Бизнес эрхлэгч ба ажилтнуудын ялгаа

Twitter Print
2018 оны 03-р сар 12-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

1. Бизнес эрхлэгчид ур чадвараа сайжруулдаг бол ажилчид сул тал дээрээ эргэлдсэн хэвээр байдаг.

Мэдээж хүн бүр л ажлын ярилцлаганд орж байсан байх. Тэгвэл “Та сул талтай юу? Та сул талаа арилгахын тулд юу хийж байсан бэ” гэдэг асуултанд хариулах гэж тэвдэж байсан л байлгүй. Энэ бол ажилтны сэтгэхүй суусан хүний хувьд их эмзэг тусдаг асуулт байдаг. Учир нь тэдэнд ажилтан хүн сул талтай байна гэдгийг маш муу зүйл бөгөөд үүнийг заавал засч залруулж байх ёстой гэсэн хатуу үзэл бодол суусан байдаг. Харин бизнес эрхлэгч нар сул талтай байхад төдийлөн ач холбогдол өгдөггүй бөгөөд өөрийнхөө давуу талуудыг хэрхэн хөгжүүлж, улам бүр сайжруулах эв гэдэгт л үргэлж анхаарал хандуулж байдаг.

2. Бизнес эрхлэгч нар алдаа гаргахаас огт айж, санаа зовдоггүй бол ажилтан хүн бүх ажлыг төгс хийхийг хичээдэг.

Үргэлж дарга нарынхаа хараа хяналтанд байдаг ажилчид аливааг төгс хийхийг маш хичээдэг. Ажилтан хүн ямар ч алдаа гаргахгүй ажиллаж, даргадаа үнэлэгдэхийг ямар их хичээдэг гээч. Харин бизнес эрхлэгч хүн алдаа гаргахаас огт айдаггүй. Учир нь тэд юу ч оролдож үзэлгүйгээр төгс ажиллахаас илүүтэйгээр ямар нэг зүйл бүтээх нь чухал гэдгийг сайн мэдэж байдаг.

3. Бизнес эрхлэгч нар ‘үгүй’ гэж хэлж чаддаг, харин ажилтан хүн тухайн асуудалтай зууралдсаар л байдаг

Уоррен Баффет нэгэнтээ "Амжилттай болон үнэхээр амжилттай яваа хүмүүсийн хоорондын нэг ялгаа бол үнэхээр амжилттай яваа хүмүүс ямар ч зүйлд үгүй гэж хэлж чаддагт байгаа юм.” гэж хэлсэн байдаг. Харин ажилтан хүн ямар нэг боломжийг алдчихвий гэдгээс ухаан алдатлаа айдаг учраас бараг бүх л зүйлд “тийм” гэж хариулдаг байна.

4. Бизнес эрхлэгч нар бусдаар ажлаа хийлгэж чаддаг бол ажилтан ‘өөрөө л бүгдийг хийх’ гэж хичээдэг.

Бизнес эрхлэгч нар ямар ажлыг хэнд өгвөл хамгийн сайн хийлгэж болохыг маш сайн мэддэг байна. Учир нь тэд өөрсдийн цагийг ямар их үнэтэйг маш сайн ойлгож байдаг бөгөөд зөвхөн өөрсдийнхөө хийж чаддаг зүйлийг хурдан хугацаанд чанартай хийхийг эрмэлздэг. Харин ажилтнууд үүний яг эсэргээр ажилладаг. Тэдний уриа бол “Бүх зүйлийг зөв хийхийн тулд бүгдийг өөрөө хий”.

5. Бизнес эрхлэгчид нэг зүйл дээр л төвлөрдөг, харин ажилчид олон зүйлийг нэгэн зэрэг амжуулахыг хичээдэг.

Олон зүйлийг нэгэн зэрэг амжуулах гэж хичээх нь ямар ч үр дүнд хүргэдэггүйг судалгаагаар нэгэнт тогтоосон. Бизнес эрхлэгч нар олон зүйлийг зэрэг хийх нь ямар ч ашиггүй гэдгийг сайн мэддэг.

6. Бизнес эрхлэгч нар эрсдэл хүлээх дуртай, харин ажилчид эрсдлээс аль болох зайлсхийдэг.

Хэрэв ямар нэг ажилтнаас бизнес эхлүүлэхэд бэлэн үү гэж асуувал тэд хамгийн түрүүнд эхлээд надад найдвартай ажлын байр хэрэгтэй, дээр нь тэтгэвэр хэрэгтэй, ажилгүй болчихвол миний эрүүл мэндийн даатгал яах юм гэх мэтчилэн зөндөө шалтгаан тоочих вий. Харин бизнес эрхлэгч нар эрсдэл хийхгүйгээр ямар ч амжилтанд хүрэхгүй гэдгийг сайн мэдэж байдаг.

7. Ажилтан хүний онцлог нь бараг бүх зүйлд тэнцвэртэй байдлыг бий болгохыг хичээдэг бол бизнес эрхлэгчид нөхцөл байдалд тааруулж хөдөлдөг.

Ажил/амьдралын тэнцвэрт байдал. Энэ бол ямар ч ажилтны хувьд туйлын мөрөөдөл нь байдаг. Харин бизнес эрхлэгчид тэнцвэртэй байдлыг бий болгох нь ямар ч боломжгүй гэдгийг сайн мэдэж байдаг. Тиймээс бизнес эрхлэгч нар тухайн нөхцөл байдалд тохируулан аль чухлыг нь хийж чаддаг.

8. Ажилтнууд өөрсдөөс нь ухаалаг хүнээс айдаг бол бизнес эрхлэгчид тэдгээр хүмүүсийг ажилд авдаг.

Байгууллага гэдэг бол яг л амьд үлдэхийн төлөөх ширэнгэн ойн амьдрал мэт л байдаг. Хэрэв та хамгийн ухаантай, хамгийн шилдэг тоглогч биш л бол албан тушаалын шатлалын хамгийн доор нь байж л байна. Тиймээс ажилтан хүн өөрөөсөө ухаалаг хүмүүсийг өрсөлдөгчөө хэмээн харж, тэднээс айж байдаг. Харин бизнес эрхлэгчид тэдгээр хүмүүсийг ямар ч эргэлзээгүйгээр багтаа нэгтгэж байдаг бөгөөд ухаантай хүмүүсгүйгээр бизнес нь цааш ахихгүй гэдгийг маш сайн мэдэж байдаг.

Эцэст нь хэлэхэд та заавал ямар нэг компанийн захирал эсвэл үүсгэн байгуулагч байх албагүй. Хамгийн гол нь бизнес эрхлэгч байх тэрхүү хандлага л таны дотор оршин байх ёстой. Энэ л таны бусдаас ялгарах, бусдаас түрүүлж алхах тэр суурь нь болох болно.

Эх сурвалж: Entrepreneur, www.mlctraining.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.