Цастай өвөл, мөстэй өвөл

Twitter Print
2016 оны 01-р сар 27-нд 18:05 цагт
Мэдээний зураг,

Ай даа, өвөл гэдэг ч уг нь нэг ийм л байдагсан даа. Сүүлийн хэдхэн  хоногт дөрвөн  есийн хүйтэн ид тачигнаж, Монгол оронд жинхэнэ утгаараа тачигнасан жавартай, мөнгөн өвөл болдгоороо болж байна санж. Харин өнөөдрөөс “Тавьсан будаа хөлддөггүй таван ес” эхэлсэн. Уг нь бид чинь ээлжлэн солигддог утга, уянга, уялдаа зохилдлого төгс жилийн дөрвөн улиралтай өндөр их хувь заяат монголчууд юм сан.

Саяхны нэг үдэш ажлаасаа гарч Сансарын тунель өгсөөд алхаж явтал арав гаруй насны хэдэн хүүхэд баяр хөөр, цан хүүрэг болон чаргаар гулгаж байхтай тааралдсан. Тэдний цангинасан инээдийг сонсч, ойрын үед олж хараагүй хуучны Орос чаргыг хараад эхлээд  гайхах сэтгэл төрснийг нуугаад яах вэ. Үүнийг уншсан  хэнд ч гэсэн “Хүүхэд инээхийг сонсоод гайхаж байдаг яасан дүүрчихсэн нөхөр  вэ” гэх бодол төрөх нь гарцаагүй. Гэхдээ л би эхлээд бага зэрэг гайхсан л юм даа.

Сүүлийн жилүүдэд жам ёсоор өвөл болдогоороо л болж  байгаа хэдий ч энэ өвлийнх шиг чих часхийлгэн  хүйтэрч байсныг санахгүй байгаа юм. Өвөл нь өвөл шиг, зун нь зун шиг болдог сайхан цаг биднээс улам л холдоод байх шиг. Түүнээс ч илүү сэтгэл эмзэглүүлдэг нь балчирхан хонгор үрсийн маань адтайхан цангинасан инээд тэр бүр сонсогдоод байдаггүй болж. Хэдхэн жилийн өмнө яг л өдийд гудамж  талбай бүрт хөлдөө тэшүүр углаж, чарга чирсэн сэргэлэн хөөрхөн хүүхдүүдийн час хийсэн адтай инээд цангинаж, гудамжны гэрэлд шөнө орой болтол тэдний аз жаргалтай дуун хаддаг байсан билээ. Харин өнөөдөр гулгая гэсэн ч алга дарам чөлөөтэй газар үлдсэнгүй. Осолдохгүй Сансараас урууддаг хоёр талын налуу зам дээр хэн нэгэн эрхтэн дархтан нь байшин шовойлгочих боломжгүй тулдаа л намайг гайхшруулан тэр хэдэн хүүхэд жаргалтайхан гулган наадаж байсан нь тэр. Нүүрийг нь битүүлэн ороосон зузаан ороолтны цаанаас очтон гялалзах хоёр нүд нь л харагдах тэдгээр хүүхдүүдийн цангинатал хашгиралдах дуу нь тэр хавийг сэргээж өөд уруугаа яаравчлан алхаж байсан хүмүүс өөрийн эрхгүй сониучирхан харах нь ийм л дүр зураг бид бүгдэд дутагдаад байгааг илтгэх хамгийн энгийн жишээ гэлтэй.

Хоёр чарга, нэгэн том хуванцар таган дээр ээлжлэн гулгах тэр хүүхдүүд уруудан давхисаар хөндлөн замын наана очоод хөлөөрөө газар жийн хажуу тийшээ холбирон унацгааж байлаа. Хэдийгээр хүүхэд насны минь хөөр баяртай өдрүүдийг санагдуулан өвлийн жавартай орой хөгжилдөн гулгах тэднийг харан зогсох зугаатай хэдий ч чөлөө завсаргүй сүлжилдэх машин замд тулж ирээд  албаар годройтон унацгаах нь хөөрхийлөлтэй.

Мөс цасан дээр гулгахгүй бол мөнгөн өвөл гомдоно шүү

Бидний багад 15 төгрөгний үнэтэй “Норвег” хэмээх урт тэшүүр байлаа. Ирнийхээ эсрэг хоёр үзүүрт гутлын уланд бөхлөх зориулалттай хоёр бөөрөнхий суурьтай. Эсгий гутлын уланд тааруулан суран уяагаар чагтлан татаж чивхэртэл нь чангалж байгаад уяаныхаа үзүүрийг хөндлөн модонд хөшиж тогтоогоод эсгий гутлынхаа түрүүнд бөхлөөд уячихна. Сайн бөхлөн уяж чадвал нэг оройдоо урт тэшүүр нь эсгий гутлын улнаас сална гэж байхгүй. Тэгээд л унаж тусан, толгойноосоо битүү уур савсуулаад  өөд уруугүй гулгаж гарна.

Ямар одоотой адил нүүгэлтсэн  хар утаа униар, хиншүү хярвас байсан биш. Одоо эргээд бодоход тэр үед мөс хүртэл хачин тунгалаг  шил, толь шиг л хөлддөг байж дээ. Миний хүүхэд нас шуугиад өнгөрсөн Таван шарын хэдэн байшингийн дунд гурав дөрвөн мөсөн коток саяхныг хүртэл байсан билээ. 1980-аад оны үед  Орос, Унгар, Монгол ах нар өвлийн эхэн сар гарангуут л тойруулан хашааг нь босгож  нэг л орой усаа тавин маргааш өглөө нь гэхэд тэр хавийн хэдэн байрны хүүхдүүдийн  хүслэн болсон тунгалагхан мөстэй гулгуурын талбай  бэлэн болсон байна.

Дөрвөн буландаа том гэрэлтэй мөсөн талбайд шөнийн хоёр, гурав хүртэл хоккей тоглох шиг аз жаргалыг өнөөдрийн ихэнх хүүхдүүд амсахгүй байгаа нь туйлын харамсалтай. Шөнө дунд болсон хойно аав, ээжийн  маань хэн нэг нь “Хүүе одоо бушуухан ор. Маргааш өглөө унтаад сэрэхгүй, хичээлээ таслах гээ юу” хэмээн тагтан дээрээс хашгирахыг сонсож дуртай дургүйхэн гэртээ ордогсон. Тэр үед 12 төгрөгний үнэтэй “Малыш” нэртэй хоккейн цохиур мод байх. Тэр золиг даанч Монгол барааны дэлгүүрт нүдний гэм. Зөвхөн Орос дэлгүүрт л байна. Хааяа нэг Монгол барааны дэлгүүрт зарагдах боловч дороо л дуусчихна. Тэр үед Таван шард хоёр, гурван Орос дэлгүүр байсан. Яаж ийж аргалж байгаад хамт тоглодог Орос  жаалуудын аав, ээжид нь нөгөөх мөрөөдлийнхөө “Малыш”-ыг захичихна. За нэг “Малыш”-тай болчихвол ч өөрийгөө В.Харламовтой зүйрлүүлээд бодчихно шүү дээ.

В.Харламов гэж тэр үеийн ЗХУ-ын хоккейн шигшээ багийн ахлагч, дэлхийн найман удаагийн, 1972,1976 оны Олимпийн аварга агуу хоккейчин байлаа. Тэр үедээ бараг л амьдаараа домог болсон нэгэн байв. Тэр агуу хоккейчинтой өөрсдийгөө зүйрлүүлэн бодоод шөнөжингөө пижигнэлддэг байсан хүүхэд нас минь гэгээн жаргалтай өнгөрч дээ.

Харин хүүхэд насны минь шүтээн болсон тэр сайхан хоккейчин 1981 оны зун авто машины осолд орж эхнэрийнхээ хамт насан эцэслэхэд Таван шарын хэдэн байрны хүүхдүүд Орос, Монгол гэлтгүй нулимсаа нуун арчицгаасан түүхтэй.

Цас мөс хэмээх нэгэн гайхамшгийн тухай

Цонжин Болдог толгой дээрх Чингис хааны хөшөөт цогцолборыг зохион бүтээгч Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэгтэй ярилцаж суухад нэгэн гайхалтай  үг хэлж билээ. ”Өнөөдөр Улаанбаатарын гудамжаар алхаж явахад хөл доор хяхтнаж, чихардаг цасны чимээг өөр ямар ч оронд сонсох боломжгүй. Дөрвөн улиралтай хуурай, хатуу уур амьсгалтай Монгол оронд л цас хяхтнаж чихардаг юм. Москвад таван жил сурахдаа хөлийн уланд цас шалчигнаж нялцагнахыг л сонсож байлаа” гэсэн юм. Гайхмаар үг шүү. Наймаа хийгээд Орос орноор хөндлөн гулдгүй бишгүй нэг явсансан. Одоо бодоход Д.Эрдэмбилэг ах аргагүй л гярхай ажиглаж голыг нь олоод хэлжээ. Хуурай хатуу цас л хөлийн уланд хяхтнаж чихардаг юм байна.

Өнгөрсөн оны төгсгөлөөр нарлаг Азарбайжаны жүдогийн бөхчүүд хамтарсан бэлтгэл хийхээр Улаанбаатарт ирсэн. Тэдний нэгэн дасгалжуулагч  Монголд хөл тавьсан анхны сэтгэгдэлээ “Дээрээс нь харахад бүх зүйл нь цасанд дарагдаж цав цагаан харагдаж тун сайхан санагдлаа” хэмээн илэрхийлсэн байсан. Бид бүхний өдөр болгон харж байгаа ч тэр бүр таашаадаггүй гайхалтай сайхан улирлын өнгийг эх оронд минь анх удаа хөл тавьсан гадны зочин ингэж л олж харжээ. Эрхэм дарга нарын хэдэн тэрбумаар нь үргүй зараад байгаа утааны эсрэг аян дайн хэзээ нэгэн цагт үр дүнгээ өгч Улаанбаатар маань утаанаасаа салчихвал ч та бид өвлийн улирлын гайхам сайхныг жинхэнэ утгаар нь мэдрэх учиртай. Харин тэр сайхан цаг хэзээ бол. Юутай ч Улаанбаатарын маань цас, мөстэй гудамжинд хэдэн хүүхэд чаргаар гулган наадаж байна. Харин тэд дэндүү цөөхүүлээ юм даа.

Цастай өвөл, мөстэй өвөл, цана чаргаар гулгадаг өвөл, хүйтэн ч гэсэн хүлээдэг өвөл. Хүүхдүүд та нар минь гулгахгүй бол мөнгөн өвөл гомдоно шүү.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Мандухай

      (103.9.91.214) 2016-01-28 14:09
      • 0
      • 1

      Гоё нийтлэл байна. Нээрээ энэ өвөл жинхэнэ өвөл болж байна. Саяхан Скайд очиж өдөржин гулгасан ёстой гоё байсан. Нээрээ манай Монголын цас л хөлийн доор нэг их гоё хяхтнаж дуугардаг юм билээ. Оны өмнө Манжуурт явж байхад ерөөсөө тэгж дуугардаггүй юм билээ. Хойно Улаан-Үдэд ч гэсэн тэр аяараа давсё болсон шилчигнасан юм байдаг шүү дээ

      Хариулах