Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай эвлэрсэн үү

Twitter Print
2016 оны 02-р сар 15-нд 16:53 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулган товлогдож, өнөөдөр нээлтээ хийх байсан ч МАН-ынхан сурснаараа бойкот зарлаж, үүнийг нь эрх баригч намын ажлаа таслах дуртай эрхмүүд өгөөш болгосноор чуулж чадахгүй сууцгааж байна. Ээлжит бус чуулган өнөөдрөөс ирэх 26-ныг дуустал хуралдахаар товлогдож олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх сураг дуулдсан ч эхний өдрөөсөө "мордохын хазгай" гэгч нь болов.

Төрийн ордноор нисэлдэж байгаа “Бор шувуу”-ны жиргээгээр бол олон хууль хэлэлцэхийн хажуугаар Ч.Сайханбилэгийн Засгийн газарт шинэ Шадар сайд тохоон томилох асуудал ээлжит бус чуулганы үеэр шийдэгдэх тохироо хийгдсэн гэв. Эрх баригч АН-ын удирдлагууд удтал санал зөрөлдсөний эцэст “Бор халзан төлөг л биш бол хэн нь ч байсан дүүрч” гэдэг дээр үндсэндээ санал нийлсэн юм байх. Тэгээд ч Цагаан сарын битүүний барилдааны үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хөөрөг гарган тамхилсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг харсан УИХ-ын дарга тэрүүхэндээ мушийж суусан нь “За чи наад хүнтэйгээ л учраа олоорой. Би арыг нь зохицуулчихсан шүү” гэсэнтэй агаар нэгэн харагдаад болохгүй байсан. Улсын нэгдүгээр хүн ч “Чи намайг гуйхгүй хаашаа холдох вэ дээ” гэсэн шүү сүрийг үзүүлж суусан. Ямартай ч эрх баригч АН-ынхан дээгүүрээ “Шударга ёс” эвслийн далд ноён Н.Энхбаярыг Шадар сайдаар томилох асуудлыг нэг мөр шийдсэн бололтой. Харин хэзээнээсээ нэг нэгнийгээ өөд нь татаж, онхолдуулж унагасаар ирсэн Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэдэг хоёр улстөрчдийн шүд зуусан тэмцэл дуусгавар болсон уу, түр зуурын тэврэлдэлт давтагдаж байна уу гэдгийг цаг хугацаа л харуулах нь тодорхой.

Ямартай ч өнөөдрийн Монголын улстөрийн хоёр гол тоглогч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр саяхан л өөд өөдөөсөө тун хорсолтой үгийг хайр найргүй шидэлж байсан нь үнэн юм даг. Гэтэл тэд тэдгээр хорон үг, шүд зуусан заналтаа бүрмөсөн мартаж уучилчихаад хэн нэгнийгээ ялалт амжилт, сайд даргын тушаалд гар өргөн дэмжинэ гэдэг байж боломжгүй санагдана. Ингээд энэ хоёр улстөрч нэг нэгнээ хэрхэн дайрч давшлан хорсолтой үгээр булж байсныг өөрсдийнх нь үгээр тодорхойлох гэж оролдоод үзье.

Н.Энхбаяр: Намайг хэлмэгдүүлсэн захиалагч нь Ц.Элбэгдорж

Би эх орондоо ирж, ээж аав, элгэн түмэнтэйгээ уулзах эрхгүйгээр орчин цагийн улстөрийн хэлмэгдүүлтэд өртөж явна. Хэний захиалгаар хаанаас ийм хэлмэгдүүлэлт явж байгааг ч мэдэж байна. Шулуухан хэлэхэд намайг хэлмэгдүүлсэн захиалагч нь Ц.Элбэгдорж гэдэг нь ч тодорхой. Намайг хэлмэгдүүлсэн хүмүүсийн зарим нь уучлаарай гэж байна. Уучлал гуйна гэдэг мартагнуулахын нэр биш. Тэгээд ч ийм юм хэзээ ч мартагдахгүй. Уучлал гуйж байгаагийн цаана өшөө хорсол байна. Бид өшөө хорсолд автахгүй. Гэхдээ бид мартахгүй. Тийм учраас МАХН байгаа цагт өшөө хорсолд автах  ёсгүй. Төр, засгийг барьж байгаа, хэлмэгдлийг хийж байгаа хүмүүст би хэлж байгаа. Энэ хэлмэгдэл Энхбаяраар л дуусаг. Өөр хүмүүсийг битгий хэлмэгдүүл, манай намынхныг битгий хэлмэгдүүл. Энэ хэлмэгдүүлэлтийг Энхбаяраар л дуусга. Яагаад гэвэл би давж чадна. Хүн болгон давж чадахгүй. Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн, тиймээс  давж чадна. Би МАХН-ын дарга учраас давж чадна. Манай өвгөд дээдэс хэлмэгдүүлэлтийг туулж явсан учраас, би багаасаа хэлмэгдүүлэлтийн муухайг мэддэг учраас, хар багаасаа хатаагдсан учраас давж чадна. Би давж чадахгүй бол ард түмэн бууж өгнө. Намайг барьснаар бүгдийг нь айлгасан байна лээ.

Намайг хэлмэгдүүлж шоронд оруулчихаад эмнэлгийн тусламж авах эрхийг минь хасч байсан. Эмчийн магадлан гаргуулах гэхээр эмчийг нь дарамталж, хөөж, сольдог, тусгай даалгавар өгсөн эмч нарыг томилж, тэд нар нь миний эрүүл мэндийн асуудлыг "Эрүүл" гээд бичээд сууж байдаг. Өлсгөлөн зарлаад хүнд хэцүү байдалтай байхад намайг ортой хүлээд миний бөгс рүү хүчээр тос шахаж, хямарсан байдлыг түр хугацаагаар сааруулах эмчилгээ хийж байсан.

Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй байдаг. УИХ өөрийнхөө онцгой бүрэн эрхийн дагуу өршөөл үзүүлэхээр “Үүний цаана Н.Энхбаярыг хамгаалж өмгөөлж байгаа учир хориг тавина. Хоригийг УИХ хүлээж ав, хүлээж авсны дараа прокурорууд ажиллаад цаадахаа шоронд хий” гэсэн даалгаврыг Ц.Элбэгдорж өгч байна.

Хориг гэсэн нэрийдлээр Ц.Элбэгдорж хүмүүсийг урхидан барьж айлган сүрдүүлж Тавантолгойг авах гэж байгаа юм. Түүнээс биш авилгатай, авилгачидтай тэмцээд байгаа юм биш. Хэрэв тийм бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хориг тавих байсан юм. Энэ хуулийг гаргаснаар луйварчид өөрсдийнхөө янз бүрийн аргаар олж авсан мөнгөө цэвэрлэж авах юм.

Ц.Элбэгдорж: Хамгийн том авлигачаасаа дараа үеийнх нь авлигачид суралцаж байна

Зарим авилгач өнөөдөр Монголд салхилах гэж ирдэг юм уу, "Би салхилах гэж ирлээ" гэж хэлдэг. Би төрийн ордон бол хүн салхилаад байдаг газар биш гэж боддог. Салхиа санаад хүний нутагт хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй ш дээ. Хүний газрын тансаг өндөр үнэтэй байшинд очоод хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй. Тэр авилгачид тэр хамсаатнуудаа аваад ир.

Эх орноо саналаа гэнэ. Санаад байгаа юм бол тэр эх орондоо л бай л даа. Тэр мөнгө төгрөг, гаргасан зүйлээ л авчир л даа. Тэр авлигалаар зугтаалгасан олон сая төгрөгөө аваад ир. Тэр хамсаатан болгоод зугтаалгалцаж байгаа дүүгээ авчирч салхилуул. Хамсаатан болгоод хэрэг хийлгээд зугтаалгасан туслахынхаа ахыг аваад ир. Тэгээд хамтдаа салхилцгаа. Заавал хүний нутгаар салхигүй газраар явж зовж яах юм бэ. Тэр гаргасан мөнгөө, авлигын сүлжээг санхүүжүүлдэг мөнгөө ил болго. Үүнийг л шаардаж байна.

Асар том авлигын сүлжээг нь илрүүлээд хорьж шалгахаар шоронд орлоо гээд орилолддог. “Намайг гаргаад өг, би амь тавих гээд байна” гээд орилоод байдаг. Аймшигтай том хэрэг нь илрэх гээд, аймшигтай том сүлжээ нь илрэх гээд гадна дотногүй үйл ажиллагаа яваад ирэхээр л “Амь тавилаа, хором хормоор хэмжигдлээ, миний амь” гээд л орилоод эхэлдэг шүү дээ. Яах юм, тэгж гадагш дотогш зугтааж.

Энэ гадагшаа яваад байгаа, гадна байгаад байгаа хүн зүгээр тэгээд хүний нутгийн тоостой салхинд салхилаад суугаад байна гэж бодож байна уу. Тэр мөнгөнийхөө хойноос явж байгаа юм. Тэр мөнгөнийхөө заримыг нь олж авах гэж л явж байгаа шүү дээ. Тэгж л тэр дүү, тэгж л тэр хань хамсаатнуудаа явуулж байгаа юм. Тэгдэг юм. Тэр нь илрэнэ гэж бодож айж байгаа юм.

Чонь борооноор гэж Өршөөлийн хууль гарлаа ч гэдэг юмуу, нэг барилдаан болж байна ч гэдэг юмуу, тийм юмаар орж ирж хүмүүсийн дунд суусан дүр үзүүлдэг байхгүй юу. Эх орноо саналаа гэж. Санаад байгаа юм бол эх орондоо бай л даа.

Тэд ийм л хатуу үгсийг дөнгөж өнгөрсөн жил л бие бие рүүгээ шидэлцэж байж. Гэтэл саяхан битүүний орой хөөрөг гарган тамхилалцаж, жигтэйхэн сайхан царай гаргацгаав. Тэдний байдгаарaa малийсан царайны цаана “Улстөрд мөнхийн нөхөр байхгүй, мөнхийн эрх ашиг л бий” гэгч ганцхан үнэн хаашаа ч бултах аргагүй тодорч байсан нь харин яалт ч үгүй үнэн юм даг. 

Магадгүй маргааш нөгөөдөргүй Н.Энхбаяр Шадар сайд болж, тэр бүх үйл явдлыг Ц.Элбэгдорж хөшигний араас шазуур зуун харж, тэрүүхэндээ мушийж ч болзошгүй. Харин нөгөөдөр гэхэд 2016 УИХ-ын сонгууль хаяанд ирсэн байна. Чухам тэр үед л энэ хоёр улстөрч дахин нэгийгээ дэгээдэж унагах, аль эсвэл 2008 оны наймдугаар сарын тэр нэгэн өдөр шиг жигтэйхэн халамцуу тэврэлдэн зогсохыг ч үгүйсгэх аргагүй. Монголын улстөр, улстөрчид өө гэж.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Brandy

      (188.143.232.27) 2016-07-24 08:27
      • 0
      • 0

      Soooooo sweet! thank you for sharing! I love this type of kid stuff :O) One time we actually tied string to the tooth and door handle (you know the rest) so my son received a special note and extra $$ for his &qevu;braoury&qtot;! haha!

      Хариулах