Хөөрөг зөрүүлэх ёс

Twitter Print
2019 оны 02-р сар 04-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Өнөө цагт Монголчууд хуучин ёс уламжлалаа сэргээж байгаа нь гээд их багагүй хөөрөг гарган мэнд мэдэлцдэг болсон. Хэдхэн хоногийн дараа ХVII жарны Шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болж, Монгол түмэн Цагаан сарын золголтоо хийнэ. Тэр үед ёс уламжлалаа дагаж хөөрөг даалингаа гаргаж ахас ихсээ хүндэтгэн амар мэндээ мэдэлцэх нь ойлгомжтой. Харин чамин тансаг хөөрөг даалин гаргаж мэнд амар мэдэлцэхдээ хөөрөг зөрүүлэх ёсыг төдийлөн сайн мэдэхгүйгээс өөрийгөө болон өрөөл бусдыг эвгүй байдалд оруулах нь бий. Иймээс хөөрөг зөрүүлэх ёсны талаар өчүүхэн сургамж өгүүлье.

Хуучин цагт ихэс дээдэс болон том лам нар их, бага гарын хоёр хөөрөгтэй явж, их гарын хөөргөөрөө дээдэстэй мэнд солилцдог байжээ.  Хөөрөг зөрүүлж тамхилах нь эвтэй явахын бэлгэдэл юм. Эвдрэлцсэн хүмүүс энэ өдөр хөөргөө зөрүүлж сэтгэлээ цайлгадаг жаягтай байжээ.

-Таны бие лагшин тунгалаг уу?
-Даага далантай, бяруу булчинтай
Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу гээд хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.

Монголын ард түмэн хөөрөг, гаанс гэдэг эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай.

Мэндлэх гэдэг бол хүндлэх болон ёс зүйт хүний сэтгэлээр элгэмсэг хандаж байгаагаа илэрхийлэх жинхэнэ монгол үндэсний нэг илэрхийлэл юм. Монголчууд хөөргөөр тамхилахдаа ярилцаж ойлголцдог ард түмэн билээ. Хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана гэсэн байдаг.

Гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог.

Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ. Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм.

Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг.

Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчүүд биедээ авч яван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой. Монголчуудын эртний уламжлалт хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг тамхи барих, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэж иржээ.



Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна. Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог байна. Хөөрөглөсний дараа толгой дээр нь дарж өгч болохгүй. Хөөрөгний толгойг хөндийрүүлэх, хөндийрүүлэхгүй, хөндийгөөр үнэрлэх нь учир утгатай. Ерийн тамхилахад хөөрөгний толгойг заавал хөндийрүүлж өгнө. Дээр үед хороогдох ялд унасан хүнд, эцсийн ёс гүйцэтгэх үед нь тамхилахдаа хөөрөгний толгойг хөндийрүүлэхгүй тамхилдаг байсан учир цээрлэдэг.

Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг.

Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэдэг. Толгойг нь сугалахгүйгээр үнэрлээд өгөх нь “Би уй гашуутай яваа хүн”, өөрөөр хэлбэр “Бурхан болоочийнхоо хоногийг хураагаагүй явна” гэсэн санааг илэрхийлдэг байна. 

Ахмад настай хүнтэй тамхилахдаа зүүн гараараа хөөрөг барьсан, баруун гарыг тохойноос нь түшин хүндэтгэнэ. Ингэж тамхилж мэнд амраа мэдэлцсэний дараа ажил төрлөө ярьж, амар мэндээ мэдэлцэж бэлэг дэмбэрэлтэй зүйл хэлэлцдэг.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.