Их аварга Дагвацэрэнгийн Хадбаатар

2016 оны 02-р сар 08-нд 09:52 цагт
Мэдээний зураг,

Их аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын тухай Ардын уран зохиолч Бөхийн Бааст гуайн бичсэн дурсамжийг уншигч танд хүргэж байна.

2013 он. Гуравдугаар сар дөнгөж гараад байв. Мартын наймны баяр удахгүй болох гээд… Ийм үед амралт, сувиллын газар их хөлтэй болно. Амарч, сувилуулж байгаа өвөө эмээ, ээж аав, эгч дүү, эхнэр ханьтайгаа баярлах гэж хотоос машинтай хүмүүс цувна. Машинууд ирээд л байсан.

Нэг орой доороос цагаан машин өгсөн ирж амралт, сувиллаас их л сайндаа хоёр зуугаад алхмын зайтай, гүдгэр дээр гарч ирээд өмнө машин явсан замын зүүн захыг барьж яваад хур цасанд дугуй нь зууралдан зогсчээ.

Газрын өөд машиныхаа хүчийг гаргаж зүтгүүлэхээ мэдэхгүй, бас машинууд явсан замаар явахгүй… хашир хэрсүү зангүй залуухан бүсгүй жолооч дахин өгсөхдөө өнөө л замаараа зүтгүүлтэл машин нь хүч алдаад ухрах мөртөө замын зүүн талын гүнзгий хунгар цастай жалга уруу гулган ороод гэдсээрээ жалгын ирмэг тэгнээд яах ч аргагүй болов.

Амралтынхан, залуу жолооч хүүхнийг хүлээн тосогч бүгд л мэдэх чадах арга саам хэрэглээд цагаан тэргийг жалгаас гаргаж барсангүй. Тэртээ тэргүй гудайгаад байсан нар ч биднийг “хүлээсэнгүй” уулын цаагуур орчихлоо.

Сэрүү татаад бид байраа бараадаж эхэлтэл нэг өвгөжөөр амрагч:

-Хачин юм даа, хоёр ижилхэн машин нэгийгээ чирээд гаргачихаж дөнгөхгүй юм. Хадбаатар ч байсан болоосой гэв.

-Юун, ямар Хадбаатар вэ?

-Яагаав. Алдарт бөх аварга Д.Хадбаатар!…

-Тэгээд, Хадбаатар байсан бол яана гэж?

-Энэ жалгад орсон цагаан машины чинь татуургыг мөрөн дээгүүрээ давуулж ирээд гартаа хэд ороогоод ганцхан л ухасхийн зүтгэхэд овосхийтэл гаргаад ирнэ шүү дээ.

Харин аваргыг тэгж зүтгэхэд энэ машин нь эд ангиараа салж сарниад хэдэн хэсэг болчихгүй, тэсдэг л байх даа гэх нь тэр!….

Өвгөжөөр тэр хүнийг хараад Хадбаатар аваргыг таньдаг хүн байх нь.

Бас монгол бөхөө дээдлэн сүслэгч юм байна гэж бодов.

Яг ингэж бодсон минь саяхан л бидэнтэйгээ цуг амьдарч байсан гайхамшигт сайхан бөх Д.Хадбаатарыг манай бөхийн эгнээнд чухам хэн оруулж ирснийг, бас тэр сайхан хүнтэй яаж танилцсанаа дурсахад хүргэсэн юм даа….

Ингэхэд Д.Хадбаатарыг монгол бөхийн эгнээнд хэн оруулж ирсэн бэ.

-Би оруулж ирсэн юм… Би олж ирсэн юм… Би хөтөлж ирсэн юм гэх хүн гарах байх л даа.

Тийм хүмүүс гарвал “Та, жаахан хүлээж бай. Би урьдаар нэг үг хэлье (бичье)” гэмээр байна.

1975 он. Ардын Хувьсгалын их баяр наадам өнгөрмөгц МАХН-ын Төв хорооноос бүх аймагт суртлын бригад 40-45 хоногийн хугацаатай гаргадаг уламжлалтай.

Бригадыг Төв хорооны нэр дээр бүх яамд хариуцан гаргадаг.

Аймаг олон, яам цөөн учир, Намын дээд сургууль, Багшийн сургууль, Улсын их сургууль зэрэг голлох том газрууд хариуцаж бригад гаргана. Бригадыг яагаад уламжлалтай гэж байгаа юм бэ гэвэл 1939 онд, Намын төв хорооны нэр дээр гарсан Дотоод явдлын яамны суртлын бригад манай суманд очсон.

Тэр бригадыг Дотоод яам хар бологчдын сургуулийн багш хожим манай хүүрнэлт зохиолын нэрт төлөөлөгчийн нэг болсон Ц.Уламбаяр даргалж явсан юм. Яагаад хар бологчдын гэнэ вэ гэвэл тэр үед сүм хийдээс холдож хар болсон хүүхдийн сургуулийг Дотоод яам байгуулсан юм биз.

Тэр сургуулийн нэг багш нь Ц.Уламбаяр байсан хэрэг.

Дотоод яамны тэр бригадад Н.Цүлтэм гэж аргагүй сүмд шавилан сууж байгаад хар болоод удаагүй цанхигар цагаан царайтай хүү гэхээсээ банди гэсэн нь илүү зохих туранхай хүү байв.

Н.Цүлтэм тэр үед үнсэн самбар дээр гурвалсан загас зэргийг зурж биднийг алмайруулж, гайхуулж байв. Н.Цүлтэм хожим төрийн шагналт, Ардын зураач, Хөдөлмөрийн баатар болсон. 1939 онд Увс аймагт явсан Намын төв хорооны бригадад хожим миний багш, хамтран зохиол бичигч болсон зохиолч Ц.Цэдэнжав явсантай 1940 онд танилцсан.

Тэгэхээр суртлын бригад гучаад оны дунд үеэс анх гарсан байж болно. Тэгвэл 1975 онд суртлын бригадын 40 жилийн ой ч тохиож байсан байж болох. Одоо чинь ямар нэгэн байгууллага, пүүс, компани байгуулагдсаныхаа нэг жилийн ойг тэмдэглэх юм.

Дээр үеийн бид бригадынхаа 40 жилийн ойг тэмдэглээгүй өнгөрсөн нь тэнэгийнх биш, даруугийнх л байсан байж таараа. 1975 онд зохиолчдын хороо намайг Батлан хамгаалах яамны бригадад яв гэж тушаав. Би тийм зөөлөн чихтэй, дуулгавартай хүн байв уу. Зохиолчдын хороонд 70-аад жил данстай явахдаа мөн чиг олон удаа янз бүрийн ажилд тохоогдож байснаа цөмийг нь он оноор нь бичвэл сонин л байх бололтой.

Хөдөө явах бригадуудын ажил эмхэрч зүгширлээ. Нэгэн өдөр голын цэнгэлдэх дээр бүх бригад цуглаж ажлаа дээд газар, яам яамдынхаа удирдлагад шалгуулах боллоо. Батлан Хамгаалах яамны сайд, хурандаа генерал Б.Дорж гуай дагалдах хүмүүстэйгээ хүрч ирлээ. Манай бригадын дарга хошууч бил үү цолтой Болд генералд ажлаа, бригадын бүрэлдэхүүнээ танилцууллаа.

Дорж гуай намайг муухан таньж байна.

Би бол Дорж гуайг бишгүйдээ харж байсан. Морь, бөх хоёрт нугасгүй дуртай, хайртай гэдгийг нь дуулсан мэддэг байсан. Ажлаа шалгуулаад, бэлтгэл хангагджээ гэж дүгнүүллээ. Тэгээд цөмөөрөө зүлгэн дээр суулаа. Дорж гуай олон зуун мянган эр улсын эцэг юм чинь бидэнд хэлэх, зөвлөх, санах сэдэх үг тэр хүнд байлгүй яахав.

Дорж гуай тийн ярьж суухдаа, нүд нь дандаа энүүгээр тэрүүгээр хойш урагш сүлжих хүмүүс рүү л бэлчиж байх. Тэгж сууснаа, биднээс холгүйхнээр баруун урагшаа зэрэгцэн одож буй хоёр цэргийг харснаа,

-Тэр, тэр харав уу. Тэр яасан танхай байлдагч вэ. Гутлынхаа түрийг шагайндаа хүртэл эргүүлчихэж. Түүнийг дууд! гэв.

Хоёр байлдагчийг дуудаж ирэв. Ёслож, генералын амрыг эрэв.

-Чи яасан танхай эр вэ. Яагаад гутлаа ингэж өмсдөг байна аа.

-Хөлийн булчин бариад, яаж ч болохгүй, хэцүү байна аа, генералаа гэж лагс бүдүүн байлдагч нь өгүүлэв.

-Тэгээд Батлан хамгаалах яам чамд зориулж өргөн түрийтэй, тусгай гутал захиалж хийлгэх болж байна уу?

Байлдагч дуугарсангүй.

-Нэр хэн бэ?

-Хадбаатар.

-Барилддаг уу?

-Үгүй, генералаа.

-Барилдах дуртай юу?

Байлдагч дуугарсангүй

-Ийм сайхан эрд эхнэр хаанаас мундах вэ гэж дуу байдаг.

Дуулсан уу?

-Дуулсаан генерал аа.

Бид дор дороо шүг шүгхийн инээв.

-Чамайг барилдуулна аа. Бөх болноо хө. Аль ангийнх вэ?

Хадбаатар ангийнхаа хаягийг хэлэв.

Дорж гуай, туслахдаа:

-Үүний хаягийг бичиж ав гээд Хадбаатарт

-Чамайг зүгээр орхихгүй, барилданаа хө.

Сайхан бөх болноо чи. Чамайг дуудуулнаа, сонсов уу?

-Сонслоо.

-Явж болно.

Хадбаатар гэдэг гайхамшигт хүүг бөх болохыг мэдэж анх олж харсан хүн бол яах аргагүй Дорж гуай. Түүнийг манай нэгэн үеийн алдар цуутай бөх болгосон хүн бол мөн л яах аргагүй Дорж гуай гэж би хэлэх гээд байгаа минь ийм учиртай юм л даа.

1960-аад оны өвөл, хаврын уулзуур цагаар Сөгнөгөрт амарч байв.

Энэ амралт надад олон талаар ээлээ өгсөн газар. Гол, уул хоёрын хоорондох хөндийд амралтын нэгнээсээ зайтай хоёр давхар хоёр цагаан байшин байв. Тэр хоёрын дунд гал тогоо, зоогийн газар байх. Хоол ундны цаг болохоор хоёр талаас амрагчид ирж зоогийн газар “нүүр учирна”.

Байр, зоогийн газар, гал тогоо цөмийг нь түлээ нүүрсээр галлаж “амь оруулна”. Галч нарт ямар ч буруу байхгүй. Байр, зоогийн газрын урт хар, хавтгай пийшингүүд халж дулаартал түлээ нүүрсний утаа үнэрээр баахан утна.

Тэгэсгээд дулаан уур амьсгаа орж бүх юм аандаа сайхан болно. Хамгийн гол нь гадаах байгаль орчин гэдэг тэр чигээрээ үлгэрийн орон болохоор хүний сэтгэл тэнүүн болох нь түмэн зүй.

Нэг өдөр Хадбаатар бөх амрахаар хүрч ирэв. Бөх, байгаль хоёрт хайртай Ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн удирдаач Ц.Намсрайжав Хадбаатартай танимхайран уулзаж, манай ширээний эзгүй ганц суудалд түүнийг суулгав. Ингээд Намсрайжав, Янжинжав, Дуламжав, Хадбаатар, Багшийн дээдийн ядаргаатай оюутан бүсгүй бид зургаа зоогийн ширээндээ “элэг бүтэн” болов.

Манай ширээ амрагчид дотроо хөгжилтэй нь боллоо. Хадбаатарыгаа Багшийн дээдийн ядаргаатай охинтой “гэр бүл болгоно” гэж наргидаг болов.

Нэг өглөө зоогийн газар ороод ирсэн чинь манай ширээнийхэн хараахан ирээгүй байна. Том тавагтай царцуу хайлмаг өгөв.

Нэг ширээнд нэг л таваг гэнэ. Хайлмагаас жаахан өлтөлж амсаад орхив.

Намсрайжав гэргийтэйгээ ороод ирэв.

“Та хоёрын хувь гэнээ” гээд том тавагтай хайлмагийг өглөө. Намсрайжав “Хэний ч харсан бид хоёр үүнийг баран идэх гэж юу байхав” гээд тэр хайлмагт хошуу хүргээд орхив.

Ядаргаатай оюутан, Дуламжав хоёр ч тэгэсгээд орхив.

Гэтэл Хадбаатар ороод ирлээ.

“Май, чиний хувь” гэнэ гээд өнөө хайлмагийг өгч орхив. Мань хүн идэж гарваа. Өнөө ядаргаатай охин нүүрээ гарынхаа алгаар хааж, хурууныхаа завсраар жаахан ярвайсхийгээд Хадбаатарыг хараад л байна. Хадбаатар тэр хайлмагийг баран идчихэв. “Нэмүүлэх үү” гэсэн чинь “тэгье” гэнэ. “Хадбаатар нэмүүлье гэж байна” гээд тавгийг өгтөл гал тогооныхон арай гэсгэлэн хайлмаг өнөө тавагт овоолтол хийгээд Хадбаатарт өгөв.

Мань хүн идэж гарлаа. Өнөөх оюутан бүсгүй ч алгаараа нүүрээ тагласан хэвээр хуруун завсраараа Хадбаатарыг ярвайсхийгээд хараад л байв.

Хадбаатар хайлмагийг хуу хамаад идчихэв.

Тэгсэн чинь өнөө бүсгүй: “Пөөх, ийм амьтантай суувал цатгах, тэжээх гэж үйлээ үзэх юм байна” гэтэл бид ёстой “гүзээ хагартал” инээхийн үлгэрээр инээв.

Заал дүүрэн инээд болов.

Бид тэр өдрийнх шиг тийм наргиантай инээж ч яваагүй, тэр өдрийнх шиг тийм амттай, шингэцтэй хоол идэж ч яваагүй юм шиг санагдаж билээ. Тэгж байтал бидний хувь хувийн ганц нэг шилтэй юм дуусав.

Энэ талаар “ган” болох янзтай болов. Мандал уруу явах машинд Хадбаатарыгаа дайж, нанчид олж ирэх мөнгөө нийлүүлж өгөв.

Үдийн хоолны өмнө Хадбаатар ирэв.

Хоолон дээр нэг бутантай (төмөр манерктай) архи өмнөө санжигануулчихсан орж ирэв.

 “Хөө еэ чи, наадахаа далдхан аваад ирэхгүй яав. Цаана чинь архины тухай яриа дэгдээд байна” гэтэл Хадбаатар архиа доороо хийгээд суучихав.

Ид хоол идэж байтал амралтын дарга ороод ирэв.

Дарга:

-Амрагчдын дунд цуглаж архи уух, наргих явдал газар авч байгаа мэдээ надад ирж байна. Энэ зохихгүй, ийм явдалтай хатуу тэмцэл явуулна шүү гэж яг бидний дэргэд ярьж байтал Хадбаатар ширээн дээрх халбага, тавгаа цуглуулж аваад босч гүйтэл доор нь байсан бутантай архи ил гарчихав.

Амралтын дарга бутантай архийг харчихаад:

“За тэр. Энэ Хадбаатарыг” гэснээ Намсрайжав, биднийг л өрөвдлөө л дөө, хөөрхий амралтын дарга,

-За ийм байна. Жаахан хамжааргатай, хямгатай байна шүү та минь ээ гээд яриагаа дуусгаж билээ.

Бид амралтын даргад баярлалаа.

Хадбаатарыгаа жаахан зэмлэх аядав. Түүнийг зэмлээд яахав, хөөрхий минь. Угаасаа засаршгүй хүүхэд зантай, ийм цагаан цайлган хүнийг чинь яалтай билээ. Тэр их аварга насан туршдаа л ганцхан тэр хүүхэд зангаараа амьдарсан.

Түүний амьдралд хамгийн харш зүйл бол хүний өөдөөс эвгүй харах, үгүй гэж хэлэх хоёр л гол нь байсан болов уу.

Юм л бол “за- а!…” гэж байдаг ийм зөөлөн чихтэй бөх манайд хэд байсан болоо. Манай одоогийн бөхчүүдийг харж байхад зан суртахууныхаа хувьд сүрхий эвдэрч, монгол бөхийн дэг жаяг алдагдаж байгаа байдал захаас аваад л харагдаж байна. Бөхчүүд хэл аманд ороогдож, хэрэг түвэгт холбогдож байна.

Барилдаан бүр дээр шахам маргалдаж байна. Уначихаад тахимаа өгөхгүй явж байж сав л хийвэл хуруудах, шоо хаях, барьц солиулж барилдуулах… Энэ чинь уламжлал гэж үү. Хатуухан хэлбэл шившиг л юм даа. Барилдаж байгаа бөхчүүдийн зууралдсан барилдаанд цаг хугацаа байхгүй шахуу.

Нэртэйхэн бөхчүүд бол бүтэн цаг барилдаж үзэгчдийг ядраах, чилээх янзтай ийм спорт дэлхий дээр байдаг юм уу.

Энэ чинь уламжлал уу, ёстой гайгүй байлгүй.

Хадбаатарын барилдаан бүрийг сүүдэр шиг дагаж, харж явсан биш. Тэр ер нь маргадаг, уурладаг, ярдагладаг байсан болов уу.

Дэлхийн биеийн тамирын аль ч салбарт ухардаг араандаа хийдэг тийм тоглоом бий юу.

Манай бөхчүүдийн урдаа барьдаг гол арга нь их ч, бага ч ухрах явдал юм. Зарим бөхчүүд Сүхбаатарын талбайг бүрэн тойрох дайны ухарч байхад түүнд үг хэлдэг хүн байхгүй л байна.

Энэ чинь соёл биш биз дээ.

Хадбаатар маань ухардаг бөх байсан болов уу.

Миний Сөгнөгөрийн яриа дуусаагүй байна.

Нэг өдөр үдийн хоолон дээр амралтын дарга ороод ирлээ.

-Хадбаатар чи, хоол сайн идэж ав. Ууланд, жолоочтой цуг түлээнд яв. Бид хоёр гурван хоногоос гал алдах гэж байна.

Дулаан дээл, гутал бэлдсэн гэв.

Хадбаатар “За-а!” гэж их уриалгахан хэлсэн.

Магадгүй хар хөлсөө гаргах аятайхан шалтаг гарлаа гэж дотроо тэр баярласан ч байж магадгүй.

Амралтад ямар түүний гарын чилээг гаргах хүн байх биш.

Тэгээд бид түүнийг ямар хувцас өмсч явахыг хараад байлаа. Хуучин, энд тэндээ урагдаж ханзарсан, хормой нь эргэсэн том ногоон дээл, манайхны гараар хийдэг зөөлөн пөөнөгөр эсгий гутал өмсгөлөө.

Хаанаас ч олсон юм хэн мэдэж. Үнгэгдсэн томоо үнэгэн малгай өгтөл “Ийм малгай толгой дээрээ тавихгүй шүү. Өөрийнхөө малгайтай явъя даа” гэв.

Тэгээд тэр ачааны машинд жолоочийн хажууд чихэлдэн суугаад Цагаан-нуга чигийн замд ороод явж одов.

Оройн хоолон дээр Хадбаатар ирсэнгүй.

Биднийг унттал ч ирээгүй.

Маргааш өглөөний цайн дээр Хадбаатар ороод ирлээ.

-Машин нь даахын хэрээр л түлээ ачиж ирлээ. Овоо хэдэн өдөр гал залгах биз гэнэ.

Бид буулгасан түлээг нь харлаа.

Заан гэдэг амьтан л урт хошуугаараа ороогоод өргөж баймаар хоёр, гурван метрийн бүдүүн бүдүүн хар модыг ёстой л овойж оцойтол ачиж ирээд буулгачихаж.

Нэг том хүний гарын тэвэр хүрэхгүй тэр хар модыг бид хэдүүлээ өргөөд даах байтугай хөдөлгөж ч чадахгүй.

Ийм түлээтэй ноцолдох гэдэг нээрээ л Хадбаатарт хар хөлсөө гаргах тун аятайхан шалтаг болсон нь үнэн байна.

Тэр их түлээ биднийг бас баярлууллаа.

Хавар өвлийн аятайхан өдрүүдэд амрагчид ажил хийж амрах хэрэгтэй. Бид бас хоол идэх хэрэгтэй (эрхтэй) .

Муу ховдог дээгүүр, сайн ховдог доогуур гэдэг. Мөн ч лут ухаантай үг шүү. Яагаад муу ховдог дээгүүр гэж.

Ухаангүй муу ховдог дэмий дээгүүр өнгөлзөж, болоогүй түүхий хоол уруу хуруу, нүд хоёроо хийчих гэж байхад сайн ховдог хоолоо гүйцэд сайхан болгож идэх гэж доогуур гал хөсөө түлж, бадрааж хоолоо гүйцэт сайхан болгодог аж.

Амрагчид бид ухамсартай сайхан хүмүүс учир хоёр, гурван хоногийн дараа түлээтэй атал гал үгүй суухгүйн тулд түлээ хөрөөдөх ажилд гарсан.

Угаасаа түлээ нүүрсээр амьдардаг айлд сүх хөрөөний сайн нь байдаг аж.

Бид мод хөрөөдөх субботникт гарлаа.

Хадбаатарынхаа ачиж ирсэн түлээг хоёр өдөр хөрөөдөөд амралтаа айх аюулгүй болгоод харьцгаасан (хугацаа дуусаад, хуримынхаа “ордноор” ороод) түүхтэй.

1970-аад оны сүүл хэрд зун ЗХУ-ын Сибирийн зохиолчдын байгууллагын төлөөлөгч, яруу найрагч нэг залуу хүрч ирэв.

Нутагтаа хэвлүүлсэн хэдэн жижиг юмтай юм билээ. Бүх номоо л надад гарын үсэг зурж дурсгасан.

Ном нь ч олдохгүй юм, нэрийг нь ч мартжээ.

Бас л би түүнд хэдэн өдөр бараа болох болов. Улсын их баяр болоод өнгөрчихсөн. Зочдод үзүүлэх харуулах юм хомсдуухан байв.

Хол явуулах гэхээр түүний хугацаа нь богино.

Аз болж нэг бүтэн сайн өдөр Голын цэнгэлдэхэд бөхийн барилдаан болов.

Зочноо дагуулж очив.

Бас л миний аз болоход Хадбаатар маань барилдаж байдаг байгаа.

Сөгнөгөрийн амралтад танилцсанаас хойш Хадбаатар бид хоёр үе үе дайралддаг л байсан. Хадбаатар миний нэрийг хэлээд дандаа ах, ах л гэдэг байв.

Тэр ер нь хүнийг хайрлах, хүндлэхийн хувьд хачин ёс төр боддог ёстой л нүнжигтэй ч, жудагтай ч хүү байсан.

Тэгээд бөхийн барилдааны явц дундуур Хадбаатар маань миний зочны нүдэнд тороод орхилоо…

Хадбаатарын тэгш том сайхан бие, чих, нүд ер нь юм юм нь хачин таалагдаж байна. Даваа ахиж, бөх шигшигдэн цөөрөөд л байх. Монгол бөхийн барилдааны учир начрыг мань хүн жаахан төсөөлөөд ирлээ.

Том бөхчүүдээс Д.Цэрэнтогтох гуай байсан уу, юу ч болтугай нэг том бөх байв. Тэгээд л би зочноосоо асуулаа.

-За-а одоо найман бөх үлдлээ. Дараачийн даваанд дөрөв болно.

Тэгээд хоёр бөх үлдээд, тэр хоёр барилдаад нэг нь түрүүлнэ.

Чиний бодлоор хэн нь түрүүлмээр байна гэвэл зочин маань хоёр гуяа алгадаад л “Юу гэж байгаа юм бэ. Хадбаатар түрүүлэхгүй яах юм бэ.

Хэд хэдэн бөхийг ердөө л барьж аваад ээрүүл шиг (тэр хүрд шиг гэсэн юм) эргүүлж байсан биз дээ. Мөн ч аугаа хүчтэн байгаа биз дээ” гэв.

Тэгэхээр нь би хэлэв. “Хүч ч байгаа, тэр маргаангүй үнэн. Гэхдээ хүч тэнхээнээс гадна учраа бөхөө эргүүлж байгаад унагах ухаан, ур дүй гэж нэг юм байгаа ш дээ. Тэр талаар Хадбаатар баахан тийм байгаа биз дээ” гэвэл зочин маань

“Тэгвэл хоёулаа маргая. Би нэг шилийг тавъя. Ямар ч маргаан байхгүй Хадбаатар түрүүлнэ” гэв.

Би хэлэв.

“Хадбаатар түрүүлж барахгүй л болов уу. Харин хоёрт (үзүүрт) үлдэнэ. Цаад бөх нь (Цэрэнтогтох гуай л байсан шиг санагдах) илүү туршлагатай, арай ухаантай, хашир бөх байхгүй юу” гэв.

Үзүүр, түрүүнд Цэрэнтогтох гуай, Хадбаатар хоёр үлдэв. Хадбаатар түрүүчийн даваануудад учраа бөхөө эргүүлж байсан шигээ Цэрэнтогтох гуайг эргүүлэх гээд барсангүй.

Тэр хоёр барилдаад л байсан. Зочин маань элдэв юм яриад л, өндөлзөөд л байсан. Бид хоёрын хажууд суусан үзэгчид, зочныг минь харж, инээлдээд л, шивэр авир гээд байв.

Тэгэж байтал юу байхав. Хадбаатар маань яасан гээ. Би л түүний өвдөг шороодсон учрыг олоогүй. Нэг харахад л тэр, бөгсөөрөө газар суучихсан л байв. Зочин маань зүлэг нүдээд, хашхирах, босч гүйх шахаад л харамсаад үлдсэн.

Хадбаатарыг түрүүлсэнгүй гээд уйлах шахаад байсан. Түүний санаа бол хоёр бөхийг дахин барилдуулж, Хадбаатарыг заавал түрүүлүүлэх бололтой.

Ингээд бөхийн барилдаан өндөрлөж үзэгчид тарлаа.

Зочин маань Хадбаатарт хоргодонгуй байснаа “Түүнтэй хамт зургаа авахуулж болох уу?” гэнэ. Хадбаатар дээр очлоо. Өнөөх л миний нэр хэлээд… ах сайн уу л гэнэ.

Зочноо танилцуулж хамт зургаа авахуулъя гэж байна гэвэл Хадбаатар “За-а!…” гэв.

Хадбаатарын унасанд харуусч байсан зочны минь ийнхүү зургаа хамт авахуулж санаа нь амарч бүр ч хөөрч баясав.

Сүүлд тэр надад бичсэн захиандаа “Хадбаатар аваргад миний чин сэтгэлийн мэндийг заавал дамжуулж өгөөрэй” гэж дахин дахин хүссэн байсан сан.

Одоо бодоход Хадбаатар үнэхээр шударга, шулуун бас ч гэж гайхалтай дэг жаягтай бөх байж дээ. Одоогийн манай бөхчүүдийг сүүдэр шиг дагаад байгаа элдэв бохир үйлдлээс тэр хол хөндий, цэвэр явж дээ.

Тэр уулзахаараа хоёр Мөнх ах гэж дурсах, ярих дуртай байв. Сүүлийн үед хоёр Мөнх, хоёр Эрдэнэ нарыг залган төрсөн Б.Гантогтох, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар шиг бөхчүүд тодрохгүй, цоорон, цойлон гарч ирэхгүй л байх шиг санагдах.

Гарьд, начин, шонхор, харцага чинь цөм өндөр тэнгэрийн шувууд. Ард түмэн бөхчүүддээ өндөр хөх тэнгэртээ нисэн дүүлэгч энэ гайхалтай сайхан хийморьлог эрэлхэг, сэргэлэн шувуудтай зүйрлэн хүндэтгэдэгт их ухаан, маш олон утга учир шингэмэл байгаа.

Ард түмний өнийн хүсэл мөрөөдлийг хүндэтгэн дээдэлье гэвэл монгол бөхөө жалга довын хонхроос гаргаж, дэлхийн дэвжээ өөд өгсүүлэн хөгжүүлэх цаг иржээ. Японы Сумо дэлхийн дэвжээ өөд л жигүүрээ дэлгэн дэвээд байх боллоо. Тэр чанараараа шинэ залуу бөхчүүдийнх нь эгнээ ч төрж, гарч ирж байх шиг харагдах.

Гайхамшигт түүхт монгол бөхийн дэлгэр их аваргуудын уламжлал тасрах ч учиргүй, бохирдох ч ёс байхгүй. Тэр дундаа аугаа их жинхэнэ монгол хүчтэн, монгол бөх Хадбаатар шиг аваргууд. Сайхан монгол бөхийн дэвжээ хэзээ ямагт цэлмэг хөх тэнгэр шиг ариун, тунгалаг, шударга үнэнч орших учиртай!

Бөхийн Бааст

2013 оны гуравдугаар сар, Дарцагт уул-Улаанбаатар

Монгол улсын аварга Д.Хадбаатар 1951 оны долоодугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн. Үндэсний бөхөөс гадна самбо бөхөөр амжилттай хичээллэж, ОУХМ цол хүртсэн билээ. Монголын их аварга Д.Хадбаатар дүүгүүрдэх, хутгах, ачих, өргөх мэхийг голдуу хийдэг байсан бөгөөд улсын наадамд 1976, 1986 онд түрүүлж, 1979, 1983, 1985 онд үзүүрлэсэн.

Мөн 1972, 1973, 1975, 1977, 1978, 1984 онд улсад нийтдээ зургаан удаа шөвгөрчээ. Харин барилдах хугацаандаа өсөх идэр, чин зоригт, бат суурьт, хурц идэр, тод сонин, үзэсгэлэнт, саруул сайжрах, бууршгүй хүчит, чин зоригт, улсын аварга цол, чимэг хүртсэн билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.