Цагаан сарын барилдааны 55 жилийн түүхээс

Twitter Print
2018 оны 02-р сар 08-нд 10:23 цагт
Мэдээний зураг,

Дөрөвхөн цагийн дараа ХVII жарны Гал бичин жилийн хаврын тэргүүн сар, Цагаан сарын барилдаан 55 дахь жилтэйгээ золгож, хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдаж, Монгол түмнийг цэнгүүлэх гэж байна. Хаврын тэргүүн сарын Цагаан сарын хүчит бөхийн барилдаан 1963 оны хоёрдугаар 24-нд анх зохиогдсноос хойш энэ жил ийнхүү 55 дахь удаагийн хүчит бөхийн барилдааныг Монгол түмэн шимтэн сонирхож, хотол олноороо баясан цэнгэж, урин хавартай учран золгоно.

Анх зохиогдсон 1963 онд хүчит 64 бөх барилдаж байсан бол жилээс жилд хүчит бөхчүүдийн тоо, чанар нэмэгдэж 128 бөх барилддаг байснаа сүүлийн жилүүдэд тогтмол 256 бөх барилддаг болсон жишгээр энэ Гал бичин жилийн барилдаанд ч чансаа өндөр, шигшмэл 256 бөх барилдахаар ир бяр нь тэгшрээд байгаа.


1963 онд зохиогдсон Цагаан сарын анхны барилдаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Далай даян Дархан аварга Ж.Мөнхбат заан цолтой ид залуу байхдаа түрүүлж байж. 

Тэгвэл өнгөрсөн 53 жилийн түүхэнд сар шинийн барилдаанд хамгийн олон дараалан түрүүлсэн бөхөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Далай даян Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тодорсон байдаг. Тэрээр мөн л Цагаан сарын барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөхөөр тодроод байгаа. Б.Бат-Эрдэнэ аварга өнгөрсөн жилүүдэд нийтдээ 13 удаа түрүүлж хосгүй амжилт үзүүлсэн хүчтэн юм.


Гал бичин жилд 53 дахь удаагаа болж байгаа Цагаан сарын хүчит бөхийн барилдааны түүхэнд аймгийн арслан цолтойдоо анх удаа түрүүлсэн хүчтэн  бол 2011 оны Төмөр туулай жилийн барилдаанд түрүүлсэн  Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар байж.

Харин улсын начин Ч.Өвгөнхүү улсын начин цолтой байхдаа цагаан сарын барилдаанд түрүүлсэн мөн л анхны бөх болсон түүхтэй.

Өдгөө Монгол түмний их цэнгэл баярын магнай болсон билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийн барилдаан анх зохиогдох үедээ “Нэгдэлчдийн баярын өдөрт зориулсан Мэдээлэл радиогийн улсын хорооны нэрэмжит хүчит бөхийн барилдаан” гэдэг нэртэй байж. Тухайн үед нэг намын үзэл суртлын хүлээсэнд байсан Монголчууд Цагаан сараа ч хотол олноороо баярлан тэмдэглэж чаддаггүй байсан бол 1990 оны ардчилсан хувьсгалын дараа хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон билээ.

Цагаан сарын барилдааны түүхэнд хамгийн олон удаа үзүүрлэсэн бөхөөр Далай даян Дархан аварга Ж.Мөнхбат тодорсон байдаг. Тэрээр Д.Дамдин, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох зэрэг хүчтэнүүдтэй өгөө аваатай барилдаж таван удаа үзүүрлэсэн байдаг.


Өнгөрсөн 55 жилийн түүхэнд сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд ганцхан удаа 104 бөх барилдаж байжээ.

Тэгвэл сар шинийн барилдаанд цэргийн арслан цолтой бөх түрүүлсэн тохиолдол ганц байдаг. Энэ хүчтэн нь одоогийн улсын заан, Монгол туургатны тэргүүн бөх Ч.Санжаадамба юм. Хүчит заан маань 2010 оны Төмөр бар жилийн Цагаан сарын барилдаанд хүчит 256 бөх барилдахад  анх удаа цэргийн арслан цолтой байхдаа түрүүлж байжээ.

Жил жилийн Цагаан сарын барилдаан бөх сонирхогчдын тааврыг эвдэж, хэний ч таамаглаагүй хүчтэн шуугиулах нь элбэг. Тэр ч жишгээр хамгийн их шуугиан тарьж олны тааврыг эвдэж байсан бөх бол улсын харцага Ц.Магалжав юм. Тэрээр 2000 оны Төмөр луу жилийн барилдаанд аймгийн арслан цолтой байхдаа аварга, арслангуудыг өвдөг шороодуулсаар үзүүрлэж байсан түүхтэй.


Харин олны хэл ам таталж, жаахан будлиантай шалгарсан түрүү бөхөөр 2006 оны нохой жилийн сар шинийн баяраар түрүүлсэн УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тодорсон байдаг. Тухайн үедээ ир бяр нь тэгширсэн идэрхэн залуу аваргуудыг өвдөг шороодуулж түрүүлсэн нь бөхөө дээдэлдэг монголчуудыг багагүй бухимдуулж, “Будлиантай түрүү” гэж хэсэгтээ л шуугилдсан удаатай.

Өнгөрсөн 53 жилийн түүхээс үзвэл Цагаан сарын барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд улсын цол олгодог болох тухай яриа байсхийгээд л дэгддэг ч тухай бүртэй олны дэмжлэг хүлээж байгаагүй аж.

Сүүлийн жилүүдэд бөхийн өргөөнд цугласан үзэгчид давсан бөхийн хишиг боорцогноос хүртэх гэж түрхрэн шуугилддаг болсон. Энэ нь давсан бөхийн хишиг боорцогноос амсвал тухайн жилдээ хийморьтой явна гэж бэлэгшээдгээс тийнхүү  булаацалддаг байна.

Өдгөө Монгол бөхийн өргөөнд багтаж ядан болдог Цагаан сарын барилдаан 1998 он хүртэл Спортын төв ордонд болдог байж. Тэгвэл өнөөдөр Монгол бөхийн өргөөнд үзэгчид нь багталцахгүй болсон тул Яармагийн дэнж дээр шинэ ордонд явуулах ёстой гэсэн маргаан жил бүрийн Цагаан сарын барилдааны өмнөхөн өрнөдөг ч “Тэр хол унаа тэрэгнээс эхлээд, түгжрэл дунд сэгсчүүлсээр бөх үзэхээр очих үзэгчид цөөхөн” гэдэг шалтгаанаар тэгсгээд замхардаг байна. 

Сүүлийн жилүүдэд Цагаан сарын хүчит бөхийн барилдааны тасалбарын үнэ байнга нэмэгдэж өнөөдөр 30 мянган төгрөгт хэлбэлдэж байгаа ч тасалбар сурсан үзэгчид битүүний орой Монгол бөхийн өргөөний үүдээр дүүрэн байдаг нь тасалбар шаглагчдын хувьд маш ашиг орлоготой ажилладаг өдөр нь болжээ. 

Сонирхуулахад алдарт "Хоёр Мөнх" 1963 оны сар шинийн баярт анх удаа учраа таарсан байдаг. Х.Баянмөнх аварга тэр үед аймгийн начин цолтой зодоглож дунд шөвөгт шалгаран аатай, иртэй ид үедээ байсан Ж.Мөнхбат заантай багагүй удаан ноцолдсоны эцэст унасан түүхтэй.   

Харин Б.Бат-Эрдэнэ аваргын цагаан сарын барилдаанд 11 дараалан түрүүлсэн цувралыг даян аварга А.Сүхбат 1999 онд зогсоосон нь тэр үедээ жинхэнэ шуугиан тарьсан байдаг.


Монголчууд хэзээнээсээ “Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тэр жилийнхээ улсын наадамд сайн барилддаг” гэж хэлцсээр ирсэн нь зүгээр ч нэг яриа биш юм. Ард түмнийхээ аман яриаг баталж Дархан аварга Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, аварга Г.Эрхэмбаяр зэрэг бөхчүүд Цагаан сарын барилдаанд түрүүлсэн жилээ улсын наадамд түрүүлсэн байдаг.

1996 оны Цагаан сарын барилдаанд Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж. Мөнхбат, С. Цэрэн нарын таван аварга манлайлан босч байсан нь урьд хожид тохиож байгаагүй үзэгдэл болж үлдсэн түүхтэй. Монгол төрийн наадамд таван удаа түрүү үзүүрт шалгарсан "Хоёр Эр­дэнэ" буюу Б.Бат-Эрдэнэ, Д.Мөнх-Эрдэнэ нар 1996 оны цагаан сарын барилдаанд анх удаа түрүү булаалдаж Далай даян Дархан аварга Б.Бат-Эрдэнэ даван түрүүлж байжээ.

Ийнхүү 55 дахь жилийнхээ түүхийг бичиж байгаа хаврын тэргүүн, Цагаан сарын барилдаан XVII жарны "ТИЙН УНЖЛАГАТ" хэмээх Шороон нохой жилийнхээ түүхийг нэмэх хугацаа хором хормоор ойртож байна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • alt

      (103.229.120.144) 2016-02-12 00:12
      • 0
      • 0

      1996 ond 5 avarga bish baihaa uur ond baihaa

      Хариулах