Цагаан сарын зочид хийгээд дайллага

Twitter Print
2018 оны 02-р сар 09-нд 15:13 цагт
Мэдээний зураг,

Монголчууд ирсэн зочноо юу байгаагаараа дайлж цайлдаг заншилтай үндэстэн тул биднийг дэлхий даяар зочломтгой, цайлган монголчууд хэмээдэг юм. Холын аянд яваа хүн оройтож ядарсан үедээ замд тааралдсан айлд үнэ хөлс гэлгүй саатаад, унаа хөсгөө засч, унтаж амраад явдаг хэвшил талын нүүдэлчин монголчуудаас өөр хаана ч байхгүй. Энэ бол монгол хүний умартаж боломгүй зан заншлынх нь нэг онцлог нь. Одоогийн хэллэгээр бол хүн чанарынх нь брэнд гэсэн үг. Үүнийгээ бид орчин цагийнхаа нөхцөл байдалдаа тохируулан хэрэглэж байна. Хуучны хүмүүс айлд ирсэн зочин, тэр айлд эрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг гэж ярьдаг байлаа. Иймд гэрийн эзэгтэй бол айл гэрийн нүнжиг, өнгө үзэмжийг авч явдаг юм шүү дээ.

Ирсэн зочныг шуурхай үйлчлэхэд тохиромжтой, хамгийн хурдан болдог хоол бол банш юм. Иймээс бид цагаан сарынхаа өмнө банш ихээр чимхэж хөлдөөдөг. Хийхдээ хуучин цагт алт, мөнгийг хадгалдаг ембуу хэлбэртэй болгож, элбэг баян орших ерөөл хэмээн үздэг бөлгөө. Зочин ирмэгц нохойгоо хорин тосч, явахад мөн энэ маягаар үдэн гаргаж өгнө. Айлд зочилж буй хүмүүс бие, хувцсаа тохируулж, өөрийн үйлдэлд хянамгай байж, товч задгай, хувцас уранхай, малгай хазгай, бүс алдуул, бие хөлчүү байхыг цээрлэх ба төв түвшин, тэнүүн өгөөмрийг эрхэмлэн цай, идээ, бэлэг сэлтийг авахдаа хоёр алгаа дэлгэн эсвэл баруун гараа зүүн гараар яльгүй түших маягаар авдаг учиртай. Аяганы амсраас чимхэж барихгүй, мах буруу тийш зүсэхгүй, ширээнд тавьсан идээнд дургүй хэмээн голох буюу байрыг өөрчилж, унагаж асгалгүй, өөр зүйл гэрийн эзнээс нэхэхгүй байх зэрэгт эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж сургахад илүүдэхгүй.

Эхлээд цай, цагаалга, идээ барьж дараа нь ууц тавина. Ууц таллах нь эртнээс тогтож хэвшсэн учир начиртай. Ууцанд зөвхөн гэрийн хүний зөвшөөрөлтөйгөөр хүрэх ба гэрийн эзэн ууцаа харцгаар нь зочны зүг тавихад зочдоос ахмад нь эхэлж толгойн хамар дээрээс хуйх эсвэл ууцны сүүлнээс нимгэлэн авч галд өргөөд дараа нь ууцыг зүүн гараар хажуу сүврэг талаас барьж баруун гараар өөхөн намилхай хэсгээс барьж, нимгэн өөгүй зүсэх ба дагуулж яваа хүмүүстээ хувь хүртээж болно. Өдгөө суурин газрын ихэнх гэр бүлд ийм боломж хомс бөгөөд нэгэнт гэрийн эзэн галд өргөх дом хийсэн байх тул заавал галд өргөх үйлийг хийх шаардлагагүй.

Ууц таллах ёс гүйцэтгэсний дараа хөл махны бугалга талаас барьж зүсч ёслох ба өөрсдийн дагуулж яваа хүмүүст мөн хувь хүртээж болно. Орчин цагийн сонголтод үүнээс гадна ногоо, жимс болон цагаан идээг өргөн хэрэглэх нь таалалд зочны нийцэх буйзээ.Зочин хүн очсон айлынхаа бэлдсэн идээ, шүүсийг тааваар хүртэхдээ өөх болон сархад аль алиныг нь 100 граммаас хэтрүүлвэл Таны эрүүл мэндэд сайнгүй хэмээн ямагт зөвлөдөг эмч нарынхаа үгийг санах нь зөв буйзаа. Грамм шүү, килограмм, литр биш... гэж тэд чухалчлан захидаг юм шүү. Айлд зочилж очоод бусдын тухай муугаар ярих, хэрүүл маргаан үүсгэх, хөлчүүрч хэл ам гаргах, атаа жөтөө болж, хов жив хэлэлцэхийг цээрлэн урьд өмнө муудалцсан хүмүүс, хөөрөг зөрүүлэн тайлдаг учиртай. Урдын муу үйл дээр, сайн үйл, буян хишиг тогтохгүй гэж үздэг.

Бэлэг ба гар цайлгах ёс

Өнөө үед цагаан сарыг шинэлэг хэлбэрээр тэмдэглэх санаачилга гаргаж, зардал чирэгдлийг багасгахыг уриалж байна. Гол нь хүн болгоны гар дээр бэлэг тавьдаг тэр сэтгэхүйгээ больцгооё л гэж байгаа. Мэдээж өвлийн хүйтэнд, ханиад, томуу ихтэй үед айл айл дамжин хэсэхийг хавтгайруулахгүй байх тухай асуудал. Шинэлэг гэж буй нь хуучин уламжлалаа мартах тухай биш байх. Уламжлалт ёс заншлаа орхивоос цагаан сар хэмээх улс үндэстнийхээ энэ баярыг орон даяар тэмдэглэх утгаа алдана. Олон ястан, үндэстэн бүхий монгол түмэн өөр өөрийн онцлог ёс заншилтай бөгөөд тэд өөрсдийнхээ уламжлалаар сар шинээ угтах нь зүй буйзээ.

Хуучин цагт хүний алгыг тэнийлгэж, гар цайлгах ёсон гэж байсан нь өнөөгийн бэлэг хараахан биш юм. Энэ нь цагаан идээ, хэвийн боов, амттан гэх мэт гарын дор л байсан зүйлээрээ хувь хүртээхийг хэлэх ба голдуу хүүхдүүдэд өгдөг байлаа. Орчин цагт бэлэг оймс, саван болж өөрчлөгдсөн нь мөн л гарын дор байгаа зүйл нь байх. Гар цайлгах гэдэг нь нийтлэг, бэлэг бол гэр бүлийн хүрээнд л байх ялгаатай зүйл юм шүү. Уул нь уг үзэгдэл нь адил боловч нэг нь бэлгэдлийн чанартай, нөгөө нь материаллаг болж ирсэнд л учир нь байгаа байх. Материаллаг гэхээр л бэл бэнчин, дэв зиндаа, ядуу баяндаа тулж эцэст нь өрсөлдөөн болдог. Гэхдээ орчин цагийн өнгөнд орж огт үгүйсгэж яаж болохов дээ. Монгол хүний нэг гол шинж бол өглөгч зан чанар юм. Харамч хүнд яснаас дургүй. Хүний гарыг цайлгаж алгыг тэнийлгэхийг буян хэмээн үздэг. Бэлэг барих гэдэг бол гэр бүл, үр хүүхэд, садан төрлийн хүрээний асуудал шүү дээ. Иймээс бэлэг өх нь зөвхөн гэр бүл, садан төрлийн л дотор. Түүнийгээ гэр бүлийнхээ дунд хэрхэн шийднэ тэр хэмжээндээ л болох байх. Гол нь ахмад настнуудаа хүндлэн амар мэндийг нь асууж, төрөл саднаа мэдэлцдэг, хүүхэд багачуудаа баярлуулж урамшуулахад л чиглэсэн байх учиртай. Бэлэг бол ямарч хүнд баярын урам нэмж сэтгэл сэргээн хүсэн хүлээж байдаг өдөр тутмын амьдралд ховор тохиодог баярт мөч "Авсан нь баяр дүүрэн, өгсөн нь сэтгэл дүүрэн" болдог сайхан сэтгэлийн үйл юм. Иймээс хүүхэд багачууд, өтгөс хөгшид, ойр дотнын хүндээ бэлэг баривал тэд санаа сэтгэгдэл өндөр, баярын урамтай сар шинээ угтах болно. 

Цагаан сар бол эвлэрлийн баяр, бүгд өөдрөг, хийморлог, цог жавхаатай байж, санаа сэтгэлээ ариусган гэгээлэг зүйлийг мөрөөдөж, бэлгэ дэмбэрэлтэй үг ярьж, ойр дотны хүмүүстээ бага гэж басахгүй, баян гэж бялхахгүй ч бэлэг авч байгаа хүний сэтгэл санаанд нь нийцэх зүйл байх нь л тохиромжтой. Хүнд бэлэг барихдаа энэ үйлд онцгой ач холбогдол өгч, нүүрийн баясгалантайгаар сайн сайхныг хүссэн ерөөлийн үг хэлж, бичиж үнэн санаанаасаа өхийг хичээвэл баярын урам улам нэмнэ. Бэлэг зөвхөн өх эзэндээ л зориулагдсан байх агаад зөв сонгох учиртай, эрэгтэйд дээлийн эмжээр, эмэгтэйд хөөрөгний дайлан гэх мэт бэлэг зохихгүй. Хөргөгч, тоос соригч, телевизор гэх мэт бэлэг эхнэртээ ч юм уу, нөхөртөө баривал хэн хэнд нь сонин л санагдах байх. Харин шинээр гэр бүл болж буй хосуудад бол ийм бэлэг зохино гэх мэт. Иймээс бэлэг бол зөвхөн гэр бүлийн хүрээнд, гар цайлгах хэмээх боловч гол агуулга нь үнэ цэнэдээ бус сэтгэл цайлгахад оршдог аж. Өрөө бэлгээр бүү хаа, хүнд хэрэггүй юмаар, нэр зүүх байдлаар бэлэг бүү барь, бага ч гэсэн хүнд тохирсон, чамин, хөөрхөн, хөгжилтөй зүйл байг гэж л хэлмээр байна.

Н.Бадарч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.