Д.Баатаржав: Риогийн олимпоор зодог тайлна

Twitter Print
2016 оны 02-р сар 02-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Төрийн ордны “А” танхимд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр хуралдааны танхимын гадна Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөллүүд асуудлаа танилцуулахаар хүлээж байсны дунд 2008 оны Бээжингийн паралимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав байсан юм. Ингээд Д.Баатаржав баатартай уулзаж дараах ярилцлагыг авлаа.

-За та сайхан өвөлжиж байна уу. Одоо ч удахгүй хаврын тэргүүн сар гарлаа даа?

-Сайхан өвөлжиж байна. Удахгүй ХVII жарны Гал бичин жил айлчлан ирэх нь дээ.

-Өнөөдөр та бүхэн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралд ямар асуудал танилцуулахаар хүлээж байгаа юм бэ?

-За энэ хуралд бид Хөгжлийн бэрхшээлтэй хүний хуулийн асуудлаар орох гээд хүлээж байна. Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар түвшинд хэрхэн амьдрах ёстой юм, эрх зүйн асуудлууд нь хэрхэн яаж хууль зүйн хүрээнд хамгаалагдаж байх ёстой юм, энэ талаар Олон улсын гэрээ конвенцед хэрхэн тусгасан байдаг юм гээд олон асуудал яригдана. Ер нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд ялгаварлан гадуурхагдахгүй байх, хүнийхээ хувьд эрхээ бүрэн эдлэх, нийгмийн бүх л харилцаанд эрх тэгш оролцох гээд олон асуудлыг зохицуулах хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан бидний зүгээс асуудлуудаа танилцуулах, хууль боловсруулагчидтай санал бодлоо хуваалцах гээд хүлээж байна.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан тоо байдаг юм болов уу. Сүүлийн жилүүдэд олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо багагүй нэмэгдэж байгаа гэх юм?

-Энэ талаарх тоо байнга хэлбэлзэж байдаг учир нарийвчлан тогтоох хүндрэлтэй. Сүүлийн жилүүдэд хотжилт, суурин амьдрал түргэн тэлж байгаатай холбогдон таны хэлдгээр олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо огцом нэмэгдэж байгаа нь үнэн. Төрөл бүрийн үйлдвэрлэл, зам, барилгын ажил идэвхтэй сэргэж байгааг дагалдан олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо ч идэвхтэй нэмэгдэж байгаа. Түүнээс гадна агаарын бохирдол, утаанаас шалтгаалан эхээс төрөхдөө төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо ч нэмэгдэж байна.

-Та өнөөдөр ямар алба хашиж байгаа вэ?

-Миний хувьд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоог удирдаж байна. Манай байгууллага нь тусгай гишүүнчлэлтэй, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримтлах бодлогын асуудал дээр голчлон ажилладаг газар байгаа юм. Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар Инчоны стратегид нэгдсэний хувьд тэдэнд зориулсан тусгайлсан хуулийг шинэчлэн батлах цаг болсон. Энэ ч үүднээс манай байгууллага төр засаг, хууль тогтоогчидтой хамтран ажиллаж байна.

-Таны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах нийгмийн хандлага, сэтгэлзүйг эрс өөрчлөхөд хүндтэй гавьяа байгуулсан хүн. 2008 оны Бээжингийн паралимпын аварга болоод удалгүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон байх аа?  

-Тэгсэн. 2008 оны есдүгээр сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган Монгол Улсын Гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдгээр шагнаснаа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулан өгч байсан.

-Бээжингийн паралимпын алтан медалийг хэрхэн хүртэж байснаа эргэн дурсахгүй юу. Мэдээж амьдралын тань алтан агшин байсан нь ойлгомжтой?

-Тэгэлгүй яах вэ. Миний амьдралын алтан агшин, хувь заяаны минь гайхамшигтай эргэлт байсан. Яг тэр талаар эргэн дурсвал 2008 оны есдүгээр сарын 14-ний өглөө 10 цагаас эхэлсэн зогсоо харвааны хагас шигшээд 105:98 оноогоор Хятадын тамирчин Чень Еэфэнг хожиж финалд шалгараад, өдрийн 14:00 цагт финалын харваанд Францын Меуниертэй өрсөлдсөн. Финалын харваанд бага зэрэг алдаа гаргасан ч эцсийн мөчд 94:90 оноогоор түрүүлж, алтан медалийн эзэн болсон доо.  

-Та энэ наймдугаар сард Бразилийн Рио Де Жанейро хотод болох паралимпод оролцох эрхээ хаанахын тэмцээнээс авсан бэ?

-Өнгөрсөн 2015 оны наймдугаар сард ХБНГУ-д болсон пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний VI байрт шалгарч Риогийн олимпийн эрхээ авсан. Тэр тэмцээний 1/48 шигшээ харваанд гоц мөргөж, 1/32-д Малайзын тамирчин Суреш Тангвеллоог 6:2-оор, 1/16-д БНСУ-ын тамирчин Лее Хонг Гуг 7:1 онооны харьцаагаар хожсон.

-Риогийн паралимп бол таны оролцох гэж байгаа дөрөв дэх олимп. Бээжингийн паралимпод түрүүлэхээс өмнөх хоёр паралимпод ямар амжилт гаргаж байсан билээ?

-Одоо дөрөв дэх паралимпод оролцох гээд бэлтгэлээ хийж байна. Анх 2000 оны Сиднейн паралимп, 2004 оны Афины паралимпийн наадмын шагналт V байруудад шалгарч, Ази номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын наадмын алт, мөнгө хүрэл, медаль хүртэж байлаа. Ингэж явсаар 2008 оны Бээжингийн ХIII паралимпод түрүүлсэн дээ.

-Уучлаарай таныг олдмол гэмтлээр хөгжлийн бэрхшээлтэй болсон гэж дуулсан. Хэдэн онд болсон явдал вэ?

-За даа, 33 жилийн өмнө буюу 1983 онд автын осолд орж хөлөө тайруулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэгээр нэмсэн.

-Байт харваагаар хэдэн оноос хичээллэж эхлэв. Ер нь яагаад заавал байт харвааг сонгосон юм бол?  

-1988 оноос хичээллэж эхэлсэн гэхээр одоо 28 дахь жилдээ ноцолдож яваа юм байна. Осолд орж хөлгүй болохоосоо өмнө бокс тоглодог байсан. Сөүлийн олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Энхбат бид хоёр анх нэг багш дээр хичээллэж эхэлсэн юм. Даанч би удалгүй хөгжлийн бэрхшээлтэй болж бидний зам салсан даа. Ингээд  хөгжлийн бэрхшээлтэй болчихоод спортоор хичээллэж чадахгүй боллоо гээд хачин урамгүй амьтан байж байтал байт харваа хичээллэхэд боломжийн санагдсан. Тэгээд гавьяат дасгалжуулагч Жамъянсүрэн гэдэг хүн дээр очоод шалгуултал гурван сумаа бүгдийг нь оносон. Миний сэтгэл хөдлөөд “Багш аа, бүгдийг нь оночихлоо, би чадах юм биш үү” гэсэн чинь “Битгий онгироод бай, яв чи” гээд хөөчихдөг байгаа. Тэгэхээр нь “Энэ муу өвгөн намайг хөөгөөд байхдаа яадаг юм бэ” гэж бодоод миний шар хөдлөөд харваж эхэлсэн дээ. Тэгэж Жамъянсүрэн багш маань миний зөв хор шарыг хөдөлгөж байт сураар хичээллүүлэх болсон юм. Харин байт сурын харвааг зааж өгсөн хүн бол Олон улсын хэмжээний мастер Шагдарын Бямбасүрэн гэж 1980 оны Москвагийн олимпод оролцож байсан ахмад тамирчин хүн бий. Би энэ багшаараа бахархаж явдаг юм. Өнөөдөр би энэ зэрэгтэй явж байгаа нь Ш.Бямбасүрэн багшийн минь л ач буян. Багшийгаа гавьяат болгочих санаатай хөөцөлдсөөр байгаа ч нэг л болж өгөхгүй л байгаа. Тэгж байгаад болох байлгүй дээ гээд л явж байна.

-Өмнөх хоёр олимпийн шагналт байранд орж байх үед медальд хүрэх боломж ойрхон л байсан байх даа?
-Үнэхээр ойрхон байсан. Хамгийн анх Сиднейн олимпид дасгалжуулагч багшгүй ганцаараа явж байсан. Марафоны Лхагважав маань хараа муутай, тэрийгээ хөтлөөд нум сумаа бариад хоёулхнаа явж байлаа. Тэр үед би шагналт V байранд орж байсан. Хэрвээ ард багш дасгалжуулагч зогсоод “Санаа зовох юм байхгүй, чи илүү байна” гээд зааж зөвлөж байсан бол надад аварга болох ч боломж байсан. Дараа нь Афины олимпид дасгалжуулагчтай явсан ч энгийн юман дээр алдаж бас л V байранд орсон. Ер нь дасгалжуулагчгүйгээр амжилтанд хүрнэ гэж байхгүй л дээ. Тиймээс ч дасгалжуулагч Ц.Бадамхатаныг маань төр засаг үнэлээсэй гэж хүсч явдаг.  

-Та Риогийн паралимпод ямар зорилго тавьж өрсөлдөх вэ. Таны хувьд дөрөв дэх олимп болно шүү дээ?

-Ганц би гэхээсээ илүү Риогийн паралимпод жүдо, буудлага, байт харваа, хөнгөн атлетик, пауэрлифтинг гээд таван төрлөөр оролцох Монголын баг илүү олон төлөөлөлтэй, илүү амжилттай оролцохын тулд бүх хүчээрээ бэлтгэж байгаа. Одоогоор пара байт харвааны төрлөө хоёр, пара жүдогийн төрөлд хоёр, бусад төрлүүдээс нэг нэг эрх авчихсан байгаа.

Миний хувьд пара байт харвааны тамирчныхаа хувьд их онцлог хариуцлагатай жил болж байна. Яагаад гэвэл бүх л спортод насны хязгаар, бэлтгэлийн ачаалал даах хэмжээ, чадвар гэж байна шүү дээ. Миний хувьд 55 нас хүрчихлээ. Энэ утгаараа Риогийн олимпоор зодог тайлна. Гэхдээ л өмнөх гаргасан амжилтуудаа давтах, чадвал Риогийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулахыг бүх л тамирчны нэгэн адил хүсч, мөрөөдөж явна. Нөгөө талаар эквадорын шугамаас доор, халуун дулаан оронд болох учир цаг агаар, орчин нөхцөл ихээхэн өөр байх нь тодорхой. Энэ бүгдийг тооцоолоод л бэлтгэлээ хангаж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олимп, дэлхийн медальтнуудад сар бүр мөнгөн урамшуулал олгодог. Таны хувьд энэ урамшуулалд багтдаг л байх даа?

-Багталгүй яах вэ. Ерөнхийлөгч Ц.Элбэдоржийн энэ зарлиг бол гуравхан сая хүнтэй Монгол Улс спортын топ төрлүүдээр дэлхийд хүчтэй өрсөлдөж байгаа өнөөдрийн их ялалт, амжилтанд онцгой хувь нэмэр үзүүлснийг заавал дурдах ёстой юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн гаргасан энэ зарлиг бол чухам алтан цаг үеэ олсон, Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх маш их ач холбогдолтой шийдвэр болсон. Олимп, тив дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж амжилт үзүүлсэн тамирчдыг насан туршид нь мөнгөн урамшуулалд хамруулдаг болсноор тамирчдын амжилт эрс нэмэгдэж, хоёргүй сэтгэлээр тухайн спортдоо бүх амьдралаа зориулдаг болсон юм л даа. Миний хувьд сард дөрвөн сая төгрөгийн урамшуулал авдаг.

-Сард дөрвөн сая төгрөгийн урамшуулал аваад дээр нь цалин, тэтгэмжээ авчихаар амьдралд тань хангалттай хүрэлцдэг байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Миний гэр бүл, ах дүү төрөл төрөгсдөд ч элбэг хүрэлцэж хангалуун сайхан амьдарч явна. Энэ бол төр, түмний минь дэлгэр их буян юм. Энэ их буян хишгийг дааж хүн шиг явж, төрийнхөө хайр хишгийг чадлынхаа хэрээр хариулахын төлөө зүтгэж явна даа ах нь.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Таны спортыг өвлөж байгаа хүүхэд бий юу?

-Ах нь хүү, охин хоёртой. Аавынхаа спортыг өвлөсөн хүү Золбоо маань пара байт харвааны улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.

-Одоо та гэр бүлээрээ хаана амьдарч байна?

-Mанай гэр ХIII хороололд байдаг. Харин хуучин хашаа байшин маань “Цайз” захын тэнд байдаг. Зундаа хашаандаа бага шиг аж ахуй эрхэлдэг санаатай.

-Ер нь байт харвааны спортын гол онцлог, тухайн тамирчинд үзүүлдэг нөлөөллийг та юу гэж дүгнэдэг вэ?

-Байт харваагаар хичээллэсэн хүн ямар нэгэн хөндлөнгийн нөлөөнд автахгүй, бие дааж шийдвэр гаргах илүү чадвартай болдог юм шиг санагддаг. Мэдээж тэвчээртэй зогсож сурах, биеэ барих чадвартай болох, ухаан санаагаа нэг зүйлд дээд зэргээр төвлөрүүлдэг болох гээд олон давуу талтай.

-За танд Риогийн паралимпод амжилттай оролцохыг хүсэн ерөөе?

-Ерөөлөөр болог. Төр түмний минь заяа буян түшиж ах нь гайгүй амжилттай харвах байх аа, баярлалаа.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.