Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2016 оны 02-р сар 16-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

2016 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад, мөн ЕБС-ийн багш нарт зориулсан Япон улсын Засгийн газар (Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам)-ын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

ЯПОН ХЭЛ, ЯПОН СОЁЛ СУДЛААЧ ОЮУТАН

Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2016 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг бүртгэж байна.

Тавигдах шаардлага, болзол:

1. Монгол улсын иргэн байх.

2. 1986 оны 4 дүгээр сарын 2-ноос 1998 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.

3. Монгол улсын их, дээд сургуулийн 2 эсвэл 3 дугаар курсийн оюутан бөгөөд үндсэн мэргэжил нь япон хэл, япон соёл байх (2 дахь гадаад хэл, дагалдах мэргэжлийн хүрээнд япон хэл, япон соёл үзэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй)

4. Япон улсын их, дээд сургуульд япон хэлээр суралцахад хангалттай япон хэлний мэдлэг чадвартай байх.

5. Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.

6. Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.

7. Японд очихдоо "Их дээд сургуулийн оюутан" ангиллын виз авсан байх. Японд очсоныхоо дараа визний ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.

8. Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.

9. Урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

10. Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй. Харин одоогоор Японд суралцаж байгаа боловч тус хөтөлбөр хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө сурч дуусаад Монголд буцаж ирэх нь тодорхой бол энэ шалгалтыг өгөх боломжтой.

11. Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.

Хөтөлбөрийн тухай товч мэдээлэл:

Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн оюутан 2016 оны 10 дугаар сараас Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцах ба уг хугацааг сунгах боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 117,000 иений тэтгэлэг олгогдоно.

Японд суралцах тухай дэлгэрэнгүй тайлбар, зөвлөгөө:

Японд суралцах тухай дэлгэрэнгүй тайлбар, зөвлөгөө 2 дугаар сарын 22, 23-ний өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд хийнэ.

Бүртгэл: 2 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд явагдана.

Бүрдүүлэх бичиг баримт:

-Сургуулийн тодорхойлолт (Элссэн он болон одоо хэддүгээр курсэд суралцаж буйг тэмдэглэсэн байх)

-Сурлагын дэвтэр

-Иргэний үнэмлэх

-Сүүлийн 6 сарын дотор авахуулсан, 3.5х4.5 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан, малгайгүй цээж зураг 2 хувь

Бичгийн шалгалт: Япон хэл

Хэзээ: 3 дугаар сарын 6-ны өдөр

Хаана: Монгол Япон төв, эсвэл МУИС-ийн 2 дугаар байр /Жич зарлана/

Ярилцлагын шалгалт: Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна. Ярилцлагын шалгалт хэзээ авах талаар бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүст жич мэдэгдэнэ.

ЕБС-ИЙН БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ КУРС

Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2016 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй ЕБС-ийн багш нарыг бүртгэж байна.

Тавигдах шаардлага, болзол

1. Монгол улсын иргэн байх.

2. 1981 оны 4 дүгээр сарын 2-ноос хойш төрсөн байх.

3. Их дээд сургууль эсвэл багшийн сургууль төгссөн байх.

4. Монгол улсын ЕБС-д одоо багшилж байгаа бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар 5 ба түүнээс дээш жил тасралтгүй багшилсан туршлагатай байх (Их, дээд сургуулийн багш, ЕБС-ийн удирдах ажилтан, япон ба англи хэлнээс бусад гадаад хэлний багшийн хувьд оролцох боломжгүй)

5. Бие болон сэтгэцийн хувьд эрүүл байх.

6. Япон хэлийг идэвхтэй сурах хүсэлтэй байх. Япон орныг сонирхдог бөгөөд Японд очсон хойноо өөрийн зүгээс идэвх санаачилга гарган Япон орны тухай ойлголтоо гүнзгийрүүлэх хүсэлтэй байх. Мөн Японд судалгааны ажилд оролцож, Японд амьдрах чадвартай байх.

7. Японы их сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх..

8. Японд очихдоо "Их дээд сургуулийн оюутан" ангиллын виз авсан байх. Японд очсоныхоо дараа визний ангиллыг сольсон тохиолдолд цаашид тэтгэлэг авах эрх хасагдахыг анхаарна уу.

9. Цэргийн албан хаагч шалгалт өгөх боломжгүй.

10. Урьд нь Япон улсын Засгийн газрын ямар нэг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан бол шалгалт өгөх боломжгүй.

11. Одоогоор Японд суралцаж байгаа эсвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Японд суралцахаар төлөвлөж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.

12. Өөр ямар нэг шугамаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа буюу хамрагдах гэж байгаа бол, мөн Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бусад төрлийн шалгалтыг давхар өгөх гэж байгаа бол энэ шалгалтыг өгөх боломжгүй.

Хөтөлбөрийн тухай товч мэдээлэл:

Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн багш 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 3 сарын хоорондох хугацаанд Японы талаас заасан их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах ба тогтсон хугацааг сунгах боломжгүй. Суралцах хугацаанд сар бүр 143,000 иений тэтгэлэг олгогдоно.

Японд суралцах тухай дэлгэрэнгүй тайлбар, зөвлөгөө:

Японд суралцах тухай дэлгэрэнгүй тайлбар, зөвлөгөө 2 дугаар сарын 22, 23-ний өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд хийнэ.

Бүртгэл: 2 дугаар сарын 22-нос 26-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд явагдана.

Бүрдүүлэх бичиг баримт:

-Ажлын газрын тодорхойлолт (5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж буйг баталсан)

-Төгссөн их сургуулийн дипломын хуулбар, сертификат

-Нийгмийн даатгалын дэвтэр

-Иргэний үнэмлэх

-Сүүлийн 6 сарын дотор авахуулсан, 3.5х4.5 см хэмжээтэй, эгц өөдөөс харсан, нүүр царай тод гарсан, малгайгүй цээж зураг 2 хувь.

Бичгийн шалгалт: Англи хэл, япон хэл

Хэзээ: 3 дугаар сарын 6-ны өдөр

Хаана: Монгол Япон төв, эсвэл МУИС-ийн 2 дугаар байр /Жич зарлана/

Ярилцлагын шалгалт: Бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүсээс ярилцлагын шалгалт авна. Ярилцлагын шалгалт хэзээ авах талаар бичгийн шалгалтад тэнцсэн хүмүүст жич мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Японы Элчин сайдын яамны Соёл, боловсролын хэлтсээс лавлана уу. Утас: 320-777

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.