“Шударга ёс”-ынхоон шударга байцгаая л даа

Twitter Print
2016 оны 02-р сар 02-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг уг нь 10 гишүүнтэй ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлаар Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар бүлгийнхээ байр суурьтай зөрчилдсөнөөс болж, “Шударга ёс “эвслийн нууц ноёнтон МАХН-ын дарга Н.Энхбаяртай муудалцаж, өнөөдөр эвсэлээ задлах хэмжээнд асуудал хурцдаад байгаа. Хэрвээ дээрх гурван гишүүн “Шударга ёс” эвслээс гарвал УИХ-ын Дэгийн тухай хуулиар “Шударга ёс” эвсэл бүлэг байгуулах хэмжээний буюу найман гишүүнгүй болж улмаар Засгийн газрын нэгэн субьект байх боломжгүй болно.

Саяхан Ерөнхий сайдтай тохиролцож Шадар сайдын суудалд залрах нь тодорхой болоод байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр даргын асуудал ч замхарна. Асуудал ингэж эргэвэл “Шударга ёс” эвсэлд маш том цохилт болох нь тодорхой. Одоо Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нарыг зөөлрүүлэхийн тулд тэдэнтэй наймаалцах л үлдэж байна. Хэрвээ Н.Энхбаяр дарга тэдэнд хатуурхаж “Ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэвэл Г.Уянгаас  эхлээд бие даан нэр дэвшихэд ялалт байгуулах өндөр магадлалтай байгаа эрхмүүд өнөөдөртөө Н.Энхбаярт буулт хийхийг огтхон ч хүсэхгүй. Өнөөдөртөө Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү гурав хөзрийн тамгыг атгаж суугаа. Товчхондоо сүүлийн үед бүлгийн хурлаа ч хийж чадахгүй байгаа “Шударга ёс” эвсэл бараг л сүйрлийн ирмэг дээр ирээд байна. Ингээд энэ эвслийн хэн нь хэн бэ гэдгийг товчхон танилцуулъя.  

“Хариуцлагатай” Н.Батцэрэг

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг жигтэйхэн албан ёсны царай гарган  “Манай бүлэг хуралдаад ажлаа сайн хийх хэрэгтэй гэдэг дээр зарчмын хувьд тохиролцсоноо хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн  тун ч ноцтой мэдэгдэл байсхийгээд л хийдэг. Ер нь тэрээр байсхийгээд л хийдэг тэрхүү “ноцтой” мэдэгдэлдээ тун ч гаршиж яваа  “улстөрч”. Түүний хувьд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тогтвортой байлгах болон өөрийнхөө гадаад үзэмжинд л жигтэйхэн их ач холбогдол өгөөд яваагаас  өөрөөр “Шударга ёс” эвслийн бүлгийн даргын хувиар монголын  төр, засагт  жинтэйхэн нөлөө үзүүлэх  улстөрчийн  даац, бяд үнэндээ дутагдаад л яваа.

Тэрсэлдэгч  Г.Уянга

“Д.Сүхбаатарын талбайн шар толгойт” гэгдэх болтлоо цагаан хоолой барин тэмцэж, жагсаж өөртөө  таалагдаагүй бүхнийг “будаа болгосоор” байгаад УИХ-ын эрхэм гишүүний сэнтийд заларсан өнөөх Г.Уянга хэсэгхэн чимээгүй байснаа тун чанга улстөр хийж, Засгийн газрыг бутраачих дөхсөн нь сонгууль ойртсоны шинж гэж ажиглагчид дүгнэсэн. Тэрээр сүүлийн үед Монголын лидер улстөрчийн нэгэн болчихоод байгаа. С.Баярцогт, Ч.Сайханбилэг гээд АН-ын залуу лидерүүдтэй тэрсэлдсээр байгаа нь түүний рейтингийг огцом өсгөж, хэрвээ маргааш сонгууль болвол хамгийн өндөр хувиар ялалт байгуулах эрхмээр тодроод байгаа юм. Толгойтой үснийх нь өнгө үндсээрээ өөрчлөгдсөн  шигээ тэмцэгч Г.Уянгаас үлдэж хоцорсон юм байхгүй гэхэд хилсдэхгүй. Түүний ард нөхөр А.Баатархуяг нь баатарлан сууж хэзээ хэрхэн хэнтэй тэрсэлдэх, хэрхэн имижээ бүрдүүлэх зэргийг нь найдвартай залж чиглүүлж байгаа нь өнөөдрийнх нь их амжилтын эх үндэс болж байгааг ч дурдахгүй өнгөрч боломгүй.   

Түүний хувьд үзэл бодолдоо үнэнч, туйлбартай тэмцэгч болж явааг нь сүүлийн үеийн үйл явдлууд тодорхой харуулсан. Тухайлбал тэрээр анхнаасаа л “Шударга ёс эвсэл АН-тай хамтарч засаг байгуулж  яагаад ч болохгүй”  гэж байснаа өнөөдөр ч батлаад явж байгаа. Ямартай ч тэрээр “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болон МАХН-ын эмэгтэй сайд шиг суурин дээрээ хэд эргэж, үнэт зүйлсээ худалдсангүй.  Амьдрал мөн ч баян юм. Монголын улстөрчдийг ганцхан жилийн дотор суурин дээрээ хоёроос гурав өөрчлөгдөхийг  үзэх шиг амархан юм энэ хорвоод өөр бий гэж үү.

Төсвийн байнгын хороон дарга Ч.Улаан

Шинэчлэлийн Засгийн газрын Сангийн сайдаар ажиллаж байсан, өнөөдрийн УИХ-ын Төсвийн байнгын хороон дарга Ч.Улаан бол “Шударга ёс” эвслийн бүлэгт бас ч гэж жин дарах улстөрч. Монгол Улсын хөрөнгө, санхүүгийн авдрын түлхүүрийг гурвантаа өвөртлөж үзсэн энэ эрхэм сүүлийн үед бас л үзэл бодлын ихээхэн  өөрчлөлтөд ороод байгаа. Нийтлэлч Баабар нэгэнтээ “Торой банди, Тогос Чүлтэм, Чүлтэмийн Улаан, Улаантны Энхбаяр” гэж зүгээр ч нэг бичээгүй санагдана. Ерөөс төдийгөөс өдий хүртэл Н.Энхбаяр, Ч.Улаан хоёрын зүү орох зайгүй нөхөрлөж ирснийг л сануулсан хэрэг. Харин тэгтэл сүүлийн үед Ч.Улаан сайд ихэд хилэнтэйгээр “Хэн нэгний санаанд тааруулж ажил, амьдралаа зохион байгуулдаг нь би биш” хэмээн мэдэгдэж  эзэнтэйгээ арсалдаад эхэлсэн. Хамгийн сүүлд “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрийн эсрэг зогсож Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эсрэг хүчтэй дуугарч байснаа яг санал хураах мөчид картаа сугалж аваад арилж одно лээ. Мань эр олон асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяртай санал зөрөлдөх болсон. Гэхдээ л “Шударга ёс” эвслийн бүлгийн хаалгыг чангахан савчихаад явж одож зүрхлэхгүй. Учир нь тавхан сарын дараа болох УИХ-ын сонгуулийн өмнө “Шударга ёс”-ыг зориглон орхих шударга журамтан байхгүйтэй адил Ч.Улаанд ч тийм зүрх зориг байхгүй.

МАХН-ын баатар З.Баянсэлэнгэ

За бусад “Шударга ёс”-тнуудын хувьд гэвэл З.Баянсэлэнгэ гишүүнд л гэхэд хууль тогтоох үндсэн ажлаас нь илүү өгөөжтэй, хожмын унац ашигтай ажил хаа сайгүй зөндөө бий. Гэхдээ яг өнөөдрийн хувьд түүнд өдөр бүр шахуу Н.Энхбаяр даргатайгаа уулзаж, ирэх сонгуулийн тактик, хэн хэнийг хаана тавих, өөрөө хэрхэн намын жагсаалтын эхэнд бичүүлэхийг ярих нь л хамгийн эрхэм ажил нь болсон. Сүүлийн үед Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг  “МАХН-ын ганц баатар” гэж зүгээр ч нэг нэрлээд байгаа хэрэг биш. Тэрээр ингэж нэрлүүлэхийн тулд хазаж хайрахаас бусдыг нь хийсэн, хийж ч яваа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хэрхэн цээжээрээ хамгаалсныг МАХН-ын дарга Н.Энхбаяр байтугай эрх баригч АН-ынхан мөддөө мартахааргүй болсон. Тиймдээ ч ирэх сонгуульд З.Баянсэлэнгэтэй барьцалдаж намынхаа жагсаалтын эхэнд бичүүлэхээр зүтгэх тэнэг МАХН-д байхгүй. За энэ ч яах вэ. Харин энэ бүхнийг зайлшгүй нуршиж “Шударга ёс”-ынхонд  нэр шигээ шударга байхыг зайлшгүй сануулах хүндрэл бэрхшээлийн өмнө Монгол Улс ирээд зогсчихоод байгаад л хэргийн учир оршино.

Эдийн засгийн болзошгүй хямрал нүүрлэж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан дордож байна. Гадаадын хөрөнгө оруулалт зогссон гэж хэлж болно. Улстөрийн тогтворгүй байдал, улстөрчдийнх нь увайгүй үйлдэл болгоноос гадныхан үнэндээ залхаж гүйцээд монголыг орхин гарцгааж байна. Гэхдээ хөрөнгө оруулагчид  бүгдээрээ монголд хиргүй цагаан сэтгэл өвөрлөж, адил тэгш ашиг орлоготой  ажиллая гэж орж ирсэн гэвэл түүн шиг худлаа юм байхгүй.

Монгол Улсын гадаад өр өдрөөс өдөрт нэмэгдэж өнөөдөр 21 тэрбум ам. доллар руу дөхөж явааг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн байнга сануулж байгаа.

Ерөнхийдөө Монгол Улсын нөхцөл байдал өдрөөс өдөрт муудсаар байна. Яг л өдийд УИХ, Засгийн газарт асуулга тавьж, болохгүй бол ард түмнээ уриалаад  тэмцэж, жагсаж явах учиртай өнөөх “Шударга ёс”-ын хэд “бүлх залгичихсан” мэт таг дуугүй суугаа нь хэрэг зоригоо бүтээж, зөөлөн суудал, эрх ямбаар амаа таглуулсных нь нотолгоо болов.

Улаан хувьсгалч царайлан Д.Сүхбаатарын талбайд хоолойгоо сөөтөл орилж, жагсаж явсныхаа хэргийг гаргаж, эрх ямба, өнгө мөнгөөр үзэл бодлоо худалдсан тэдэнд одоо цуг тэмцэж явсан ядарсан ард олон хоногийн хоолтой байна уу, үгүй юу гэдэг огт хамаагүй болсон. Тэд унах унаатай, тансаг орон байшинтай, мөнгө төгрөгтэй болсон. Одоо бол  юу яасан жагсаж тэмцэх. “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг тэдэнд бүгдээрэнд нь хувь хувийн бодол бий. Тэр нь лав шударга ёс, ядарч зүдэрсэн ард түмэн биш бололтой. Одоо тэд дахиж гудамжны тэмцэл хийхгүй. Тийм шаардлага ч байхгүй. Яагаад гэвэл тэд амьдралаа сайжруулах гэж л улстөр хийсэн. Тэр санаагаа ч гүйцэлдүүлсэн.

Нэр нь л “Шударга ёс”болохоос биш бусдаар тэд МАНАН-гаас юугаараа ч ялгагдах юмгүй болсон. Яагаад гэвэл тэд монголын улстөрчид.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.