Төмсний хучмал

2017 оны 10-р сар 07-нд 19:00 цагт
Мэдээний зураг,

Айл бүрийн өдөр тутам хийж иддэг амтат хоолны нэг бол төмсний хучмал билээ. Тэгвэл төмсний хучмалыг хийх амттай, амархан жорыг хүргэж байна.

 40 min

1.Төмсний хучмал хийхэд дан ганц мах, төмсний нухаш ордог гэж ойлгож болохгүй. Татсан маханд лууван, эрдэнэ шиш, вандуй, майлз, яншуй гэх мэт амин дэм, шим тэжээлтэй хүнсний ногоог хэрэглэж болно шүү. Ингээд үхрийн /хонины мах байж болно/ татсан махыг гэсгээж, сармис, сонгино, лууван, вандуй, майлзыг жижиглэн хэрчинэ. Эдгээр ногоог хэрэглэхгүй ч байсан болно.

2.Хайруулын тавганд 1,5-2 хоолны халбага ургамлын тос хийж халаасны дараа жижиглэн хэрчсэн сонгиныг хийж шаргал өнгө орж зөөлөртөл нь хуурна. Дараа нь жижиглэн хэрчсэн сармисыг хийж мөн адил 3 минут орчим хуураарай.

3.Үүний дараа хэрчсэн майлз, лууван, вандуйг хийж зөөлөртөл нь хуураарай.

4.Лууван, вандуй зөөлөрч болох үед татсан махыг хийж үргэлжлүүлэн хуурна.

5.Махыг бор хүрэн болтол хуурсны дараа давс, хар перц, томатны сүмс болон өөрийн дуртай бусад амтлагчаас сонгон хийж сайтар хутгаж хуураарай. Галын хэмийг багасгаж зөөлөн гал дээр 10 минут орчим болгоно.

6.Төмсийг угааж хальсласны дараа томхон хэрчиж буцалсан усанд хийж 10-15 минут буцалгана. Дараа нь төмсийг сайтар шүүж аваарай.

7.Ингээд төмсийг халуун байгаа дээр нь масло /эсвэл өтгөвтөр цөцгий/, давс, хар перец хийж нухах бөгөөд төмс амархан бутарч, масло халуун төмсөнд хайлж тослог, нялцгайвтар төмсний нухаш болох ёстой. Хэрвээ та илүү сайхан амттай болгоё гэвэл 1 ширхэг өндгийг хагалаж шар нь задартал хольсны дараа төмсний нухшинд хийж сайтар хольж хутгаарай. Автомат холигч хэрэглэх гэсний хэрэггүй. Төмс зөөлөрсөн байх тул гар мексир, нухагч ашиглан нухаарай.

8.Төмсний нухаш шаргал өнгөтэй сайхан үнэртэй болсон байх болно.

9.Ингээд алхам -5 дээр хийсэн хуурсан махыг нарийн боов, бялуу хийх зориулалттай шаазан эсвэл төмрөн тавганы ёроолд жигд тарааж хийнэ. Эсвэл шарах шүүгээнд хийж болохоор ямар ч төрлийн сав ашиглаж болно. Дараа нь махны дээр жижиглэн хэрчсэн яншуйг цацаж тараасны дараа төмсний нухшийг хийж жигд тарааж түрхэнэ.

10.Эсвэл савны ёроолд эхлээд мах, төмсний нухаш, мах гэсэн дарааллаар давхарлан хийж болно.

11.Шарах шүүгээгээ 170С хэмд сайтар халаасны дараа 15-17 минут болгоно. Энэ үед махны шүүс ширгэж, төмс гадна талаасаа бага зэрэг шарагдаж илүү сайхан амттай болсон байх болно. Шарах шүүгээнээс хоолыг гаргахдаа сайтар жийрэглэж түлэгдэж гэмтэхээс болгоомжлоорой. Ногоон сонгино, агшаасан будаа зэргээр хачирлан сайхан хооллоорой.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.