Н.Золжаргал: Орон сууцны урьдчилгаа 30 хувийг 10 болгох ямар ч боломжгүй

Twitter Print
2016 оны 01-р сар 27-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар оролцож, Монголчуудын хүсэн хүлээж байсан Орон сууцны болон малчдын, цалингийн, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж, инфляцийн түвшин, Монголбанкны мөнгөний бодлого гээд олон асуултад Цагаан сараас өмнөхөн хариулт өгсөн нь энэ өдрийн онцлох үйл явдал болов.

Харин Орон сууцны зээлийн 8 хувийг 5 хувь болгох Засгийн газрын шийдвэр саяхан батлагдсан ч Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар өнөөдрийг болтол уулзаагүй, энэ асуудлаас бултаад л яваа нь Н.Золжаргалын ярианаас тодорхой харагдсан. Ер нь энэ асуудал ирэх гуравдугаар сар хүртэл шийдэгдэхгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч далд утгаар ойлгуулах гэж ядаад л байна лээ. Харин нэг баттай зүйл гэвэл Орон сууцны урьдчилгаа 30 хувийг гурав дахин бууруулж 10 хувьд хүргэнэ гэсэн Засгийн газрын төлөвлөгөө хэрэгжих ямар ч боломжгүй гэдгийг Н.Золжаргал ерөнхийлөгч шуудхан хэлсэн. Тийм эх үүсвэр байхгүй, ингэж муйхарлавал банкны систем дампуурахаас гадна барилгын салбар ч нуран унана гэдгийг хатуухан хэлээд авна лээ.

Ингээд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр гишүүдийн тавьсан асуултад Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

-Монголчуудын хамгийн гол хэрэглээ болсон махны үнэ буурсантай холбогдон инфляци зохих хэмжээгээр буурсан. Цалин, тэтгэвэр нэмэгдээгүй байхад бусад салбарт мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбогдон инфляци хэдэн хувиар буурах боломж нээгдсэн бэ. Та нарын тараасан танилцуулга дээр Өрхийн худалдан авах чадвар 2010-2012 онд 130 мянган төгрөг байсан бол 2015 онд 514 мянган болж нэмэгдсэн гэж байна. Гэтэл бодит байдал дээр 2012 онд 650 мянган төгрөгний цалинтай хүн 1000 ширхэг “Атар” талх авах боломжтой байсан бол өнөөдөр тэр хүн 500 ширхэг талх авах боломжтой болсон. Энийг юу гэж тайлбарлах вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

-Монголбанкын ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нарын хариултад ямар нэгэн бодлогын болон логикийн зөрүү байхгүй гэдгийг эхлээд хэлье. Бидэнд бүх зээлийн хүүг бууруулах бололцоо байхгүй. Тэр дундаа хэрэглээний зээлийн хүүг бууруулах ямар ч боломж байхгүй. Бодлогын хувьд эдийн засаг хүндхэн байгаа өнөөдрийн нөхцөлд энэ нь ямар ч боломжгүй гэдгийг та ч сайн мэдэж байгаа.

Малчдын үйлдвэрлэлийн зээлийн тухайд Монголбанк, Засгийн газар хамтраад зээлийнх нь хүүг 10 хувь хүртэл бууруулах боломжтой гэж харж байгаа.

Цалингийн тухайд М.Энхболд Ерөнхий сайдын үед 230 хувиар өссөн гэж МАН-ынхан ярьж байна. Тэгвэл тэр үед инфляци 6.2-17.8 хувь болж, 2.9 дахин нэмэгдсэнийг давхар ярих шаардлагатай. Тухайн үеийн цалингийн 230 хувийн нэмэгдлийн үед төгрөгийн үнэгүйдэл 290 хувиар явагдсан байсан. Тодруулбал цалингаа 230 хувиар нэмж баахан цаасан мөнгө өгчихөөр нөгөө талд нь юмны үнэ 290 хувиар өсөхөөр нөгөө 230 хувийн цалингийн нэмэгдэл чинь нэмэгдэл биш, хорогдол болчихсон гэдгийг С.Бямбацогт дарга та зориуд ярихгүй байна. Энэ ялгааг Засгийн газар болгон дээр, Ерөнхий сайд болгон дээр гарган тавьж болно. МАН засаглаж байхад инфляци 200-300 хувьтай нэмэгдэж байсан бол АН засаг барьж байх үед инфляци яг тэр хэмжээгээр буурч байсан нь маш тодорхой харагдаж байгаа.

Манайхан бензиний үнээр ихээхэн улстөр хийдэг. Гэтэл тэр хийгээд байгаа улстөр нь хил дээрх бензиний үнэ байдаг. Хил дээрх үнэ буурсан тул үнийг нь дагаад буулгах ёстой гэдэг. Урьд нь бензин шатахуун ерөөсөө нөөцөлж чаддаггүй байсан бол өнөөдөр 130 мянган тоннын нөөцтэй байгаа. Сүүлийн дөрвөн жил анх удаа бензиний үнэ огт хөдлөөгүй. Бид бүх хүчин зүйлээ хамтад нь ярих шаардлагатай. Өнөөдөр өглөөний байдлаар нэг барелль газрын тос 32 ам. доллар болж нэмэгдсэн байна лээ.

Манай орлогын нэг гол эх сурвалж зэсийн үнэ тонн нь 10 мянган ам. доллар байсан цаг бий. Тэгвэл өнөөдөр 4310 ам. доллар руу орж ирчихээд байхад өөрийнх нь гаргаж авч байгаа өртөг 6600 ам.доллар байсныг манайхан уйгагүй зүтгэсний хүчинд 4900 ам. доллар руу оруулж ирсэн. Өртөг нь 4900 ам.доллар байхад зах зээлийнх үнэ 4310 ам. доллар байгааг яаж нөхөж, энэ алдагдлыг хэрхэн барагдуулах вэ гээд асуудал их байна.

Нүүрс гэхэд өөрийнх нь өртөг 26 ам. доллараас доошоо ороод ирчихлээ. Байдал ийм байхад төсвөө бүрдүүлэхэд үнэхээр хэцүү, боломжгүй шахуу байна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал

-Инфляцийн хувьд хүнсний үнийн өсөлт инфляцийн 1/3-ны нэгийг бүрдүүлж байсан нь төсвөөс шууд өгч байсан халамжийн бодлоготой холбоотой. Цалин, тэтгэвэр, халамжийн бодлогоо нэмэх тусам инфляци дагаад л өсчихдөг. Тэр үед валютын орлого гайгүй байсан тулдаа ханшны нөлөөллийг гайгүй даваад гарсан. Тухайн үед 20 хувьд дөхөж байсан инфляцийг эргээд харахад төсвийн томоохон алдагдлууд ханшид шууд нөлөөлдөг.

Өнөөдөр инфляцийн түвшин 1.9 хувьтай байгаа бол оны төгсгөлд 5 хувьд барих тооцоотой байгаа. Бидний тооцоолсноор нийлүүлэлтийн гаралтай инфляци нь нийт инфляцийн 34 хувь буюу 1/3-ны нэг нь байсан. Тэгвэл өнөөдөр энэ үзүүлэлт “0” болсон. Өнөөдөр муу хэлэгдсээр байгаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-үүд дэвшүүлсэн зорилгоо бүрэн биелүүлсэний хамгийн тодорхой нотолгоо нь энэ юм.

Энд нэг зүйл хэлэхэд Монголын эдийн засагт орж ирсэн томоохон шинэчлэлт, дэвшил бол дундаж давхаргын хуримтлал дээр суурилсан эдийн засгийн цоо шинэ бүтэц юм. Энэ нь эдийн засгийн шинэ тэнцвэрийг бий болгож байгаа нь өнөөдөр инфляци 1.9 хувьд хүрэхэд маш бодитойгоор нөлөөлсөн юм.

Хэрэглээний үнийн индексийг хэмжихэд зориулсан 326 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн байдаг. Үүний ихэнх нь хүнсний нэр төрлийн бараа байдаг. Эдгээр нь инфляцийн өнөөдрийн түвшинд ихээхэн нөлөөлсөн.

Инфляци буурсан тул Монголбанкны мөнгөний бодлогын хүү 13-аас 12 болж буурсан байгаа. Яваандаа инфляци тогтвортой бага байгаа тохиолдолд бүх төрлийн зээлийн хүү ч дагаад буурах боломжтой.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

-Сая Ерөнхий сайд “Малчдын зээл бол хэрэглээний зээл биш. Тийм болохоор хүүг нь 10 хувьд хүргэх боломжтой” гэлээ. Тэгвэл цалин, тэтгэврийн зээлийн хүүг хэд болгох боломжтой талаар тодорхой тоо хэлж өгөөч? 

-Монгол Улсын гадаад худалдаа ашигтай гарч эхэлсэн тохиолдолд ханшийн нөлөөлөл буюу валютын алдагдал багасаад ирэхээр ДНБ таван хувь руу тэмүүлж, яваандаа инфляцийн нөлөөлөл багассаар байх болно. Цаашдаа ч инфляци тотвортой нам дор түвшинд байна гэж  Монголбанкны зүгээс үзэж байгаа. Нэгэнт валютын урсгал тэнцэл 30 хувь байснаа таван хувьд хүрээд ирсэн, нийлүүлэлтийн гаралтай инфляци 35 хувиас “0” болсон, нийт эдийн засаг маань хуримтлалын тогтолцоонд шилжиж, дундаж давхаргын хуримтлал эрс өссөн өнөөдрийн тухайд бодлогын хүү ч дагаад эерэг үзүүлэлттэй байна.

Орон сууцны зээлийн хүүг 8-аас 5 хувьд шилжүүлэхийг Монголбанкны зүгээс боломжтой гэдэг байр сууриа илэрхийлсэн байгаа. Гэхдээ тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасны дараа, ирэх хавраас хэрэгжүүлэх нь тохиромжтой болов уу. Цалингийн болон тэтгэврийн зээлийн хүүгийн тухайд өнгөрсөн хоёр жилд багагүй маргаан явсан. Сүүлийн таван жилийн судалгаагаар зээлийн хэмжээ нэмэгдэж, хугацаа нь уртассан байгаа нь зээлээ эргэн төлөх чадвар суларч байгаатай шууд холбоотой юм. Тэгэхээр энэ асуудлыг маш сайн тооцоо судалгааны үндсэн дээр ярих, шийдэхээс өөр гарц харагдахгүй байгаа.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр

-Ипотекийн зээлд хэдэн их наяд төгрөг олгосон бэ. Эргэн төлөлт ямархуу байгаа вэ?

-Иргэд дээр очиж байгаа зээл, банкуудын зээлийн хүү хоёр нь ипотекийн 8 хувийн зээлээр гурван их наяд төгрөгт хүрээд байгаа учир үнийн дүнгийн хувьд иргэдэд очиж байгаа зээлийн ачаалал нь моргейжийн хүүнээс болоод багагүй буурсан байгаа. Товчхондоо гурван жилийн хугацаанд 80 шахуу айл орон сууцны моргейжийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаж шинэ орон сууцандаа орсон байгаа. Тодорхой мөнгөн дүнг энд нэгтгэж авч ирээгүй байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр

-Өнөөдөр манай иргэд цалингийн, тэтгэврийн, малчны гэсэн үндсэн гурван ангилалын зээлд хамрагдаж байгаа. Монголбанкны зүгээс иргэдийн гар дээрээ авсан зээлийн захиран зарцуулалтыг судалж үздэг үү. Би тойргоороо явж байгаад зүгээр нэг судалгаа авахад тэдгээр зээлүүд үндсэндээ хоол хүнсэнд яваад дуусдаг юм билээ. Та нарын яриад байгаа зээлийн хүүг бууруулах асуудал чинь өнөө маргаашийг аргацаасан “Гал унтраах арга” гэдэгтэй санал нийлж байна уу. Мөн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн  үлдэгдэл гэж бөөн будлиан байна. Энэ талаар тайлбарлана уу?

-Цалингийн, тэтгэврийн хэрэглээний зээлээ иргэд хэрхэн хэрэглэж байгааг Монголбанкны зүгээс байнга судалдаг. Цалин, тэтгэврийн зээлийн тухайд хугацаа хамгийн чухал байдаг. Ялангуяа Монголбанкны бодлого болон зээлийн хүү буурч байгаа тохиолдолд өндөр хүүтэй зээл авчихсан иргэдийн тухайд бага хүүтэй зээл рүү хөрвөх чадвар сул байдаг. Ингэхээр тэтгэврийн болоод цалингийн зээлийн хугацааг бууруулах нь бидний эхний хийх ажил болчихоод байна. Нийт макро түвшинд эдгээр зээлүүд инфляциа дагаад буугаад явахаар зөв гольдрил руугаа орно гэсэн үг юм. Тэтгэврийн зээлийн нийт үнийн дүн нь өнөөдрийн байдлаар 438 тэрбум төгрөг байгаа. Цалингийн зээл тэтгэврийн зээл хоёр бол ихэнхдээ хэрэглээ рүү яваад орчихдог.

Банкууд дээр Нийгмийн даатгалын сантай холбож тэтгэврийн зээлийн хүүг бууруулах  аргачлалын талаар нэлээн идэвхтэй яригддаг. Монголбанкны зүгээс Нийгмийн даатгалын сан гэдэг нь эх үүсвэрийн хувьд тодорхой бодит орлогынхоо дагуу орлогоо олоод л явж байх ёстой гэж үздэг. Орлого муу байвал тодорхой менежмент нь муу байна гэсэн үг. Тэгэхдээ тэтгэврийн зээлийг тодорхой нэг банкны бланс дээр бичээд явах нь онолын хувьд буруу бөгөөд Нийгмийн даатгалын санд урт хугацаандаа сөргөөр нөлөөлнө. Яваандаа төгрөгийн өөрийнх нь өртгийн үнэлэмж буюу хөрөнгийн үнэлгээн дээр сөргөөр нөлөөлж зах зээл нь тунгалаг биш болдог.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

-Та нөхдийн тараасан материалд өрхийн орлого маш их нэмэгдсэн гэж байна. Жишээлбэл дундаж орлоготой айл өрх 2011 онд 39 хувь байсан бол одоо суга өсөөд 67 хувьд хүрсэн гэж байна. Ямар бодлого баримталж өрхийн орлогыг ингэтэл нь нэмэгдүүлчихэв ээ. Гэтэл Нарантуул зах бараг хаагдах хэмжээнд хүрч, ард иргэдийн худалдан авах чадвар шалан дээр уначихаад байна. Ихэнх иргэд “Мөнгөгүй, ажилгүй” л гэж хэлж байгаа. Бага орлоготой айл өрхийн хувь 59-өөс 28 хувь болтлоо буурсан гэж байна. Энэ тоог яаж гаргасан юм бэ. Орон сууцны 8 хувийн зээлд хамрагдаж байрандаа орсон 80 мянга гаруй өрх гэр бүлүүдийн зээлийн хүү хэзээ 5 хувь болох вэ. З.Баянсэлэнгэ сайдтайгаа уулзаж энэ талаар ярилцсан уу?

-Өнгөрсөн оны сүүлчээр инфляци 1.9 хувь болсон нь нийлүүлэлтийн гаралтай инфляци нийт инфляцийн 1/3 нь байснаа огцом буурсантай холбоотой. Урьд нь бараа үйлчилгээ, бүх төрлийн худалдан авалтын үнийг зориудаар хөөргөж ашиг олдог тодорхой бүлэглэлүүд байсан нь инфляцийн хөөрөгдлийн нэг гол шалтгаан болж байсан юм. Тухайлбал мах, бензин шатахуун, гурилын үнийг хөөрөгдөж маш их ашиг олдог тодорхой хүчин, бүлэглэлүүдэд цохилт өгснөөр нийлүүлэлтийн гаралтай инфляци огцом буурсан. Ханшийн өндөр савалгааг зогсоож, нийт төлбөрийн урсгал тэнцэл дээр эерэг өөрчлөлт авч ирснээр ард нь гарсан. Дээр нь цалин нэмэх, элдэв халамж тараах, амлах өгөх нь инфляцийн түвшинд онцгой нөлөөлдөг байсныг тодорхой хэмжээгээр хязгаарласнаар өнөөдөр инфляци бодит түвшиндээ хүрсэн.

Дундаж давхаргын тухайд сүүлийн гурван жилийн судалгааны үр дүн ингэж гарч байгаа. Энэ тоо нь Статистикийн Үндэсний газраас гаргасан тоон дээр үндэслэсэн юм. Дундаж орлогыг дэмжсэн бодлого яваад байхаар ажилтай байх гэсэн тэмүүлэл тэр хэмжээгээр өсдөг нь харагдсан. Мөн Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээнээс хамаараад 8 хувийн зээлд хамрагдсан 80 мянган өрхийн шалгуурыг тавьсан учир аж ахуйн нэгжүүд, иргэд бүгд ихээхэн хичээл зүтгэл гаргаж, зээлийн эргэн төлөлт нь ч хамгийн найдвартай, сайн зээлд тооцогдож байгаа.

Моргейжийн 8 хувийн зээлийг 5 хувьд шилжүүлэх асуудал цаг хугацааны л хэрэг. Асуудлаа ул суурьтай судална, тооцоо судалгаа гаргана, тэгж байж шийднэ.

З.Баянсэлэнгэ сайдтай ярилцаагүй л байна. Моргейжийн зээл хэрэгжиж эхэлснээс хойш иргэд маань орлогоо яг бодитойгоор илэрхийлдэг болсон. Цалинг нь ч цаад байгууллага нь яг бодитойгоор бичдэг болсон нь том ололт мөн.

Энэ тоо нь 200 мянга гаруй ажил эрхэлж байгаа хүмүүсийн хувьд илүү бодитой, үнэн болсон. Өнөөдөр бүх төрлийн зээл ДНБ-ний 50 хувьтай тэнцэж байгааг цаашдаа ихээхэн нэмэгдүүлэх бололцоотойг Монголбанкны зүгээс илэрхийлсээр байгаа. Монголын эдийн засагт байсан хамгийн гол хүндрэл нь эдгээр зээлийн эх үүсвэр нэлээн дутмаг байсанд л оршдог юм. Бага, дутмаг эх үүсвэр дээр асар өндөр хүү тогтоож байсан нь их өндөр эрсдэл дагуулж байсныг өөрчилж, хуримтлал дээр суурилсан цоо шинэ зээлийн систем нэвтрүүлж эхлээд байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

-Сонин сонин л юм болоод байгаа юм даа. 2016 оны мөнгөний бодлого батлагдах үед Арилжааны банкуудын нийт зээлийн хүүг нэгээс гурван хувиар бууруулах саналыг би гаргасан чинь Монголбанкны нөхдүүд “Пүү паа” гээд сүйд болж байсан. Миний саналыг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжээд батлагдсан. Одоо тэгээд тэр нэгээс гурван хувь бууруулах ажлаа хэзээ эхлэх вэ. Үнэн хариулт сонсмоор байна.

Сая Ч.Сайханбилэг “Малчны зээлийн хүүг 10 хувь болгож бууруулна” гэлээ. Энэ ажлыг ямар эх үүсвэрээр хийх гэж байгаа юм бэ?

-Би энд олон тоо яримааргүй байна. Ямар ч гэсэн Монголбанк бодлогын хүүгээ 13-аас 12 болгосон нь инфляци буурч, бүх төрлийн зээлийн үзүүлэлт эерэг байгаагийн л нотолгоо юм. Малчны зээлийн хүүг 10 хувь болгох тухайд Засгийн газартай зөвшилцөөд хэрэгжүүлээд явах боломжтой гэж харж байна.

Арилжааны банкуудын нийт зээлийн хүү нэгээс гурван хувиар буураад эхэлчихсэн гэж ойлгож байгаа. Бодлогын хүү буурахыг дагаад энэ асуудал зохицуулагдаад явж байгаа. Ер нь зээлийн хүүгийн асуудлыг хамгийн цаад тал нь дөрвөн сар гэхэд төв банкны шийдвэр гарч шийдээд явах боломжтой.

Эрчим хүчний сайд Д.Зоригт

Ерөнхий сайдын зүгээс малчдын зээлийн хүүг 10 болгох чиглэлээр Сангийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нарт судалгаа хийгээд Монголбанктай зөвшилцөөд тооцоо судалгаагаа танилцуулаарай гэдэг чиглэл өгсөн байгаа. Ажил бол явж байна. Харин Арилжааны банкуудын хувьд тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгох боломж байхгүй гэж миний хувийн зүгээс харж байгаа. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ганболд

      (103.9.91.214) 2016-01-28 14:12
      • 0
      • 0

      Орон сууцны урьдчилгааг 10 байтугай 20 болгох ямар ч боломжгүй юм билээ. Сайханбилэг эргүү эдийн засгийн ямар ч мэдлэггүйгээ нотолж жинхэнэ популизм хийж хүмүүсийн сэтгэхүйгээр тоглосныхоо төлөөсөнд сайн дураараа огцорсон ч багадна, муу эргүү гөлөг

      Хариулах

    • Зочин

      (202.70.41.110) 2016-01-28 13:26
      • 0
      • 0

      Ипотекийн 8%-ийн зээлийн урьдчилгааг ядаж 20% болгох боломж байхгүй юу?

      Хариулах