Архинд урамшуулал зарлаад 10 сая төгрөгөөр торгуулжээ

Twitter Print
2016 оны 01-р сар 26-нд 18:46 цагт
Мэдээний зураг,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосон тухай мэдээллээ. Хуралд ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр болон Тамгын газрын дарга Ч.Бямбадорж, Өрсөлдөөний бодлого зохицуулал, зах зээлийн судалгааны газрын дарга М.Баасандорж, Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Д.Бат-Оргил, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх газрын дарга Ш.Алтанчимэг нар оролцсон юм.

2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан ШӨХТГ-аас томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагаа ярьсан юм. Тухайлбал, “Үндэсний хөтөлбөр 2”-г бүрэн боловсруулж дуусаад байгаа бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарт хүлээлгэн өгөөд байгаа юм байна. “Үндэсний хөтөлбөр 2”-г боловсруулж ажилласнаар Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалах, улмаар худалдаа,ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний, үйлдвэрлэл, мэдээлэл хангамж зэрэг бүх салбарт хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд хор хөнөөлгүй, иргэдийнхээ аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй тогтолцоо бий болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг шинэ шатанд гаргах томоохон ач холбогдолтой юм. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Манай агентлаг энэ жил олон томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхээр зорилт тавин ажиллаж байна. Үүний нэг “Үндэсний хөтөлбөр 2” юм. Хөтөлбөрийн хүрээнд бид хэрэглэгчид болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидэд соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг түлхүү явуулна. Ингэснээр эрх нь зөрчигдсөн хойно торгох, шалгах биш урьдчилан сэргийлж, хэрэглэгч эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг тийм тогтолцоог бий болгоно. Мөн манай агентлаг Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох багц хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан энэ ондоо багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Ингэснээр Хэрэглэгчийн эрхийн тухай хууль олон улсын жишигт нийцсэн илүү боловсронгуй болох томоохон ач холбогдолтой юм. Бидний хийж хэрэгжүүлэхээр зорьж байгаа бас нэгэн томоохон ажил бол улсын хэмжээний сүлжээ бий болгох юм. Орон нутаг, дүүрэг бүрт төлөөлөлтэй болж сүлжээ бий болгосноор хэрэглэгчидэд манай агентлаг илүү ойртож, хэрэглэгч өргөдөл гомдолоо гаргахын тулд заавал хот руу, эсвэл захын дүүргээс төврүү явж цаг алдахгүй гэсэн үг” хэмээн ярьсан юм.

Мөн хурлын үеэр ШӨХТГ-аас зарим нэг газарт хяналт шалгалт явуулсан талаараа мэдээллээ. Тус газраас  Барс, Нарантуул захууд дээр хяналт шалгалт хийхэд “Арвайн Үндэс” ХХК-ийн шинэ бүтээгдэхүүн болох “Водка”, “Чингис хаан Монголиа” архинууддаа урамшуулал зарлаж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулиудыг зөрчсөнийг тогтоон тус компанид 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.