Цагаан сарын үүх түүх

Twitter Print
2019 оны 02-р сар 04-нд 17:41 цагт
Мэдээний зураг,

Монголчууд хэзээнээсээ байгаль эх дэлхийтэйгээ харилцан шүтэлцээтэй явж, байгалийн өнгө аясыг даган нүүдлийн мал аж ахуй эрхэлж, малынхаа үр шимээр амьдарсаар ирсэн. “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг бэлэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байж.

1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг намар цагт тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгаж байсан гэдэг. Үүнээс хойш цагийн аясыг даган хувирсаар жилийн өнгийг монгол зурлагаар зурж, од гаригсын байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж байгаачлан хаврын эхэн сарын шинийн 1-нд цагаан сарын баярыг тэмдэглэдэг болжээ.

Сүү цагаа гэж хэлэгддэгээс үүдэн сүү шиг ариун нандин цагаан амьдралыг бэлэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэсэн түүхтэй. Энэхүү баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учир заавал зочлон очиж золгодог заншилтай.

Битүүний орой хот айлаараа хамгийн өндөр настныдаа тоглож наадан битүүрдэг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ элбэг дэлбэг, тэгш дүүрэн байлгахыг ерөөн гадуур хонодогүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг “Хөтөл өдөр” хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл болдог байна.

Эртний сурвалж бичигт Монголчууд XIII зуунаас өмнө тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсныг дурдсан байдаг. Бүх хүн Цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр хандаж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга илэрхийлдэг ажээ.

Та бүхэн Билгийн тооллын ХVII жарны Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, тэгш дүүрэн сайхан шинэлээрэй.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.