Д.Лүндээжанцан: Би орчин цагийн хөөрөг барьдаг

Twitter Print
2016 оны 02-р сар 02-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүдийн дунд Д.Лүндээжанцан, Р.Гончигдорж, Б.Бат-Эрдэнэ нарын зэрэг хууль батлах их ажлынхаа завсар чөлөөгөөр хөөрөг гарган тамхилж, ханхайж суудаг монгол эрчүүд цөөхөн ч гэсэн бий.

Утаат тамхины эсрэг ангийнх нь хүүхнүүд хууль батлан тэмцэж байгаа одоо үед хамрын тамхи гээч хал балгүйхэн, халхын бас л нэгэн нүнжиг буяныг харуулах хэрэглээтэй 25 жил “ноцолдож” яваа Д.Лүндээ гишүүнтэй хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өмнөхөн хөөрөг зүрүүлэн ярилцлаа.

-Монгол түмэн долоохон хоногийн дараа “Муу нүүрт” хэмээгч Гал мичин жилтэйгээ золгоно. Та хаврын тэргүүн сарын шинийн 1-ний билэгт сайн өдрийн өмнөхөн өнгөрсөн жилийнхээ ажил, байдлыг хэрхэн дүгнэн цэгнэж байна вэ?

-Улиран одож байгаа Хөх модон хонь жил улстөрийн амьдралын хувьд ихээхэн донсолгоотой он болоод өнгөрч байна. МАН-ын хувьд ч их том сургамжийн жил боллоо. Төр засаг, Монголын ард түмэн ч бас сургамж авсан гэж бодож байна. Аль, аль нь сургамж авсны үр дүнд ирж байгаа Гал мичин  жил их ухаарлын жил болох байх гэж бодож сууна.

Миний хувьд Монголын парламентад тасралтгүй суусан 25 дахь жил байдаг л нэг хэрүүл тэмцэл, ажил явдал ундарсан он байлаа. Нүгэл хилэнцтэй энэ хорвоод ямар ч хүн алхайж суугаад, жаргаж амьдарсаар хорвоог орхидоггүй.

Түмэн жаргалан, буман зовлонгийн дунд оршдог хорвоо шүү дээ. Тийм болохоор л хэн хүнгүй Монгол оронд минь жаахан ч гэсэн эерэг өөрчлөлт, сайн сайхан хөгжил дэвшил гарсан он байгаасай гэж хүсч залбирдгийн адил би ч гэсэн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өмнө тийм л ерөөл талбиж сууна даа.

-Удахгүй урин хавар айлчлан ирэх гэж байгаа энэ сайхан цаг мөчид хоёулаа улстөр ярьж бухимдаад яах вэ. Монгол эрчүүдийн салшгүй хэрэглээ болсон хөөрөг, даалингийн талаар ярилцах уу?

-Тэгье тэгье. Харин миний мэдэх, сонссон дуулсан юм  л асууж үзээрэй.

-Яг одоо таны барьж суугаа  хөөрөг хэдий үед хамаарах вэ. Ямар нэгэн түүхэн хүний эдэлж, хэрэглэж явсан  эд мөн үү?

-Надад хэн нэгэн түүхэн хүний эдэлж, хэрэглэж явсан үнэтэй, цайтай хөөрөг байхгүй. Миний өөрийн сонирхол гэвэл орчин цагийн хөөрөг барьж, эдэлж яваад үр хүүхдэдээ үлдээх л юм даа. Миний энэ барьж суугаа хөөрөг бол 1998 оны үеийн эд байгаа юм. Сайхан цагаан хаш  чулуун хөөрөг л дөө. Алтан нуухтай, шүрэн толгойтой ийм л хөөрөг байгаа юм.

-Ер нь танд хэн нэгнээс өвлөж авсан ч юм уу, үнэтэй хөөрөг худалдан авч байсан тохиолдол байхгүй гэж үү?

-Өвөөгөөс өвлөгдсөн сайхан хөөрөг байсан л даа. Түүнийгээ алдчихсан. Бас нэг хуучны, үнэтэй сайхан хөөрөг байсныг хаячихсан. Хаана хаяснаа бодоод бодоод олдоггүй юм. Би ер нь жаахан мартамхай, саландуу хүн. Хоёр сайхан хөөргөө алдсан, хаясан ийм л юм. Түүнээс хойш хуучны үнэтэй хөөргөнд сүжиг муутай болчихсон хүн. Хуучны үнэтэй хөөрөг тогтдог хүн, тогтдоггүй хүн гэж бас байх шиг байгаа юм.

-Түүхэн хүний эдэлж хэрэглэж явсан хөөрөг жил өнгөрөх тусам үнэ, ханш нь улам л нэмэгдээд байх шиг  санагддаг юм. Тухайн хүний буян хишиг, сүлд хийморь нь шингэдэг юм болов уу. Ер нь, хөөрөгний чулуу амьтай гэж танд санагддаг уу?

-Хөөрөгний үнэ нь хийсэн цаг үедээ байдаг гэж яригддаг л юм. Гэхдээ хүн хүний онцлог өөр л дөө. Хуучны түүхэн хүмүүсийн хөөргөнд үнэнхүү дурлаж, үнэ цохиж авдаг хүмүүс байна. Би бол “Лүндээжанцангийн хөөрөг” гэж хэлэгдэх  хэмжээний өөрийн брэндийг л барьж явдаг.

Хаш чулуун хөөрөг барьсан хүний яс хугарч, бэртдэггүй гэж ярьдаг л юм. Мөн өөрийнхөө өнгөтэй адил гэгээлэг сайхан бүхнийг эзэн хүнийхээ амьдралд дагуулж ирдэг гэдэг утгаар нь барьж суухад эерэг мэдрэмж төрөөд байдаг л даа. Хөөрөгний чулууны тухайд Чүчигноров хөөрөг барьсан хүн яр шархаар өвчилдөггүй бол сүүжин хөөрөг нүдний хараанд онцгой сайн, гартаам хөөрөгтэй хүн хэзээ ч саа өвчин тусдаггүй гэж ярьдаг. Тэгэхээр эдийн дээд хөөрөгнүүд амьтай л болж таараад байгаа юм.

-Боломжтой бол таны мэдэх хамгийн үнэтэй хөөргийг ямар хүмүүс эдэлж хэрэглэж явааг хэлж болох уу?

-За даа, наадах тань хамаагүй ярьж болдог ч юм уу, үгүй ч юм уу. Миний мэдэхээр Богд хааны хэрэглэж явсан шүрэн хөөрөг манай Ц.Цэнгэлд байдаг байх. За тэгээд манай Р.Гончигдорж, Б.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү гишүүд, Д.Дагвадорж аварга гээд үнэтэй сайхан хөөргөөр тамхилдаг хүмүүс байгаа даа.

-Та ер нь, хэдэн оноос хөөрөг, даалин өвөртөлж явна?

-За даа, би ч нэлээд эртнээс энэ талын хэрэглээтэй хүн шүү. 1990-ээд онд уламжлал сэргэж эхлэхээс өмнө л ажил дээрээ хөөрөг бариад сууж байсан хүн дээ би. Залуу байхад ч яах вэ, шоолуулаад л явдаг байлаа. Ардчилал гараагүй  байхад хөөрөг, даалин чинь бас нэг жаахан хориотой маягийн, хэн хүн хэрэглээд байдаггүй байж л дээ.

-Хөөрөг, даалинтай холбоотой хэл аманд орж, шүүмжлүүлж байв уу та?

-Гайгүй шүү. Харин нэг сонин юм тохиолдож байсан юм байна. 1992 оны өвөл АНУ-д айлчлахдаа  парламентын ордон дотор нь хөөргөө гаргаад тамхилсан чинь бидэнд үйлчилж байсан хүн гүйгээд явчихдаг юм байна. Тэгтэл АНУ-ын Ерөнхийлөгчийн үг хэлдэг гол танхимын хаалганы хажууд нэг гоёмсог босоо тавиур байсан юм. Тэр дотор  1901 онд Манж Чин улсын төлөөлөгчид  айлчлахдаа бэлэглэсэн хамрын тамхийг хадгалж байдаг юм байна. Тэр нь ямар учиртай гэвэл олон цагаар хуралддаг парламентын гишүүдийг нойроо сэргээж хааяа татаж бай гэж бэлэглэсэн Хятад бор тамхи байж л дээ. Тэрнээс надад хийгээд өгч байсан. Гэхдээ надад Хятад тамхи  таардаггүй болохоор татаагүй л дээ.

-Улсын Бага Хурлаас эхлээд л Монголын үе үеийн парламентад хамрын тамхи хэрэглэгчид нэлээдгүй байгаа. Хааяа хамар луугаа тамхи чихчихвэл жаахан ч гэсэн сэргээд ирдэг юм уу?

-Улсын Бага Хурлын үед Д.Чойжамц хамба, Г.Очирбат гуай, талийгаач О.Дашбалбар, Д.Содном гуай бид хэд татдаг байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл татсаар л явна. Одоогоор хуулиар хориглоогүй ч хүн болгон хэрэглээд байх нь тийм ч тааламжтай зүйл биш л дээ.

-УИХ-ын эмэгтэй гишүүд утаат тамхины эсрэг хууль боловсруулж батлуулсан. Эхэндээ сүрхий хэрэгжиж байснаа “Монголын хууль гурав хоног” гэгч нь болчих шиг боллоо. Ингэхэд таны хувьд утаат тамхи хэрэглэдэггүй байх аа?

-Түүнийг чинь л харин насаараа хэрэглээгүй. Залуудаа зүгээр саваагүйтэж, ганц хоёр удаа амандаа зууж байсан тохиолдол бол  бий.

-Таны ярианд дурдагдсанаар хамрын тамхинд жаахан ч гэсэн сэргээх, хүч чадал оруулах талын юм байдаг уу?

-Допингийн талын юм өчүүхэн ч байхгүй. Хэрвээ сэргээшийн журмаар хэрэглэх юм бол гарцаагүй хориотой зүйл болж таарна л даа. Монголчуудын хэдэн үеэрээ хонины бэлчээр дээр хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн энэ уламжлал бол сэргээшийн төрлийн хэрэглээ биш л дээ.

-Та одоо хаанахын, ямар төрлийн хамрын тамхи татаж байна?

-Би ч хэзээнээсээ Энэтхэгийн 41 номерийн тамхи л татсаар ирсэн. Өөр тамхи татахаар ханиалгаж, аллерги өгөөд ерөөсөө зохидоггүй юм.

-Р.Гончигдорж гишүүн ширээн дээрээ багавтар хөөргөө гаргаж тавьчихаад хүн бүртэй тамхилж харагддаг. Таны  одоо барьж байгаа хөөрөг нимгэвтэр хэрнээ том хөөрөг байна шүү?

-Арван хэдэн жил барьж яваа болохоор энэ хөөрөг маань бүр нэг гарт эвтэйхэн болчихож дээ. Хэтэрхий том, зузаан хөөрөг ч над шиг өдөр тутмын хэрэглээтэй хүнд явдалтай л даа. Р.Гончигдорж гишүүний хувьд бас л номонд мөнхөрч, эдийн сайнаар нэрлэгдсэн халхад цөөн хөөргийн нэгийг эдэлж хэрэглэж яваа хүн байгаа юм.

Мөн Монгол Улсын гавьяат хуульч Н.Жанцан маань “Монголын шилдэг хөөрөг” гээд маш сайхан зураг хөрөгтэй, түүхийн чухал баримт материал хавсаргасан үнэхээр сайхан ном гаргаж байсан. Хөөрөг сонирхдог, цуглуудаг хүмүүс тэр номыг олж үзвэл ёстой л нэг загатнасан газар нь маажих шиг л болно.

Тэр номонд Монголын гайгүй сайхан хөөрөгнүүд бараг бүгд байна лээ дээ. Ер нь, үнэтэй, сайн хөөрөгнүүд гэдэг чинь бүгдээрээ маш их түүхтэй, мэддэг хүн бол хараад л таньдаг болчихсон байдаг юм шүү дээ.

-Таны эдэлж хэрэглэж явсан, одоо барьж яваа хөөрөгнүүдээс тэр номонд орсон уу?

-Иш, манийх яаж багтах вэ дээ. Тэнд ёстой л халхын буянууд нэртэй устай, түүх судартайгаа байгаа. Мань мэтийнх бол байхгүй шүү.

-За, та ирж байгаа Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-нд тарган тавтай, сайхан шинэлээрэй?

-За их баярлалаа. Танай уншигчид Монголын нийт ард түмэндээ хаврын тэргүүн сарын шинийн 1-ний халуун мэнд дэвшүүлж, ирж байгаа онд элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн барья. Та бүхэн минь сайхан шинэлээрэй.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.