Эдийн засгийн өсөлт 2.3 хувь

Twitter Print
2016 оны 02-р сар 17-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Таван жилийн өмнө 17 хувьд хүрч өсөн дэлхийн чихийг дэлдийлгэж байсан Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 2.3 хувиар өсч бодит хөрсөн дээрээ буужээ. Үндсэндээ 2011-2012 оны 17 хувийн эдийн засгийн өсөлт бол ихэнх нь хөөсрүүлсэн өсөлт байсан нь жил ирэх тусам ойлгомжтой болж байна.  Дэлхийг дэлдийлгэж байсан 17 хувийн өсөлт хоёрхон жилийн дотор шалчийтлаа хий нь гарч 2014 онд 7.9 хувьд хүрсэн бол ийнхүү 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.3 хувь болж. Энэ тухай Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Яг л бодит хөрсөн дээрээ газардаад байгаа Монгол Улсын эдийн засгийн 2.3 хувийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбар буюу мал аж ахуйн салбар, уул уурхайн салбарын олборлолт эерэг нөлөө үзүүлсэн талаар Үндэсний статистикийн хорооны Нэгдсэн бодлого хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг мэдээлсэн юм. Харин гадаад харилцаа, шууд хөрөнгө оруулалтын хэмжээ багассан, гадаад худалдааны эргэлт багассан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлснийг ч дурдав.

Тэгвэл Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцэл 2016 оны эхэнд 80 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Энэ үзүүлэлт өмнөх онд 13 тэрбум төгрөгт хүрч эрх баригчдыг тун их бажгадуулсан. Он гарсаар улсын төсөвт 335 тэрбум төгрөгийн орлого бүрдсэн бөгөөд 415 тэрбум төгрөгийн зарлага санхүүжүүлжсэн байна. Ийнхүү орлогоос давсан зарлага санхүүжүүлсэн нь төсвийн тэнцэтгэлийн алдагдалд хүргэсэн тухай мэргэжилтнүүд ярьж байна. Мөн татварын орлого өмнөх оны мөн үеийнхээс 17.5 тэрбум төгрөг буюу 5.5 хувиар буурсан нь ч анхаарал татах асуудал мөн.

Бодит байдал ийм байхад татварын дарга нар нь өөрсдийгөө хэдэн тэрбумаар нь шагнадаг гайхмаар луйвар цэцэглэсээр л байгаа. Татварын орлого 5.5 хувиар буурахад бусад татвар төлбөр, хураамжийн орлого 60.0 тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 12.6 тэрбум төгрөг, аж ахуй нэгжийн татвар 10.1 тэрбум төгрөг, хувь хүний орлогын албан татвар 2.4 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн гэнэ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 92 оронтой гадаад худалдаа хийж, 528 сая ам долларын худалдаа арилжаа явуулж. Үүнээс экспорт 329.1 сая ам доллар, импорт 199.1 сая ам долларт хүрсэн байна. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 2015 оны нэгдүгээр сард 225.4 сая ам доллар, 2016 оны нэгдүгээр сард 13.0 сая ам долларын ашигтай гарсан байна. Мөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 0.5 хувийн өсөлттэй гарчээ. Уг өсөлтөд хүнсний бараа бүтээгдэхүүн голлон нөлөө үзүүлснийг Б.Бадамцэцэг дарга онцолcон юм.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.