Суудал нь өнцөгдсөн МАХН

Twitter Print
2016 оны 02-р сар 17-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Монгол даяар Гал бичин жилийн шинийн 15-аас өмнө буян ном хийж, жилээ даах элдэв засал хийлгэхээр их багагүй Гандан сүм хийд бараадаж, сүсэгтэн олны хөлд дарагдсан бурханы шавь лам нар тун их ачаалалтай байгаа. Тэгвэл Монголын улстөрд өөрийн гэсэн жинтэй, Засгийн газрын нэгэн субьект болсон МАХН-ын хувьд Гал бичин жил суудал нь өнцөгдөж, томоохон засал хийлгэн буян хийхгүй бол элдэв барцад дайрсаар байх бололтой. Ядаж байхад дөрөвхөн сарын дараа УИХ-ын сонгууль болох гэж байдаг.

Намын санхүүжилт, нэр дэвшигчдээ хаана хаана байрлуулах, намын даргаа зүтгүүлсэн чигээрээ Шадар сайд болгож санхүүгийн асуудлаа бага ч болтугай зохицуулах гээд шийдлээ хүлээсэн олон асуудал байгаа ч ойрын үед базаахгүй мэдээллүүд дараалан сонсогдсоор байна.

Тухайлбал намын дарга Н.Энхбаярыг Шадар сайдын албанд хуулийн дагуу томилогдох боломжгүй гэдгийг АТГ-аас албан ёсоор мэдэгдээд удаагүй байхад өчигдөр орой 17.00 цагийн үед МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, хорих 461-р ангид хорисон талаар шуугиж эхэллээ. Гэхдээ энэ нь зөвхөн шуугиан төдий бус яах аргагүй болоод өнгөрсөн явдал гэдгийг баттай эх сурвалжууд нотоллоо. Хэдийгээр АТГ-аас лавлахад “Тэр хүнийг цагдан хорьсон нь үнэн, одоогоор өөр тайлбар хийх боломжгүй” гэж байгаа ч П.Цогтбаатар даргыг МАХН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан баривчилсан гэсэн мэдээлэл батлагдаж байх шиг байна. 

Ийнхүү Гал бичин жил гараад удаагүй байхад МАХН-ыг тойрсон элдэв асуудлууд ар араасаа хурцдаж эхэлж байгаа нь зарим улстөрийн хүчнийг баярлуулж байгаа бол Засгийн газраа хамтран барьж байгаа эрх баригч АН-ынхны хувьд тийм ч хүсээд байхаар зүйл биш юм. Ямартай ч МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг хорьсон нь олон хүний анхаарлыг татаж эхэллээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.