Б.Цээпил: Н.Энхбаярын талаар мэдээлэл авахаар АТГ-руу бичиг хүргүүлсэн

Twitter Print
2016 оны 02-р сар 16-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Б.Цээпил мэдээлэл хийв.

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсанаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэж, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулж төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд тахарын болон статистикийн байгууллагыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд нэмж тусгажээ.

Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталлаа

2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн орон тооны дээд хязгаарыг улсын хэмжээнд нийт 755 байхаар баталлаа. Цэргийн дүйцүүлэх албыг 2016 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 4,807,207 төгрөг байхаар тогтоож, цэргийн албыг дүйцүүлэн хаалгах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Сангийн сайд Б.Болор нарт үүрэг болголоо.

Хугацаат цэргийн албан хаагчид зарцуулах хангамж, үйлчилгээний зардлыг үндэслэн тухайн онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоодог байна.

Олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох тухай асуудлыг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо

“Цөмийн аюулгүй байдлын тухай 1994 оны конвенц”, “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц”, “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай”, “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-ыг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

Эдгээр протоколд тус тус нэгдэн орсноор манай улсын хувьд цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалахад холбогдох хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, хөрш орнуудын баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сайтар судлах, цөмийн материалын биет хамгаалалт, цөмийн гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.

Тус конвенциуд нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа юм.

Барааны гарал, үүслийн дүрмийг шинэчлэн баталлаа

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр байгуулсантай холбогдуулан Засгийн газрын 2009 оны 88 дугаар тогтоолоор баталсан “Барааны гарал үүслийн дүрэм”-д зарим өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. 

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг үндэслэн “Барааны гарал үүслийн дүрэм”-ийг хавсралтаар шинэчлэн баталлаа. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт үүрэг болголоо.

Энэ дүрэм батлагдсанаар олон улсын гэрээ хэлэлцээр хэрэгжиж, тарифын хөнгөлөлт эдэлснээр гадаад худалдаа эрхлэгчдэд татварын хөнгөлөлттэй тариф хэрэглэх боломж бүрдэх юм.

Журам баталж, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам болон төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах цэгийн байршлыг шинэчлэн тогтоож, Монгол Улсын автозамын сүлжээний зурагт тэмдэглэж, нийтэд мэдээлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод үүрэг болголоо.

Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээг шинэчилснээр 12 хүртлэх хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс 1000, 12-24 хүний суудалтай тээврийн хэрэгслээс 2000, 24-өөс дээш суудалтай тээврийн хэрэгслээс 3000 мянган төгрөгийн хураамж авна.

Ачаа тээврийн хэрэгслийн хураамж тэнхлэг болон бодит жингээсээ хамаарч 2-10 мянга хүртэл байхаар журамд тусгажээ.

Тэрбээр үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Цэрэгт яваагүй иргэдийн төлөх мөнгөн дүн өссөн гэж ойлгож болох уу?

Үгүй. Өссөн болон хассан зүйл байхгүй.

-Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилох эсэх асуудал яригдаж байгаа. Уг асуудлыг өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн үү?

-Энэ сарын эхээр холбогдох хуулийн дагуу ашиг, сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар АТГ-руу бичиг хүргүүлсэн. АТГ-аас ажлын 10 өдрийн дотор хариу өгөх ёстой. Албан ёсны хариу ирсний дараа тодорхой мэдээлэл өгнө.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.