Хувь тавилан

Twitter Print
2018 оны 02-р сар 18-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Миний хүү. Миний охин. Чи сонс. Аавыгаа сонс. 

Хүү минь сайн хүн байх боломж бол байгаа. Элэгсэг сайхан сэтгэл гэрэлтсэн. Мэргэн ухаанаар гийсэн сайхан хүн байж чи чадна. Бурхан түүнийг бидэнд бүгдэд өгсөн. Тийм учраас: Чи чадна. Би ингэж бодож байна. 

Би чамд нэг сайхан түүх ярьж өгье. Тэгэхэд би Монгол Улсын Их Хурлын гишүүн байлаа. 

Лондон. 2008 оны 11-р сарын сүүлч. Тэр өдөр их хүйтэн байсан. Цастай жихүү даасан их зэврүүн өдөр байлаа. Тиймээ. Хүү минь. Их хүйтэн өдөр байсан. Тэгсэн хэдий ч тэр өдөр надад туйлын их сайхан өдөр байсан юм. Тэр нэгэн эгэл даруухан. Тэгээд агуу гайхамшигтай их хүний урланд очих тохиол надад тохиосон юм. Тэрээр дэлхийн урлагийн түүхэнд нэр нь бичигдсэн алдартай их зураач хүн байсан. Ухаалаг шулуун. Шудрага үг хэлтэй. Өндөр буурал хүн байлаа.

Тэр надад хандаж: 
- Бидэнд 30 минут байгаа. Амжих хэрэгтэй байна гэсэн. 
Тэгээд бид цав цагаан зотон дээр эмх замбараагүй цацсан хар толботой том зурагны хажууд очсон.

Тэгээд тэр:
- Энэ зураг. Миний хайртай зураг. Би үүнийг залуу байхдаа 1970 аад онд зурсан юм. Одоо дахиад ийм сайн зурж чадна гэдэгтээ би итгэхгүй байгаа гэлээ. 

Цааш нь үргэлжлүүлэн:
- Хувь тавилан гэдэг зураг. Хүн анх эхээс төрөхдөө цав цагаан, цэв цэвэрхэн хувь заяатай төрдөг юм. Тэнд нэг ч ширхэг жижигхэн хар толбо байхгүй... Аа харин үхэх үедээ нэг иймэрхүү... гээд инээсэн... Бид бас инээлдсэн. 

"Хувь тавилан"


Тэгээд би түүнд хэллээ: 
- Ноёнтоон таны зурсан зураг гайхамшигтай сайхан байна. Утга төгөлдөр юм байна. Надад нэг жижигхэн түүх санагдлаа. Бурхан Буддагийн тухай сонирхолтой түүх. Энэ зурагтай утга нэг юм. Хэрвээ та зөвшөөрвөл бидэнд хангалттай хугацаа байна гэв.
Тэр:
- Тийм. Тийм би сонсмоор байна гэлээ. Тэр маш анхааралтай сонссон. 
Өгүүлэх нь. Нэг эр бурхан Буддатай уулзжээ. Тэрээр Буддагийн зам мөрийг буруутган зүхэв. Хуруу гозолзуулан зүхсэн аж. Будда чимээ үгүй хүлцэв. Түүний муушаал зогсоход Будда:
- Та найздаа бэлэг өглөө. Авахгүй бол бэлэг өөрт чинь үлдэнэ. Тийм үү? гэж асуулаа.
Тэр эр:
- Тийм гэв.
Будда:
- Та сая надад муу үгийн бэлэг өглөө. Даан ч би авсангүй. Муу сайн үйлийн үр өөрт тань буцаж ирдэг. Авиаг давтах цуурай мэт. Биеийг дагах сүүдэр адил. Муу үг. Муу үйлээс сэрэмжлэж яваарай гэж тэр эрд захисан гэдэг.
Тэр хэллээ:
- Уран зураг урлагыг хүн бүр ойлгож чадахгүй. Зүгээр л мэдрэмж. Тэгээд ч мэдрэмжийн талаар ойлголт байхгүй. Таны ярьсан түүх гайхалтай. Та их ухаантай хүн юм гээд. Тэгэхээр уг нь бүх хүмүүс сайн хүн байхаар бурханаас бүтээгдсэн юм. Даан ч тэр сайхан боломжийг хүмүүс өөрсдөө үгүй хийдэг. Ааш зан нь барьцгүй. Тийм учраас үйлдэл нь солиотой. Дотоод сэтгэл нь туйлын их зөрчилтэй. Тийм учраас түүнийг номхотгох арга үгүй. Ийм хүмүүс энэ орчлон дэлхийгээр нэг байна шүү дээ. 
- Тийм шүү. Тийм гээд цааш нь үргэлжлүүлэн. Бурхан буг хоёр хамт цогцолсон ийм л ертөнц байна шүү дээ гэлээ.
Би түүнд:
- Ноёнтоон таньтай хамт ярилцах сайхан байна. Даан ч цаг хугацаа гэж хэцүү юм. Таньд баярлалаа. Уулзаж ярилцах боломж олгосонд тань баярлалаа. Цаг дуусах гээд байдаг 30 минут шүү дээ гэв. 
- Аан тэр яахав. Алив явцгаая. Үдийн хоол хамт идвэл ямарав? Би чамайг дайлнаа гэлээ.
Тэгээд бид үдийн хоол хамт идсэн. Уулзалт 30 минут биш 3 цаг үргэлжилсэн юм. Тэр их мундаг хүн байлаа. Түүний сэтгэл нь нээлттэй. Үг нь шудрага. Шулуухан төлөв аядуу агуу их хүн байсан. Тийм хүн ховор тохиодог юм. 

Хүү минь. Тэгэхээр ийм байна.
Чи хэрэн хэсүүчлэх бодлоо зогсоож анхдагч нэгдмэл тэр байдалд нь аваачиж чадах уу?
Чи өөрийгөө шинэ төрсөн хүүхэд мэт уян зөөлөн хир үгүй тунгалаг сэтгэл оюунаа дахин сэрээж чадах уу?
Чи оюун бодол сэтгэлээ юуг ч биш зөвхөн гэрлийг харах хүртэл цэвэрлэж. Дахин шинээр бий болгож чадах уу? Эртний Хятадын Дао Те Кинг буюу Бумбын номлолд ингэж хэлжээ. 

Хүү минь. 
Чи эхээс анх төрөхдөө. Муу сэтгэл үгүй. Сэдэл үгүй. Муу үйл үгүй төгс цэвэр төрдөг. Энэ бол Бурхан бид бүгдэд өгсөн. ХУВЬ ТАВИЛАН. Тэрээр ХООСОН. Гэвч хил хязгаар үгүй. Үнэ цэнэтэй асар их бодит боломж. Тэрээр сайхан сэтгэл мэргэн ухаан гэрэлтсэн. Тэнгэрлэг сайхан хүн орчлон ертөнцөд олон байх ёстой гээд. Тийм байх боломж бололцоог бидэнд өгсөн. Бурхан үүнийг бид бүгдэд өгсөн юм. Энэ бол ямар нэгэн нууц нуугдмал зүйл биш. Ид шид биш. Энэ бол чамд надад бүгдэд бурхан өгсөн. Чи бидний төрөлх чадвар. Бас боломж. Өрөөр хэлвэл: Энэ бол Бурхан өөрөө чамд өгсөн чиний ХУВЬ ТАВИЛАН. Цэв цэвэрхэн, цав цагаан ХУВЬ ТАВИЛАН. Харин Чи түүнийг Дэлдэж явах уу? Дэлгэж явах уу?
ЧИ ӨӨРӨӨ МЭДНЭ!!!

Би ингэж бодож байна
Чи юу гэж бодож байна.
        

/Хүүдээ бичсэн захидал/... 
Батжаргалын БАТБАЯР

2016.02.10-нд

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.