Битүүний барилдаанд харцага Ц.Содномдорж түрүүлэв

Twitter Print
2016 оны 02-р сар 08-нд 23:10 цагт
Мэдээний зураг,

Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх үнэн хүчийг үзэж, уран мэхийг уралдуулан барилдсанаас улсын харцага Ц.Содномдорж найм даван түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэв.

Жил жилийн улсын наадмын тааварт дээгүүр бичигддэг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Монос" группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж сар шинийн барилдаанд анх удаа түрүүлэхдээ улсын аварга Г.Эрхэмбаярыг их холоос зүтгэсээр байж ачиж бөхийн өргөөнд цугласан үзэгч олныг шуугиулсаар түрүүлсэн юм. Ц.Содномдорж харцагын хувьд 2012 оны сар шинийн барилдаанд шөвгөрч байсан. Харин үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Таванхан" дэвжээ, "Мондэй" группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр 2013 оны түрүүгээ ихэрлүүлэхээр тун ч хийгүй барилдсаар үзүүр түрүүнд хүрсэн ч бяртай харцагын шийдсэн, даацтай ачаанд өвдөг шороодсон юм.

Битүүний барилдааны их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Н.Батзаяа, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Т.Баасанхүү нар шалгаран үлдэж хурсан олныг баясгав.

Бөхийн өргөөнд цугласан бөхийн хорхойтнуудыг уулга алдуулсан олон хурц, сонирхолтой барилдаанаар дүүрэн болсон энэ жилийн битүүний өдрийн барилдааныг тавын даваанаас эхлэн сонирхуулъя.

Тавын даваа буюу шөвгийн 16 бөхийн барилдааны зүүн талын магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр гарсан бол баруун талын тэргүүн жигүүрт улсын залуу аварга С.Мөнхбат дэвэн гарсан. Г.Өсөхбаяр аварга Архангай аймгийн Булган сумын харьяат улсын гарди Д.Рагчааг амлаж барилдсан ч гардийн зайлаанд өвдөг шороодов. Харин улсын залуу аварга С.Мөнхбат Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Н.Батзаяаг амлан барилдаж харцагын шийдсэн хутгаанд өвдөг шороодсон юм. Энэ даваанд улсын харцага Ц.Содномдорж, саяхан харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд шуугиулсаар түрүүлсэн Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Ө.Даваабаатар нар тунан барилдаж Ц.Содномдорж харцага давсан. Улсын гарди Н.Ганбаатар улсын арслан Н.Батсууриар, улсын аварга Г.Эрхэмбаяр улсын өсөх идэр начин Э.Энхбатаар, улсын заан Ч.Санжаадамба улсын начин Б.Сугаржаргалаар, улсын арслан Э.Оюунболд аймгийн хурц арслан Н.Жаргалбаяраар, улсын начин Т.Баасанхүү Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарди Б.Гончигдамбаар тус тус тав давсан юм.

Дархан аварга А.Сүхбат жил бүрийн Цагаан сарын барилдаанд өсч яваа нэгэн залуу бөхийг “Ирээдүйн аварга” шагналаар шагнадаг уламжлалтай. Энэ жил А.Сүхбат аваргын “Ирээдүйн аварга” шагналыг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Хилчин” спорт хорооны залуу бөх, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр гардлаа.

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр Архангай аймгийн Булган сумын харьяат улсын гарди Д.Рагчаагаар даваагаа ахиулсан бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын залуу арслан Э.Оюунболд Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Н.Батзаяад, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын гарди Н.Ганбаатар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж нарт өвдөг шороодсон юм.

Долоогийн даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр улсын харцага Н.Батзаяагаас барьц сонгож алсын шуудагнаас  хойш нь дугтарч суулган даваагаа ахиулав. Харин улсын начин Т.Баасанхүү их холоос хүчлэн хутгахад нь улсын харцага Ц.Содномдорж биеэ суллан дээр нь үлдсэнээр үзүүр түрүүнд үлдсэн юм.

Ийнхүү Гал бичин жилийн битүүний барилдаан бөх сонирхогчдын таамаг эвдсэн олон сонирхолтой уран хурц барилдаанаар дүүрэн болж, танхим дүүрэн үзэгчдийг шуугиулсаар өндөрлөсөн юм. Дараа жилийн битүүний барилдаан хүртэл 365 хоног үлдэж байна.

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.