Сэтгэлийн гэрэлт сүмбэрийг эзэгнэгч

Twitter Print
2016 оны 02-р сар 17-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Монголын өдөр тутмын “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, дотны нөхөр Л.Батцэнгэл маань алдар нэртэй эрхэм хүмүүстэй хийсэн ярилцлагууд, дурсамж тэмдэглэл, нийтлэлийн “Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд” номоо уншигч олны гар дээр тавьжээ. Өчигдөрхөн утас цохиж “Хоёулаа Интерном дэлгүүрийн үүдэнд уулзъя. Найздаа шинэ номынхоо дээжийг барина” гэснээр нь Интерномын үүдэнд хүлээж зогстол томоо хар цүнх үүрчихсэн байдгаараа амьсгаадсаар гүйж ирснээ хөөрөг даалин гарган тамхилж, хэд дүү гэснээрээ тохой өргөн золгож ёс жудаг үзүүлсэн юм.

Удалгүй цүнхнээсээ нэлээн зузаан, цоо шинэ номоо өргөн барьсан нь эрхэм уншигч таны харж байгаа, 400 гаруй хуудас бүхий “Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд” ном байсан юм. Энэхүү бэлэгтэй сайхан учралыг тохиолдуулан эрхэм андынхаа талаар хэдэн мөр хэлхэе хэмээн компьютерийнхээ ард сууж авлаа.

Монголын зохиолчдын эвлэлийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт, яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл гэгч гаднаас нь харвал хүдэр, баргилдуу хэрнээ гудамжинд гүйж яваа өнчин гөлгийг ч өрөвдөн дотор сэтгэл нь сэмрэгч, цонхны цаана шиврэх бороон дуслаар өнө холын дурсамжаа баринтаглан нулимс унагагч, тэнгэр өөд хачин уяхан сэтгэлийнхээ шатаар авирагч нь миний муу найзсан билээ. Тэрээр анх төрж өссөн Баянхонгор аймгийн Заг сумандаа арван жилийн сургуулиа дүүргээд хөдөө гарч "Дипломгүй, зангиагүй сэхээтэн болно" хэмээн хэдэн малын араас гүйж явсан жинхэнэ “өвчтэй хог” гэж байгаа. “Дипломгүй, зангиагүй сэхээтэн”-ий мал бараадсан анхны жил нь Баянхонгорт айхтар зуд болоод хамаг малаа барсан “Зангиагүй сэхээтэн” амьдралын анхны хүндхэн цохилтонд орчихоод сэтгэл дотроо “сэмэрч” явахдаа сумынхаа охидод дайгаад алдсан анхны хайр, бүтэлгүй дурлалынхаа тухай хэдэн мөр толгой холбоод “том толгой” гарган өнөөдрийн Ардын уран зохиолч Т.Галсанд явуулсан гэдэг. Харин алс хол Заг, Байдрагийн Хүрэн бэлчирийн “том толгойт”-ын хэлхсэн хэдэн мөрийг Т.Галсан найрагч өмнөтгөл бичин “Хөдөлмөр” сонинд гаргаснаар Заг сумандаа бүгэхээр шигдээд байсан “Зангиагүй сэхээтэн” жинхэнэ утгаараа зангиа зүүсэн яруу найрагч, сэхээтэн болох зам руугаа эргэлт буцалтгүй жолоо залсан түүхтэй. Тиймдээ ч өнөөдөр Ардын уран зохиолч Т.Галсан бугайтай “Заг, Байдраг, Хүрэн бэлчирийн найрагчид шүү дээ, бидэн хоёр” хэмээн зиндаархаж, хааяа нэг өвгөн найрагчаас урмын абшиг хүртэж, хэдэн өдөр дэгдэнэ. 

Нэгэн үе УИХ-ын гишүүн Л.Болдыг Батлан хамгаалахын сайд байхад нь Хэвлэл мэдээллийг нь хариуцан Афганы тэнгэрт ах, дүүс болон нисч явсан удаатай. Нутгийнх нь ах авъяас онгодыг нь тэтгэж хүний амьдралын хамгийн гол хэрэгцээ болсон орон сууцны дугаарт багтааж, сайдын албаа өгснийх нь дараахан будаг нь ханхалсан шинэ сууцанд орж ёстой л магнайгаа хагартал баярлахад нь хажууд нь л байлаа. Хожуухан нөхөрлөсөн ч ёстой л чин халуун сэтгэлээр, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэн, хэн нэгнийхээ алдааг тэгшитгэж, амжилтыг мялаан нөхөрлөж яваа билээ, бидэн. 

Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-д Л.Батцэнгэлийн маань уншууртай гэж жигтэйхэн дурсамж тэмдэглэл, бэсрэгхэн нийтлэл, сонирхолтой амьд яриа гарсан өглөө гүйлгэж уншингуут сэтгэл нэг л сайхан цэлмэж, хөнгөн баяртай ажлаа эхлээд сурчихаж. “Нисч яваа шувуу шиг муугийн мөргүй амьдрахсан” гэсэн чин сэтгэл нь бичсэн өгүүлбэр, бараг л үг болгонд нь амтагдана. Ярилцлага хийсэн хүн болгонтойгоо ижий, ахай бололцож, заримынх нь тухай шинэхэн цас хиртээмгүй тунгалаг сэтгэлээр дурсан ярихдаа аанай л нүд нь чийгтсэн харагдана. Ерөөс тэр эр хүн гэхэд хачин уяхан, болор шиг л тунгалаг сэтгэлтэй нэгэн. Бидний гэр ойрхон болохоор уяхан найз минь өглөө, үдэш, шөнө ч хамаагүй гэнэтхэн л утас цохино. Утсаа авбал харилцуурын цаана “Өвгөн нь муу Төрөөгөө өрөвдөөд” хэмээн мэгшүүлэх нь сонсогдоод чимээгүй болно. Сэтгэлийг нь засч, тайтгаруулахгүй л бол горьгүй. “Өлгий элгэн нутагтаа эгч дүү зургуул сан. Өмөг халуун ээжийнхээ энэрэл хайранд өссөн сөн” хэмээгч найз минь өнгөрсөн намар хамгийн хайртай бурхан ээжийгээ дөнгөж 60 настайд нь алдчихаад яаж шаналж, бэтгэрч, сэмэрч явсныг нь бодохоор одоо хүртэл өрөвдөж, гол харладаг юм. Дөрвөн дүүдээ чухам “Баастай бурхан” л гэсэн үг. Эмэгтэй дүү нар нь хааяа ирж гэрийг нь “шил толь” болгочихоод яваад өгнө. Мань эр ч жигтэйхэн баяртай, ном уншсан шиг үлдэнэ. 

Уг нь Цэнгэл маань нас биед хүрч яваа хоёр ч сайхан охинтой найрагч. Гэтэл омголон залуу насандаа амьдрал ахуйг санаснаараа тэгшилж амжаагүй. Эрх дураараа ч хүний сайхан үрийг энэрэх сэтгэл нь түлхсээр “Намайг харж зүдрэхээр, зүснийхээ гэгээнд надаас арчаатайг нь бараад даа” гэсээр нэг л өдөр цүнхээ үүрээд явж одсон гэж байгаа. Түүнээс хойш “гэгээн тэнүүлчин” амьдралаар залуу насныхаа олон намрыг үдсэн байдаг. Өнөөдөр эр ганцаар ч товхийтэл амьдарч явна. Тэрүүхэндээ хөөрхөн аминдаа арчаатай. Цалингаа буухаар хөргөгчөө махаар тасалчихгүй санаатай. Будаа, гоймон, хэдэн ширхэг төмс, бас сонгино. Буйдхан гэрт нь хаа нэг нижгэр наргиан болно.

Монголын яруу найргийн 90-ээд оныхон, хөрөг зургийн мастерууд, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, армийн офицерүүд гээд халуун сэтгэлээр андын журам баригчид Л.Батцэнгэлийн хоёр өрөөг өргөчих шахна. Харин тэрээр “Номын өргөө” буюу унтлагынхаа өрөөнд ямар ч үед наргиа хөгжөөх төдийлөн дуртай биш. Зайлшгүй шаардлага гарвал баруун гараа өргөн долоовор хуруугаа тэнгэр өөд чиглүүлээд “Би тэртэй тэргүй “Болор цом”-той яруу найрагч” гэж байгаад л уншиж эхэлнэ. Тэрээр “Тэнгэрээс газар руу, газраас тэнгэр өөд татсан шат байдаг бол мөн сайхан аа. Хүмүүс ингэж л мөрөөддөг. Хүн төрөлхтөн мянган далавчтай боллоо ч дутагдах ганцхан л зүйл байдаг. Хайр гэж... Сэтгэл гэж... Сэтгэл минь тэнгэрийн уяхан шат гэж бодоход энэ орчлонд би хамгийн баян хүн санагдана. Миний сэтгэлийн шатаар хүмүүн бүхэн өлмийдөн алхсаар гуниг үгүй, баясал үгүй амар амгалангийн диваажинд морилон очмуй. Хэтийдсэн жаргал үгүй, хэтэрхий зовлон үгүй тийм л ертөнцийг хувьхандаа бий болгож чадсан хойно энэ ертөнцөөс өөр юуг хүсэх сэн билээ дээ. Сэтгэлийн минь уяхан шатаар мөнхийн мөнхөд тийн дээд тэнгэрлигт зорч доо, сэтгэлийн гэрэлтүүд минь. Ургаж буй нялх нахиа, хүйтэнд гаслан буй налчгар гөлөг, ер юм бүхэнд сэтгэл бий хэмээхийн учир ертөнц даяхныг би уяхан шатаараа зөөхийг хүснэм” хэмээн бичнэ. Ерөөсөө л энэхэн хэдэн мөртөд Л.Батцэнгэл өөрөө тэр аяараа багтсан мэт. Монголын уран зохиолд Тангадын Галсан, Очирбатын Даш-балбар нарыг багшаа хэмээн бурханчлан шүтдэг найз минь өнөөдрийн байдлаар яруу найраг, үргэлжилсэн үгийн зургаан ном хэвлүүлж амжжээ. Хамгийн сүүлд “Шоргоолжны мөр” бэсрэг эсээ, бичил хүүрнэлийн ном хэвлүүлсэн бол 2012 онд "Миний элсэн цаг", 2008 онд “Сэтгэл зүрхээ нэгжнэм”, 2006 онд “Сэтгэл минь тэнгэрийн уяхан шат”, 2004 онд “Бүсгүй цэнхэр салхи”, 2001 онд “Өр зүрхний хавар” зэрэг зургаан ном гаргасан уяхан сэтгэлийн дууч билээ. 

Өөдөө диваажингийн үүдийг нээж

Өөрөө өлмийд чинь сөгдөж хөглөгдсөн

Төгөлдөр хуурийн даруул шиг

Тэнгэрийн уяхан шат юм аа,сэтгэл минь

Өгсөж уруудах болгонд чинь

Өлмийг чинь үнсэн аргаднам, би

Өө, муу төгсдөггүй шат гэж

Өөчлөн гоочлон, үглэн зэмлэнэ, чи

Өрөөлийн сүүдэртэй ихэмсэг сугадалцан

Өсгийгөөрөө намайг өвдтөл товшлоо ч

Бурхны нинжээр л чамайг хайрлаж

Цагийн гүүр гэтэлгэх

Цаглашгүй уяхан шат юм аа, сэтгэл минь хэмээн шүлэглэгч, миний муу найз Л.Батцэнгэл 2014 оны 11 дүгээр сарын 17-нд энэ цагийн сэтгүүл зүйн томоохон төлөөлөгч Ж.Гангаа бурхан болоход “Монгол даяарын арслан сэтгэгч, Шар бичээч овогт ах минь бурхан боллоо” хэмээн ямар их эмгэнэн гашуудаж байсан нь одоо ч нүдэнд илхэн. 

Тэрүүхэн үед нь “Ингэтлээ битгий их гунихраад бай. Бас үхлийн тухай битгий их бичээд бай” гэвэл “Нээрээ тийм байна. Одоо найз нь гунигийн шүлэг бичихгүй ээ” гэсэн ч сар гаруй болов уу үгүй юу бас л ганцаардал, гунигийн тухай биччихсэн л байж билээ. Ерөөс яруу найрагчид гэдэг “Гэгээн хэсүүлчин, сэмхэн гуниглагчид” байдаг аж. Найз минь алив хүний тухай дурсамж, нийтлэл бичихдээ бүр нэгэн үнэн сэтгэлээсээ, үг бүрийг чимчигнэтэл, өгүүлбэр бүр нь уянгалан дуултал бичдэг. Саяхан бид хоёрт Монголын спортын нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагвасүрэн агсны тухай “Ган зам, тамирчны зам, эрдмийн зам, миний зам” номын нээлтийн урилга ирж хамтдаа хүрэлцэн очиход Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, ууган охин Л.Алтанцэцэг болон бага охин Л.Гүндэгмаа нар хэрхэн хүндэтгэлтэй харьцаж байгааг хараад найзынхаа авъяас, онгодыг бас дахин мэдэрсэнсэн. 

Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Монголын зохиолч­дын эв­лэлийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт Л.Батцэнгэл хэмээх хүдэр, баргилдуу ч хүүхэд шиг эмзэгхэн, хиргүй тунгалаг сэтгэлтэй андынхаа талаар цухас хүүрнэхэд ийм буюу.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Амин гэгээ

      (59.153.85.92) 2016-02-16 10:43
      • 0
      • 2

      Цэнгээ ах маань дэндүү уяхан дэндүү сайхан сэтгэлтэй хүн дээ

      Хариулах