Монголчуудын эрхэм баярын ёсон

Twitter Print
2019 оны 02-р сар 05-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэдэг байна. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хүн хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Мөн хадагтай золгох ёс бий. Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий.

Хадаг барьж золгох ёсонд дүү нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та “энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна” гэж бодоорой.

“Таван өнгийн хадаг”-ны мөн чанар

Дээр үед хөрөнгө чинээ ихтэй айлууд цагаан сарын битүүнд таван өнгийн хадгийг бурхан шүтээнийхээ дээр дэлгэж, архиныхаа дээжээс цөгцөнд хийж дээжлэн тавиад, эвхмэл сураа авдартаа хадгалдаг байсан аж. “Таван өнгийн хадаг”-ийг хадгалж, буян тогтоож баян чинээлэг, гай гарзгүй, энхтүвшин явахыг билэгддэг.

Таван өнгийн хадгийг дараах зан үйлийг бүтээхэд зориулан ашигладаг байна.

Цагаан хадаг:
Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд билгэшээдэг.
Шар хадаг:
Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ.
Улаан хадаг:
Гал голомт бадран дээшлэхийн билгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ.
Цэнхэр хадаг: 
Мөнх тэнгэрийн өнгө, амар тайвны билэгдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ.

Ногоон хадаг: Дэлгэрэн арвижихын билэгдэлтэй. Дээрх билэгдлүүдийг бодож хадгийг аргамж, сур, усгүй хар архины хамт хадгалдаг бөгөөд аргамж, сур нь малын заяа тогтоох, архи нь бусад бүх буян тогтооно гэсэн санаагаар сүслэн хадгалж иржээ. Ийн үүднээс архи хадаг хоёрыг цуг хадгалваас эд мөнгө тогтох, амар тайван амьдрах билгэдэл оршино хэмээдэг байна.

       Битүү гаргах ёс

Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг хөхөө сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болно. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж, эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий.

Нутаг нутгийн заншлууд өөр байдаг ч түүхэнд тэмдэглэгдсэнээр битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна. Ийнхүү битүү гаргах ёслолоо хийсний дараагаар хуучин оныг битүүлэн үдэх, шинэ оныг угтах бэлгэ дэмбэрэлээр битүү чанасан толгойн шөлөндөө хөц будаа чанаж, бууз, банш зэрэг битүү хоол битүүртлээ идэх учиртай.

Энэ үдэш тэнгэрт анхны од харагдах үед цагаалгын идээ, битүүлгийн шүүс зоогийг засаж эхлэх ёстой байдаг. Эн тэргүүнд бурхандаа уураг сүүл, дал дөрвөн өндөр, хонтой шаант, хош, таваг идээ, боов зэргээр нэг, цагаан идээгээр өөр нэг таваг бэлдэж хоёр таваг засна. Битүүлэх ёсны салшгүй нэг хэсэг нь тоглоом наадгай. Эртнээс эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний тоглоомын нэг нь шагайгаар тоглох төрөл бүрийн тоглоом юм. Ахмадууд нь үлгэр домог ярьж, хүүхэд багачууд морь, тэмээ уралдуулж, хорол зэндмэни эвлүүлэх, алаг мэлхий өрж тоглодог. Дашрамд дурьдахад, шагайгаар үргэлж наадвал хүний гар хурууны яс бэхэждэг төдийгүй ясны сийрэгжилт өвчин тусдаггүй байна.

Битүүний үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Дээр үед бол арвай буудай тавьдаг байжээ. Харин одоо шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ.

Битүүний орой зул, хүжээ өргөөд унших тарни

Битүүний орой, мөн шинийн 1, 2, 3, 8, 15 – нд зул хүжээ өргөөд “Ум новова гавади базар сараа брамадани дата гадая архади самьяа

сам буддава дадтяата ум базар мама базар махадаза базар маха бидьяа базар маха боди зидда базар маха боди мондова сам

гармана базар сарва гарма ава арани бишодана базах суха” гэдэг тарнийг уншаарай.

Шинэлэх ёсон

Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагааг арвин бэлдэн, сэтгэл санааны ариунаар их билэг дэмбэрэлтэй өдөр болгодог. Энэ нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай гэсэн дом юм. Монголчууд ургаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморлог зүйл хэмээн үздэг. Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгний өглөө алганы хээ харагдах төдий гэгээтэй байхад босдог аж. Өрхөө татаж цайгаа чанана. Цайлахаас өмнө битүү чанасан толгойг эхнэр, нөхөр хоёр эрүүг нь зааж,

Бүх юм дэлгэрлээ

Битүү юм нээгдлээ

Буур жил гарлаа

Ботгон жил орлоо гэж бурхандаа тавина.

Иймийн учир эхнэр нөхөр хоёр нэг амьтай гэж бэлгэдэн хоорондоо золгодоггүй жамтай. Үүний дараа гэрийн эзэн уул ус, газар дэлхийгээ сүслэн овоон дээр гарч, зүгийн муу зүүн хойд зүгийг алгасан залбирдаг байна. Гэрийн эзэн гэртээ ирж үр хүүхэд, гэр бүлтэйгээ золгоцгоодог. Нар гарах үед ахмад, буурлууддаа золгодог. Золгоход учир бий. Золгохдоо хадаг барьж золгодог бөгөөд энэ нь ч бас өөрийн ёс жаягтай. Хадаг баранзад, нанзад, вандан, соном, даш гээд олон янз ба голдуу хүний дүрстэй Аюуш хадгаар золгодог. Хадаг авсан хүн онцгойлон нандигнаж эвхээд хүндтэй газар тавина. Ахмад настны тохойноос дээш дэмнэсхийн өргөж золгодог нь биеийн хэлээр сэтгэлээсээ хүндэтгэж буйг илэрхийлдэг. Харин ахмадууд алгаа дээш нь харуулан тэнийлгэж золгох учиртай гэнэ. Энэ нь нас буян, аз жаргалыг харамгүй ерөөж байгааг илэрхийлдэг байна. Золгохдоо хадагныхаа амыг хүндэтгэж буй хүн рүүгээ харуулан алганд нь дүүргэж тавина.

Золгох ёсны талаар цухас дурдъя. Ахмад настантай гэрт нь золговол үүдэн талаас, хээр хөдөө тааралдаж золговол гол усны урсгалын доод талаас нь очиж золгодог. Хэрвээ нас чацуу хоёр хүн золговол гэр бүл үр хүүхэдтэй болсныгоо хүндэтгэж золгоно. Золгосны дараагаар улиран одож буй жилийнхээ өнгийг хэлэлцэж,

…Даага далантай
Бяруу булчинтай
Төлөг сүүлтэй
Тором бөхтэй
Өнөд тарган
Өег цатгалан сайхан шинэлж байна уу гэж мэндэлдэг.

Цагаан сарын идээ будааг их идээ, бага идээ гэж ангилдаг. Их идээ гэдэг нь ул боов, чихэр, идээ цагаагаар зассан тавгийг хэлнэ. Харин бага идээнд шүүс буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал, дөрвөн өндөр зэргийг хэлдэг бөгөөд үүнийг битүүлэг гэх нь ч бий.

Их идээг засахдаа ул боовыг тав, долоо, есөн үеэр өрнө. Сондгой тоогоор өрдөгийн учир нь жаргалаар эхлээд жаргалаар төгсөх учиртайг бэлгэдэж байгаа. Хаан төрийн их ёслол, хурим найрын тавгийн идээг есөн үеэр засдаг байжээ. Иймээс шинийн нэгний тавгийг айл болгон есөн үеэр өрөхийг цээрлэдэг. Учир нь есөн үеэр тавгийн боовоо өрсөн хүнийг өөрийгөө өргөмжилж, тэнгэрт тэрслэв гэж үздэг байна. Харин долоон үеэр нэгэн ургийн хамгийн өндөр настай ахмад нь өрдөг. Есийн тоо тэнгэрийн утгыг илэрхийлдэг бол долоогийн тоо нь газрын товчоог илтгэдэг аж. Иймд өвөг нь долоо, эцгийнх нь тав, хүүгийнх нь гурван үеэр их идээний боов өрөх эрэмбэ дараатай байдаг.

Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй. Мах шүүсэн зоогийг ёс ёслолын эрэмбээр нь зум, их бүхэл, дунд бүхэл, бага бүхэл гэж дөрөв ангилна. Сүүлийн гурвыг нийтэд нь гурван бүхэл гэх нь бий. Монголчуудын эрхэм хүндэт зоог шүүсний дотор хонин зум бол эрт дээр цагаас тэнгэр газрын тайлга тахилга, төр ёсны их найранд хэрэглэж ирсэн байна. Зум гэдэг нь бидний одоогийн нэрлэж заншсанаар боодог юм. Харин их бүхэл гэдэг нь хонины таван түрүү махнаас тэвхэн ууц, өвчүү, толгой, дал дөрвөн өндөр, богино хавирга, шилт сээр зэргийг багтаасан ууц юм.

Эдгээрээс гадна ирсэн гийчнийг дайлахад хамгийн хурдан болдог хоол бол банш юм. Иймээс хүмүүс баншийг ихээр хийнэ. Чимхэхдээ хуучин цагт алт мөнгийг хадгалдаг ембүү хэлбэртэй хийдэг нь элбэг баян орших бэлгэ дэмбэрэлтэй гэдэг. Цагаан сарын шинийн нэгний бүхнээс эрхэм зоог нь цагаалга буюу сүү, шар, цагаан тос, аарц зэрэгтэй чанаж амталсан амуу будаа тариатай хоол байсан бөгөөд идэж ёслох уламжлал ч их онцлогтой байв. Хот айлынхаа золгож шинэлэх ахмад айлдаа цай, цагаалга, тавагтай идээтэй орцгоож, айл айлаас ирсэн цай идээнээс дээжлэн авч шинээр цай, идээ бэлтгэхийн зэрэгцээ цагаалгыг бүгдийг нэгэн тогоонд хийж, ёслол хүндэтгэлийнхээ хоолыг гал дээр тавьдаг. Үүний дараа сая золгож шинэлэх ба улмаар сар шинийн цай цагаалга эхэлж, ахмад настай хүнээс дараалан цагаалганаас аягалж барих бөгөөд хүн бүр гурван удаа эсвэл долоон удаа идэхийг сайн хэмээн бэлэгшээж, эхний хийж өгсөн аягатай цагаалган дээр бага багаар тоо гүйцээн нэмж иддэг заншилтай. Сар шинээс хойш цагаалгыг олон хоног зооглон ёсолбол элбэг баян байхын тэмдэг хэмээн бэлэгшээдэг. Мэндлэх, хүндлэх, зочлох, бие биенээ уучлан сэтгэлээ цайлгах, цэвэр цэмцгэрийг эрхэмлэх, аж ахуйгаа цэгцлэх, эрэмбэ дарааллыг баримтлах гэхчлэн олон сайхан ёс жудаг энэ л баярт шингэсэн байдаг.

Цээрлэх зүйл

Сар шинийн өдрүүдэд хамгийн их тэвчиж, цээрлүүштэй нь уур, шунал, мунхаг гурав гэдэг. Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг байна. Архи ууж, хөлчүүрхэж агсам согтуу тавих, шинэ сарын идээ будаанд эзний зөвшөөрөлгүй, өөрөөр хэлбэл, “За идээ будаа зоогло” гэж хэлэхээс өмнө идээ будаанд хүрэх, самардах зэргийг цээрлэдэг байна.
Монголчууд хэзээнээс нааш сар шинийн баяраар юм нүдэх дуу чимээ гаргах ус түлээ базаахыг цээрлэдэг. Ялангуяа шинийн гуравны дотор усанд явбал нагац нь гэмд, унах буюу цөв болно. Уйлах, муудалцаж хэрэлдвэл тэр жилдээ хэрүүл шуугиан тасардаггүй гэдэг. Мөн шинийн нэгний өдөр айлд хоновол дараагийн жил гартал айлаар хоноглодог хэмээдэг байна.
Айлчин гийчнийхээ өмнөөс гарч явах, шинийн нэгэнд үнс хогоо гаргах нь ч зохисгүй аж. Сар шинийн өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж. Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг цээрлэж долоон бурхан одонд цацал өргөдөг байна. 

Битүүний өдөр. Битүүний өдөр амьтны амь хороох, хоолоо дутуу идэж зажлан гадагш гарах, мал сүргээ хээр хонуулах, цатгалан бус хонох, нялх хүүхдийг нэрээр нь дуудах, хувцас, хоосон хувин, сав гадаа хонуулахыг цээрлэдэг. Хэрэв хоосон сав суулгыг гадаа хонуулах шаардлагатай бол хөмөрч тавина. Мөн хар ус асгах, хэт их согтохыг ч цээрлэдэг.

Шинийн нэгний өдөр. Сар шинээр эхний өдрүүдэд тухайлбал 1-2-нд аян замд гарах, уйлах, шинийн долоонд ах, дүү амраг садныдаа зочлохыг цээрлэдэг байна. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг байна. Мөн шинийн нэгний өглөө үнс хогоо асгах нь муу бөгөөд хэрэв ус түлээ базаах аваас нагацад нь муу зүйл тохиолддоно гэж үздэг байна. Энэ өдөр эд зүйл зээлдэх, өртэй орох, хуучин цогоор галаа асаах, харанхуйд золгох, айлд хонох амьтны амь таслахыг цээрлэдэг байна. Сар шинийн өдрүүд болон битүүний өдөр амьтны амь таслахыг цээрлэж буй нь амьтан ч гэсэн шинэлдэг гэж үздэгтэй холбоотой аж.

  

Монголчуудын ууц тавих ёсон

Цагаан сарын их ёслолын нэг чухал зvйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бvхэл махаар дайлах ёсны тухай энд авч vзье.
Монголчуудын бvхэл махан зоогийг зум, их бvхэл, бага бvхэл хэмээн гурав хувааж болно. Орчин vед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина.

Бvхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хvзvv, сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнvvдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан, дээрээс нь ууцаараа бvтээж, хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн vзvvр, босоо ясны газар руу хандсан талыг хэлж байггаа юм. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битvvний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу, хоёр эрvv, хоёр чих, ууцны хоёр тал / хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хvмvvстээ тарааж өгнө. Ууцыг зайхдаа зvvн гараа сvвэрдгэн талаас нь барьж, баруун гараараа уг талын талын намилхайг зvсэж баруун талд нь буулгаж тавина. Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хvндэт зочин эрэгтэй хvн зайдаг уламжлалтай. Ууц мах нь зөвхөн цагаан сараар ч бус ямар ч vед хvндэт зочныг дайлдаг хvндэтгэлийн зоог болно.

Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггvй. Ерөөс ганц мах хvнд өгдөггvй. Иймээс ууцан дээр дөрвөн өндөр хавиргыг зvсэж өөд өөдөөс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал/ хvзvv тавьж болно/ нөгөө талд нь сээр, хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг.

Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин vvн дээр хамар, чихний дээд угийг шар тосоор чимсэн битvv толгойг нэг шийрийн хамтаар нэмэж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хvнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зvvн гар талд нь толгойг, нөгөө талд нь шийрийг тавина. Ийнхvv тавьсан ууц бvтэн шvvсийг орлодог бөгөөд дээдлэн vзсэн онцгой хvндэтгэл бvхий зочиндоо зориулна. Дэд хvндэтгэлд өвчvv орох боловч тэр болгон хvнд тавьдаггvй. Хэрвээ хvндэтгэвэл зохих эмэгтэй хvн ирвэл өвчvvгээр дайлах ёстой. Өвчvvг дагуулж цорой гургалдай, бугалга, богтос зэргийг тавьдаг уламжлалтай. 

Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

Цагаан сар бол монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар монголчууд эхлээд ахмад настнуудынхаа амрыг эрж золгож мэндэлчихээд суудалд сууж хөөргөө зөрүүлж, сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Даага далантай, бяруу булчинтай
Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу гээд хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.

Монголын ард түмэн хөөрөг, гаанс гэдэг эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай. Мэндлэх гэдэг бол хүндлэх болон ёс зүйт хүний сэтгэлээр элгэмсэг хандаж байгаагаа илэрхийлэх жинхэнэ монгол үндэсний нэг илэрхийлэл юм. Монголчууд хөөргөөр тамхилахдаа ярилцаж ойлголцдог ард түмэн билээ. Хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана гэсэн байдаг. Гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ.

Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм. Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг. Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчүүд биедээ авч яван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой. Монголчуудын эртний уламжлалт хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг тамхи барих, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэж иржээ. Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна. Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог байна. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэдэг.

Хийморийн дарцаг хийсгэхийн учир

Буддын гүн ухаанд хүний сүнсийг хөдөлгөж байдаг 10 төрлийн хий оршдог. Тэдгээр нь та бидний үзэж харах, санаж, сэрэх, идэж уух, уусан идсэнээ боловсруулах зэрэг бүх л зүйлийг зохицуулж байдаг нэг ёсны хөдөлгөгч хүч гэнэ. Энэ хийний хүчээр хүмүүс амьдралаа тэтгэж, сүнсний хөдөлгөөнөө зохицуулдаг аж. Ийм ч учраас сүнсний хөлөглөдөг хийг морь лугаа адилтгаж “хийморь” хэмээдэг аж. Хийморь муудахаар сүнсний чадал муудаж аливааг санаж сэтгэх нь мууддаг гэж үздэг учраас хийморио сэргээдэг байна. Энэ хийг сэргээхэд эм уугаад бариа засал хийлгээд сайжирдаггүй тул тусгайлсан зан үйлийн дагуу сэргээдэг. Хийморийг сэргээхдээ гүн ухааны үүднээс сүслэж өндөр уулын оройд гарах, номын хүчийг шингээх, зөв сэтгэл өвөрлөх, сайхан үнэртэн тэргүүтнийг ашигладаг.

Харин сүүлийн үед нийслэлийнхэн маань Богд ууланд орших “Хийморийн овоо”-нд дарцаг өргөснөөр хийморио сэргэчихдэг гэж хэт хошуурдаг болсон нь өрөөсгөл ойлголт юм. Ихэнх хүн өөрийн сүсгээр хийморийг дарцагт оршоож өрх гэрийнхээ хүндэтгэлт газар залваас хийморь сэргэдэг гэж үздэг. Ер нь хүн өөрийн оюун сэтгэлдээ зөв үйлийг өөгшүүлж, дотоод сэтгэлийнхээ буртагийг огоорон, “оюун санааны эрч хүч”-ээ нэмэх нь хийморио сэргээж, сүнснийхээ чадлыг сайжруулж байгаа хэлбэр юм.

Шинийн 15-ны дотор багтаж заслаа хийлгэвэл буян сая саяар арвидна

Зурхайн зурлагад буусан ном, заслаа шинийн 15-ны дотор багтаан уншуулж заслаа хийлгэх гэсэн сүсэгтнүүдийн цуваа тэр өдрүүдэд буян номын газар, хийд, сүм дуганд тасардаггүй. Эдгээр өдөр уншуулсан ном, үйлдсэн буян хэдэн зуун сая живагаар үрждэг учир хүмүүс тийн чухалчилж заслаа хийлгэдэг. Үржин дэлгэрэхийн учир нь 2500 жилийн өмнө Бурхан багш ертөнцийн үзэгдэл юмсыг бясалгаж, номоо номлож байх үед буюу хаврын тэргүүн бар сард буддын шашны нэгэн чухал үйл явдал болсон аж. Бурхан багш номоо бясалгаж суухад нь тэрсүүдийн зургаан багш түүн лүгээ очиж “Хүмүүс таныг хүндлээд байх юм, бид ч гэсэн эр зориг, эрдэм чадалтай. Тиймээс эр зориг, эрдэм чадлаа үзэлцэж хэн дийлснийхээ номд дагаар орьё. Дийлснээ хүндэтгэн ёсолж байя” гээд тэмцэлд дуудсан гэдэг.

Ингээд бурхан багш тэдний саналыг хүлээн авч хаврын тэргүүн бар сарын шинийн нэгнээс эхлээд 15 хоногийн турш тэрсүүдийн багш нарыг номхотгож номдоо дагаар оруулсан байна. Иймээс энэ өдрүүдэд үйлдсэн буян хэдэн зуун сая живаагаар үржигддэг аж. Тухайлбал, энэ үеэр нэг удаа уншсан ном сая саяар арвижих нигууртай учир ёр цээрээ ч гэсэн гаргачихвал бүтэн жилээ даадаг тул хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэж, буян үйлдэхээр шамддаг байна. Та ч гэсэн зурхайд буусан засал, номоо бурхан багшийн тэрсүүдийн багш нарыг номхотгосон өдрүүдэд уншуулж, жилээ даатгаарай. Таны үйлдсэн буян сая саяар үржих болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

Эмхэтгэсэн Л.Отгонбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.102.9.10) 2016-02-01 22:18
      • 0
      • 1

      Менд бяянят!Би Хальмг кюн , йир таасгдна тана келн ! )

      Хариулах