Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзав

Twitter Print
2016 оны 01-р сар 29-нд 19:13 цагт
Мэдээний зураг,

Дөнгөж түрүүхэн 17:40 цагийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний туслах асан Б.Тулга тэргүүтэй МАХН-ын төлөөллүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өрөөнд яаравчлан орж, 30-аад минут уулзсан талаар эх сурвалжууд Төрийн ордноос мэдээлэв. Хэдийгээр хамгаалалтын ажилтнууд сурвалжлагчдыг ойртуулахгүй байсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын тохиролцох асуудал үндсэндээ өчигдөр шөнө шийдэгдсэн билээ.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс Г.Уянга, О.Баасанхүү, Л.Цог нараас бусад нь Ерөнхий сайдыг ил тодоор хамгаалсан бол Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар санал хураахын өмнөхөн картаа сугалж аваад танхимыг орхин зугатаасан билээ. Ингээд урьд нь Ерөнхий сайдтай тохиролцсон ёсоор түүнийг хамгаалалцан авч үлдсэн гавьяагаа үнэлүүлж “Шударга ёс” эвслийн бүлгийн нууц ноёнтон МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Шадар сайд болох нь зөвхөн цаг хугацааны л асуудал болов.

Магадгүй ирэх долоо хоногт түүнийг Шадар сайдаар батламжлах нь тодорхой болов уу. Түүнээс гадна МАХН-ынхан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын захидалтай холбоотой асуудлыг яаравчлан авч хэлэлцсэн байна. Г.Шийлэгдамба сайд их хэмжээний мөнгийг бусдаас авч намын дарга Н.Энхбаярт эхний хэсгийг нь гардуулсан, дараагийнхийг нь өгөх гэж байгаад АТГ-ынханд баригдсан талаар бичсэн нь өнөөдрийн гол дуулиан болоод байгаа.

Нийтдээ 170 мянган ам.долларын хээл хахуулийн шинжтэй мөнгөний тухай яригдаж байгаа нь МАХН-ын дарга Н.Энхбаяр ногоон гэрлээр Шадар сайд болох асуудалд тээг болж болзошгүй гэдгийг ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар уулзалтынхаа үеэр ярилцсан байхыг үгүйсгэхгүй. О.Даваасүрэн гэгчээс МАХН-ын санхүүжилтэнд зориулан хандивласан гэгдэж байгаа тэр их мөнгөний учрыг олох нь хууль хяналтынхны үүрэг болоод байгаа. Ямартай ч Монголын улстөр ирэх долоо хоногоос дахин нэлээн сонирхолтой хэлбэрээр өрнөж болзошгүй болоод явчихлаа.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.