Харуки Мураками - Норвегийн ой /өгүүллэг/

Twitter Print
2019 оны 03-р сар 05-нд 18:40 цагт
Мэдээний зураг,

Нэгдүгээр бүлэг. Намайгаа санаж яваарай

Боинг-747 онгоцонд сууж явсан тэр жил би гучин долоо хүрч байлаа. Онгоц нүүгэлтсэн борооны үүлсийг зүсэн газардахаар доошилно.

Арван нэгэн сарын хүйтэн бороо газар чийглэж, тэртээ дор харагдах онгоцны буудлын ажилчид цув өмсчээ. Цохио хад шиг сүндэрлэх буудлын дээвэр дээр янз бүрийн далбаанууд намирч, БМВ-гийн сурталчилгааны самбарууд байх нь эгээтэй л фландрийн зургийг санагдуулна. “Ингээд Германд ирлээ дээ.”

Онгоц газардмагц “Тамхи татахыг хориглосон” сануулга унтарч, намуухан хөгжим эгшиглэв. Найрал хөгжим Битлзийн “Norwegian Wood” хэмээх аялгууг гайхалтай тоглох аж. Энэ аялгууг сонсох бүр толгой эргэдэг. Үнэндээ толгой эргэх биш, дурсамж дурдатгал минь сэргэдэг юм.

Бодол санаа минь уураг тархийг өрөмдөж, өөрийн эрхгүй хоёр гараараа толгойгоо барьлаа. Удалгүй онгоцны үйлчлэгч герман бүсгүй дөхөж ирээд зүгээр эсэхийг минь англиар лавлаж асуув. Би толгой бага зэрэг эргэснээс бүх юм зүгээр хэмээлээ.

-Та зүгээр үү?
-Зүгээр дээ. Баярлалаа.

Үйлчлэгч бүсгүй инээмсэглэсээр явж одов. Төдхөн Билли Жоэлийн дуу хөвөрлөө.

Толгойгоо өндийлгөн Хойд далайг бүрхсэн бараан үүлсийг ажингаа энэ насандаа алдаж оносон үй олон зүйлсийн тухай эргэн дурслаа. Нэгэнтээ урсаж өнгөрсөн цаг хугацаа, сураг алдарсан анд нөхөд, эргэж ирэхгүй хором мөчүүд.

Онгоц зогсож, хүмүүс тавиур дээрээс ачаа тээш, хувцас хунараа авна. Харин би өвсний үнэр ханхийж, салхи сэвэлзэн, шувууд жиргэсэн тэр ээрэм талд үлджээ. 1969 оны намар буюу хорьж болдоггүй хорин нас шүргэсэн тэр жилийн минь намар.

Үйлчлэгч бүсгүй дөхөж ирээд алжаасан эсэхийг минь асуунгаа хажууд суув. Би:
-Одоо зүгээр дээ. Хүнд хааяа ганцаардах үе байдаг даа (It’s all right now, thank you. I only felt lonely, you know.) гэж хэлээд инээмсэглэв.
-Ойлгож байна аа. Би ч гэсэн үе үе ганцаарддаг юм. (Well, I feel same way same thing, once in a while. I know what you mean.)    

Бүсгүй толгой сэгсрэн хөгжилтэй нь аргагүй:
-Сайхан аялаарай. Баяртай! (I hope you’ll have a nice trip. Auf Wiedersehen!) гэсээр босч явлаа.
-Auf Wiedersehen!

Хэдийнэ арван найман жил өнгөрсөн ч тэр хээр талын дурсамж бүдгэрсэнгүй. Хэдэн өдөр зүсэрсэн бороонд шороо тоос нь дарагдсан уулсаар хөхөлбөр туяа татжээ. Моддын навчис арван сарын салхинд