Хэлээ огтлуулсан Болжмор (Япон ардын үлгэр)

2017 оны 05-р сар 17-нд 18:50 цагт
Мэдээний зураг,

Эрт цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь өрөвч сайхан сэтгэлтэй, харин эмгэн нь ааштай, шуналтай, хатуу сэтгэлтэй нэгэн байв. Нэгэн өглөө өвгөн уул руу очиж мод тайрах, тариан талбайгаа ухаж янзлахаар гарчээ. Энэ удаа тэрээр уулын гүн рүү түлээ цуглуулахаар явав гэнэ. Түүнийг түлээ цуглуулаад явж байтал болжмор уйлан жиргэх чимээ гарав. Тэрээр гайхан доош хартал модны мөчирт дарагдан гэмтсэн болжморыг олж харав. 

-“Өө хөөрхий, муу болжмор” хэмээн өвгөн болгоомжтойхон өргөн авч “Санаа зоволтгүй ээ. Би чамд тусална. Чи хурдан эдгэрнэ. Манайх руу явъя” гэв. Өвгөн болжморыг гэртээ аваачин гэмтлийг нь боож өгч будаагаар хооллов. Үүнд эмгэн ихэд дургүйцэж уурлан, 

-“Чи яагаад хайран будаа наад шувуундаа өгч байгаа юм бэ?” гэхэд өвгөн тоосон шинжгүй болжморыг арчлан тордож байв. Нэг өдөр өвгөн дахиад л уул руу түлээнд явахдаа,

-“Болжморыг минь сайн харж байгаарай” гэж гуйхад эмгэн,

-“Тийм ээ тийм. Мэдэж байна” гэж уурлан хариулахдаа шувууг асарч хооллох бодолгүй байлаа. Эмгэн болжморыг гэртээ орхин гол руу угаалга хийхээр явлаа. Гэрт ганцаар үлдсэн болжмор өлсөж эхлэв. Тэрээр эмгэний бэлдсэн аяга дүүрэн цардуулыг олов. Маш ихээр өлсөж байсан учир юу ч бодолгүй бүгдийг нь идэж орхижээ. Удалгүй эмгэн голоос ирж цагаан даавуу хэрэглэлээ цардахаар бэлтгэв. Гэвч эмгэн цардуул алга болсныг анзаарч болжмороос юу болсоныг асуув.

Болжмор,

-“Намайг үнэхээр уучлаарай. Би өлсөж байсан учраас аргагүйн эрхэнд идчихлээ” гэтэл эмгэн уурлаж,

-“Чи муу хулгайч! Чамайг дахиж ийм хэрэг хийхгүй болтол чинь болгоод өгнөө” гээд хайчаар болжморын хэлийг тас огтолчихов. Хөөрхий болжмор уйлсаар уул руугаа нисэн одов. Өвгөн ажлаа дуусч уулнаас буцаж ирэхэд болжморыг алга болжээ. 

-“Бяцхан болжморт минь юу тохиолдов?” гэж асуухад эмгэн, 

-“Тэр шувуу чинь миний цардуулыг идчихсэн. Тэгэхээр нь би түүний хэлийг огтлоод хөөгөөд явуулсан” гэв. Өвгөн ихэд цочирдон гуниж, 

-“Намайг уучил, бяцхан болжмор минь. Их өвдсөн байх даа” хэмээгээд нулимс дуслуулав. Өвгөн болжморыг хайхаар уул руу буцав. Өвгөн ойгоор хэрэн явж “Бяцхан болжмор минь буцаад ирээч!” хэмээн дуудаж байв. Гэвч болжмор олдсонгүй. Гэтэл өвгөн гэнэт “Өө нээрээ тийм! Болжморын дэн буудал байдаг гэж сонссон. Тийшээ явбал болжморыг олж магад” хэмээн дотроо бодов. Тэрээр ойн гүн рүү алхаж явтал түүнтэй гурван болжмор тааралдав. 

-Өвгөн: “Болжморууд минь. Та нарын дэн буудал хаана байдаг вэ?” гэж асуухад болжморууд “Ийшээ, ийшээ” хэмээн жиргэн өвгөнийг хулсан модон төгөлөөр дагуулан бүр цааш явав. Нэг л мэдэхэд тэд хаалганы өмнө болжморууд жагсаасан нэгэн том харшийн үүдэнд ирлээ. 

-“Тавтай морил! Бид таныг хүлээж байлаа” гэж тэдний нэг нь хэлэв. Гэтэл өвгөн “Та нар миний бяцхан болжморыг харсан уу?” гэж асуухад “Тэр таныг дотор хүлээж байгаа” гээд өвгөнийг дотогш дагуулан оров. Дотогш ороход бяцхан болжмор нь тосон гүйн ирэв. 

-“Хөөрхий минь. Чи зүгээр үү? Би их санаа зовлоо” гэж бяцхан болжмороо дахин харсан өвгөн баяртайгаар хэлэв. Болжморууд төрөл бүрийн амттай хоол өвгөнд өгч, түүнд зориулан дуулж бүжиглэж эхлэв. Нэлээд зугаацаж ханасны дараа өвгөн босон болжморт хэлэв. 

-“Би та нартай жаахан ч атугай хамт баймаар л байна. Гэвч гэртээ харихгүй бол болохгүй нь. Эмгэн минь санаа зовно” гэв. Тэгтэл болжморууд том жижиг хоёр сүлжмэл сагс үзүүлэн “Та аль нэгийг нь бэлэг болгон ав” гэж хэлэв. Өвгөн бэлэг авах хүсэлгүй байсан боловч жижиг сагсыг авахыг зөвшөөрөв. 

-“Уучлаарай. Би хөгшин болохоор амраар нь жижгийг нь авъя” гээд гэрийн зүг одов. Өвгөн гэртээ ирээд эмгэнд болсон бүх явдлыг ярив. “Би болжмортойгоо уулзаад бүр бэлэгтэй ирлээ. Дотор нь юу байгаа бол доо” гээд сагсыг нээтэл дүүрэн алт, мөнгө, даавуу зэрэг олон үнэт зүйлс байна гэнэ. “Тэгээд л их хүнд байсан байх нь” гэж өвгөн хэлэв.

“Жижиг сагсыг нь авсан нь болжээ” гэхэд эмгэн,

-“Юу? Бас том байсан юм уу?” гэж уурлангуй асуув. “Том нь бүр их үнэтэй зүйлүүд байгаа даа! Би яваад томыг нь аваад ирье” гээд шуналдаа дийлдсэн эмгэн үтэр түргэн уул руу гарч одов. Эмгэн болжморын дэн буудалд ирээд, 

-“Бяцхан болжмор минь, бяцхан болжмор минь. Би ирлээ” гээд худал инээмсэглэв. Бяцхан болжморыг гарч ирэхэд “Бяцхан болжмор минь. Би чамайг асарч байсан биз дээ! Би өлсөхгүй байна. Тийм болохоор хурдан сагсаа гаргаад ир” гэв. Болжморууд түүнд ихэд урам хугарсан боловч хоёр сагс гарган ирэв. 

-“Дуртайгаа сонго” гэж болжморууд хэлэхэд эмгэн бодох ч сөхөөгүй “Би томыг нь авна. Би даах чадалтай учраас” гэв. Эмгэнийг буцаж явах болоход болжморууд “Гэртээ харьтлаа битгий нээгээрэй!” гэж захив.

Эмгэн тоолгүй хар хурдаараа гэрийн зүг гарч одов. Явах замдаа эмгэн шуналаа барьждийлэхээ байв. Бүр хорхой хүрээд тэсэхээ байсан тул сагсыг нээхээр зогсов. Сагсыг нээтэл утаа гарч нэг нүдтэй мангас, аварга могой зэрэг олон аймшигт мангасууд гарч ирэв. Эмгэн ихэд цочин айж сагсыг шидэн зугтахдаа халтирч унан уулын уруу өнхрөн оджээ.

Япон хэлнээс орчуулсан:

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (103.57.93.11) 2016-01-29 17:40
      • 0
      • 0

      hehe orosiin aktan zagasnii ulgertei utga neg ulger, shunal ihedvel shulam bolnoo gej

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.239) 2016-01-29 09:34
      • 0
      • 0

      Хөөрхөниүлгэр бнаа.

      Хариулах