Хятадуудын цагаан сарын идээ зоогийн дээд нь чоно

Twitter Print
2016 оны 02-р сар 02-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

Сар шинэ дөхлөө, одоо юу юугүй гарах нь. Харин өмнө зүгийнхэн цагаан сараа энэ жил бидэнтэй адил цаг хугацаанд тэмдэглэх бололтой, хөл хөдөлгөөн ихтэй дуулдана. Хятадууд ч сар шинийн баярт дорвитой бэлддэг улс, харин сүүлд баярын ширээндээ ар Монголын чоно “төхөөрч” тавихыг чухалчилдаг болсон гэх сураг сонсдох боллоо. Манайхны хонины ууц, шүүс сэлт тавьдаг хүндэтгэлийн идээ зоог лугаа адил хятадууд ухаандаа хээрийн амьтан ширээндээ “залбал” хийморь лундаа нь сэргээд ирнэ гэж боддог бололтой юм нэг өвөр монгол ярьсан санагдана. Ингэхэд чонын хөлдөөсөн гулууз Хятадад ямар үнэ хүрдэг гэж бодож байна, ам дамжсан явган яриагаар бол гучаас тавин мянган юань хүрдэг гэсэн шүү. Энэ хэмжээний үнэ цэнийг одоогийн ханшаар нэг юанийг 305 төгрөгөөр бодвол есөөс 15 сая төгрөг болж байна.

Яагаад, ямар сонирхолтой хэрэг вэ, энэ чинь. Хятадууд яахаараа чонын мах ингэж шүтэж өндөр үнэд хүргэх болов? Хээрийн амьтны мах хамгийн эрүүл хоол хүнс болно гэсэндээ тэр үү, арай үгүй байлтай. Хорвоо дээрх дөрвөн хөлтнөөс хорхой шавьж, хөдөлдөг бүхнийг идэж устгадаг тэдэнд хөх чоно хурцдах байлгүй. Тэгвэл өөр ямар учир байна?

Урд хилээр хөлдүү чоно гаргах гэж байгаад баригдлаа л гэж дуулддаг. Их үнэ хүрдэг болохоор нь тэр биз. Гэтэл хятадууд өндөр үнэлж авдаг болсон шалтгаан нь Хятадын нөгөө их нэр алдарт хүрсэн айхтар зохиолч Зян Руны “Чонон сүлд” хэмээх зохиолтой холбоотой аж.  Уг зохиолоор Францын найруулагч Жан Жак Анно найруулан тавьсан “Wolf Totem” киног манайхан үзээд, урлаг соёлын томчууд нь “ном шигээ кино нь ч сайн болсон байна лээ” хэмээж байсан санагдана. Үхсэн нохойн оцгор. Цаад далд “хятад санаа”-г нь олж хараагүй байж.

Яахав кино нь бол кино болсон байсаан, Холливуудын хэмжээний сайн найруулагчийн тавьсан бүтээл болохоор аргагүй, харин кинонд далд хятад санаа яваад байгаа, эх зохиол ёсоороо тэр бүх утга санаа кинонд буусныг дэлхий дахин анзаараагүй өнгөрөөгүй байх хэмээн сэтгэнэ.

Харин Зян Руны ухвар ухаанаар бүтсэн номонд өгүүлсэнээр, Чөлөөлөх дайнаас хойш аль болох их газар нутаг олж авахын төлөө тэмцэл, дайн тулаанд цаг завгүй байсан хятадууд 60-аад онд Өвөрмонголыг “илбэн тохинуулахаар” ирж онгон сайхан тал нутгийг нь тариалангийн талбай болгон сэндийчиж, Монголчуудын хүйн холбоотой байгаль, ан амьтадыг нь алж устгаж, тэр дундаа Монголчуудын угсаа гарвалын билэг тэмдэг хэмээн үздэг бөрт чоныг егүүтгэж эхэлсэн явдал тэдний эртнээс “өмхий араандаа” зуусан атгаг санаа. Чухамдаа Өвөр болоод Ар Монголыг эзлэн авах гэсэн Чан Кайшигийн эртний хорсол тачаалыг түүний эсэргүүцэн тэмцэж явсан улаан коммунистууд нь хэрэгжүүлж эхэлсэн явдал. Энэ бол зохиолын үндсэн өгүүлэмж бөгөөд нэгмөсөн кульминаци буюу тайлал нь.

Хятадын олон нийт анх энэ санааг нь ойлгохгүй нүүдлийн соёл иргэншлийг өмөөрч, суурин соёл иргэншлийг шүүмжлээд байгаа мэт хүлээн авч эсэргүүцэж байсан боловч эргээд хятад санаагаа ойлгоод сайшаан дэмжиж 2005 онд Бүх Хятадын шилдэг ном, зохиолч болгож байв. Өдгөө бүр 30 гаруй хэлнээ хөрвүүлэгдсэн уг зохиолын “үзэл санаагаар” хятадууд өнөөдөр чухамдаа амьсгалж, “хээрийн бор”-ын махыг цагаан сарын идээнийхээ дээж байгаасай гэж хүсдэг болсон байх учиртай. Хятадууд түүхэндээ ер цагаан сараар л Монголчуудыг дарж устгах элдэв хорон санаа сэрж, сэдэж ирсэн улс. Тухайлбал, автономит засгийн үед Хүрээний хятадууд Монголчуудын цагаан сарыг улаан сар болгоно хэмээн занаж, хүрз, заазуур, зэвсэг болгох бүхнээ хурцалж бэлдсэн байсан, Их Юань гүрний сүүлчийн хаан Тогоон Төмөрийн төр засгийн үед хятадууд еэвэндээ улаан алчууртны бослогод зарлан дуудсан уриалга хийж дамжуулан санасандаа хүрч байснаас өгсүүлээд өөр түүх тоочвол олон бий.

Тэр мэтээр харин энэ цагийн нүүрэнд хятадууд олны дэлгэр баяр ёслолоор Монголчуудын хийморь зоригийн билэгдэл болсон амьтны маханд хутга хүргэж байж л сая бах тав нь ханах мэтээр сэтгэдэг ажгуу. Харин энэ далд санааг нь бид хэзээ ч мэдсэнгүй, хэдэн төгрөг олж байвал юу ч байсан хамаа юун, хулгайн арга замаар хятадуудад “сүлд хийморь”, уг үндэснийхээ утга билэгийг аваачаад өгчихдөг гэж байгаа.

Гэвч өвөг дээдсийн их шүтээн гэдэг ч бор чоныг бид малын дайсан хэмээн хорсож, хомроголон устгаж ирсэнээр өнөөдөр тоо толгой нь 10 мянга (Mech and Boitani, 2004) хүрэхтэй үгүйтэй болж хоцорчээ. Шинжлэх ухааны Академиас 1980 онд явуулсан тооллогоор 30 мянгад хүрч байсан тоо толгой нь өнөөдөр гурав дахин багассан явдалд хятадуудын оролцоо байхгүй гэх хүн олдохгүй л болов уу.

2011 онд Говь-Алтай аймагт нэгэн “аймшигт аллага” явуулсан санагдаж байна. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар Говь-Алтай аймгийн удирдлагатай хамтран уралдаан хэлбэрээр чонын ав зохион байгуулж,  237 хэцүү нэртийн аминд хүрсэнээ аймгийн төв Жанчивын талбайд эгнүүлэн ид хаваа үзүүлж байсан билээ. Дараа нь тэр олон чоно ямар нэгэн арга замаар урагшаа гарсан дуулдаж байсан. Хятадууд харин тэр үед нэг бах нь ханаж баярласан байх даа.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.