З.Энхболд: АН дангаараа Засгийн эрх баримаар байна. Бидэнд саад тээг олон байна

Twitter Print
2016 оны 02-р сар 18-нд 15:34 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд Монголчуудыг оройлон оролцсон МоАХ-ны анхдугаар их хурал хуралдсаны 26 жилийн ойн баярын өдөр тохиож байгаа аж. Энэ түүхэн өдөртэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Р.Гончигдорж, МоАХ-ны тэргүүн УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар мэдээлэл хийв.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.

-Таны захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийх байсан. Тэгвэл хоёр хоног өнгөрчихөөд байхад өнөөдөр ч эрхэм гишүүдийн ирц бүрдэхгүй байна. Та энд ямар тайлбар хийх вэ?

-Ээлжит бус чуулганы нээлтийг хийх гээд ирц бүрдэхгүй байна. Өнөөдөр Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг манлайлж ялалтад хүргэсэн МоАХ-ны анхдугаар их хурал хуралдсаны 26 жилийн ойн баярын өдөр. Өнгөрсөн 26 жилийн түүхийг эргэн харахад манай ард түмэн АН дангаараа төр засгаа байгуулах эрх өгч, боломж олгоогүй. Өнөөдрийн ирцийг харвал АН-аас гадаадад томилолттой байгаа Д.Бат-Эрдэнэ гишүүнээс бусад нь хүрэлцэн ирсэн байна. ИЗНН-ын хувьд С.Оюун дарга гадаадад хуралд оролцож байгаа юм билээ. Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй олон асуудал бий. Байдал ийм байгаа учир УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж Зөрчлийн тухай, Барилгын тухай, Хүүхэдтэй холбоотой хоёр хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн эцсийн найруулгыг уншиж, хэлэлцэн шийдвэрлэх хэрэгтэй байна. Хэрвээ ирц бүрдсэн бол ийм чухал хуулиудыг өнөөдрөөс хэлэлцээд яаралтай батлах ёстой байсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүн гэж цалин аваад явж байгаа МАН, МАХН-ын гишүүд хуралдаа суухгүй, төр засгийн ажлыг гацааж байна. Хэрвээ ийм байдлаар ирц бүрдэхгүй бол дээрх хуулиуд ирэх дөрөвдүгээр сарыг хүлээхээс өөр аргагүй болж байна. Түүнчлэн Татварын тухай, Аж ахуйн нэгжийн тухай, Хувь хүний орлогын албан татварын гээд нийгэмд хүлээлт үүсгэсэн чухал хуулиудыг хэлэлцэх гэхээр ирц бүрдэхгүй байна. Уг нь энэ 14 хоногт эдгээр ажлуудаа амжуулаад хоёрдугаар сарын үлдсэн хоногуудад гишүүд тойрогтоо очиж ажиллах учиртай юм. Тэгвэл МАХН-ынхан тойрогтоо очоод “Н.Энхбаяр даргыг Шадар сайд болгоогүй учир хуралдаа суугаагүй” гэж ярьж явах юм болов уу.

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр гарчихаад байхад Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчихгүй юу?

-Нэгдүгээрт Үндсэн хуулийн цэц УИХ-аас баталсан хуулийг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Х.Тэмүүжингийн санаачилсан хууль гарахаас өмнө хууль зөрчсөн эсэхийг шүүх тогтоодог байсан. Харин Х.Тэмүүжингийн хууль гарснаар эрх бүхий байгууллага тогтоодог болсон. Гэтэл энэ хоёрыг аль алиныг нь хүчингүй болгосон учраас Үндсэн хуульд заасны дагуу хууль зөрчсөн эсэхийг УИХ тогтоогоод явна. Хоёрдугаарт Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаагийн хувьд хүчин төгөлдөр болоогүй хуулийг хэрэглэж болохгүй гэдэг бичиг ирүүлсэнийхээ төлөө огцрохоор асуудал нь яригдаж байгаа юм. Яагаад гэвэл тухайн хууль хүчин төгөлдөр эсэхийг хэлдэг газар нь ганцхан УИХ юм. Ийм тодорхой алдаанаас болоод л Ж.Амарсанаа гэдэг хүнд хариуцлага тооцох тухай яригдаж байгаа. 

-МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтай байдал дуусаагүй учир Шадар сайдаар томилж болохгүй гэж АТГ-аас бичиг ирүүлсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлыг Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Хэрвээ АТГ-аас хуулийн дагуу Н.Энхбаярын нэрийг Шадар сайдад өргөн мэдүүлж болохгүй гэсэн л бол АН хүчлэн шахаж болохгүй. Бид хуулийн дагуу л ажиллах ёстой.

-Хамгийн сүүлд МАН-ынхан таныг огцруулах асуудлыг албан ёсоор тавина гэж дуулдаж байна. Таныг УИХ-ын гишүүдийг ялгаварлан гадуурхадаг, дур зоргоороо авирлах нь дэндлээ гэж байгаа. Энэ талаар та ямар тайлбар хийх вэ? 

-Шал дэмий, ор үндэслэлгүй яриа. УИХ-ын 19 гишүүн санаа нийлж байгаад л Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн бариад байдаг. Намайг тийм байдлаар огцруулна гэж бодож байвал эндүүрэл. Бу угаасаа л ийм ааштай хүн. Одоо ааш зангаа өөрчилнө, засна гэж байхгүй. Хууль тогтоох дээд байгууллага УИХ хариуцлагтай байх ёстой. Энэ танхимд болсон болоогүй суусныхаа төлөө цалин авч байж цагтаа ажилдаа ирдэггүй, хариуцлагагүй хүмүүст шаардлага тавихаар л өөдөөс өрвөлзөөд байдаг.

-Ирэх сонгуульд АН МАХН-тай эвсэж орохоор ярилцсан зүйл байна уу үгүй юу. Ер нь аль нэг намтай нэгдэх үү?

-Манай нам 2004 оноос хойш хэнтэй ч эвсээгүй. Хойшдоо ч эвсэхгүй. Харин УИХ-д суудалтай жижиг намууд АН-д нэгдэх эрх нь нээлттэй. Ирэх сонгуульд МАХН-тай нэгдэж орох тухай урилга явуулаагүй. Явуулах ч үгүй. Бид анх энэ парламентад 31-үүлээ орж ирсэн. Явцын дунд 35-уулаа болсон. Одоо ирэх сонгуульд АН-ыг 40 гишүүнтэй болгож, дангаараа төр засгаа бүрдүүлэх эрх олгоод өгөөч ээ гэж л ард түмнээсээ хүсэх байна. Бид дангаараа төр засгаа байгуулж дахиад 75 мянган айлыг орон сууцанд оруулмаар байна, 100 мянган малчнаа тусгай үйлдвэрлэгчид болгомоор байна, өөр олон үйлдвэр ашиглалтад оруулмаар байна. Хийх ажил маш их байна.

-Өнөөдөр төр засаг, улстөрчдийн дунд шударга бус байдал, тэгш бус байдал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Баян ядуугийн ялгаа улам л холдож байна. Энэ талаар?    

-Мэдээж Монгол Улс нийгмийн байгууламжаа өөрчлөөд 26-хан жил болж байгаа үед бүх зүйл тэгширч, Америк шиг хөгжилтэй болчих боломжгүй. Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд түүхэн дэвшил хийж чадсан. Бүх зүйлийг хараар будаж, гоочилдгоо болих хэрэгтэй. Монголын нийгэмд сайн сайхан зүйл зөндөө бий. Одоогоос 26 жилийн өмнөх энэ өдөр МоАХ-ны анхдугаар их хурал хуралдахад би тэр танхимд сууж л байсан. Тухайн үед гудамжинд ганц хоёрхон машин л харагдаж байсан. Тэгвэл өнөөдөр Улаанбаатарын гудамжинд багтахгүй машин тэрэг бужигнаж байна. Гэхдээ бүх зүйл жигд сайжирч байгаа гэж хэлэхгүй. Тухайлбал УИХ-ын гишүүдийн хариуцлага энэ парламентад улам их муудсан. Өглөө хурал цагтаа эхэлдэггүй болсон.

Өнгөрсөн 26 жилийн дотор Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн ес дахин өсч нэг хүнд ногдох орлого 500 ам.доллараас 4500 ам.доллар болж өссөнийг ярихгүй байж мууг нь түүгээд дайраад байдгаа болих хэрэгтэй. Шүүмжлэх эрхийг нь бид тэмцэж байж олгосон. Монгол Улс авлигатайгаа  тэмцэж байна, шударга ёс байна. Болж бүтэж байгаа сайн сайхан зүйл зөндөө л байна. Өнөөдөр УИХ-д таван намын төлөөлөл сууж байгаа. Гурван намын төлөөлөл нь хуралдаа орж ирээд сууж байна. Харин МАН, МАХН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайд болгохгүй бол хуралд суухгүй гэж байна. Хэн нь улс орны эрх ашгийн төлөө, хэн нь ашиг хонжоо, албан тушаалын төлөө яваад байгааг салгаж ойлгох хэрэгтэй. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.11.134) 2016-02-19 14:14
      • 0
      • 1

      АН-хаан та нар Монголыг сүйрүүлж, дампууруулчихаад одоо бас ханаагүй л байна уу

      Хариулах

    • хуяг

      (202.179.11.134) 2016-02-19 14:12
      • 0
      • 1

      одоо АН-хаан болноо. Монгол улс бүтэн үлдмээр байнааа,

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.67) 2016-02-18 16:31
      • 0
      • 1

      АНамын та нарт санал өгсөнөөр Монголчууд өртэй, ажилгүй, орлогогүй, $ 2000₮ хүрсэн гээд олон гавьяа байнаа байна.

      Хариулах

    • zochin

      (202.72.246.134) 2016-02-18 16:02
      • 0
      • 1

      Er hun zorisondoo...gedeg,huulia deedlej, shudarga baih ni hamgiin chuhal yum shuu.

      Хариулах