарга М.Энхболд саяхан “news.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “Улаанбаатарын газраас сөөмийг ч зараагүй” гэсэн нь хэлээгүй л болохоос “Манайхан мөн ч ална шүү” гэсэн үгийн одоо цагийн хувилбар юм.

Нээрээ л “Хотын газраас сөөмийг ч зараагүй” байхад нь “Газрын наймааны загалмайлсан эцэг”-ээр өргөмжилчихсөн бол Монголчууд мөн ч жудаггүй, муухай цуурдаг хүмүүс юм.

Тэгж байтал ганц М.Энхболдоор тогтохгүй МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүртэл “Авлигын загалмайлсан эцэг” хэмээн хударгагүй ноцож, цусгүй дайрцгаасан, өнөөдөр ч дайрч л байгаа. Гэтэл Н.Энхбаярыг Г.Шийлэгдамба шиг албан өрөөндөө авлига авч, цүндийсэн цүнхтэй мөнгө тоолоод сууж байхыг нь ганц удаа ч гардаж бариагүй хэрнээ “Авлигын загалмайлсан эцэг”-ээр өргөмжлөөд байгаа нь тун ахадсан өргөмжлөл гэдгийг рецедив гэмт хэрэгтнүүд санал нэгтэй тогтоогоод байгаа.

Гэхдээ дээрх хоёр эрхмийн эсэргүүцэл, нотолгоогүй гүтгэлэг гэгчээр нь Монголын бүх улстөрчдийг өндөг шиг өөгүй, хир нүгэлгүй гэж ойлгож огтхон ч болохгүй.

Ер нь Монголын эрхэм улстөрчид хэлсэн үг, хийсэн үйлдлээ эргээд нэг сайн харж, ирээдүйн ажил үйлсээ төлөвлөж, "Хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав" болж явбал ядаж л нэр ус нь цэвэршиж аливаа сонгуульд нүүр бардам, толгой цэх орох нигууртай санагдана. Одоо жишээ нь эрхэм Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат "2020 он гэхэд Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Тамсагаас түүхий нефть дамжуулах шугам татчихна" гэж тун сайхан амлаад байгаа. Хэрвээ ажил хэрэг болчихвол маниус нь Монгол бензинээ дүүргэж аваад эх орноо тойрч давхиад байх боломжтой болж, баярласандаа магнайгаа хагартал мөргөлдөх хэрэг гарна. 

Харин эрхэм сайдтан Д.Эрдэнбат энэ сайхан амлалтаа 2016 оны сонгуулийн шоу болгоод өнгөрвөл Д.Эрдэнбатын магнайг хагартал, дахиж үзэгдэхгүй болтол нь хараах нь тодорхой. Ер нь ингэхэд мань эр хааяа хараалгах үгээ өөрөө л хэлчихээд байдаг гэмтэй. Тухайлбал хоёрхон жилийн өмнө л "Өдрийн сонин"-д ярилцлага өгөхдөө "Худлаа ярьж байгаа юм биш, долларын ханш 1000 төгрөгөөс буурна" гээд аваад хаячихсан. Мань эрийн үгээр бол шалчийтлаа унаж 1000-аас доошоо орох ёстой байсан нөгөөх ногоон цаас өнөөдөр улам л тэнгэрт ойртон 2028 болж манай муу төгрөгийг хэмх дээрэлхээд байгаа. Ингэхээр эрхэм сайд Д.Эрдэнбатыг барьцгүй туусных нь төлөө магнайг нь хагартал хараах уу, аль эсвэл ерөөх үү та минь.

Монголын улстөрчдийн хэл ам, хэрүүл шуугиан тасарна гэж байхгүй. Энэ өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийх гэж хэрхэн мунгинаж, мундараа хутгаж байгааг Монголын нийгэм тэр аяараа харж, гайхан шогширсоор суугаа. Тэгтэл УИХ-ын энэхүү мунгинаанаас өмнөхөн буюу энэ сарын 13-ны өдөр Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нисэх гэж байсан МИАТ-ийн ОМ135 дугаар аялалыг 33 минут саатуулж дөнгөсөн Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нарын гишүүд одоо болохоор эргэн заалдаж, МИАТ-ын дарга нартай “Тооцоо бодох” ухааны юм яриад яваа.  Тэдний хувьд анхнаасаа энгийн суудалд суух онгоцны тасалбар бичүүлж.  Гэвч онгоцонд орж ирэнгүүтээ “Энэ тасалбараар чинь нэгдүгээр зэргийн суудалд сууна, бид чинь Шадар сайд УИХ-ын гишүүд байна” хэмээн цамнаж өгсөн байдаг. Хэрвээ хэн нэгэн Дорж, Дондог МИАТ-ын онгоцыг 33 байтугай гурван минут саатуулсан бол бөөн торгуульд орж, хэрэг бишдвэл дээлээ толгой дээгүүрээ ч нөмрөх нигууртай. Харин эрхэм Монголын улстөрчид ял зэм сонсох нь байтугай эргэн ноцож бие биерүүгээ чихээд өнгөрч байгаа. Тэдний хувьд мөн л “Манайхан нэг цуурахаараа мөн ч ална шүү” гэсэн шүү юм ам амандаа үглээд л гэлдэрцгээж байна.

УИХ-ын гишүүд томчууд нь ингэж бужигнуулж явахад дүүргийн Засаг ноён ч мөн л мөчөөгөө өгөхгүй “Би байгаа шүү, ирэх сонгуульд үзэж тарна” гэдгээ нэлээн хатуухнаар буюу жирэмсэн эмэгтэйд эр бяраа гаргаж Монголын нийгэмд мэдрүүлэв. Тэр омогтой, бяртай эрхэм нь Баянзүрх дүүргийн Засаг ноён Д.Пүрэвдаваа гэгч юм. Энэ эрхмийн талаар байсхийгээд л базаахгүй мэдээлэл цацагддаг. Хэдэн хорооныхоо Засаг дарга нарыг бээлий шигээ л сольж, хөөгөөд явуулдгаараа ихэд алдаршиж яваа нэгэн. Байсхийгээд л нэг хорооныхоо Засаг дарга хүүхнийг нус нулимастай нь хутгаад байдаг боевик нөхөр гэж байгаа. Эр чадалдаа эрдэж эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад сурчихсан мань эр боломж л олдвол ажилчдаа дарамталж, хууль зөрчин халж, томилоод зогсохгүй, Хэлтсийн дарга эмэгтэйгээ хөл хүнд байхад нь зодож дарамтлан хэл амаар гайгүй сайн доромжлоод авсан юм билээ.  

Дур зоргоороо авирлаад сурчихсан Засаг ноён Д.Пүрэвдаваад зодуулсан Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ “2014 оноос хойш байнга орилж хашгичиж, өрөөндөө оруулж ирж байгаад зоддог болсон. Зөвхөн надад ч гэлтгүй бүх хүнтэй тэгж харьцдаг. Хамгийн сүүлд 2015 оны арваннэгдүгээр сард, энэ оны хоёрдугаар сард тус, тус биед ноцтойгоор халдсан. Улмаар арваннэгдүгээр   сард биед халдсанаас тархиндаа гэмтэл авч, тэр нь одоо нугасандаа нөлөөлөөд, суулт өгч эхэлсэн.

Мөн тухайн үед Д.Пүрэвдаваад зодуулж, сэтгэл санааны дарамтад орсноос эхэс ховхролт өгч, цус алдан эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэхэд араас хүн явуулж, дөнгөж төрсөн, нярай биетэй эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн дунд дарамтлуулсан гээд зөндөө асуудал байгаа” хэмээн ярилцлага өгсөн байна лээ.

Тэгвэл Хэлтсийн дарга Н.Эрдэнэтэйгээ зад заргалдаж байгаа Засаг ноён Д.Пүрэвдаваа энэ цаг үед хариу мэдээлэл хийж “Яагаа ч үгүй байхад мөн ч муухай гүтгэж байна. Манайхан хүнийг муу хэлэхээрээ мөн ч алах юм аа” гэсэн шүү юм яриад сууж байгаа нь тодорхой. Монголын улстөрчид өө гэж, мөн ч өндөг шиг өөгүй цэвэрхэн хүмүүс шүү.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.